2010/10/20

II. ТУРК ЭЭ ГЭЖ . . .

Эдийн засаг
БНТУ-ын эдийн засгийн өнгөрсөн жилийн статистик мэдээгээр 1 хүнд оногдох үндэсний нийт бүтээгдхүүн 13,511, үндэсний нийт орлого нь 941.6 тэрбум доллартой тэнцэж байгаа бөгөөд дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 16–р байранд оржээ. Туркийн мөнгөн тэмдэгт нь лира, задгаа мөнгөний нэгж нь куруш, одоогоор 1 доллар 1,42 лиратай тэнцэж байна.  
  Энэ орны эдийн засгийн гол салбарууд нь аж үйлдвэрлэл, барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, гадаад худалдаа юм. Өмнө өгүүлсэнчлэн Турк нь газар зүйн маш таатай байрлалтай. Тэд үүнийгээ ч сайн ашиглаж, аялал жуулчлал, гадаад худалдаа, усан тээврийг өндөр хөгжүүлсөн. Өнгөрсөн жил албан бус тоогоор 30 орчим сая жуулчин хүлээн авчээ. Энэ оронд аялахад Европын бусад орнуудаас харьцангуй хямд, мөн жуулчдыг татах үзэсгэлэнт байгаль, түүх соёлын өв нь үнэхээр гайхамшигтай. Хүн төрлөхтний анхлан суурьшиж эхэлсэн газруудын нэг болох энэ нутаг түүх, соёлын дурсгалаар хосгүй баян. Эртний Хит, Грек, Ром эзэнт гүрэн, Визант, Армен, Селчук, Монголын Ил Хаадын улс, Цагайдайн болон Төмөрийн улс, Османий эзэнт гүрний гээд олон олон эд өлгийн зүйлсийг хадгалж тээж буй орон билээ.  
 
Аялал жуулчлалыг дагаад, дэд бүтэц, зочид буудал нэлээд сайн хөгжсөн. Энэ бүгдтэйгээ уялдан Станбул, Анталья, Измир зэрэг хотуудад үзвэр үйлчилгээ, янз бүрийн үзэсгэлэн, кино фестиваль, соёлын арга хэмжээнүүд тасарна гэж байхгүй.
Туркийн зам тээвэр хурдацтай хөгжиж буй салбарын нэг. Хот хоорондын хурдны галт тэрэг, нислэгүүд, автобусны үйлчилгээ манайхтай харцуулахад харьцангуй хямд үнэтэй ч үйлчилгээ сайтай. Ялангуяа хот хоорондын автобусны үйлчилгээ. Германд олон жил болсон нэгэн ирээд эдний зам, хот хоорондын автобусны үйлчилгээг ихэд магтаж билээ. Станбул хотоос нийслэл Анкара хүртэл 600 км, жолооч яг цагтаа хөдлөөд Анкарад ирэхдээ бас цагтаа ирэх ба минутын зөрөө ч гаргахгүй. Хот хооронд голдуу том оврын бенз автобус явах, 2 ээлжийн жолооч хоёр ээлжийн үйлчлэгчтэй тэд яг замын талд солигдоно. Үйлчлэгч цагаан цамц зангиатай. Зорчигчдод хүйтэн ундаа, халуун цай кофе мөн жигнэмэг, амттангаар үйлчилнэ. Энэ бүгд унааны зардалд нь багтах ба үнийн хувьд Станбулаас Анкара ортол 20-40 лирагийн хооронд хэлбэлзэнэ. Автобусны үнэ өндөр үнэтэй байх тусмаа улам тохилог, дотроо интернэтийн сүлжээ, сандал бүрийн ард хэдэн суваг үзэх телевиз, хөгжмийн суваг, чихэвч байна.
 
