Монгол улсын хоёрхон хөршийн нэг ОХУ-д манай Ерөнхий сайд С.Батболд албан ёсны айлчлалаа эхлээд 3 хонож байна. Монгол улсын улс төр, эдийн засаг, гадаад харилцаанд гол нөлөө үзүүлж байдаг цөөн орны нэг болох ОХУ-д хийж буй тус айлчлал нь Монголын улс төрийн хүрээнийхэн төдийгүй жирийн ард иргэд, тус бүс нутагт ашиг сонирхол бүхий улс гүрнүүдийн хувьд анхаарал татсан чухал үйл явдал юм.
Дэлхийн эрчим хүч, ашигт малтмалын хэрэглээ огцом өссөнтэй холбоотой манай орны ашигт малтмалын арвин нөөцөд гадаад орнуудын нүд унаж, шүлс гоожих болсон нь Азийн жижиг орон Монголын нийгэм, улс төр, эдийн засагт сүүлийн хэдэн жил хүчтэй нөлөө үзүүлэх болов. Улмаар тус орны эдийн засаг эрчимтэй хөгжих үүд хаалга нээгдсний зэрэгцээ бүс нутагт багагүй тоглолт хийх нөхцөл бүрдсэн нь Европыг баримжаалсан гадаад бодлого, дотоод тохинолдоо анхаарал хандуулсан ОХУ-ын хувьд нэг хэсэгтээ тоохоо больсон дорнодын “дүү”-гийн ажил үйлсэд гар хуруу дүрэлцэхгүй бол болохгүйг гэнэт ойлгуулсан хэрэг.
Иймээс социализмын бүтээн байгуулалтаас хойш удаан тасарсан харилцаа сүүлийн нэг хоёр жил эрчимтэй сэргэж, харилцан айлчлал юу болов гэмээр олон давтагдах болсны нэг нь өнөөдрийн айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын ОХУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын удирдлага, тэргүүнүүдтэй уулзалт зохион байгуулж буйгаас гадна ОХУ, Монголын хоорондын ирээдүйн хамтын ажиллагааг шийдвэрлэх олон чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Үүнд дэд бүтэц, эрчим хүч, уран олборлолт, хөдөө аж ахуй, худалдаа санхүү, ашигт малтмалын хайгуул, боловсрол, цэрэг арми гээд өргөн хүрээтэй асуудлыг хамарч байна.
ОХУ-ын хувьд монголын ашигт малтмалыг олборлох, ашиглах, дэд бүтэц төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцох замаар улс төр, эдийн засгийн ашгийг нь хүртэлцэх, ялангуяа ураны орд тойрсон асуудалд хяналтаа алдахгүй байхыг нэн тэргүүний зорилгоо болгож байгаа нь ажиглагдаж байна.
Иймээс толгойгоо гэдийлгэх болсон Монголчуудтай дарамтлах биш харин хөлд суух байдлаар харьцах нь оновчтой болохыг гэдгийг мэдрэх болсон нь анзаарагддаг. Гэвч Оросууд хэзээ ч аль нэг улстай аргадаж, тойглож харьцдаггүй, хэрэв олон түмэнд тэгэж харагдаж буй бол ар талдаа нилээн том ашигтай тохиролцоо л хийсний шинж тэмдэг байдаг ажгуу.
Эдийн засгийн хувьд ОХУ-аас тийн тохиролцоо хийх томоохон бөгөөд бэлээхэн барьцаа нь Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг Монголын ҮНБ-ий 20%-ийг дангаараа бүрдүүлдэг стратегийн ач холбогдолтой хувьцаат компаниудаа оросууд онцлон дурьдаж байна. Зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” гэхэд Монголын улсын төсвийн 40%-ыг бүрдүүлдэг болохыг оросын хэвлэл мэдээллүүд цохон тэмдэглэж буйг хэлэх нь илүүц биз. Цаашлаад банк, санхүүгийн салбарт ч оросууд хэдий нь байр сууриа бэхжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн нь Монголын ирээдүйн санхүү эдийн засгийн эргэлтийг хянахад томоохон бололцоогоо бүрдүүлэх алхам байсныг аль аль нь анзаарсан л байх учиртай.
Сүүлийн 20 гаруй жилд Монголчуудад "ахын ач буян"-ыг сануулаад ч байгаа юм шиг эсвэл "өрөө төлөөгүй байж өөр юм ярихгүй шүү" гэж айлгаад ч байгаа юм шиг Орост төлөх өрийн асуудлыг айлчлалын хүрээнд ярьж шийдвэрлэв. Нийт 180 сая доллартай тэнцэх өрийн 98%-ийг чөлөөлсөн тухай баримт бичигт В.В.Путин, С.Батболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр “өрийн үлдэгдлийн өрийн үлдэгдэл” болох 3 сая долларыг Монгол улс төлөх болж байна. (Яасан ч барагддаггүй өр үү. Дахиад 98% чөлөөлчихвөл 60 мянга $ үлдэх гээд байна даа уул нь)
Энэхүү өр хаагдаж буйтай холбоотойгоор ОХУ-аас Монголд зээл олгох нөхцөл нээгдэж байгаа юм байна. Эхний ээлжинд Монголд 125 сая долларын зээл олгох асуудлыг тун удахгүй шийдвэрлэх аж. Яг ямар зориулалтаар, хэдэн хувь хүүтэй, хэр хугацаатайг хараахан зарлаагүй байна. Бодвол төмөр зам, ашигт малтмал тойрсон бүтээн байгуулалтад чиглэх биз.
С.Батболдын хувьд Монгол улсын ерөнхий сайд болсноос хойш ОХУ-д хийж буй анхны айлчлал бөгөөд Монголоос Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн хүндэт докторын зэрэг хүртэж буй хоёр дахь иргэн болж байгаа нь тус айлчлалын ба нэг онцлог юм. (Академич Ш.Бира Монгол улсаас хүндэт доктор болсон анхны иргэн болж байв).
Айлчлалтай холбоотой улс төрийн болон хэвлэл мэдээллийн хүрээнд ямар үзэл бодол байр сууриуд байгааг тодорхойлох боломж хязгаарлагдмал байгаа нь бидний нүдээр нэгдүгээрт хэвлэл мэдээллийн салбарт төрийн хяналт чанга, олон ургальч үзэл бодол боогдмол байгаа хийгээд хоёрдугаарт айлчлалын үр дүнг эцсийн байдлаар хараахан тооцох болоогүйтэй холбон ойлгож байна.
Монгол улсын Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалтай холбоотой сонин содон үйл явдлыг цаг тухай бүрт нь мэдээлэхийг хичээх болно.
Д.Мягмарсүрэн 2010 12 14. Москва хот
Д.Мягмарсүрэн 2010 12 14. Москва хот
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл