2010/10/09

ФИЛАТОВА Ю.ЦЭДЭНБАЛЫГ ХVV Ц.ЗОРИГТОЙГОО ЭЛБЭН ЭЗГVЙ ЄРЄЄНД ХОРЬДОГ БАЙСАН

БНМАУ-ын Сайд нарын зєвлєлийн нэгдvгээр орлогч дарга, МАХН-ын Тєв хорооны улс тєрийн товчооны гишvvн асан Тvмэнбаярын Рагчаа гуай 92 сvvдэр зооглож, лагшин нь чилээрхvv байгаа боловч ухаан саруул, цэцэн цэлмэг хэвээрээ байна.
Монгол тєрийн ахмад нэрт зvтгэлтэн, цэгц шударга зан, хатуухан vнэн vгтэй Т.Рагчаа гуай бид хоёр туулсан амьдралынх нь талаар хагас єдєржин хууч хєєрч сайхан танилцсан юм. Монгол улсын Засгийн газарт 27 жил єндєр хариуцлагатай алба хашиж явсан Монгол тєрийн томоохон зvтгэлтэн Т.Рагчаа гуай Ю.Цэдэнбалтай олон жил хамт ажилласны хувьд тvvнийг сайн мэдэх болсон хvний нэг. Юмжаагийн Цэдэнбал ямар хvн байсан талаар Т.Рагчаа гуайтай хийсэн ярилцлагаа уншигчдадаа толилуулъя.


-Та Ю.Цэдэнбалтай олон жил хамт ажилласан нэг нутгийн хvмvvс. Ойр дотно харилцаатай байсан уу?
-Бид нэг аймгийнх боловч Ю.Цэдэнбал Дєрвєд, би Баяд хvн. Тvvний удирдлага дор олон жил ажиллахдаа єгсєн vvрэг даалгаврыг нь хичээнгvйлэн биелvvлж, vнэнч шударгаар ажиллаж байснаас биш хэн хэнийнхээ гэр орноор орж гарч, наргиж дарвиж, найзархаж яваагvй ээ. Намын зарчмын дагуу харилцаж, ажил тєрлєє ярилцаж, аливаа асуудлыг олонхийн саналаар шийддэг байсан. Ю.Цэдэнбал даргын vзэл бодол, баримталж байгаа бодлого намын зарчимд тєдийлэн нийцэхгvй байвал би улс тєрийн товчооны хурал дээр даргыг хатуухан шvvмжилдэг байсан. Ю.Цэдэнбал дарга товчооны гишvvдийн санал, шvvмжлэлийг эсэргvvцэж, уурлаж уцаарлалгvй хvлээн авч хамтын шийдвэр гаргадаг, зарчимч, ажил хэрэгч хvн байсан юм шvv.
-Ардчилсан хvчнийхэн улс тєрийн тавцанд гарч ирж байхдаа Ю.Цэдэнбал даргыг газар дор ортол муулж, МАХН-ын Тєв хорооны улс тєрийн товчооны гишvvн байсан хvмvvсийг Ю.Цэдэнбалыг тойрон хvрээлэгч гэж хоёр, гурван жил мєрдєн байцааж, гэмт хэрэгтэн болгох гэж улайран зvтгэж байсан. Та ч тойрон хvрээлэгч гэгдэж байцаагдаж vйлээ vзэж байсан хvмvvсийн нэг. Энэ талаар юу хэлэхсэн бол?
-Тийм явдал болж, намын Тєв хорооны улс тєрийн товчооны гишvvн байсан олон хvмvvст Ю.Цэдэнбалыг тойрон хvрээлэгч гэдэг нэр хоч єгч, ємч хєрєнгийг нь битvvмжилж, гадаадад явахыг хориглож, мєрдєн байцааж байсан юм. Би 1987 онд тэтгэвэрт гарсан хvн шvv дээ. Намайг бас л тойрон хvрээлэгч гэж хочлон хувцас хунараа хадгалдаг том шкафыг минь битvvмжилж, хоёр байцаагч хоёр жил ээлжлэн байцааж, гэмт хэрэгтэн болгох гэж мєн ч их дарамталж билээ. Бид улсын ємч хєрєнгє ашиглаж, завшаагvй, намч зарчим баримталж, vнэнч шударгаар ажиллаж байсан болохоор Нийслэлийн шvvх биднийг гэмт хэрэгтэн биш гэж vзээд бидэнд нээсэн хавтаст хэргээ хаасан юм.
