2011/01/10

ОД БОЛСОН МИНЬ

                                    - Хошин өгүүллэг -
Шинэ жилийн баяр, цагаан сар ойртсон тул гэр орноо онгойлох ажилд эхнэр хоёр хүүхдээ оройлон шуурхай орлоо. Ийм ажилд дургүй миний бие халтар зурагтныхаа удирдлагыг бариад чаддгаараа телевизтэй хэрэлдэх чухал ажлаа хийж байв. “Оны алдартан”, “Шилдэг улс төрч, эдийн засагч, менежер”-ээс аваад өнгөрсөн оны хамгийн мундаг луйвар хийсэн, архи уусан, хүүхэн эргүүлсэн нэгнийг ээлж дараагаар нь шалгаруулсан тухай мэдээ, нэвтрүүлгүүд тасралтгүй гарч байв. Эхнэр энэ тэр тоос арчиж, хэдэн муу тавилгынхаа байршлийг солих зуур нэг хайрцагтай зүйлийг том хүүд өгөөд манай гэр бүлийн хамгийн чухал үнэт зүйл, нандигнаж явах ёстой эрдэнэ болохыг сануулан хураалгаж харагдлаа.
Гэрийн эзний мэдээгүй гэр бүлийн үнэт зүйл юу байдаг билээ гэх сониуч зан минь хөдөлж, чимээгүйхэн очиж сөхөж үзэв ээ. Гэтэл бөөн медаль, тэмдгүүд. Эхнэрийн байгууллагынх нь сагсан бөмбөг, волейбол, том хүүгийн дүүргийн бүжгийн, уран уншлагийн тэмцээний ялагч, "Алтан түлхүүрийн эзэн" гээд зүйл бүрээрээ байх юм. Бүр дөнгөж хөлд орж буй бага хүү хүртэл “Манцуйтай тамирчин” нэвтрүүлгийн “Авъяаслаг жентельмен”, тоглоомын төвийн нэг арга хэмжээний “Цэвэрч жаал” гээд 2 медаль аваад амжиж. Тэгээд бүр гурвуулаа бүх медалиа зүүж байгаад маасайтал инээлдсэн зураг авахуулсан байлаа. Гомдол, атаархал зэрэг төрж байна гэж. Эхнэр байгууллагын сагсны аварга болсон гээд хамт олноороо амралтын газар явна гэж бүтэн өдөр алга болсон, том хүү цэнгээнт бүжгийн сургуулийн аварга болсон гээд охидуудтайгаа мөхөөлдөс авч өгнө гэж 5000 төгрөг авсан. Бага хүү л бичлэгт орохын тулд хоёр пампирс хэрэглэж хамгийн багаар намайг “шатааж”. Тэгж яривал манай эхнэр сагсны шийдэнд нэг ч удаа бөмбөг оруулж үзээгүй хүн дээ. Аа тийм нэг удаа өөрийнхөө шийдэнд нэг оруулж байсан гэсэн.
 
Ойр хавийнхныгаа бүгдийг нь бодлоо. Худаг ухдаг найз минь “Геологичийн алдар”, харин архи пиво борлуулдаг нь “Шилдэг эдийн засагч”, нэг ч удаа хичээл зааж үзээгүй Багшийн сургуулийн оюутан дүү хүртэл “Ирээдүйтэй Багш” тэмдэг, хотын төвд байрладаг ажлаасаа өдөр бүр утаа, харанхуйг нэвт зүсэн Далан давхарын тэнд байрлах гэрлүүгээ огт төөрөлгүйгээр хүрч чаддаг садангийн эгч “Алтан гадас” одон, компаний орлогч захирал үеэл дүү  “Сүхбаатарын одон” (Багад нь Лантуун толгойт гэж нэрлэдэг байсан юм, яагаад Сүхийн одон авчихсныг ойлгохгүй байна), “Байгууллагад мини банзал өмсөхийг хориглох тухай журам” гаргаж мөрдүүлсэн дарга маань “Шудрага журам” медаль авсан байна. 

