Блогт маань "Цахим ярилцлага" хэмээх шинэ булан нээгдлээ. Энэ булангаараа Монгол залуучууд хаана юу хийж, ямар зүйл сэтгэж, бүтээж яваатай танилцаж, тэдний үзэл бодол, үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл, сонирхол хэрэгцээний талаар болон Монгол оронд жуулчилж, ажиллаж амьдарч ирсэн гадаад иргэдтэй цахим хэлбэрээр өрнүүлсэн, илэн далангүй яриаг та бүхэндээ хүргэх юм. Ярилцлагад ямар нэг хатуу мөрдлөг зарчим, сэтгүүл зүйн бичлэгийн хэв маяг, дэс дараалал баримтлахыг чухалчлахгүй болно.
Ингээд шинэ булангийн маань хамгийн эхний зочноор Г.Эрдэнэбат уригдсан юм.
Д.М: За өөрийгөө эхлээд танилцуулах уу. Хэн гэдэг, хаана, ямар мэргэжлээр сурдаг, ажилладаг тухай?
Г.Э: Гантөмөрийн Эрдэнэбат гэдэг жирийн нэг монгол залуу. Техник, програм хангамжийн хос мэргэжлээр 2005 онд ШУТИС-ийн КТМС төгссөн. АНУ-ын Пенсильвани мужийн Питтсбург хот дахь Карнеги Меллоны Их сургуулийг мэдээллийн технологи, аюулгүй байдлын чиглэлээр мастер хамгаалаад удаагүй байна.
Д.М: КТМС төгсөөд АНУ шууд явсан хэрэг үү?
Г.Э: Хэдэн жил Монголд ажилласаан. Хэдэн жилийн өмнө бид “Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв” (МоnCIRТ) гээд Монголын анхны мэдээллийн аюулгүй байдлын баг байгуулж байсан юм. Дээр нь өөрөө сонирхолтой болохоор мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр суръя гэж шийдээд энэ сургуулийг сонгосон доо. Манай сургуулийн нэг салбар Японд байдаг юм. Тэгээд бусдын адил ТОЕFL, GRE өгөөд, анкетаа япон руу явуулаад тэнцсэн дээ.
Д.М: Тэтгэлгээр сурсан уу?
Г.Э: Тэтгэлэг аваагүй ээ.
Д.М: Тэгээд зардлаа яаж болгосон хэрэг вэ? Нилээн өндөр биз?
Г.Э: Манай сурч байгаа мастерын хөтөлбөрийн нийт төлбөр 4 хичээлийн жил нийтдээ $72000 л доо. Японы Хёго мужийн засгийн газраас 50%-д нь хүүгүй зээл олгосон. Тэгээд үлдснийг нь өөртөө байгаа бүх юмаа зараад, зээлэхийг нь зээлээд яаж ийгээд болгосон доо.
Д.М: Эргээд зээлээ төлнө гэсэн үг үү?
Г.Э: Тийм, зээлээ төлнө дөө.
Д.М: Ийм өндөр зардалтай сурчихаад, тэрийгээ нөхөж чадахуйц ажил Монголд олдох болов уу?
Г.Э: Ямар газар юу хийхээс л хамаарах байх даа. Нэг үеэ бодвол Монголд маань чадвартай хүмүүсийг боломжийн хэрээрээ цалинжуулаад байдаг болсон шүү дээ. Гэхдээ мэдээллийн технологи ялангуяа мэдээллийн аюулгүй байдлын хувьд хол л байна л даа. Сайн цэгцтэй мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчнүүд ч маш ховор.
Д.М: Сургуулийнхаа талаар товч танилцуулаач? Чамаас өөр Монгол оюутан бий юу?
Г.Э: Манай сургууль Америкт байдаг хэдэн том сургуулиудын л нэг л дээ. Ялангуяа компьютерийн ухааны чиглэлээрээ алдартай. Тэдгээрийн дотроос одоогоор програм хангамжийн чиглэлээрээ Массачусетсын Технологийн дээд сургууль, Беркли, Станфордын их сургуулиудтай адил нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа.
