2011/01/30

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2011 оны 01 сарын 24-28

НЭР ЗОХИГ
Монголчууд өнгөрснөө санагалзах хэрнээ ирээдүйдээ итгэж амьдардаг хүмүүс. Тэд бүхий л хүчин чармайлт, хүсэл мөрөөдлөө ирээдүйн сайн сайханд зориулж, одоог золиосолж, урагшаа тэмүүлдэг ард түмэн. Тэдэнд одоо цагт хичнээн сайхан зүйл байлаа ч нэг л сэтгэл дундуур санагддаг. Гэхдээ сайн цагийг авчрах шинэ үе, залуус төрж байгаа гэдэгт ямагт итгэж явдаг.

Тиймээ, ухаалаг, боловсролтой, асуудалд эрүүлээр сэтгэж, шударгаар ханддаг аавын хүүхдүүд хэзээ нэг цагт улс орныг удирдах ажлаа хүлээж авах болно. Тэр цаг тун удахгүй, шилжилтийн цагийн хүндрэл бэрхшээлд эвдэрсэн, мөнгийг үнэт зүйлээ болгосон үеийнхэн мултраад, ардчилал, ард түмнийхээ үнэт зүйлийг хүндэтгэн аминчхан үзлээ даван туулсан чадалтай “Ирээдүйн залуус” ирж яваа гэж хүлээж байдаг Монголчууд.
 
Гэтэл...
 
2011 01 24. Сүхбаатарын талбай “Шударга ёс, эв нэгдлийн төлөө” гэх мундаг нэртэй жагсаал болж байх юм. 5 сарын өмнөхөн их хурлаараа 100%-ийн саналаар НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон даруу замналтай, царай зүс номын нөхөр маань аль цагийн фашист билэг тэмдэг болох улаан даавуу гартаа зүүгээд, огт зохиогүй хоолойгоор, ер тохирохгүй сэдвийг хашгичин уриалж байх юм. 
 
“Ирээдүйн залуус” өнгөрсөн цагийн хуурай аргуу зантай, хүчирхийлэл, хүний олноор асуудлыг шийдэж болдог гэж сэтгэдэг гаруудтайгаа яг адилхан зан төрх, нүүр хувиргалт, яриа хэлтэй давхиж явах юм. Ядаж байхад жагсаалын зорилго нь ардчилал, эрх чөлөө, ард түмний сайн сайхны тухай биш, улс төрчдийн далд тэмцлийн ил өрнөл байлаа. Албан тушаалдаа үлдэх үү, асуудлыг эрүүлээр сэтгэдэг ухаан бодолдоо үнэнч үлдэх үү гэсэн сонголтын үед тэд нэгдүгээрхийг сонгожээ.
 
Гэтэл саяхны нэг өдөр өнөө итгэж явсан “Ирээдүйн залуус” нь арван жилийн өмнө шилжилтийн ширүүн авиртай, жагсаалаар зорилгоо илэрхийлдэг нөхдүүдтэй адилхан үйлдэл хийж харагдав. Шүлсээ үсчүүлэн, уруулаа дарвайлган, гараа сарвайлган... Утга төгөлдөр биш үгээр, санаа буруу үзлээр шүлсээ нулимсны өөдөөс цэрээ хаяж байх юм.
 
Энэ нэг л худлаа харагдаад байна. Хэрэв Сүх, Заазуур, Арслан Бар, Баатар, Бат нэртэйсэн бөгөөд сүртэйхэн дүртэй байсан байсан бол олон түмэн болж буй үйл явдлыг жам ёсоороо болж байна гэж ойлгохсон.
 
Арай Р.Чойномын “Тод хараа” шүлэг дээрх шиг
...Нэрийг нь өгөхдөө ч эцэг эх нь
Толгойдоо гэгээ багатайгаа нуталж
Тодхараа гэж хүүгээ нэрлэсэн юм... биш биз дээ.
 
Үгүй, тийм байж таарахгүй. Эцэх эх нь хайртай үрдээ ирээдүйд ямар хүн болохыг билэгдэж, юуг эрхэмлэж явахыг нь сануулан Оюун, Билэг, Санаа, Ухаан, Ухамсар хэмээх нэр хайрласан байж таарна.
 
