2011/01/10

ХООЛЛОХ СЭТГЭЛГЭЭ

Хүн төрөлхтний эдийн засгийн хамгийн анхдагч хөдөлгүүр нь хоол олж идэх явдал байлаа. Өөрөөр хэлбэл, гэдсээ дүүргэх хэрэгцээ шаардлага нь эдийн засгийг харилцааг буй болгосон гэсэн үг. Энэ нь бага багаар хөгжсөөр хувцас, жижиг хэрэглэл, зэр зэвсэг, орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд татан оруулж, солилцоо, худалдаа наймааг хөгжүүлжээ. Үүнд өлсөх хэмээх байгалийн хүчин зүйлээс гадна зөвхөн хүмүүст байдаг шунал, хүсэл (эдийн засгийн эрх мэдэл олж авах) нөлөөлсөн нь мэдээж.

“Мал дагавал ам тосдоно” гэсэн зүйр үг бий. Гэхдээ энэ нь өнгөрсөн социалист системийн жилүүдэд “Мал дагавал, толгой цустана” болж, ялтай мэт мал орхиж, олон хүн хот хүрээ нүүсэн. Учир нь улсын хөрөнгө болсон мал сүрэг муу малалж дутаавал шоронд орох шийтгэлтэй. Харин өнөө үед хувийн малаа төрөөр хамгаалуулаад зогсохгүй, дутаавал бас төрөөр төлүүлнэ (энд жил бүр хэрэгждэг малжуулах төслүүдийг хэлж байна). Нүүдэлчин удмын бидэнд эдийн засгийн сэтгэлгээ бараг хөгжсөнгүй. Өнгөрсөн түүхэнд анхны цаасан мөнгийг бидний өвөг дээдэс гаргасан гэж бахархах боловч өнөөг хүртэл хөдөө нутагт хонь мөнгөний нэгжийг оролсоор л байгаа. Нийгмийн баялгийг тэгш хуваах ойлголттой дайн байлдааны олз хуваах, сайн эрсийн өглөг буян төстэй боловч огт адилгүй. Банк санхүүгийн хувьд суурин газрын иргэд ирж мөнгө хүүлж байсан болохоос нүүдэлчин эр ийм бизнес эрхлэх нь бараг үгүй. Эдийн засгийн ганц үйл ажиллагаа нь худалдаа наймаа гэхдээ тэр нь өрх гэрийн улирлийн хэрэгцээнээс үл хэтрэх буюу их хэмжээний бараа таваар нөөцлөх боломжийг нүүдлийн ахуй олгож байсангүй.

Ажил хийж түүнийгээ үнэлэх явдал нь олон малтай нэгнийхээ малнаас хариулцаж өгөх явдал юм. Цалин хөлсний хувьд энэ нь ихээхэн бүрхэг, “ирэх хавар шүдлэн хонь аваарай” эсвэл “намар идэшний юм бодно чамд”, нэг бол “тэгж байгаад унах юм өгнөө” гэх төдийгөөр хязгаарлагдана. Гэхдээ энэ үндсэн бодит цалин хөлснөөс илүүтэй малаас өдөр бүр авах сүү, цагаан идээ үнэлж баршгүй их үүрэгтэй. Үүн дээр л өгүүлэн буй ам тосдохуйн учир тайлагдана.

Нүүдлийн мал аж ахуй нь Монгол хүний хуримтлал бий болгох сэтгэлгээ илүү хөгжүүлжээ. Тиймдээ ч “төлөөр баяжиж, шөлөөр цадна” гэсэн үг гарсан байна. Дүүрч л байвал жаргалтай, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодол огт төрөхгүй. Бас хонь 100 хүрэхээр шөлнийх олдохгүй  болдог, агт хорь хүрэхээр унах морь тааралдахгүй гэсэн үгийн утгыг нүүдэлчин Монголчууд ойлгохын дээдээр ойлгоно. Өөрөөр хэлбэл хот дүүрэн малтай, түүнийгээ өсгөөд л хараад л баяр хөөр болоод байх санаатай.

Ийм л цуглуулах, хав дарах, хуримтлуулах сэтгэлгээ өнөөг хүртэл манай нийгэмд хүчтэй хэвээрээ. Эрсдэл гаргах, даах чадвар нь даанч сул. Тэгээд л ашигт малтмалаа өгөхгүй, ядуу хоосон гэж орлиод л тэгсэн хэрнээ банкууд дахь хувийн хадгаламжийн хэмжээ өсөөд л, гадны болоод өөрийн хэдийгээ хардаад л байгаа хэрэг. Энэ нь явсаар худлыг 100 давтвал үнэн болдгийн жишгээр УИХ-д 76 авилгачин, төр засагт дандаа идээчин уугаачин, луйварчин ажилладаг гэсэн үзлийг нийгэмд бүр суулгаад өглөө. Дээр нь нэмээд янз бүрээр тодорч, сонгогдох хүсэлтэй улс төрчид жинхэнэ морийн унуулж байна даа. Удахгүй гудманд гайгүй хувцастай үнэтэй машинтай нэгнээ авилгачин, идээчин уугаачин гээд нүдэж зодох нь холгүй болох нь.