-МАХН-ын Тєв хорооны улс тєрийн товчооны гишvvн асан Д.Моломжамц гуай “Ю.Цэдэнбал 6О-аад хэвлэл захиалан байнга уншдаг, бидэн дотроо хамгийн єргєн мэдлэгтэй нь” гэж ярьж байхыг сонссон юм байна. Ю.Цэдэнбал гуай vнэхээр тал бvрийн гvнзгий мэдлэгтэй, байнга уншиж мэдлэгийн хvрээгээ тэлдэг хvн байсан уу?
-Тийм шvv.Ю.Цэдэнбал дарга санхvv, эдийн засгийн єндєр боловсрол, мэдлэг, мэргэжилтэй, манай нам, тєрийн гарамгай зvтгэлтэн байлаа. Монгол орныг
4О гаруй жил удирдаж, МАХН-ын Тєв хорооны Ерєнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын зєвлєлийн дарга, улсын Их хурлын Тэргvvлэгчдийн даргын алба хашиж,1945 онд Японы тvрэмгийлэгчдийн эсрэг дайнд манай армийг маршал Х.Чойбалсантай хамт командалж, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, хvндтэй гавьяа байгуулсан учраас ард тvмний хайр хvндэтгэл хvлээсэн удирдагч байв. Нvvдлийн мал аж ахуй зонхилсон эдийн засагтай, буурай хєгжилтэй Монгол оронд аж ахуй, соёлын тєрєл бvрийн цоо шинэ салбаруудыг vvсгэн хєгжvvлэх, хєдєлмєрчдийн аж амьдралыг сайжруулахад мэдлэг, чадвараа дайчилж, хамтран зvтгэгчид болон нийт хєдєлмєрчин тvмнийг зохион байгуулж чаддаг авъяаслаг, асар их хєдєлмєрч, ухаалаг удирдагч байсан билээ. Тэрбээр гадаад, дотоодын хvмvvстэй уулзахдаа даруу тєлєв, соёлч, нєхєрсєг зан байдлаар харьцдаг бодож санаснаа энгийн цєєн vгээр vндэслэлтэй бодож тооцсон тоо баримтаар баталгаажуулан ойлгуулдаг байсан бєгєєд хvмvvсийн яриа, санал хvсэлтэд туйлын анхааралтай ханддаг онцлог арга барилтай хvнсэн. Ю.Цэдэнбал дарга мэдлэг боловсрол, ажлын арга барилаа байнга ахиулахын тєлєє єєртєє єндєр шаардлага тавьдаг байсан учраас хоногт тав, зургаан цаг унтаж амраад бусад цагийг гадаад, дотоодын ном хэвлэл, сонин сэтгvvл унших, ажил албаа хашихад зориулдаг vнэхээр дайчин, євєрмєц заншилд сурсан удирдагч байв.Энд нэг зvйл тодруулахад хагас бvтэн сайн єдєр амрах, ан гєрєєнд явах, шатар даам, биллъярд тоглох зэргээр чєлєєт цагаа зугаацаж єнгєрєєдєггvй ажилд ирэхдээ ихэвчлэн явган алхаж толгойгоо сэргээдэг байлаа.
-Ю.Цэдэнбал дарга Зєвлєлтийн талыг баримталдаг, Зєвлєлт анд нєхєддєє хир халдаах дургvй хvн байсан санагддаг?
-Зєвлєлтийн нам, тєр, цэрэг армийн удирдлагуудтай маш дотно харьцдаг, тэдэнд Монгол орныг хурдан хєгжvvлэх, батлан хамгаалах хvчийг бэхжvvлэх талаар илэн далангvй шаардаж, санал хvсэлтээ илэрхийлж байдагсан.