  Турк бол үйлдвэрлэгч орон. Тэд байлдааны онгоц, авто машин, зэвсэг техникээс авхуулаад хүний хэрэгцээний бүхий л бараа бүтээгдхүүнийг үйлдвэрлэнэ. Тиймдээ ч Европын хятад гэгдсэн байх. Хэдэн сарын өмнө эдний гутал үйлдвэрлэгчид бид нутгаасаа хятад гутлыг бүр мөсөн шахлаа, удахгүй европыг шахна гэж мэдэгдэж байсан нь үнэний ортой. Энд үйлдвэрлэгдсэн авто машин, гутал, хувцас, хүнсний зүйл гадагшаа зарагдахаас гадна дотоодын аварга зах зээл дээр борлогдоно. Туркууд бол наймаачин ард түмэн. Дундад зууны үеэс л Осман Түрэгийн худалдааны хөлөг онгоц, худалдаачид алдартай байсан. Хүний хөдөлгөөн хаана их байна, тэр хавийн байшин савын доод давхрууд тэр чигээрээ дэлгүүр. Мөн энэ тэнд янз бүрийн зүйл гар дээрээ зарах дамийн наймаачдаас гадна орой үдэш томоохон хотуудын төв гудамжуудад жижиг хэмжээний захууд ч гарна. Сүүлийн үед олон улсын шаардлага хангасан томоохон худалдаа үйлчилгээний цогц төвүүдийг ч олноор байгуулсан. Дэлхийн эзийн засгийн хямралд тун бага өртсөн ба маш амжилттайгаар хямралыг даван туулж буй улс.
 
 

Үйлчилгээний салбарт эрчүүд голлон ажилдаг. Манайд худалдагч, цэвэрлэгч эгч нар байдаг бол энд бүгд л ах нар. Харин Адана хэмээх томоохон худалдаа, үйлдвэрлэлийн хотод явж байхад хот доторх нийтийн тээврийн автобусны жолооч нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан нь сонин харагдаж билээ.
Энэ улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь 73 гаруй сая хүн ам. Тэдний худалдан авах чадварч өндөр. Гэхдээ бэлэн мөнгөөр төдий л худалдаа хийгээд байдаггүй буюу картаар төлбөр тооцоог хийнэ. Ажиглаж байхад дэлгүүрт худалдаа хийж буй хүмүүсийн нилээд нь зээлийн карт ашиглаж лизэнгээр бараа бүтээгдэхүүнээ авдаг. Турк даяар нийт 113 сая 500 мянган мөнгөний карт байгаагийн 46 сая гаруйн зээл авах боломжтой кредит карт байгаа нь банк санхүүгийн хөгжлийг нь илтгэнэ.    
Гэхдээ эдийн засгийн хөгжлийн энэ хурдац газар бүр харилцан адилгүй. Томоохон хот суурингуудад нүдэн дээр өргөжин тэлж хөгжиж байгаа бол нутгийн зүүн хэсгийн хөдөө тосгон нэлээд удаан бас цаг хугацаа шаардах төлөвтэй нь харагддаг. Тэдгээр нутгуудад соёл, боловсролын түвшин ч тааруу нь илт мэдэгдэнэ.
Байгаль цаг уурын тааламжтай уур амьсгал, үржил шимт хөрс шороо нь нутгийн дийлэнх хэсэгт газар тариалан эрхлэх таатай боломжийг олгодог. Төрөл бүрийн сортын улаан буудай, хөвөн, цай, чихэр, тамхиний навч, эрдэнэ шиш гээд бидний мэдэхгүй олон зүйлийг тариалдаг. Мөн жимс, хүнсний ногоогоор дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй гадагшаа экспортлодог. Орос, Украйны улаан лооль, өргөст хэмх болон тахианы махны гол нийлүүлэгч орон. Фермерийн мал аж ахуй хөгжсөн ч дотоодын махны хэрэгцээгээ төдийлөн хангаж чаддаггүй. Махны үнэ ч харьцангуй өндөр 1кг үхрийн мах ойролцоогоор 20-25 лира байна. Гадаад орноос мах төдийлөн авдаггүй. Харин өнгөрсөн жилээс эхлэн малыг амьдраар нь авчирч ислам шашны дагуу төхөөрөн зарж байгаа. Учир нь ислам шашинтан гахайн мах болон мусулман маягаар хоолойг нь хэрчиж төхөөрөөгүй малын мах идэх нь хориотой байдаг. 
  


  Үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал, улс орнуудын барилгийн салбарыг хамгийн ихээр нэрвэсэн бол Туркууд хямралын байдлаас хурдан хугацаанд гарч энэ салбар улам бүр хөгжиж байгаа нь нүдний өмнө сүндэрлэх орон сууцийн хорооллуудаас харагддаг. Европ стандартын дагуу цэцэрлэг, сургууль, дэлгүүр, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор гээд цогц шийдэлтэйгээр жил хүрэхгүй хугацаанд бүхэл бүтэн хороолол босгох нь үнэхээр атаархмаар. 1990–ээд онд Станбулд болсон газар хөдлөлтөөс хойш барилгын чанартай ихээхэн анхаарах болсон ба Эскишихэр хотын шинэ орон сууцнуудын орцны хаалганы хажууд уг барилгийг барьсан инжинер, компани нэр хадаатай байх нь бидэнд авууштай  санагдсан. Үүнээс гадна одоогийн байдлаар 2 сая лирагийн орон сууц баригдахаасаа өмнө зарагдсан үзүүлэлт ч энэ салбариййн хөгжлийг илтгэнэ.
 


Хөлбөмбөг, спорт
 
 Турк бол хөлбөмбөгийн орон. Мэргэжлийн хөл бөмбөгийн дээд, дунд, доод гэсэн гурван лигтэй. Хөлбөмбөг дэлхийн аваргийн хүрэл медальтай, UFA-гийн аварга болж байсан улс. Пэнрбахчэ, Галайтайсарай, Бешикташ зэрэг 100 гаруй жилийн түүхтэй Европын лигүүдэд тоглодог томоохон багуудтай. Мөн Туркийн олон хөлбөмбөгчид дэлхийн шилдэг багуудад тоглодог бөгөөд туркууд ч гэсэн гадны сайн тамирчдыг өндөр үнээр худалдан авч тоглуулдаг. Дан хөлбөмбөг ч гэлтгүй бусад спортын төрлүүд ч маш сайн хөгжсөн. Саяхан дэлхийн сагсан бөмбөгийн аваргын тэмцээнийг нутагтаа зохиож мөнгөн медаль хүртснийг бид мэднэ. Эдний хөлбөмбөгийн томоохон багууд нь өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй, олон талын үйл ажиллагаа явуулдаг компанийн шинжтэй. Дээр нэр дурьдагдсан томоохон багуудтай ижил нэртэй сагсан бөмбөг болон бусад спортын төрлүүдийн багтайгаас гадна, коллеж, сургууль, үйлдвэрийн газруудийг ч эзэмшдэг. Ямар ч турк залуутай хөлбөмбөг, сагс, ширээний теннис тоглосон тун эвсэлтэй. Хот, дүүрэг, их сургууль болгон өөрийн гэсэн спортын багтай бөгөөд хөлбөмбөг, сагс, газрын теннисний талбай, нийтийн биеийн тамир цогцолбор томоохон хотуудад хай саагүй ба нийтийн бие тамир ч нэлээд өндөр хөгжсөн улс.
Бид дараагийн хэсэгтээ турк хүмүүсийн тухай өгүүлэхээс гадна энд сурч, ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа тухай өгүүлэх болно. 
Үргэлжлэл бий.
А. Энхбат,  Анкара 2010

4 comments:

  1. Great.Good luck!

    ReplyDelete
  2. Tsaashdiin chini ajil amidrald undur amjilt khusie!Ushuu olon sonirkholtoi bichleg oruulaarai!Idevkhtei unshigch chini bolnoo :).

    ReplyDelete
  3. ter mongolchuud maani naana chin yaaj yava n sonirholtoi bna shvv and min...

    ReplyDelete
  4. teneg haltar turkuudiin tuhai yuun surhii um bichdiin ?

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)