Хоол идсэн хэрнээ хоосон гэж дайраад, түүндээ бүр итгэчихсэн нийгмээ яалтай ч билээ. Засгийн эрхийн төлөө тооцоо судалгаагүй нийгмийн халамж бий болгоод улсынхаа дансыг улайлгасан Грекчүүдэд, Европ холбоо түүнийгээ цэгцлэх болзолтой мөнгө өгөхөд зүгээр юм аваад сурсан нийгмийн төлөөлөл хэрхэн тэмцэж байгааг бид уг нь хараад л сууж байгаа. Эндээс “Дундуур хоолтой, дулаан хувцастай яв” гэсэн үгээр дундаж амьдралтай, эрүүл сэтгэдэг олонхитой нийгмийг сайн гэж төсөөлж болохоор. Гэхдээ аль ч нийгэмд хөлөө олоогүй хоосон хонодог хэсэг бий. Манайд ч бий. Энэ нь хүн ам төвлөрч хот хүрээ үүссэнтэй холбоотой. Гэхдээ тартагтаа тулсан давхарга бол хэвлэл мэдээллээр хэлдэг шиг олонхи болоогүй нь үнэн. Гэр бүл, хамаатан садан, нутаг нуга, танил талын хэлхээ холбоо голлох үүрэгтэй, Монголын нийгэмд бусдыгаа чирээд явдаг өрх гэр, хувь хүмүүс зөндөө. Даанч тэр олон чиргүүлүүдийн ихэнх нь муу хэлээд, муу амлаад л чирүүлээд л байх хүсэлтэй. 

Том том компаниудыг улсад оруулсан татварын хэмжээгээр нь шагнаж, хөнгөлөлт үзүүлдэг уламжлал бий. Хоосон хонодог хэсгээ хоолтой болгож, цалинжуулсан хүнийх нь тоогоор манлай компаниудаа шалгаруулж, тэднийгээ үнэлээд, дэмжээд өгвөл үү.  Тэгвэл хувийн компаниудын чиргүүлүүд албан ёсоор бүртгэгдээд орлогын татвараа төлөөд ирнэ дээ.

А. Энхбат, Анкара 2011. 01. 08      

3 comments:

  1. Яг юу хэлэх гээд байгааг нь нэг сайн ойлгосонгүй. Хоолны соёл уу? Хоол нь Нийгмийн баялагийн хуваарилалт уу? Хооллох соёлын хувьд бол бид маруухан хүмүүс. Алхаан дундаа хололдог. Хүний идэхийн төлөө төрснийг "гэдсээ дүүргэх" гэдэг ойлголтоор хүлээж авдаг. Хүн идэхийн төлөө төрсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж боддог. Эрүүл зөв хоололт, Байгалийн гаралтай бүтээгдхүүн энэ тэр гээд том зүйл байгаамаа

    ReplyDelete
  2. serdaramaa ideh hooloor damjuulj zugeer suuj baigaad amruugaa /halaasruugaa/ ahiuhan yum hiilgeh setgelgeenii talaar bichsen bololtoi gej oilgoloo. mun uu?

    Хооллох соёлын хувьд бол бид маруухан хүмүүс bish gej mongolchuudaa omoormoor baina.
    Baigaliin maliin garaltai hool hunsiig tsag uur, ulirliin baidal, mongol aj toroh ontslogt tohiruulj jinhene zov heregledeg baisan ard tumen bol mgl-chuud
    Байгалийн гаралтай бүтээгдхүүн энэ тэр гээд том зүйл байгаамаа. Ter ni odoo oldohod ih tuvegtei bolson chi ch medej baigaa
    Эрүүл зөв хоололт, Odooniih shig zov hoollolt geed HERBALIFE ch biluu tiim yum uuj baigaa ni soliorol

    ReplyDelete
  3. Энэ нийтлэлээс бас л нэг сэтгэл өвтөгсөн асуудал болох хөдөөгийн зуд ган 2 той байлдаж ирсэн хөдөөгийн баатрууд маан малын буянгаар хөлжөөд хот хүрээ зорицон 2 сая гарам иргэнтэй атлаа сая давсан нь хотдоо амьдардаг хөддөгийн түмэн цэвээр агаар хантлаа амьсаглсан гэсэндээ ч тэрүү хотын утааг зорисоор тал нутаг эзэнгүй мэт болохнээ хотоос хөдөөг зорих хүн байхгүй уул шугмандаа мал аж ахуйгаа дэмжих төрийн бодлого дутагдах ших малчидаа төсөл хөтөлбөр зохиогоод fermer жүүлээд өгвөл гар дамжсаар нугдарч ирдэг махны үнийг ч зохицуулах шиг

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)