2010/12/16

ИРАН ОРНООР-2

Султанийе хот
Дараагийн аялсан хот болох Султанийе нь өмнөх нийслэл Тебризээс дорно зүгт 300 км-ын зайтай оршино. Газан хаан 1304 онд 30 насандаа өвчний улмаас таалал төгссөний дараагаар түүний дүү Өлзийт Эл хаант улсын хаан ширээнд заларч, тэр даруй зарлиг гарган Султанийе хотыг бариулж эхэлжээ. Султанийе хотын түүхийг “Монгол улсын түүх”(2005)-ийн 5 ботийн 2-р боть болон  “Эл хаант улсын түүх” ном (2006), ХБНГУ-д зохиогдсон “Чингис хаан ба түүний үр хойчис”(2006) үзэсгэлэнгийн каталогийн монгол хувилбараас дэлгэрэнгүй танилцах боломжтой тул энд нуршсангүйг болгооно уу.  
Султанийе хотын байдал
Султанийе хот нь газар тариалан голдуу эрхэлсэн 10 орчим мянган хүн амтай, түүхэн аялал жуулчлал багагүй хөгжсөн газар юм. Аз болоход Султанийе хот дахь Өлзийт хааны бунхан эвдрэл гэмтэл багатайгаар бидний үед хүрч ирсэн бөгөөд жуулчдыг татах зорилгоор музей болгон тохижуулжээ. Перс хэлээр Кумбат-и Султан Ходабенде хэмээн нэрлэгдсэн энэхүү бунхан нь 30 гаруй метрийн өндөртэй бөгөөд дотроо 3 давхарт хуваагдах бөлгөө. Судлаачдын тэмдэглэснээр энэхүү бунхан нь лалын архитектуруудын шидээвэр бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог гэнэ. 
Өлзийт хааны бунхан
Нутгийнхны домог яриагаар бол Өлзийт хаан Иракийн нутаг дахь Нежеф хотод байх исламын Шийт урсгалыг үндэслэгч Хазрет Али-гийн бунханыг Султанийе хотод зөөж авчрахын тулд энэ бунхныг бариулсан гэх агаад баригдаж дууссан шөнө өнөө Хазрет Али нь Өлзийт хааны зүүдэнд ирж “би Нежеф хотноо амар тайван нойрсож байна. Бунханыг мнь бүү хөдөлгө” хэмээн хэлсэн гэдэг. Ингээд уг бунханд Өлзийт хаан өөрийгөө нас барсны дараа оршуулахыг зарлигдсан гэнэ. Энэ домгийн нэг хувилбар нь Рашид-ад-дины “Судрын чуулган”-д ч байдаг санагдана.
 
Хана туурганы чимэглэлийг нь харахад Монгол үндэсний гэмээр юм анзаарагдсангүй. Нилдээ лалын шашны ёс жаягийн дагуу урлан бүтээгдсэн аж. Бунхны ойр хавьд археологийн малтлага хийгдэж буй бөгөөд арван жилийн хугацаатай том төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Энд ирсэнийх мөн л монгол заншлаар сүү өргөн нар зөв гороолсон маань бас л хүмүүсийн анхаарлыг татаж, надаас асууж танилцан, хамтдаа баахан зураг хөрөг татуулав. Дараа нь хүмүүсийг мөн л сүүгээр дайлж, бяцхан цагаалга хийгээд ойр хавьд нь орших Эл хаант улсын үед холбогдох ганц хоёр бунханыг үзэж сонирхов. Бунханаас хойд зүгт 10-аад км-ийн зайд Эл хаант улсын үед холбогдох нэгэн ордны балгас байх ба хананд нь луугийн дүрс зэрэг буддын соёлыг харуулсан байдаг тухай танилцуулганаас уншсан боловч, цаг нэгэнт орой болсон тул очиж амжсангүй.
 