Шинэ оюутан хүлээн авах арга хэмжээн дээр дэлхийн газрын зураг дээр аль улсаас хэдэн оюутан ирж суралцдаг гэсэн статистик мэдээлэл харуулсан юм. Түүн дээр Монголыг саарал өнгөөр тэмдэглэсэн буюу Монголын маань нэр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Монголоос нэг ч оюутан суралцаж байгаагүй гэсэн үг юм л даа. Харин хамгийн олон оюутны тоотой бөгөөд хамгийн тод ногоон өнгөөр хоёр орон тэмдэглэгдсэн байсан. Энэ бол мэдээж Хятад, Энэтхэг гэсэн 2 улс.
Д.М: Монголын мэдээллийн технологи бусад улстай харьцуулахад аль хавьцаа яваа гэж үнэлж байна? Хамгийн сүүл хавьцаа юу?
Г.Э: За арай ч сүүл хавьцаа биш ээ, манайхан боломжоороо аутсорсинг хийе, болгоё гээд үзээд хийгээд л байгаа шүү дээ. Ялангуяа Япон зэрэг орнууд руу. Гэхдээ мэдээж технологиороо тэргүүлж байгаа АНУ зэрэг оронтой харьцуулдаг болтол нилээн хугацаа хэрэгтэй л дээ.
Д.М: Манай мэдээллийн технологийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй гэж үзэж байна даа?
Г.Э: За даа, чиний блогийн нэртэй адил сэдэв рүү л хальтрахаас өөр аргагүй болох нь дээ ккк. Би өнөөгийн Монголын төр гэж бүх зүйлийг удирддаг, бүх юманд оролцдог газар заримдаа орох ёстой юмандаа ордоггүй юм шиг санагддаг. Мэдээллийн технологийн хувьд бол яалт ч үгүй оролцохоос өөр аргагүй. Бид чинь технологиор бусдыг чирч яваа гүрэн биш шүү дээ. Үүний тулд сайн бодлоготой байх хэрэгтэй, ялангуяа мэдээллийн аюулгүй байдлын хувьд. Өнөө үед хуучны хил зөрчиж хийдэг байсан дайн байлдаан энэ мэдээллийн технологийн ертөнцөд хувирчихаад, өрнөөд байна гэж хэлж болно. Харин манайд одоогоор үнэхээр сайн бодлого байгаа юу гэвэл би үгүй л гэж хэлнэ.
Д.М: Технологийн хувьд уу эсвэл боловсон хүчний бодлогын хувьд уу?
Г.Э: Технологи бол цаг хугацааны чанартай зүйл. Жишээ нь одоо хэн ч 80-аад оны ламптай хар зурагт үзэхгүй нь тодорхой, хэрэглэх ч үгүй. Гэтэл тэр технологи гэгч зүйлийг эцсийн дүнд хүн л бүтээж байгаа шүү дээ. Тийм болохоор манайд ядаж чадалтай залуучуудаа нэгдэж нийлүүлээд, ажиллуулж чаддаг сайн менежмент хэрэгтэй байна. Гадныхнаас зөв зүйтэйг нь сурах хэрэгтэй гэдэгтэй би хувьдаа санал нийлдэг. Хөрөнгөтөн оронд чадаж байгаа зүйлсийн нэг бол менежмент байна.
Д.М: Наанаа үлдчих юмсан гэх бодол төрж байна уу? Чадалтай улс орнууд хүнийг таньж мэдээд сайн ажилд оруулдаг болохоор давгүй сайн ажил олдох нь гарцаагүй шүү дээ.
Г.Э: Үгүй шүү. Би ч айхтар туйлширдаг хүн ч биш л дээ. Гэхдээ бас “Монголдоо зөвхөн ясаа тавих гэж очно” гэж боддоггүй. Хоёр дахь асуултын хувьд энд хүн танихдаа тааруу, харин мөнгө танихдаа гаргуун байж болох юм. Харин хуучны сайхан, цал буурал өвгөчүүл маань жинхэнэ хүн таньдаг хүмүүс байж дээ гэж заримдаа бодогддог шүү.
Д.М: Гэр бүлтэй билүү?
Г.Э: Гэр бүлтэй, хүү охин хоёртой.
Д.М: Надтай адилхан юм. Би хоёр хүүтэй. Гэрийн бараа хараагүй хэр удаж байна?
Г.Э: Жил гаран болж байна. Эхний хичээлийн жилээ би японд сурч дуусгасанл даа. Тэгээд Японд байж байгаад, энд ирэхээсээ өмнө гэртээ хэд хоносон.
Д.М: Санаж байна уу?
