2010/12/20

ЯДУУГАА МЭДЭХГҮЙ ТАМХИЧИД

Тамхи таван нас хорооно. Тамхи бол бие эрхтнийг ихээр хордуулж, урагт нөлөөлдөг хор, уушигны хорт хавдрын үндэс гэх зэргээр сургаал, зөвөлгөөний хооронд хэлээд нэмэргүй болсон доо одоо. Ядаж байхад нүүрс, машины хортой утаа хийнд 24 цаг амьдраад дээр нь цаг тутам тамхи сороод байдаг хэрнээ энэ монголчууд овоо тэсвэртэй амьтас юм чааваас.


Гадаадад амьдарч байгаад эх орондоо өвлийн хоёр сар өнгөрөөгөөд буцсан нөхдөд эрүүл мэндийн шинжилгээ хийхэд өмнө эрүүл байсан хүн маш богино хугацаанд уушигны бронхиттой болчихсон байдаг нь өөрийг нь болон эмч нарыг хүртэл гайхшралд оруулдаг гэсэн.
 
Тамхичин эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нь (юу сургадаг юм бол доо чааваас) насанд хүрээгүй үр хүүхдээ тамхи татахыг аль хэдийнээс хүлээн зөвшөөрч эхэлж. Эсвэл үнэхээр үр хүүхэд чинь татдаггүй гэдэгт итгэж явдаг хэрэг үү. За арай ч дээ. Өдий 40, 50, 60 насалчихаад найз нөхөд чинь архи уучихсан байгааг утасны цаанаас үнэрлээд мэддэг байж, охид банди нарыгаа өдөрт хэдэн тамхи цааш харуулж байгааг мэдэхгүй гэж гүрийхгүй байлгүй дээ.
 
Баримттай ярина шүү нөхөөр, хүн битгий гүтгэ гэж үү? Хэхэ.
 
Баримтаар яах вэ хө. Зүгээр л манай оюутнууд, арван жилийн ахлах ангийн сурагчдын 50-иас багагүй хувь нь тамхи татдаг гэж таамаглаад шалгаж судлавал алдаагүй гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна. Юугаар гэж үү? Таны тамхинд зарцуулдаг жилийн зардлаар.  
 
Харин тамхи татдаг насанд хүрэгчдийн талаар тоо байна аа. Тамхи татдаг насанд хүрэгчдийн тоогоороо (68%) дэлхийд тэргүүлж буйг интернетээ ашиглаад мэддэг хэлээрээ хайгаад үз. Араас нь хятад, африкийн Кени, Намиби, Гвиней эсвэл Орос, Киргиз, Армени гээд маньтай таарсан юмнууд айргийн тавд тэргүүлж явдгийг төвөггүй олж харна.
 
ДОХ, хүний наймаа, хятад хүн монголыг зодох, хар тамхи, гадаад хүнтэй суусан монгол бүсгүй, биеэ үнэлэгч, алтны уурхайд дарагдаж өнгөрсөн нинжа, виза картаас хулгай хийдэг хүүхэд зэрэгт аймаар эмзэг хандаж, маш хурдан хариу үйлдэл үзүүлээд мундаг том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө төгрөг олоод цохиод байх юм. Харин том жижиггүй толгой нийлүүлээд тамхи татдаг байдал, хүчтэйхэн амьсгалвал инфакт өгчихөөр хотын утаа зэрэгт аль хэдийнээс дасаж хэнэггүй хандаад, ганц ч мэдээ бэлдэж, сөрөг сурталчилгаа явуулахаа нэгэнт больж дээ бид. 
 
Их дээд сургууль цаашлаад дунд сургуулиудын ялангуяа эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө (ариун цэврээ ч алд даа), дотуур байрнууд, албан газрууд тамхичдын үүр уурхай болсон нь жирийн сайхан үзэгдэл болж өдгөө.
 
Дэлхийд тамхины гол үйлдвэрлэгчид нь АНУ, БНХАУ юм гэсэн. Бид дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдэд хөрөнгө оруулалт хийж чаддаг, ядуу хэрнээ уужим уушигтай, чадалтай ард түмэн шүү нээрээ. Арга ч үгүй юм биз дээ. Өрхийн орлогынхоо 15-20 хувийг тамхи татах нэрээр гадны хөрөнгө оруулалтад зарцуулчихдаг манай ард түмэн шиг хөрөнгөлөг улс хаана байна? Дотроо бас зиндаархана аа. Арай дөнгүүр, өөрийгөө лаг харагддаг, хотын соёлтой гэж боддог хэсэг нь америк тамхи, аргаа бараагүй юмаа гэхэд сайхан амьдардаггүй хэсэг нь монгол нэртэй хятад тамхи сорж аж төрдөг гэж байгаа.
 