Алдарт Аламут цайз дээр
Миний аяллын дараагийн цэг нь Казвини хотоос хойш 70-аад км-ийн зайд Эльбрусын нурууны Аламут хэмээх оргилд далайн түвшнээс дээш 2074 м өндөрт 20 мянган метр хавтгай талбайд баригдсан алдарт Аламутын цайз байлаа. Яагаав өнөө бага ази ойрхи дорнодод шуугилуж байсан улс төрийн аллагын алдарт эзэд “Уулын өвгөд”-ийн орогнож байсан газар шүү дээ. Аламут хэмээх үг нь перс хэлээр бол “бүргэдийн үүр” гэсэн утгатай бөгөөд нэрнээс нь л харахад хэр өндөрт оршдог нь тодорхой. 
Аламут цайз анх ийм байжээ
Уг цайзыг XI зуунд лалын шашны шийт урсгалын нэг салбарыг үндэслэгч Хасан Саббах гэх нөхөр Селжүкүүдийн довтолгооноос хамгаалахын тулд бариулж, тухайн үедээ халдашгүй бэрх байдлаараа алдаршиж байсан юм. Харин Чингис хааны удам Хүлэгү хаан “уулын өвгөд”-ийн энэхүү цайзыг буулгаж авч, хүн төрөлхтний нэгээхэн хэсэгт гай тарьж байсан голомтыг дарж өгсөн гавъяатай. 
Аламут цайзын үлдэгдэл
Цайзтай танилцах явцад дайрч эзлэх нь битгий хэл тусгайлан бэлтгэсэн шатаар авирч гарахад 2-3 удаа амрах шаардлагатай бөгөөд энд зочлох нь нэлээд тэсвэр шаардагдсан ажил байлаа. Гэвч Мөнх тэнгэрээс соёрхогдсон Монгол цэргүүдийн өмнө яаж ч чадалгүй эзлэгдсэн гэж бодохоор өөрийн эрхгүй үндэстнээрээ бахархах сэтгэл төрж байлаа.
 
Аламут цайз дээр
Аламут цайз, түүний хэрхэн эзлэгдсэн талаар түүхч Д.Баярсайханы өгүүлэлд тодорхой дурдсан тул энэ удаа давтахаас зайлсхийсэн бөгөөд сонирхсон хүн  холбоосон дээрээс уншиж болно. (http://tsahimurtuu.mn/main/200705311258.htm). Харин уулын өвгөдийн талаар дараа блогт дэлгэрэнгүй өгүүлэх болно.
 
Аламутаас гадна ийм төрлийн уулын өвгөдийн цайз Эльбрусын нуруунд 100 гаруй байсан гэдэг бөгөөд тэдгээрийн үлдэгдэл одоо ч байдаг ажээ. Цайзаар аялж байхад уулзсан хүн бүр намайг Монгол гэдгийг мэдээд хамт зураг хөргөө татуулж их л найрсаг байв. Харин нэгэн Иран хүүхэн надад газарчилж байсан Иран залууд хандан чи бидний өвөг дээдсийг хядсан Монгол хүнийг энд авчирж үзүүлж байдаг яасан амьтан бэ? Эдний хийсэн ажлыг чи харж байна уу? Чи бол урвагчаас дутуугүй амьтан байна гэх мэтчлэн дайрч давшилсан бөгөөд надтай сүйд болоод зургаа авахуулж байсан Иран жуулчид харин тэр хүүхэнд тал өгөх янзтай нь анзаарагдаж, зэвүү дургүй маань чамгүй хүргээд авсан. Уг нь би тэдэнд Исмайлитуудын түүх болон Монголчууд Иранд ирснээрээ түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар ухуулмаар санагдаж байсан ч тэд хүлээж авах янзгүй харагдаж байсан тул энэ санаагаа орхиход хүрэв.
 
Яршигтай хүүхэн болон бусад хүмүүсээс арайхийн салж цайзын орой дээр гарч, аяны зуушаа зооглонгоо алсын бараа харж суухад, ойр хавийн сүрдэм уулс үзэсгэлэнт байдал үнэхээр зохицолтой сайхан санагдахын зуур Аламут цайзыг анхны бөгөөд сүүлийн удаа эзэлж явсан Хүлэгү хааны монгол шүү гэж өөрөөрөө омогшиж байсныг хэлэх юун.
 
Ираны нийслэл Тегеран
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотын амьдрал, аж байдалтай та бүхнийг товчхон аялуулъя.
 
1876 онд Гажарын хаант улсын хан Ага Мухаммед хаан зарлиг гаргаж Рей хотын хойд хэсэгт Эльбрусын уулын хормойд орших нэгэн жижиг тосгоныг улсын нийслэлээр зарласнаас хойш Тегеран хотын түүх эхэлнэ. Өнгөрсөн 130 жилийн дотор Тегеран хот маш хурдацтай өргөжин хөгжиж, өдгөө хотын оршин суугчид нь 8 сая хүрч, ойр хавийн тосгодтой нийлээд нийт 13 сая хүн амтай бөлгөө.
 