Тухайлбал Зєвлєлт холбоот улсын (Хуучин нэрээр) Коммунист намын тєв хорооны Ерєнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневийг Монголд айлчлахад нь тvvнд хандаж “Монгол улс дэлхийн хоёр дахь социалист орон гэхэд ихээхэн хоцрогдонгуй байгаа тул ядахдаа Зєвлєлтийн холбооны аль нэг бvгд найрамдах улсын хєгжлийн хэмжээнд хvргэх нь чухлаас чухал байна. Манайд тєрєл бvрийн туслалцаа ялангуяа хvvгvй ба хєнгєлєлттэй урт хугацааны зээл нэмэгдvvлэх явдал та бидний интернациональч нєхєрлєлийн vvднээс шаардагдаж байна.
Тvvнчлэн манай батлан хамгаалах хvч сулавтар байгаа нь сэтгэл зовоож байгаа асуудал тул анхааран туслахыг нам, ард тvмнээ тєлєєлєн хvсч байна гэхчилэн учирлан гуйх, шаардахыг хослон ярьж байсныг би сонсож суусан юм. Ийм ч учраас манай аж ахуй, соёлыг хєгжvvлэх таван жил бvрийн тєлєвлєгєєний хєрєнгє оруулалт ба гадаад худалдааны зєрvvд олон зуун сая шилжих рублийн урт хугацааны хєнгєлєлттэй зээл єгч байснаар тєв, орон нутагт vйлдвэр, соёл, шинжлэх ухаан, орон сууц, ахуй vйлчилгээний барилга байгууламжууд болон батлан хамгаалахын vйл хэрэгт зориулан нисэх онгоц, хэдэн зуун танк, автомашин, буу зэвсгийг vнэгvй нийлvvлж байсан юм. Тvvнчлэн эдийн засгийн харилцан туслалцах зєвлєлийн гишvvн орнуудын нам, тєрийн удирдах нєхдєд Монгол орныхоо хоцрогдолтой талыг vнэн бодит байдлаар нь тайлбарлан танилцуулж туслалцаа дэмжлэг авч чаддаг байлаа.
-Энэ талаар тодорхой жишээ баримтаар ярихгvй юу?
-За тэгье дээ. Ю.Цэдэнбал даргын санаачлага, хvсэлтээр ардчилсан Герман улсаар Улаанбаатарын мах комбинат, Хивсний vйлдвэр, Унгар улсаар Дарханы мах комбинат, Сонгино дахь малын эмийн vйлдвэрийн комбинат, Румын улсаар улсын цирк, Болгар улсаар Чойбалсан хотын мах комбинат, хvнсний ногоо жилийн турш ургуулах хvлэмж, Польш улсаар хєнгєн бетоны vйлдвэр, цагаан тоосгоны завод, Чехословак улсаар Дархан хотын цементийн завод, Улаанбаатар хотын арьс, ширэн эдлэлийн vйлдвэр байгуулж авсан нь манай эх орны хєгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр болсон билээ.
-Ю.Цэдэнбал удирдлагадаа ажилладаг сайд, дарга нарт маш єндєр шаардлага тавьдаг хvн байсан гэдэг. Энэ талаар товчхон ярихгvй юу?
-Ю.Цэдэнбал бидэнд маш єндєр шаардлага тавьдаг. Нам, тєрийн тогтоол шийдвэрийг олон тvмэнд нэвтэрхий тайлбарлан таниулах ажлыг тасралтгvй зохиож байгаа эсэх, єєрийнхєє єгсєн vvрэг даалгаврын явц, биелэлтэд байнга хяналт тавьдаг заншилтай хvнсэн. Намын нэгдлийг бат бэх байлгах, намын vзэл суртал, ухуулгын ажлыг байнга єндєр хэмжээнд байлгах, хєдєлмєрийн болон хувийн сахилга, хариуцлагыг ямагт єндєр хэмжээнд байлгахын тєлєє их анхаардагсан. Ю.Цэдэнбал хєдєлмєрчдийн идэвхи, ухамсар, бvтээлч vйл ажиллагаанд бат итгэж, ЗХУ-ын тал бvрийн дэмжлэг туслалцаанд найддаг байлаа. Тvvний ажлын арга нь тєв, орон нутгийн нам, тєр, олон нийтийн аль ч байгууллагын удирдах хvмvvстэй шаргуу ажиллаж тэдгээрийн ажил хэрэгч, зохион байгуулах чадварыг нэмэгдvvлэх, мэдлэг мэргэжлээ дээшлvvлэхэд нь зориулж янз бvрийн хурал, цуглаан, семинар, уулзалт дээр сургамж зєвлєгєє, vvрэг даалгавар єгєх тодорхой зорилго, шаардлага тавих зэргээр зохион байгуулдаг байсан даа. Амьдралын гvнд хамт олны дунд орж ажиллан тэдний санаа бодлыг судалж хvмvvстэй зєв харилцаж сур.
