2010/11/23

НАМД ЭЛСЭХЭД ЮУ ЧУХАЛ ВЭ ?

Нэг үе намуудыг тарааж дахин бүртгэж, нам дамнасан фракцуудаас салах тухай нилээн хүчтэй яригдаж байсан ч сүүлдээ мартагдсан. Ингэж ярьсны гол шалтгаан нь намын үзэл баримтлалтай холбоотой. Нэгэнт л үзэл баримтлалын хувьд таарч тохирохгүй бол ингэж фракц үүсгэж намаасаа тусдаа улс төрийн үйл ажиллагаа явуулах нь шинэ нам байгуулсантай эсвэл, өөр намд элсэн орсонтой адил гэж үзснийх. Улс төр судлал намыг үзэл баримтлалаар нь баруун, зүүний хоёр хуваадаг. Гэхдээ бас төвийг сахьсан, дундад гэх ангилал байх ч ийм ангиллын нам тун ховор. 
 
Барууны гэгдэх намууд хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, нийгмийн амьдралд буй төрийн оролцоо багасган, хувийн хэвшлүүдэд ихээхэн боломж олгож төрийн зарим үүргийг ч тэднээр гүйцэтгүүлж болно гэж тооцдог. Харин зүүний намууд нийгмийн баялгийг тэгш хуваарилах, улмаар энэ халамжийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төрийн оролцоог тодорхой түвшинд нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж мөрийн хөтөлбөрийнхөө гол баримжаа болгодог.

XXI зуунд намуудын баруун, зүүний ялгаа улам багасаж байгааг улс төр судлаачид тэмдэглэх болсон. Үүний тод жишээ 2000 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль А.Гор, Ж.Буш нар маш ойролцоо санал авсан ба энэ үеэс хойш дэлхийн олон оронд сонгуулиудын дүнд эвслийн засгийн газар байгууллагдах нь улам олшрох болсон. Мөн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт зарчмын ялгаа арилж байгаа явдал юм.
 
Манайд байгаа намуудын талаар нийтлэлч Баабар “Монголд зүүний, хэт зүүний, дэндүү зүүний, арай дээ гэмээр зүүний, ультра зүүний, тултал нь зүүний намууд л бий. Улс төр судлалын үүднээс бол үүнээс өөр нь огт үгүй” хэмээн бичжээ. Түүний эл санааг няцаасан судалгаа энэ тэр одоогоор алга. Тэгэхээр манай зүүний намууд өөр хоорондоо эвсдэг нь ч зүйн хэрэг. Улс төрийн намын гол зорилго бол үзэл санаагаараа нэгдэн засгийн эрхийг хууль ёсоор авах явдал. Ингэхдээ тэр үзэл санаагаа тусгасан хөтөлбөр боловсруулдаг. Түүнээс нь л энэ нам эвсэл ямар чиг баримжаатай болохыг бас харж дүгнэж болно.
 
Мөн манайд засгийн эрхэнд гарах чадваргүй жижиг намууд бий. Үүнийг тэдний УИХ-д дэвшүүлж буй гишүүдийн тооноос нь харж болно. Бас нам байгуулж сонгууль дөхөнгүүд бусадтай нэгдэх, эвсэх замаар намаа зарж бизнес хийх үзэгдэл ч олонтой тохиолдсон. Өөрөөр хэлбэл, эндээс намын гишүүн болоход эрх мэдэлд л хүрэх нь чухал болохоос үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрөх нь онцын ач холбогдолгүй болох нь харагдаж байна. Тэгвэл намын гишүүн болж тэргүүн эгнээнд гарах улс төрчдөд намын сонголт хийхэд нь ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа вэ? Мэдээж хамгийн гол нь танил талын сүлжээ. Үүнд нутаг усны ариун холбоо, сургуулийн он жилүүдийн үерхэл нөхөрлөл, ах дүү хамаатан садангийн буюу угсаа залгамжлах гэсэн хүчин зүйлсийг нэн түрүүнд нэрлэж болох байна. Ингэж үзэл баримтлалд ач холбогдол огт өгөхгүйгээр намын гишүүн болж намын удирдах эгнээнд гарах нь өөр намтай хамтрах, намаа солих зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулдаг нь гарцаагүй.  
 
Жирийн олон мянган намын гишүүдийн хувьд ч гэсэн намынх нь үзэл баримтлал төдий л чухал биш. Үүний томоохон жишээ бол саяхан нэрээ өөрчилсөн МАН юм. Энэ нь сүүлийн 20 жил үзэл баримтлалдаа томоохон өөрчлөлтийг хийсэн боловч гишүүд дэмжигчдийнх нь тоонд дорвитой өөрчлөлт ороогүй. Тэгээд ч намын гишүүн болох нь онцын ач холбогдолтой үйл явдал биш. Хөдөөний нэгэн анд маань сонгуулийн өмнө намын гишүүн болсон тухайгаа хуучилж билээ. Нэг удаа нөхөр овоон дээр морио солих санаатай буутал машинтай олон хүмүүс ирээд учиргүй даалж цайлаад тэгснээ овог нэрийн асуугаад газар дээр нь гал улаан намынхаа батлахыг гардуулаад, ирсэн шигээ дуу шуутайхан яваад өгсөн гэнэ лээ. Ингэж л овоон дээр намд элссэн. Энэ явдлаа гэртээ очоод өвөөд хэлтэл би насаараа шахуу хөөцөлдөөд элсэж чадаагүй намд чи овоон дээр элсэнэ юу байдаг юм гээд үнэмшиж өгөөгүй гэж билээ. Ийм байдлаар сонгуулийн жил оюутан залууст цайны мөнгөний хамт намын батлах тараах нь энгийн үзэгдэл болсон доо.
 
Үүнээс бид жирийн олон төдийгүй нам, төрийн удирдах албан тушаалд буй хүмүүсийн улс төрийн мэдлэг сул байгааг харж болно. Уг нь төрөл бүрийн сургалт семинар зохион явуулдаг боловч үр дүн нь муутай, эсвэл зөвхөн өөрийн намын гишүүдийн явцуу хүрээнээс халихгүй байгааг яалтай. Энэ бүгдээс намд элсэхэд хамгийн чухал нь улс төрийн боловсрол гэсэн хариу гарч байна.
 
А. Энхбат. Анкара         2010. 11. 21

2 comments:

  1. ter ovoon deer namd elsdeg ni ineedtei ym :P zondoo ineev, odo baitlaa zugeer ch yavj bolohgui, hen haanaas garch ireed ymar namd elsuulchih bol gej aij yavahne? kkk

    ReplyDelete
  2. ene xvn chine ooroo tegeed uzel bodloo tiim surxii todorxoilchixson yum bol yagaad zuuniixee uzliig barisaar baigaa yum boldoo. onoogiin mongold yu xeregteig sain oilgoxgvi baigaa yum bolwuu. ardchilsan nam bol tsewer baruunii nam gedgiig bvgd l medne shdee. ard tumniigee medleggvi tenegeer ni duudchaad bas ner dewshine gene dee.. kkk

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)