2010/11/20

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 11 сарын 15-19


Энэ 7 хоногийн тоймоор улс төрийн намын дотоод амьдралтай холбоотой төдийгүй Монголын улс төрийн ирээдүйн тоглолтыг шийдвэрлэхүйц үйл явцуудыг авч үзсэн болно.
 
МАН: Намын задрал уу, лидерүүдийн түр зөрчилдөөн үү?
 
Төрийн эрх баригч МАХН 2010 оны 11 сарын XXVI их хурлаараа намынхаа нэрийг сэргээж Монгол ардын нам болж, албан ёсоор дээд шүүхэд бүртгүүлэв. Зарим судлаач, сэтгүүлчдийн таамаглаж байснаар МАХН хэмээх нэрийн дор эрх баригч нам дотроо задрах асуудал үнэхээр үүсэв. Дорнод аймагт МАХН-аас нэр дэвшиж улмаар УИХ-д сонгогдсон Ц.Шинэбаяр зэрэг нөхдөөр толгойлуулсан нэр бүхий хүмүүс МАН-ыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн хуучин нэрээ сэргээх талаар эрчимтэй үйл ажиллагаа явуулахаа өнгөрч буй 7 хоногт албан ёсоор зарлаадахав. Шинэбаяраар тэргүүлсэн тэдгээр нөхөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүмүүс бөгөөд энэхүү тоглолтыг нөхөр “Намбар ван” удирдаж байгаа гэдэг нь оргүй үг биш болох нь МАХН-ын их хурлаас өмнө болон хойно өрнөж байсан улс төрийн үйл явцаас бэлээхэн харагдаж байна.

Мэдээж МАН-ын одоогийн удирдлага, тоглоомын дүрмийг гардан боловсруулагчдын хувьд энэхүү улс төрийн эрсдлийг урьдчилан харж тооцож байсан нь лавтай. Энэхүү барууны нялхсын өвчин халдаагч нөхдүүдтэй тооцоо бодох, “шийтгэх” чиглэлээр ямар ажиллагаа зохиох гэж байгаа нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон, ерөнхий сайд асан С.Баярын 11 сарын 17-ны “Өдрийн сонин”-д “Би том амбицтай хүн” нэрээр өгсөн ярилцлагаас анзаарвал “чи яаж нүүнэ би чамаас илүү холыг харж нүүхээ мэднэ, хэн ялахаа харъя” гэдэг санаа илт цухалзаж байна лээ. Блогчны санахад С.Баяр Н.Энхбаярыг тухайн үедээ эрх мэдлийн өрсөлдөөнөөс болж АН-аасаа салж, ҮШН хэмээх сүрхий нэртэй нам байгуулж явсан “ганцаардсан чоно” гэгдэх М.Энхсайхантай адилхан болгох сонирхол явж буй. араас нь мэдээж шинэ тутам бий болж буй С.Баяраар толгойлуулсан улс төрийн хүчинд үл тэнцэх нөхдүүдийг “өөрийгөө илчлэх” үйлдлээр нь дамжуулан цэвэрлэгээ хийх ажиллагаа ч хангалттай хийгдэнэ. Тиймээс өрнөлийг тайван харж суух нь аяндаа цэгцрэх нийгмийн хуулиар асуудалд хандаж буйн илрэл гэж үзэх болох нь.  
 
Мэдээж МАН-ын хувьд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн санаа бодлыг мэдэх чиглэлээр судалгаа хийж таарна. Харин үүнийгээ олон нийтэд танилцуулах, МАХН-ын нэрийг сэргээхийг санаархагчдын үйлдэл явцгүй болох талаар нэг шийдтэй PR ажиллагаа зохиох нь дамжиггүй. Судлаачийн хувьд хэлэхэд МАХН-ын нэрийг сэргээх асуудал МАН-ыг дэмжигч гол массыг уруу татаж чадахгүй. Гол дэмжигч масс гол тоглолт МАН-аа дагаж явна гэдгийг ухамсар хийгээд сэтгэл зүйн хувьд бүрэн мэдэрч байгаа нь тодорхой.
 