Нам, тєрийн бодлогын мєн чанарыг ард тvмэнд сайтар ойлгуулж ажил хэргийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг ул мєртэй шударга шулуун хийж бай. Ажил эрхэлдэг хэн боловч эрхэлсэн ажлынхаа явцад байнга хяналт тавьдаг байх хэрэгтэй. Ажил vйлсийн сайн сайхан туршлага шинжлэх ухааны ололт нээлтийг соргогоор олж харан ажилдаа нэвтрvvлэх нь чухал. Гадаад орны ололтоос суралцах нь зvйтэй боловч дотоодод буй болсон туршлага бvтээлийг дэмжиж дэлгэрvvлэх ёстой. Vvрэг даалгавар, ухуулга яриа ерєнхий тойм тєдий биш амьдрал ахуйд нийцсэн ойлгомж сайтай байх шаардлагатай бєгєєд vvнээс ажил хэрэг, бvтээгдэхvvний чанар чансаа хамаарна. Эдийн засагтай холбоотой асуудал сайн судлагдсан тооцоо нотолгоотой, ямар vр дvнд хvрч болохыг нарийвчлан магадалсан байх учиртай. Албан байгууллага бvр эдийн засагт арвилан хэмнэлт тууштай явуулж, ашиг орлоготой ажиллах нь чухал бєгєєд дуслыг хураавал тонн болдог гэдгийг санаж явах хэрэгтэй гэх мэтчилэн удирдлагадаа ажилладаг сайд, дарга нарт зєвлєдєг байлаа. Нам, тєрийн єндєр албан тушаалд ажиллаж байсан хvмvvсийг Ю.Цэдэнбалыг тойрон хvрээлэгч гэж буруутган яллах гэж оролдож байсныг эргэцvvлэн бодоход нэгдvгээрт Ю.Цэдэнбал нам, тєр, ард тvмэнд хар буруу санахгvй vнэнчээр зvтгэж байсан хоёрдугаарт хамт ажилладаг нєхєд нь удирдаж буй хvндээ итгэхгvй хєндий хvйтэн хандаж, ёс заншлаа хvндэтгэхгvй ганцаардуулах, ажил, албаны эв нэгдэлгvй байдал гаргаж хэрхэвч болохгvй нь мэдээж шvv дээ.
МАХН-ын Тєв хорооны улс тєрийн товчооны гишvvд бид нєхєр Ю.Цэдэнбалыг чин сэтгэлээсээ хvндэтгэж, єгсєн vvрэг даалгаврыг нь чамбай биелvvлж, эх орон ард тvмнийхээ сайн сайхны тєлєє чин шударгаар ажиллаж байгаад тойрон хvрээлэгч хэмээн адлагдаж хэрэгтэн болох шахаж байлаа шvv дээ.
Ардчилал хєгжvvлж иргэний нийгэм байгуулж байгаа єнєєгийн нєхцєлд сайд, дарга нар тєрт ёсоо дээдэлж, Ерєнхийлєгч, Ерєнхий сайд нараа хvндэтгэж, єгсєн vvрэг даалгаврыг нь ягштал биелvvлж, эх орон, ард тvмнийхээ сайн сайхны тєлєє чин шударгаар ажиллах учиртай. Удирдлагаа хvндэтгэж vнэнч шударгаар ажиллаж байгаа хvмvvсийг Ерєнхийлєгч, Ерєнхий сайдыг тойрон хvрээлэгч гэж буруутгаж болохгvй биз дээ. Тэгвэл ажил явахгvй шvv дээ.