Өөрсдөө мөн залуусын үзэл бодлын эрүүл талбар, нийгмийг хөгжлийн зөв гольдрол хэмээн байгууллагаа “Нийгмийн ардчилал” гэж нэрийдсэн нь тодорхой. 
 
Та нар минь болхи улс төр хийвэл ахмад үе чинь сэтгэлээр унаж, өсвөр үе дүү нар нь буруу үлгэр болж насан туршаа ой гутам загвар төрх болж үлдэнэ.
 
“Ирээдүйн залуус” маань улс төрчдийн мунхаг тэмцлийн хайчин галд бүү өртөг.
 
Дүр нь солигдож, нэр зохиг. Та нар ширүүн дориун цагийн аясыг зөөлрүүлж, сэтгэл хөдлөлөөр биш боловсрол мэдлэгээр улсыг удирддаг шинэ цагийн тэргүүний сэхээтнүүд байх ёстой.
 
“Ирээдүйн залуус” нь ирээдүйн эрлэг биш эрч хүчтэй, ухаалаг элч байх учиртай.
Олон түмэн та бүхнийг анхааралтай ширтэж байгаа... 

МАХН, БАС ДАХИН МАХН
Монгол ардын хувьсгалт нам 3 сарын өмнөхөн  26-р их хурлаа явуулж, намын нэрээсээ “Х” үсгийг авч хаясан. Харин 1 сарын 27-28-ны өдөр “МАХН-ын онц их хурал” хуралдаж, “Х” үсгийг сэргээж буй нэрийн дор шинэ нам байгуулж, намын дүрэм журмаа батлан, даргаа сонгов.
 
Чухамдаа энэ бол МАХН-ын удирдагч хэн байх тухай 10 гаруй жил үргэлжилсэн далд тэмцлийн үр дагавар байлаа. Өөрөөр хэлбэл, МАХН-ын нэгэн үе тэргүүлж явсан Н.Энхбаяр, С.Баяр нарын өрсөлдөөнд намын үндсэн массаа С.Баяр нь авч үлдэж, харин Н.Энхбаяр нь өнгөрсөн хугацаанд цуглуулсан улс төрийн капиталаа барьцаанд тавьж шинэ хүчин бүрдүүлэх аянд мордлоо.
 
МАХН-ын онц их хурлын төлөөлөгчдийг аймаг, дүүрэг бүрээс төлөөлүүлэхийг зорьсон байна. Богино хугацаанд түргэвчлэсэн командаар цуглуулсан тул юун дээр давхиж ирснээ огтоос төсөөлөөгүй нөхдүүд ч цөөнгүй байлаа. Баян-өлгийн төлөөлөгч онгоцноос буунгуутаа давхин ирж, үндэсний цөөнхийг төлөөлөн 3 хуудас илтгэл тавихдаа: 1917 оны Октябрын хувьслгаар Монгол Ардын нам нэрээр байгуулагдан улмаар 1924 онд хувьсгалт нам болж Монгол орныг социализмын бүтээн байгуулалтын замналаар удирдан жолоодож ирсэн тухай хуучин цагийн түүхийн номноос тэр чигээр нь хуулсан хэсгээ дурьдсан нь жанжин шугамыг “зөрчиж”, хурлын тэргүүлэгчид болон хүндэт төлөөлөгчдийг чихийг халууцуулаад авлаа.
 
“Шинэ” МАХН-ыг санаачлагч Энхбаяр, Шинэбаяр, Молор-Эрдэнэ, Удвал, Нинж, Л.Цог нар Монгол орны хөгжил буруу замаар замнаж, одоогийн нийгмийн амьдралд юу ч бүтэлтэй биш, ард түмэн үнэхээр ядарж зовж байгаа тухай улс төрийн сөрөг хүчнийхний ярьдаг сэдвийг нэг дуугаар илтгэж байв.
 
Тэд үндэсний хувьсгал хийх цаг тулж ирснийг сануулаад, “шинэ төр”, “шинэ нам”, “шинэ хүн” гэх ойлголтоор шинэ намынхаа гол үзэл санааг томъёолж харагдана лээ. Намын онц их хуралд “ардын дайснууд” шургалан орохоос нилээн болгоомжилж, гадагшаа дотогшоо нэвтрэх хүмүүсийн мандат бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байсан ч аль хэдий нь дайснууд нь нэвтэрч, хурлын уур амьсгалыг нэг бус удаа “эвдээд” авсан.
 
