2010/11/10

УЛС ТӨРИЙН НАРРАТИВ ОРШВОЙ

Улс төрийн асуудал, үйл явдалтай холбоотой сэдвийг тойрсон мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, маргаанд үзэл суртал, уриа лоозон, мессэж, улс төрийн технологи, PR зэрэг ойлголтууд зонхилж буйгаас гадна өдгөө нарратив хэмээх нэр томъёо ихэд “моод”-онд орох болж. 
Тэгээд хэд хоног нарратив гэдэг нэр томъёог ойлгож таних гэж жаахан цаг барлаа. Гэвч их тааруу үр дүнтэй. Ямар ч гэсэн уг ойлголтын мөн чанар юу болох, улс төртэй хэр холбогдох талаар өөрийн жаахан жуухан ойлгосноо та бүхэнтэй хуваалцъя гэж шийдэв. 

Нарратив гэж юу вэ?
Уламжлалт утгаар бол ямар нэг үйл явдлыг  дэс дарааллын дагуу тодорхойлон бичсэн бичвэр тухайлбал, түүхэн зураглал, хүүрнэл, өгүүллийг бүхэлд нь нарратив гэсэн ойлголтоор тэмдэглэсэн байна. Нэг нөхөр нарритив бол “өөрийн болон бусдын өнгөрсөн туршлагад тулгуурлан дахин сэргээн амилуулж, дүрсэлсэн хэлэлцүүлгийн нэг төрөл” 
 
За тэгээд өөр олон тодорхойлолт, тайлбарыг харахад албаны модон хэллэг эсвэл эрдэм шинжилгээний онолын хүндрэлтэй ойлголтоос ангижран, харин өөрийн өвөрмөц санаа оноог шигтгэж, ямар нэг болсон үйл явдал, үзэл санааг хүмүүст сонирхолтой хэлбэрээр хүргэж байвал энэ нь нарратив болох юм байна. Гэхдээ уг чанар нь зөвхөн уран зохиол, илтгэх урлагт төдийгүй шинжлэх ухааны хэлэлцүүлэг, ахуйн харилцаанд ч өргөнөөр ашиглагддаг аж. Хүн бүр өөрийн өвөрмөц, бусдаас ялгагдах сэтгэлгээний болон ярианы нарратив чанартай байдаг. Ялангуяа багш нар нарратив чанарыг нилээн сайн агуулсан хүмүүс шүү. Тэд өөрийн уншсан онолын ном зохиол, эх сурвалжаа сурагч, оюутнууддаа хялбараар ойлгуулах, хүүрнэх тусдаа чадварыг чадамгай эзэмшсэн хүмүүс. 

Сэдэвтэй холбоотойгоор нэг зүйлийг онцлон хэлэхэд улс төрийн үзэл суртал, сэтгэлгээ, концептуаль ойлголтуудыг хүнд хүргэнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй асуудал гэдгийг хэлэх хэрэгтэй. Нилдээ гарт баригдаж, санаанд бууж өгдөггүй онолын хүнд хэллэгүүд, харь ойлголтууд. Харин манай улс төрийн сэтгэлгээний М.Ганбаатар /МУИС/ багш маань нүдэнд үзэгдэн, ухаанд баригдаж, санаанаас хэзээ ч гарахгүй болтол тэдгээр ойлгуулж чаддаг байж билээ. Хожим улс төрийн сэтгэлгээний эх зохиолуудтай танилцахад аль хэдий нь таньдаг зүйлээ дахин харж байгаа санагддаг юм. Тэр  хүний гавьяа л даа.
 
Нарратив бол хувь хүмүүсийн ертөнцийг харах өвөрмөц цонх. Тэр өөрийн нүд, өөрийн өнцгөөр орчлон хорвоог харж түүгээрээ дотоод ертөнцөө илэрхийлж байдаг. Харин тийнхүү илэрхийлэх боломжийг блог хэмээх үзэл бодлоо илэрхийлэх үлэмж том талбар бидэнд олгох болж. Блог бүр өөрийн том ертөнц. Тэнд зөвхөн бичих гэдгээр хязгаарлагддаггүй хүний сэтгэл хөдлөл, зурж бүтээх, дуулж эгшиглэх зэрэг оюуны илэрхийллийн цогц орчин. Блог дээр ямар олон сая өнгө, дуу хоолой, дотоод ертөнц, сэтгэл хөдлөл, үзэл бодол байдаг гэж санана. Блог бол нарратив мөн.
Уг нэр томъёо түүх, философи, сэтгэл судлал, утга зохиол, социологи зэрэг олон шинжлэх ухаануудын хувьд тус бүрдээ утга агуулдаг бөгөөд энэ удаад бид улс төрийн хувьд ерөнхийлөн авч үзэх юм.
 