-Ю.Цэдэнбал гуай ямархуу зан ааштай хvн байсан бэ?
-Энэрэнгvй єрєвч зєєлєн сэтгэлтэй, соёлч боловсон, хvнлэг, хєдєлмєрч хичээнгvй хvн байсан юм. Тvvний онцлог нь буруу юм хийсэн хvнийг шийтгэх, яллахыг урьдал болгохгvй харин ч учрыг ойлгуулж, дутагдлыг нь засахад илvv анхаардаг байлаа. Ю.Цэдэнбал эв нэгдэл, социализмын vзэл санаа, интернациональч нэгдлийг гvнээ хамгаалдаг, олон улсын нэрт зvтгэлтний нэг байсан юм шvv.
-Ю.Цэдэнбал гуай ямар нэг дутагдал гаргадаг байсан уу?
-Би Ю.Цэдэнбалыг огт дутагдалгvй хvн гэж хэзээ ч хэлэхгvй. Эх орноо хєгжvvлэхийн тєлєє олон талт vйл ажиллагааг удирдан зvтгэж байхад янз бvрийн шалтгаанаар алдаа дутагдал гарах удаа байдаг болохоор бvх муу юмыг Цэдэнбалд тохож, тvvний хvч зvтгэлээ гаргаж бvтээсэн гавъяат vйлсийг нь vгvйсгэн харлуулж болохгvй. Ю.Цэдэнбал даргын гаргасан дутагдлын талаар єєрт ажиглагдсан цєєн зvйлийг хэлье. Зарим сэхээтэн, улс тєрийн зvтгэлтнvvд нам, засгийн болон нєхєр Цэдэнбалын vйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлыг илчлэн шvvмжилдэг байсныг намын эсрэг хандлагатай сэхээтний тєєрєгдєлд тооцож, зарим хvмvvст зэмлэл шийтгэл хvлээлгэж хилсдvvлж байсан. Тvvнчлэн тvvхийн тодорхой vе шатанд Монгол орныг бие даасан тусгаар улс болгон удирдаж байсан Чингис хаан мэт алдарт хvмvvсийн тухай яриа дурсамжийг социалист нийгмийн зvй тогтолд харш, vндсэрхэг хортой vзэл гэж зарим хvмvvсийг зэмлэн гадуурхдаг байсан нь тэр vеийн ЗХУ-ын зарим удирдлагын нєлєє байсан болов уу гэж бодогддог.
-Та Цэдэнбал-Филатоваг сайн мэдэх хvмvvсийн нэг. Тэргvvн хатагтай агсан Филатова гуай их давилуун зантай, яхир хvн байсан гэж vнэн vv?
-Нам, тєрийн єндєр алба хашиж байсан миний vеийнхэн Филатовагийн ажил хэрэгч чанар зан аашийг сайн мэднэ. Цэдэнбал-Филатова хvvхдийн фондын даргаар олон жил ажиллаж, хvvхэд багачууд, эх нялхсын тєлєє их зvйл хийснийг ард тvмэн сайн мэднэ. Тvvний хийж бvтээсэн зvйлийг vгvйсгэж болохгvй л дээ. Харин тvvний давилуун зан ааш бусдын хэрэгт хєндлєнгєєс оролцдог дутагдлыг зєвтгєх аргагvй. Тэр сайд дарга нар бvv хэл улс тєрийн товчооны зарим гишvvнийг загнаж зэмлэдэг, дураараа аашлах гээд байдаг байсан юм. Тэр ч бvv хэл Ю.Цэдэнбал даргыг элдвээр дарамталдаг байсан юм билээ. Даргыг архи уулаа гэж бага хvv Ц.Зоригтойгоо нийлэн зодож, эзгvй ханхай єрєєнд хvчээр оруулж гаднаас нь цоожилчихоод гаргадаггvй байсан. Дарга ажил, албандаа санаа зовохдоо намайг єрєєнєєс гаргуулж єгєєч. Филатова гаднаас цоожилчихоод гаргахгvй байна гэж Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан Нансалжав, Лувсангомбо нар руу утасддаг.