За бүр аймгийн гар бөмбөгийн тэмцээнд нэг удаа талбайд гарч амжаагүй, амжаагүй ч гэж дээ би гарна гэж барьцаагүй тэвчээртэй суусан ажлын газрын манаач нөхөр хүртэл “Шилдэг орлон тоглогч”, яг ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй ч ямар нэг юм хийгээд байдаг хөрш айлын ах “Хөдөлмөрийн хүндэт” медаль, жагсаал цуглаан болгонд очиж, уриа лоозон барьж, микрофон ирэхэд бухимдлаа шударгаар илэрхийлж байдаг авга эгч минь “Бид ялав”, “Ардын баатар” цол тэмдэгтэй гээд тоочоод байвал энэ хорвоод зөвхөн би л хоосон хоцорчихсон байдаг байгаа. Өөрийгөө өрөвдсөнөөс болж нулимс гарангаа алдлаа. Бас эрийн хуйх болохоо санаад, ер нь юугаараа дутсан юм, та нарын авч байгаагүй тийм мундаг одон медаль авчихаад гайхуулж зогсох юм хуна хэмээн барьцамтгай монгол зан маань зоригжуулав. Бусдаасаа давсан гайхалтай санаа оноо олохоор элдэв шидийн мөрөөдөл бодолд автсаар нэг шөнийг өнгөрөөв.
 
Маргааш эхнэр ажилдаа, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явсан хойно зурагтын өнөө шар мэдээний нэгнийх нь утсыг цохиод чухал мэдээлэл байгаагаа хэлээд хаягаа заагаад өгчихөв өө.
 
Хоёр минут болсон уу гүй юу шаливхан шар сэтгүүлч хүүхэн оператораа дагуулаад ороод ирлээ. Оюутан цагийн хонхны баяраар өмсөж байсан ганц пиджакаа өмсөж, хүүгийн хичээлдээ зүүдэг эрвээхэй зангиа зүүгээд, камерийн өмнө суучихав аа. Өдий 30 хүртлээ одон медаль авсангүй, монголд бараг би л ийнхүү үлдсэн тухайгаа гомдол, бахархлын завсраар хоёр үг холбоод тавьчихлаа. Яагаад таньд төр засаг таны энгэрийг цоолоогүй байгаа гэж бодож байна гэж өмнө нь ер санаж байгаагүй асуулт тавьж байна аа. Үнэнээ л хэллээ. Юу ч хийж байгаагүй учраас тэр биз гээд...
 
Орой зурагтын мэдээгээр миний тухай гарч байх юм. Таван минут ярив уу гүй юу цэнэг нь дуусдаг гар утас минь дуугарч, найз нөхөд, төрөл төрөгсөд, танилууд гээд тасралтгүй залгаж байх юм.
 
Гэтэл энэ хүмүүс чинь надаас илүү сүйхээтэй, “ашигтай” ажиллаж чаддаг болохыг гурав хоногийн дотор мэдэрлээ. Нийгэмд хоёр том давалгаа үүсч, идэвхтэй ажиллаж эхэлдэг юм байна.
 
Нэг хэсэг нь шагнал аваагүй иргэдийн эрх ашгийн хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэж, олон улсын төсөл хөтөлбөр хөөцөлдөн эхлэв. Монголын төр засаг хүний эрхийг зөрчиж, одон медаль өгдөггүй тухай миний өмнөөс НҮБ-ын Хүний эрхийн хороонд хүртэл өргөдөл гаргаад амжиж.
 
Нөгөө хэсэг нь “Хэрхэн юу ч хийлгүй шагнал авах 25 арга”, “Шагнал авах урлаг”, “Юу ч хийхгүй байх чадвараа хөгжүүлэх нь”, “Одон медальгүй хорвоог туулсан мину” гэх зэргээр ном гарын авлага, намтар олноор гарч, хэвлэгдсэн даруйдаа борлогдох болов. Эдгээр номын зохиогчид надаас нэг ч ярилцлага аваагүй байж, яаж ингэж гайхалтай сэтгэж чаддагийг бахдаад ханашгүй.
 
Гүй яахав нэг хэсэг нь үнэхээр миний төлөө зүтгэсээн зүтгэсэн.
 
Хүүхдийн минь цэцэрлэгийн эрхлэгч “Сайн эцэг” хүндэтгэлийн арга хэмжээн дээр урих гэтэл хүүхдээ нэг ч удаа хүргэж өгч байгаагүй болохоор болсонгүй гэж учирлав. Хорооны засаг дарга "Хорооны хүндэт иргэн" медаль олгох гэтэл СӨХ-ны мөнгөө дандаа хожимдуулдаг, намын хуралд идэвхтэй суудаггүй, цонхоороо шүлсээ хаясныг минь хоёр ч эмээ хараад авсан зэргээр шагнах бус, бүр хорооноос хөөх тухай гомдол их байгаа учраас болсонгүй гэж тайлбарлав. Бүүр цэцэрлэгт нэг ангид байсан найз маань манайхыг зорьж, “багадаа авч байсан одоо надаа хэрэггүй, миний нэрийг дараад өөрийнхийгөө биччих” гэсээр аль дээр үеийн халтардсан баярын бичиг  гаргаад ирснийг яана.
 
Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн С.Лүнзгэр юу ч хийдэггүй иргэдэд зориулсан төрийн одон медаль хүртээх тухай хуулийн төсөл санаачилснаа хэвлэлийн бага хурлаар нухацтай нь аргагүй мэдэгдлээ. Тойргийн сонгогчийнхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа гишүүнээ хараад, насан туршид нь сонгосон ч яахав гэх гэгээн бодол төрөв. Харамсалтай нь юу ч хийдэггүй иргэдэд төрийн одон медаль өгөх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзээд УИХ-ын гишүүдийн тал нь зөвшөөрөөгүйгээс хөөрхий гишүүний маань санал унасан даа. Гүй ер, би лав үндэсний аюулгүй байдалд ямар аюул учруулснаа санахгүй юм байна. Ганц медаль өгчихөд эднээс юу нь хороод байдаг бол, өөрсдөө тэр байтугай идэж уугаад... гэх хорсол төрж, “Шагнал урамшил аваагүй хэлмэгдсэн иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо”(цаашид ШУАХИЭАХХ гэх) нэртэй Төрийн бус байгууллага байгуулж аваад, хямдханаар нь хотын захад нэг оффис түрээсэлж, гэрт хүүхдүүд тоглодог халтар компъютерээ аваачаад тавьчихав аа чи минь.
 
Ингэж тэгсээр нэг жилийг ардаа үдэж, дахиад л шилдэг, мундгуудаа шалгаруулах ээлжит арга хэмжээнүүд өдөр алгасалгүй зохиогдож эхлэв. Өнөө шагнал аваагүй иргэдийг хамгаалахаар олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхөд “Оны шилдэг төсөл”, “Хэрхэн юу ч хийлгүй шагнал авах аргууд” ном “Оны бестселлер бүтээл”, “Шагнагдаагүй хэлмэгдсэн заяа” нэвтрүүлэг “Зууны шилдэг баримтат кино” шагналыг тус тус хүртэв. Тэр нэвтрүүлэг нь миний тухай биш ээ, өөр хүн тоглочихсон байна лээ.
 
Харин эцэст нь би юу хожив гэж үү? Эхнэр маань хүртэл наад асуултыг чинь асуусан шүү. Аргагүй дээ, байгууллагын уртын хариалтын тэмцээний байнд авсан мөнгөн урамшууллыг нь  ШУАХИЭАХХ-ны ашиглаж чадаагүй байрны түрээст төлчихсөн юм чинь. Яахав ээ, би өөрөө ШУАХИЭАХХ-ныхоо цорын ганц шагнал болох “Шагнагдаагүй эгэл иргэдийн одон” медалийн цорын ганц эзэн нь болж чадсан юм даа.

8 comments:

  1. heheh huurhun boljee hediigeer ineed hedii ch emgenel yumdaa

    ReplyDelete
  2. Goyo boljee. Mongoliin emgenelt dur torh yag mon.

    ReplyDelete
  3. za boljee bolj bi hurtel sayhan gudamniihaa sagsan bumbugiin hurdan guideg avarga ni bolson argagui dee manai gudmand 80 garsan gurvan ugbun 90 garui nasni 5 emgen baidag yum

    ReplyDelete
  4. хэхэ гое бичжээ. Үнэн үнэн. Шагнал урамшуулал дагаад сайхан бизнес цэцэглэж байгаам даа. Зүгээр л медаль сэлт хужаагаас оруулж ирнэ, дагалдуулаад нэг цом моморхуу юмнууд зарчихна,авчихна. дээр нь үг мүг бичнэ, бичүүлнэ. Сайхан хүзүүнд нь 1500-ийн медаль зүүгээд өгчихнө, хэн ч хэдэн төгрөгөөр авав яав ийв гэхгүй сэтгэл хангалуун өнгөрнө. Дансанд 15000 алт мөнгөний холицтой гээд тусгачихна. Хэн хэндээ ашигтай сайхан бизнес юм даа. Ер нь шагнал дагнасан үйлдвэр монголд байгуулая байз...

    ReplyDelete
  5. manai huuhded bagsh ni angiih ni hemjeenii temsteend oruulsan bolood l medali ugch bna sh dee gutamchigtai ch yumaadaa huuhdiin setgelgeegeer togloj bgaa bhgui nuguuh ni ongirood l bi medal avsan shagna ene ter geed tegeheer ni urmiig ni bodoj chiher avch ugch chaganh jisheetei

    ReplyDelete
  6. he he ineedteimaa. Unen goyoor shogoor bichsen bnaa. MInii nz aviyastaimaa.

    ReplyDelete
  7. so good! good luck

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)