Г.Э: Саналгүй яахав. Санах хүнтэй байна гэдэг чинь сайхан шүү дээ. Бид хоёр нийлээд нэг мэдсэн 8 жил болчихож. Сайхан хань, сайн аав ээжүүдийн буянд л би энд сурч, мэргэжил боловсрол эзэмшиж чадлаа даа. Хэрэв хань минь дэмжээгүй бол юун ийшээ зүглэх. Ар гэр, амьдрал ахуй, бүгдийг нуруун дээрээ үүрч байгаа ханиа ойлгохын дээдээр ойлгож, бас хайрладаг даа. Гэхдээ эр хүн чинь тэр бүр илэрхийлээд байдаггүйг чи юу эс андахав дээ.
Д.М: Тийм шүү. Бидний амьдралын талаас илүү хувь ямар ханьтай учирснаас шалтгаалдаг гэдэгтэй зуун хувь санал нэг байна. За тэс хөндлөн юм асууя. АНУ-аас бид өөртөө шингээгээд авчихмаар зүйл юу байна?
Г.Э: АНУ-аас сурах юм их байна, бас хаях юм ч маш их. Авах юм бол яах аргагүй Монголд дээр дооргүй, хэн хүнгүй яриад байдаг мөртлөө хэзээ ч барааг нь хардаггүй тэр хариуцлага гэдэг зүйл байна даа.
Д.М: Бид харин хэрэггүй зүйлүүдийн нь л их дуурайдаг байхаа.
Г.Э: Тэгэлгүй яахав. Хүн эхлээд хүн л байх ёстой, тэрнээс юу ч сурлаа гээд, эсвэл алтаар өндөглөдөг, алмазаар уйлдаг байлаа гээд ямар ч нэмэргүй шүү дээ.
Д.М: Хүн чанарын тухай яриад байна уу?
Г.Э: Хүн чанар гэж хэлж болохгүй юм аа. Хүн чанар чинь хүн байхын нэг бүрдэл хэсэг гэж болох юм. Хүн байна гэдэг чинь өөрөө хэлж тайлбарлахад хэцүү мөртлөө, ойлгож мэдрэхэд дөхөм амьдралыг ухамсарлахуй гэх юм уу даа. Хэрэв манай залуучууд ганц удаа ч болов ямар газар төрж өссөнөө, нүүдэлчин соёлоо нэг сайн ажиглаад харвал нүдэнд үл үзэгдэх хэдий ч хаанаас ч хайгаад олохгүй эрхэм зүйлүүд дүүрэн бий шүү.
Д.М: Хүний газар халширч, шантрах зүйл хэр гарч байна даа.
Г.Э: Шантрах зүйл нэг их байгаагүй ээ. Харин халшрах зүйл бол заримдаа гарнаа. Зөндөө их гэрийн даалгавартай ч юмуу тиймэрхүү үед заримдаа хиймээргүй санагдана шүү дээ. Монгол зангаараа маргааш маргааш гээд л ккк. Гэхдээ миний дотор ч гэсэн маш их зүйл өөрчлөгдөж байна даа.
Д.М: Чи дэлхийн шилдэг сургууль төгсчихлөө. Өөрийгөө мэргэжлийн хувьд хэр сайн бэлтгэгдсэн гэж бодож байна?
Г.Э: Жишээ нь энд дэлхийн шилдэг сургуулиудыг жагсаасан вэб хуудас байна л даа. http://www.usnews.com/articles/education/worlds-best-universities/2010/09/21/worlds-best-universities-engineering-and-it-.html
Үүн дээр манай сургууль мэдээллийн технологийн чиглэлээр 12-т жагссан байна. Үнэндээ эдгээр сургуулиудын алинд нь ч Монгол залуус суралцах боломжтой шүү дээ. Энэ утгаараа хаана ч очсон нүүр улайхааргүй л юм даа. Тэрнээс би лаг болсон гээд өөрөө үсрээд байх нь ч хаашаа юм. Ямар Марс гариг дээр сургууль төгсөж байгаа биш дээ тиймээ.
Хамгийн гол нь том сургуульдаа биш шүү дээ. Хувь хүний өөрийнх нь зорилгодоо хүрэх боломж юм даа. Хэрэв хүсэж байвал залуусыгаа яв, сур, Монгол хүнийхээ үнэ цэнийг мэдэр гэж хэлье. Харин гадаад явахаасаа өмнө Монголтойгоо танилцах гэж ядаж нэг удаа Монгол нутгаараа аялаарай.
