Бид өдөр тутам “энэ эд л хамгийн мундаг нь”, "үүнийг л аваадахвал та жаргаад унана”, “та манай үйлчилгээг мэддэггүй гэж үү, ямар тэнэг хэрэг вэ”, "сайхан амьдралын нууцыг зөвхөн бид л мэднэ” гэж хошгоруулж байгаад ашиг олчих санаатай хуурамч сурталчилгааны асар том урсгал дунд эрүүл ухаанаа авч үлдэх гэж бухимдлаа бардаг эрин зуунд амьдарч байна.
Гэхдээ бүх рекламыг тэгэж доош хийж болохгүй ээ. Үнэхээр үр ашигтай, чухал хэрэгтэй сурталчилгаанууд бас байна аа.
“Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй”. Аливаа нийгэм эгэл хүмүүс буюу алдаа оноотой нөхдүүдээс тогтдог тул нийгмийн оршин тогтнолыг хангах, эерэг сайн луу хандуулж байхын тулд тэдгээрийн ухамсар, бодол, сэтгэл зүрхийг сэрэмжүүлж, сэргээж, сануулж байх шаардлага үргэлж гардаг.
Нийгмийн тулгамдсан асуудалд олон түмний анхаарлыг хандуулах, нийгмийн ёс суртахууны үнэт зүйлийг сануулж байх үүднээс хүн төрөлхтний сэдсэн орчин үеийн арга бол социал сурталчилгаа (PSA — public service announcement).
Анхны 1906 онд АНУ-ын “Америкийн иргэний нийгэмлэг” гэх ОНБ Ниагарын алдарт хүрхрээг эрчим хүчний компаниудын хэрэгжүүлж байсан үйл ажиллагаанаас хамгаалах чиглэлээр реклам хийснээр социал сурталчилгааны эх үндэс тавигдсан гэдэг. Удалгүй дэлхийн дайн дэгдэж, дайн байлдаанд цэрэг эрсийг татах, эх оронч үзлийг бадраах чиглэлээр улс орнууд хангалттай сурталчилгаа явуулж эхэлсэн байна.
Социал сурталчилгаа нь арилжааны буюу ашиг олохын төлөө рекламуудаас ялгаатай. Гол ялгаа тэдгээрийн зорилгод оршино. Социал сурталчилгаа нь та бидэнд цоо шинэ санаа оноо өгч, үзэгдэл үйл явцыг таниулахгүй. Тэр нийгэмд угаас байсан зүйлийг хөндөж, түүний эмзэг цэгүүдийг бидний тархинд байнга шивж байх үүрэг гүйцэтгэдэг. Түүний үндсэн эх сурвалж нь дотроо байнга өрсөлдөөн тэмцэл, ялгаварлал зөрчлийг агуулж байдаг хүмүүний оршин буй нийгмийн амьдрал. Социал сурталчилгаа нь нийгмийн зан суртахууны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, олон нийтийн ертөнцийг үзэх үзлийг нийгмийн үнэт зүйлстэй уяж байдаг зүйл юм. Гэхдээ нийт реклам сурталчилгааны зах зээлийн 6%-ийг л социал сурталчилгаа эзэлж байдаг байна.
Ерөнхийдөө социал реклам суртачилгааны сэдвийг дараах байдлаар ангилдаг байна.
• Тухайн нийгмийн сайн сайхан зорилго тэмүүллийг тунхаглах, нийгэмд учирч болох сүйрэл, хүсээгүй үр дагаврыг сэрэмжлүүлэн сануулах, аюул, нийгмийн гэм дутагдалтай тэмцэх. Тухайлбал, эдийн засгийн (аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын зогсинго байдал, түүний бууралтын уршиг, амьдралын доод түвшин гэх мэт), геополитикийн (улс орны хүч чадал, нөлөөгөө алдах), төрийн (төр засаг улс орныг үр дүнтэй удирдах чадваргүй болох), оюун санааны (үндэсний эв нэгдэл алдагдах, нийтлэг үнэт зүйлс үнэгүйдэх)
• Үнэт зүйлсийг тунхаглах. Хүн бүрийн хувьд баримтлавал зохих эрүүл мэнд, ажил төрөл, гэр бүл хүүхэд, орлого, хувийн аз жаргал, аюулгүй байдал зэрэг үнэт зүйлсийн утга учрыг сануулж өгөх.