Тэд даргыг гаргахыг Филатовад шаарддаг байсан боловч тэдний vгийг огт тоодоггvй даргыг цоожтой хэвээр нь байлгаад байдаг, тэр сайд нар аргаа барахдаа над руу утасдаж “Филатова гуай даргыг цоожтой єрєєнд хорьчихоод гаргахгvй байна. Филатова гуай таны vгэнд эрхбиш орох байх. Та очиж даргыг гаргаж єгєхгvй юу гэж намайг гуйцгаадаг байлаа. Би тэднийд давхиж очиж Филатоваг хатуухан зэмлэж байж Ю.Цэдэнбал даргыг цоожтой єрєєнєєс гаргуулдаг байлаа. Тєрийн тэргvvн, гэрийн эзэн хvн амарч байгаа vедээ гэртээ хэдэн хундага архи татаж болдог юм байгаа биз дээ? Даргад єдєр бvр нэг зуун грамм архи єгсєн ч танайх боломжтой айл. Нам, тєрийн тэргvvн нєхрєє хvндэтгэж, эрх чєлєєнд нь халдахгvй байх хэрэгтэй. Дарга номхон хvлцэнгvй хvн болохоор та хоёрт зодуулж, ханхай єрєєнд хоригдсон хэрнээ та нарт уурлаж бухимдахгvй, єгєємєр сайхан сэтгэлээр уучилж байгааг харж байгаа биз дээ. Хэрэв нєхєр Филатова та дахин ингэж даварвал бид таныг улс тєрийн товчооны хурлаар авч хэлэлцэх болно гэж би хатуу анхааруулдаг байлаа.
Би Филатоватай хэзээ ч ойр дотно харилцаатай байгаагvй. Зохисгvй зvйл хийх бvрт нь улаан нvvрэн дээр нь хатуухан зэмлэдэг байсан. Филатова авгай намайг учир дvрсгvй загналаа гэж даргад алтан хошуу єргєдєг байсан шиг байгаа юм. Гэвч Цэдэнбал дарга юу ч болоогvй юм шиг чив чимээгvй єнгєрдєг байлаа. Хаа ч гэж дарга авгайгаа ємєєрдєггvй байсан юм шvv. Давилуун зантай Филатова Ю.Цэдэнбалыг гурван удаа хvv Ц.Зоригтойгоо элбэн зодож, ханхай єрєєнд хvчээр оруулж цоожилчихоод гаргахгvй байхад нь би нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын хvсэлтээр очиж гаргаж байсан юм. Том хvv Слава нь єндєр мэдлэг боловсролтой аав шигээ даруухан залуу байлаа. Идэр залуудаа зуурдаар таалал тєгссєнд нь харамсдаг. Даргыг таалал тєгссєнєєс хойш аавдаа их хайртай байсан юм шиг Ц.Зориг элдэв юм ярьж, ном зом бичээд байгаа боловч багадаа дандаа ээжийнхээ талд орж, даргыг элбэж зоддог тусгvй хvvхэд байсан.
Улс орноо 4О гаруй жил удирдаж, улс ардын аж ахуйн бvх салбарыг жигд хєгжvvлж, хvн ардаа эрvvлжvvлж, бvгдийг бичиг vсэгтэй, соёл боловсролтой болгосон буурал удирдагчаа хуйвалдаанаар албан тушаалаас нь зайлуулж, орост гэрийн хорионд оруулан цєлж, даанч их гомдоож нєгєє ертєнцєд vдсэнд харамсч явдгаа єгvvлэх юун. Тухайн vед тєрийн эрх барьж байсан Ж.Батмєнх, П.Очирбат нар тушаал шийдвэр гаргаад євгєн даргыг нутагт нь авчирч хонины шєл, сvvтэй цайтай байлгаж байгаад сvvлчийн замд нь vдэж болох байсан боловч хэн нь ч тэгэхийг хvсээгvй... Эрх мэдлээ алдсан буурал даргыг нутагт нь авчирвал зєєлєн суудалд шигдэж, зоргоороо авирлахад нь нєлєєлнє гэж болгоомжилсон юм болов уу? Vхсэн буурны толгойноос амьд ат айна гэдэг энэ буйзаа.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Сан.Пvрэв

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)