Д.М: Бид чинь залуу хүмүүс бас амьдрал ахуйгаа босгох, бусдаас дутуугүй амьдрах хүсэл мөрөөдөл байдаг шүү дээ, Монголд очоод хэдий хэрийн цалинтай ажилд оръё гэж төлөвлөж байна.
Г.Э: Одоохондоо надад төлөвлөсөн зүйл алга л даа. Угаасаа тэгж их айхтар төлөвлөөд байдаггүй л дээ.
Д.М: Өөрсдийнхөө буюу Монгол залуучуудын давуу ба сул талыг анзаарч байна уу?
Г.Э: Манай Монгол залуучууд дотор чадалтай залуучууд бас нилээдгүй бий шүү. Гэхдээ дийлэнх нь би хэн бэ гэдгээ мэддэггүй юм уу эсвэл мартчихсан байх шиг санагддаг юм. Манай залуучууд өөрсдийнхөө хэн гэдгийг ухаараад, ялангуяа эрчүүд маань амьдралаа сайхан ухамсартай аваад явчихвал Монгол маань тэр чигээрээ л сайхан болно гэдэгт итгэж байдаг даа. Заавал эдээр баян болох гэж зүтгэх хэрэггүй шүү дээ.
Д.М: Манай залуучууд Монгол хүн гэдгээ мартдаг гэж үү, эсвэл бие тоогоод гэж үү?
Г.Э: За даа, өөр дээрээ дүгнээд, ажиглаад үзвэл биеэ тоодог, залхуу тал руугаа байж мэдэх юм шүү. Гэхдээ үүнийгээ л саначих хэрэгтэй. Тэглээ гээд өөрийгөө дарамтлаад байх хэрэггүй л дээ. Зүгээр л зөвөөр нь түүнийгээ ойлгочих хэрэгтэй юм шиг санагддаг.
Д.М: Монголдоо л шилдэгт ордог КТМС-ийг Америкийн их сургуультай харьцуулахад ямар ялгаа байна вэ?
Г.Э: Одоо ингээд эргээд харахад КТМС-д зөндөө их зүйл сурсан шүү. Ер нь сургуулийн рейтинг гэхээсээ илүү хувь хүн өөрөө юуг яаж сурах вэ гэдгээс л шалтгаалах болов уу. Энд ч гэсэн Монголын оюутны амьдралтай адилхан л амьдрал өрнөж байдаг. Ялгаа нь гэвэл энд оюутнууд илүү хөдөлмөрч юм уу даа.
Д.М: Чиний мэргэжлээр бэлтгэгдсэн хүн Монголд хэд байгаа бол?
Г.Э: За яг мэдээллийн аюулгүй байдлаар төгссөн хүн гэвэл... Бас сайн хэлж мэдэхгүй юм байна. Миний мэдэх хүмүүс програм хангамжийн инженер, компьютерын сүлжээ зэргээр зэрэг, диплом хамгаалсан байдаг юм.
Д.М: За нэг сонин юм асуучихий? Чамаас нэг нөхөр аль нэг веб сайтыг устгаад өг гэвэл устгах уу?
Г.Э: Энэ чинь хувь хүний ёс зүйн асуудал л даа. Миний хувьд бол үгүй л гэж хэлнэ дээ. Тэгээд ч би хамгаалахыг сурснаас сүйтгэхэд суралцаагүй шүү дээ.
Д.М: Гэхдээ л ямар нэг алдаа байгаа гэдгийг нь мэднэ гэсэн үг биз дээ.
Г.Э: Мэдээж.
Д.М: Эх орны даалгавар, устга... гэвэл?
Г.Э: Эх орон хамгаал эсвэл байгуул гэвэл харин хийнэ шүү. Хүн байх ёстой газраа л байх хэрэгтэй биз дээ?
Д.М: За төгсгөлийн асуулт. Монгол улсын ирээдүйд хэр итгэж явдаг вэ?
Г.Э: Огт итгэдэггүй шүү харин.
Д.М: Айн… Яагаад?