 Улс төрийн нарратив
Харин улс төрийн нарративын хувьд улс төрийн тодорхой үйл явдлыг тойрон төвлөрсөн янз бүрийн хэв жанр бүхий хэлэлцүүлгийн тогтолцоо юм. Улс төрийн нарративын “ажиллах” хэлбэр бол улс төрийн дуулиан шуугиан, тодорхой асуудлаарх парламентын мэтгэлцээн, сонгуулийн кампани, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зэрэг орно. 
Нарративыг бичлэгийн өвөрмөц хэв маяг болохын хувьд улс төрийн намтар судлал, улс төрийн мөрдлөг, хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлэхэд болон улс төрийн түүх, анализын салбарт ч ашигладаг байна.
 
Улс төрийн нарративийн онцлог
    Улс төр угаас мэдээлэл дээр оршин тогтнож, түүгээр тэжээгдэж байдаг салбар. Энэ ч утгаараа мэдээллийн суваг, хүргэх арга зам, технологиос хол байх боломжгүй юм. Улс төрийн нарратив аливаа үйл явдлыг зөрчилт олон талаас нь тайлбарлаж, харуулахыг хичээдэг. Үүний тулд улс төрчдийн хэлсэн үгнээс ишлэл, баримт ашиглан баталгаажуулдаг.  Үйл явдалд оролццогчид өөрийн бодол санаа, үгээр болсон явдлыг тайлбарлах нь түүний бас нэг онцлог юм. Мөн улс төр, эрх зүйн нэр томъёонууд, төрөл бүрийн хэлц үг, зүйрлэлийг өргөнөөр ашигладаг.
 
    Улс төр бол нийгмийн том “жүжгийн театр”. Тэр жинхэнэ театрт байдаг зүйлсийг бүхэлд нь агуулж байдаг. Түүнд өөрийн найруулга, сценари, өрнөл, эмгэнэл, элэглэл, хошигнол бий. Түүнд өөрийн ярианы хэл, жүжиглэх техник, тайз засал, найруулагч, зохион байгуулагч, тоглогч, дүрүүд, үзэгч, нүүр хувиргалт, бишрэн шүтэгчид, дэмжигч, эсэргүүцэгчид бүгд бий.
 
    Улс төрийн нарративийн гол зорилго бол нийгэм, олон нийтэд ямар нэг улс төрийн үйл явдлыг мэдээлэл хүргэх, нөгөө талаас нийгмийн санаа бодолд нөлөөлөхөд оршдог. Ийм учраас улс төрийн болон бизнесийн захиалга гүйцэтгэсэн үзэл санааг гаргаж ирэх нь олонтаа. Манай сэтгүүл зүйд ийм үүрэг гүйцэтгэдэг маш олон нийтлэлч, сэтгүүлчид бий.

Орчин үед хүмүүс улс төрийн шинжтэй хуучин цагийн “мандтугай, хөгжтүгэй”, эсвэл “шахан зайлуулъя”, “зөвхөн урагшаа” гэх энгийн болхи, утга санаа хязгаарлагдмал уриа лоозонгоос залхах, итгэл алдах болсон тул өдгөө улс төрийн PR, реклам сурталчилгаанд тэрхүү учир дутагдлыг нөхөх “нарратив” чимэглэлийг нэмж өгөх болсон байна. Учир шалтгаан нь ердөө энгийн. Эхлээд гол уриагаа бичнэ. Хоёрд нь яагаад тэгэх ёстой юм гэдгээ тайлбарлана. Тэрхүү тайлбарт л нарративын утга учир оршиж байгаа юм. Үүний тулд нэг хоёр үг, өгүүлбэр нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр хүмүүст хэлэх гэж буй санаа илүү үндэслэлтэй тодорхой болж харагддаг. Жишээ: сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хувьд сонгогчдын анхаарлыг өөртөө татахын тулд янз бүрийн сэдэв санал болгоож харагддаг. “Ирэнд бүрт нэг сая төгрөг”, “Иргэн бүрт 1.5 сая төгрөг”, “Эх орноо цэвэрлэе”, “Өнөөдрийн дарамтыг арилгая, Өрх гэрийг тэтгэе”, “Хүн төвтэй ногоон хөгжил”, “Эвийн хүчийг бэхжүүлнэ, Эх орны хишгийг өгүүлнэ”, "Төрд хяналт, хариуцлага. Түмэнд ажил, орлого" зэргээр юу хийх гэж буйгаа эвтэйхэн илэрхийлсэн чадсан байдаг.
 
Тэрчлэн тухайн үндэсний онцлогт тохируулах “Гарман дээр морио сольдоггүй”, “Тос дотроосоо өтдөг”, “Төрд хэрэгтэй зайран” зэрэг дайвар мессэжүүдийг давхар өгч харагддаг. 

Жич: улс төрийн нарийн мэргэжлийн асуудал хөндөгдсөн тул уншигчдад сонирхолгүй байх болуужин гээд зарим хэсгийг http://ulstur-tech.blogspot.com/ дэлгэрэнгүй авч үзсэн болно.

1 comment:

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)