Уур амьсгалын хувьд зундаа +42, өвөлдөө -15 хэмийн хооронд хэлбэлзэх ба хавар намрын үед уур амьсгал үлэмж зохимжтой байдаг аж. Барилга байгууламж нь перс архитектурын уламжлалаар шар саарал туйпуун, хамгийн өндөртөө 3 давхар барилга зонхилох авч сүүлийн жилүүдэд орчин үеийн шилэн болон бетон хийцтэй өндөр сүрлэг байгууламжууд ихээр баригдах болсон тул Иранчууд нийслэлээ Европын стандартад хүрсэн хэмээн хөөрцөглөдөг юм.
 

Үнэхээр хотын хойд дүүргээр аялахад орчин үеийн шинж төрх агуулах авч Тегеран хотын өмнө хэсэгт байдал шал эсрэгээр манайхны хэлдэгээр “дэлбэрчихсэн” өнгө төрх хосолж байдгийг нуух юун.
 
Нийтийн тээврийн хувьд улсын ба хувийн автобус, микро, такси, метро үйлчлэнэ. Үнэ хөлсийн хувьд Монголоос хямд санагдсан. Улсын автобусанд бол 60  төгрөгтэй тэнцэх мөнгө төлөөд сууж болох бол хувийн автобус нь хол ойроосоо хамаараад 150-250 төгрөгний хооронд хэлбэлзэнэ. Таксиний үйлчилгээ нь харин Дархан хотыг санагдуулам, тодорхой маршрутын дагуу замаасаа хүмүүс түүж суулгана. Нэг хүний 500-1500 төгрөгний зардалтай.
 
Метроны хувьд бүс нутагтаа нэлээд сайнд тооцогдох ба одоогоор 4 зам ашиглагдаж байгаа. Ойрын жилүүдэд дахиад 4 зам ашиглалтанд орох аж. Зардал нь 400 орчим төгрөг. Зарим зам нь 30 гаруй км-ийн урттай гэж бодохоор метроны үйлчилгээ нь нэлээд хөгжсөн гэж үзэж болно.
 


Тегеран хотод музей үзмэрийн газрууд маш олон. Бүх музейтэй танилцахын тулд лав 7 хоног өглөөнөөс орой хүртэл явах шаардлагатай. Миний бие музей дэх Эл хаант улсын үед холбогдох дурсгалуудыг үзэхийг чухалчласан. Тэдгээр үзмэр нь ч нилээд баялаг юм байна лээ. Харин Эл хаант улсын гэж хаяглах дургүй бололтой, голдуу 13-14-р зуун гэсэн тайлбаруудтай харагдана лээ.
 
Дашрамд хэлэхэд Иранд аялагч миний бие нэлээд олон үндэстний дүрд хувирах хэрэгцээ гарч байсныг нуух юун. Учир юу хэмээвээс Монгол гэж хэлэнгүүт илт дургүйцэж эгдүүцсэн байдал үзүүлэх хүмүүс их байсантай холбоотой. Тиймээс өөрийгөө казах, узбек, киргиз гээд амандаа орсон аль нэг “онигор” үндэстний нэр хэлж явахаас өөр аргагүй байдалд орж байсан билээ.
 
Нэг удаа  автобусанд явж байтал дундаж насны хүн хаанахын хэн болохыг минь асуухад, Монгол гээд тавьчихав. Тэгсэн мань нөхөр – “бид лалын улс болохоор үүрдийн дайсан маань еврейчүүд болой. Гэхдээ Еврейчүүдийн бидэнд учруулсан гай зовлонгоос монголчуудын үзүүлсэн нь хамаагүй их болохоор би иран хүний хувьд чамайг Еврейчүүдээс новшийн хүн гэж ойлгож байна” гэж ирээд л илт дайсагнах янз үзүүлж эхэлсэн. Би ч аяыг нь олоод хурдхан холдсон.

 Д.Анхбаяр 2010 11 20. Тегеран хот.

4 comments:

  1. ankhaa dahiad bicheed baigaarai. amjilt husie
    Ganbat

    ReplyDelete
  2. end net udaan bolohoor oruulsan zuragnuud garahgui baina. ochihooroo negmur uzie.

    ReplyDelete
  3. Iran dani hazara nariin taller niitlel bicheech , irand bur uzej yadagdaj niigemiin dood tuvshind amidardag yum shui dee Ted maani

    ReplyDelete
  4. neereil iranuud mongol humuust durguin bailei.... Bi india.d surdag bsiin tend iran oyutnuud zunduu tegeed iranuud namaig where are you from ? gene Mongol gesen uuh chingis khaan ....gesnee unendee bid mongolchuudad durgui gediin kkkk, ene metchilen iranchuud mongolchuudad durgui ni ilt bnlei

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)