АН: Дараагийн сонгуульд хэн намаа толгойлж орох вэ?
МАН-ын хувьд “ЭНХБ”-ээр удирдуулсан тоглолт тойрсон үйл  явц өрнөж байгаа шиг, АН-д бас “ЭНХБ”-ээс санаачилсан дайн явагдаж байна. Шоглож хэлэхэд тэд яг нэрнийхээ эсрэг зүйлд дуртай хүмүүс. Хэлж байгаа санаа нь хамтарсан засгийн газар нэрийн дор АН-ыг амьгүй бөгөөд эрх баригч намын тоглоомын дүрмээр үг дуугүй тоглогч одоогийн намын удирдлагуудыг халснаар нэгд АН-ын нэр хүндийг өргөх, хоёрт сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх үндсэн ажлаа хийх ёстой гэдэг санаа явж буй. 

Гэхдээ З.Энхболд гэдэг намын удирдлагыг гартаа авч улмаар 2012 онд намаа тэргүүлэн сонгуульд оруулах, ялсан нөхцөлд Ерөнхий сайд болох гэсэн улс төрч хүний хувьд байх ёстой амбици явж байгаа нь гол шалтгаан юм. Энэхүү намын дотоод эрх мэдлийн төлөөх тэмцэл нь тус намын Баабар, Бат-үүл, Энхболд, Алтанхуяг зэрэг гол лидерүүдийг гүнзгий хагарлуулаад зогсохгүй, олон нийтэд тус намын нэр хүндийг шалд нь буулгах том хүчин зүйл болоод байна. Яг одоогийн байдлаар АН-ын ҮЗХ хуралдаж буй бөгөөд мэдээж намын удирдлагыг халж солих асуудал хурцаар тавигдах нь тодорхой.  
 
Цаашдаа яах бол?
Мэдээж эрх баригч намуудын хувьд нэг хөнжилд орж, нэг зарчим, нэг эрх ашгаар холбогдсон хэд хэдэн бүлэглэлүүд байдаг нь нууц биш бөгөөд энэхүү 2 намыг тойрсон улс төрийн үйл явц нь 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө амжиж улс төрийн одоогийн элитүүд хэн хэнийгээ золиослох, хүчний хуваарилалтаа хэрхэн хийхэд үндсэн нөлөө үзүүлэх зүйл болох нь гарцаагүй. (блогчин одоогийн нам дамнасан лидерүүд шинээр нам байгуулах асуудал болохгүй гэж өмнөх үйл явдлын мэдээндээ таамагласан. Одоо ч энэхүү таамаглалаасаа татгалзаагүй хэвээр). 

Блогчны хувьд “цэвэр” (энэ үгийг цэвэр ариун, шударга гэдэг утгаар биш дан улс төрийн салбарын гэсэн утгаар хэрэглэж буйг болгооно уу) улс төрийн эдгээр үйл явц, өрнөл нь монголын цаашдын нийгэм-улс төр цаашлаад эдийн засаг, гадаад бодлогыг тодорхойлоход чухал нөлөөтэй, явагдах ёстой улс төрийн ээлжит өөрчлөлт шинэчлэл гэж үзэж буй байгаагаа шууд илэрхийлэе. Гэхдээ ирээдүйн улс төрд шийдвэртэй бөгөөд үр өгөөжтэй, нийгмийн хувьд эерэг үр нөлөө үзүүлэхүйц байхыг л хүсч байна. Нэг үгээр эрүүл хүчин нь ялах, тийнхүү ялахад гадна дотны хүчнүүдийн нөлөө үлэмж бага байж, улс төрчдийн эрх мэдлийн халуурлаас болж өөрт төдийгүй улс нийгэмдээ хохиролтой алхам хийгдэхгүй байгаасай хэмээн хүсч байгаа болно.      
 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)