Хэдийгээр МАХН-ыг сэргээж буй нэртэй хэдий ч бусад нам хүчнүүдээс жийгдэж гологдсон, гудамжны тоглолтоос цааш улс төрийн карьергүй болсон нөхдүүдийг эвлэлдэн нэгтгэсэн шинэ хүчин болж буй нь илт байлаа.
 
МАХН хэмээх товчлол шүүх дээр очоод хэрхэн саатахаас үл хамаарч, Н.Энхбаяр даргатай МАХН нь 2012 оны сонгуульд идэвхийлэн оров. Энэ хүн нийслэлийхэн болон залуучуудын хувьд нэр хүнд нь өндөр биш. Гэхдээ орон нутгийнхан, намын ахмад гишүүдийн хувьд нэр хүнд өндөртөй, өөрийн биеэр айлчлан морилоход явсан газраа намыхнаа нэр хүндийг өсгөөд явж чадах хүч үлдсэн гэж болно.
 
МАН хэдий чинээ МАХН, Энхбаяр гэдэг хүнтэй зууралдана төдий хэрээр тэдэнд ярианы сэдэв өгч, томчуул хүч дорой нэгнээ бүлэглэн дайрч байгаа мэт харагдаж, Монголчуудын сэтгэл зүй дээр тулгуурласан нэр хүндээ өсгөх таатай хөрс суурь улам бүр бүрдэх болно. МАН хэдий чинээ хүчтэй цохино төдий хэрээр Энхбаяр гэдэг хүнд ашигтай.
 
МАН тоохгүй байлаа ч Энхбаяр идэвхтэй тоглолтоо үргэлжлүүлэн жижиг нам хүчнүүд, иргэдийн хөдөлгөөнүүдийг нэгтгэн, улмаар хоёр гол нам хүчинд гомдогсдыг улам бүр цуглуулан хүч чадлаа нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийх төлөв рүү эргэлт буцалтгүй орлоо. 2004 онд М.Энхсайхан ҮШН байгуулан сонгуульд орж, Ардчилсан намын хүчийг багагүй тарамдуулсан шиг улс төрийн тоглолт хийхэд бэлэн боллоо гэсэн үг.
 
Ингээд бидэнд улс төрийн талбар дахь шинэ нэртэй хуучин улс төрчид, хуучин нэртэй шинэ улс төрийн хүчний тэмцэл цаашид хэрхэн өрнөхийг харах үлдлээ. 

ҮЗХ-НЫ ХУРАЛ НАМ ТАЙВАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
01 сарын 27-ны өдөр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 33-р хурал болж өндөрлөв. Уг хурлаар АН байгуулагдсанаас хойш хөндөж байгаагүй намын дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудлаар ажиллаж буй ажлын хэсэг товч мэдээлэл хийж, 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил болох "Монгол хүн-2020" хөтөлбөрийг орон даяар хэлэлцүүлэх шийдвэрээ гаргалаа.

АН-ын ҮЗХ хорооны хурлаар сүүлийн үед хэл амтай байгаа удирдлагаа халж солих тухай ярьж магадгүй хэмээн үзэж байсан ажиглагчид, сэтгүүлчдийн хардалт талаар өнгөрөв. Хуралд намын ахмад лидерүүд сууж харагдсанаас биш намын идэвхтэй залуучууд хамраа хүртэл цухуйлгасангүй. 

Уг хурлаар нэг талаас намын цаг үеийн шинжтэй дотоод асуудлаа хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ олон түмэнд АН ямар нэг хүндрэлтэй асуудал байхгүй шүү гэх дохио өгөхөд давхар чиглэсэн бололтой. Мэдээж урьдчилан ямар нэг гал асаахгүй байх талаар намын дотоод фракцууд урьдчилан сайн тохирсон байж таарнаа.

2 comments:

  1. улс төрийн өрнөлттэй хугацаа байж, хаврын синдром нь өвөл болдог болж. хавар үүнээс илүү зүйл бүү болог

    ReplyDelete
  2. тэр жагсаал дээр нь төрийн албан хаагчдыг хүчээр аваачсан гэжуагаа

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)