Барууныг дуурайх дуртай юм бол ядахдаа тамхинд тавих хязгаарлалтыг нь эвтэйхэн хуулаад хэрэгжүүлдэг болоосой. Тэгэж таны эрхийг хааж боож болохгүй гэж үү. Хэхэ өөрийнхөө эрхээ яаж зөрчиж байгаагаа анзаараагүй хэвтэж юун ч сонин тайлбарав дээ.
 
Таван толгой, оюун толгой хэмээх том уурхайгаан эзэн гэдгээрээ дэлхийд толгой гэдгэр явдаг Монголчууд бид, тамхи сорж, бусдыг баяжуулдгаараа мөн хорвоог гайхшруулдаг ажгуу. Гайхуулах юмтай хүмүүс ч сайхан юм даа гэж...
 
За төгсгөлд нь асуухад тамхи татсанаас хойш сахал чинь ургаж, дуу чинь бүдүүрээд байна уу бүсгүйчүүдээ. Эрэгтэйчүүд нь эсрэгээрээ дуу нь нарийсаж, чадавхи тань унаад байна уу? Тэгэлгүй яахав дээ гормоны өөрчлөлт өгдөг юм хольдог болсон гэсэн. Ямар бодлого гэдгийг би харин сайн мэдэхгүй байна, уучлаарай.

3 comments:

  1. Би чамтай анх өөрийгөө том болсон гэж бодож эхэлсэн тэр үеэс найзалсан. Анх бусдын л адил шохоорхож байсан, харин чи аажим аажимаар намайг өөртөө татсан. Чи хэзээ ч сайхан байгаагүй, бас хэзээ ч аз жаргал авчирч байгаагүй. Чи эхэндээ намайг хээнцэр харагдуулдаг хэмээн би боддог байсан, дараа нь харин намайг гайхалтай тайвшируулдаг гэж бүр биширч улам чамд шунаж эхэлсэн.

    Гэхдээ чи миний бүх юмны дайсан байсан. Тэгсэн ч би чамаас холдож чадаагүй. Чиний юунд чинь ингэтлээ татагддагаа мэдэхгүй, чамайг амталсаны дараа би заавал амаа цэвэрлэх хэрэг гардаг. Чи надаас юу ч хүсдэггүй хирнээ үргэлж дэргэд минь байдаг байсан болохоор тэр юм болов уу. Чамд хичнээн төгрөг зарцуулсанаа бодож үзэхээс айж байна, чамайг хичнээн хүсч байснаа бодохоос уур хүрч байна. Чамд алдсан гоо сайхнаа бодохоос дургүй хүрч байна новш гэж.

    ReplyDelete
  2. Тэгсэн ч гэсэн би чамаас холдож чадахгүйгээ мэдсэн, хүлээн зөвшөөрсөн. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм чөтгөр ав. Чи надтай хамт булшинд минь орохгүй, чи надаас өмнө байсан, надтай хамт байсан, надаас хойш ч байх болно. Чи хичнээн хүнд энэ балагаа тарьсанаа, тарьж байгаагаа, тарихаа мэдэх үү. Чи юу ч мэдэрдэггүй чинь зол. Үгүй ээ чи мэдэрдэг юм байна, мэдрэх мэдрэхдээ байж ядуулж мэдрүүлдэг юм байна. Өөрийн эрхгүй гар минь чиний нарийхан биенд хүрч шуналтай нь аргагүй чамаас би таашаал авдаг.

    Тиймээ би чамайг үзэн ядаад бичиж байхад чи зүгээр л өөдөөс минь хараад хэвтэж байна. Би чамаас салахыг хүссэн, чи юу ч хэлэлгүй надаас холдсон ч би чамайг дахиад л санасан. Санах санахдаа маш их хүсч, үгүйлж санасан байсан. Тэр нэг өдөр чамайгаа хичнээн хэрэглэсэнийг мэдэхгүй. Сүүлдээ ам гашуун оргиж, дотор муухайран, толгой эргэж эхэлсэн.

    Ай тамхи минь дээ чи надтай хамт гучин жил явлаа...яалтай ч билээ. Би улам доройтож зогсоо зайгүй ханиаж, цээж минь хүндүүрлэвч яг одоо чамруу гар минь явж байдаг. Чамайг чөтгөр аваасай билээ...

    ReplyDelete
  3. Sigaret gedeg chini HUNiil buteel, hun uuriin buteesen zuild hairtai baidag, yagaad uzehgui bn?

    Za ene chi yahav Myagaa aforizaa muu hurvuulsen bn shuu. tuunig "amttai" bolgoh heregtei.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)