Г.Э: Ирээдүйдээ итгэнэ гэдэг чинь ухаандаа ургуулсан зэрэглээгээ хараад худлаа баясаж суугаагаас ялгаагүй шүү дээ. Тийм болохоор би Монгол орны одоод илүү итгэдэг. Одоогоо сүйтгэчихвэл итгэж найдах байтугай, төсөөлж ургуулах ч ирээдүйгүй болно гэдгийг хүн бүхэн ойлгож ухамсарлаасай гэж боддог доо.
Д.М: Аан нээрээ бас нэг асуулт. Сургуулиа төгсчихөж. Одоо тэгээд юу хийж байгаа вэ?
Г.Э: Би сурахын хажуугаар CERT/CC гээд АНУ-ын засгийн газрын мэдээллийн аюулгүй байдлын байгууллагад ажиллаж байгаад гэрээ маань дууссан. Одоо бусад төгсөгчидтэй адил ажил хайгаад, ажилд орох ярилцлага өгөөд л байж байна даа.
Д.М: Хуучин тэр байгууллагадаа үргэлжүүлээд ажиллаж болдоггүй юм уу?
Г.Э: Болохгүй л дээ. Зөвхөн АНУ-ын иргэн ажиллах эрхтэй. Би оюутан байсан болохоор тодорхой түвшний нууцлалд хандах эрхгүйгээр аутсорсинг маягаар төсөл дээр ажиллаж байсан юм. Тэр тал дээрээ АНУ чинь сүрхий бодлоготой улс шүү.
Д.М: За ярилцлага өгсөнд баярлалаа. Давгүй ажилтай болохыг ерөөе. Өндөр амжилт хүсье!
Г.Э: Чамд ч бас өндөр амжилт хүсье. Блог чинь дэлхийн Монголчуудын уулзах нэг том виртуал орон зай болохыг ерөөе.
Холбогдсон: Москва-Питтсбург.
2010 12 19.
Холбогдсон: Москва-Питтсбург.
2010 12 19.
Bulan chin taalagddlaa, magadgui yariltsagchiin helsneer delhiin mongolchuudiin uulzah negen tom oron zai bolno gedegt itgeltei bnaa. Amjilt husiye
ReplyDeleteЗа анддаа, эхнэр хүү охин гэр бүлийнхэнд чинь бүгдэнд нь баяр хүргэе. Том ч зорилго тавьсан, том ч зориг гаргасан, том ч эрсдэл үүрсэн, мэдэх хүний хувьд маш их баярлаж, бахархаж байна шүү одоо бүр ч том зорилго өмнө чинь байгаа, хойшид ч....... урагшаа
ReplyDeleteТэгээд USA-д нээх удалгүй шиг уусалгүй шиг монголдоо ирж хүчээ өргөөрэй. Эх нутагтаа эргэж очицгоогоод уулзацгаая.
Нямдорж.С Москва хот
Эркадаа амжилт хүсье.
ReplyDeleteИрээдүй нь өөдрөг
Их ажил нь тунгалаг байг ээ.
Алтангэрэл.Э
yaruilsan yarisan 2t amjitlt husey ta nar shig myanga myangan zaluus eh ornoo gesen setgeltei ireeduigee gereltei gegeetei bolgooroi gej husen eruue duu
ReplyDeleteБүтээнэ гэсэн хүслээрээ
ReplyDeleteБүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн итгэлээрээ
Босго нь өндөр амьдрал руу
Дандаа тэмүүлж яваарай
Анд нөхөддөө хүндтэй
Аав ээждээ ачлалтай
Амраг ханьдаа халамжтай
Амьдралын хаан нь болж яваарай анд минь
Гүррагчаа.С
suuliin hun G yu?
ReplyDeleteAmjilt husie. Saihan yariltslaga boljee. Dajgui bulan baina. Ene buland naiziigaa oruulj boloh uu? Bolno gevel yaaj holboo bariulah ve?
ReplyDeletewww.moncirt.org.mn Кибер довтолгоонтой тэмцэх төв орж сонирхоорой. Хэрэгтэй мэдээлэлүүд байдаг юм байна.
ReplyDeleteАмжилт хүсье Эрдэнэбатад
bagsha amjilt!!!
ReplyDeleteМонгол орны одоод илүү итгэдэг!Одоогоо сүйтгэчихвэл итгэж найдах байтугай, төсөөлж ургуулах ч ирээдүйгүй болно. shan helle!
ReplyDeletedelhin tuvshind garah mongol zalusig beltgeh ni hamgin sn management bolov u!