• Бүтээлч байдалд уриалах. Нийгмийн болон хувь хүний хүсэл тэмүүлэлдээ хүрэх эрмэлзэлд үндэслэнэ.
• Нийгмийн сэтгэл зүйн эмчилгээ. Олон нийт сэтгэл зүйн тодорхой сөрөг нөлөө, айдас түгшүүрт автах, өөртөө болон ирээдүйдээ итгэл алдрах, өөрийн болон орчин тойрныхныхоо хувь заяаг үл хайхрах, сэтгэлээр унах, цөхрөх зэрэгт нийгмийн сурталчилгаа ажиллаж эхлэх ёстой.
Социал сурталчилгаа телевизийн ролик, радио, сонин хэвлэл, гудамжны болон нийтийн тээврийн реклам сурталчилгааны бүхий л төрөл зурагт хуудас, плакат, ухуулах хуудас зэргийг өргөнөөр ашигладаг.
Социал сурталчилгааг гол төлөв сүм хийд, эмнэлэг, буяны сангууд зэрэг арилжааны бус байгууллагууд, янз бүрийн эвсэл холбоо, төрийн байгууллагууд санаачлан хийж байдаг.
Түүний бас нэг чухал төрөл бол армийн сурталчилгаа. Цэрэгт сайн дураараа явахыг хүсэгчид тун цөөн. Ялангуяа дайн байлдаантай нөхцөлд. Тиймээс зэвсэгт хүчнийг байнгын тогтвортой боловсон хүчнээр хангах, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд олон улс оронд энэ асуудлыг тухайлан хариуцсан байгууллагууд ажиллаж байдаг. АНУ л гэхэд зөвхөн нэг удаагийн армид зориулсан рекламны кампанид ажилд зориулан 200 сая доллар төсөвлөдөг. АНУ-ын батлан хамгаалах яам McCann Worldwide хэмээх компанитай 5 жилийн гэрээ байгуулж 1 тэрбум доллар төсөвлөсөн байна. Зорилго нь цэрэг армийн нэр хүндийг өсгөх, армид элсэх сонирхлыг дээшлүүлэхийн тулд ОНМХ, интернет болон бусад “амьд” арга хэмжээнүүдийг цогцоор зохион байгуулахад чиглэсэн байна. Угаас дайнч бодлогоор дэлхийн ноёрхогч гүрнийхээ бодлогыг хэрэгжүүлж байдаг америкт үүн дээр мөнгө хаяхаас өөр юу ашигтай байгаа аж.
Төр социал сурталчилгааны захиалагч, санаачлагч байхаас гадна, хууль, янз бүрийн хөтөлбөрөөрөө дамжуулан түүнийг бүтээхийг эрмэлзэгчдэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж байдаг. Мөн сурталчилгаа явуулж буй газар этгээдийн санаа зорилго, болчимгүй авир зан, хүмүүжлээс шалтгаалж сөрөг үр дагавар бүхий этгээд хэллэг, дүр дүрслэл, утга санаа, дуу авиаг нийгэмд цацах вий хэмээн сэргэмжилж хяналт тавих шаардлага гардаг Иймээс хяналтын механизм давхар ажиллах нь тодорхой. Тухайлбал, АНУ-д социал сурталчилгаанд “Реклам сурталчилгааны зөвлөл” зэрэг ТББ нь хяналт тавьж, зохицуулалт хийж байдаг бол Англид Мэдээллийн төв газар хэмээх засгийн газрын байгууллага энэ асуудлыг хариуцдаг байна.
Социал сурталчилгаа Монголд
Социалист бүтээн байгуулалт, эрүүл мэнд боловсрол, соёлын шинэ орчин нөхцлийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилгоор олон янзын социал сурталчилгаа хийж ирсэн. Угаас арилжааны зорилгоор сурталчилгаа явуулах ямар ч бололцоо байхгүй нөхцөлд, төрийн суртал ухуулгын машин тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүн ардаа соён гэгээрүүлэх, иргэншүүлэх чиглэлээр хангалттай ажил зохиож ирсэн гэж бодож байна. Мэдээж улс төрийн өнгө аястай, тухайн нийгмийн үзэл суртлын агуулгыг мөрдүүлэн хэвшүүлэх зорилготой зурагт хуудас, самбар, телевиз сонины богино хэмжээний ухуулгын шинжтэй сурталчилгаа бага бус байсан нь ойлгомжтой. Яагаав өнөө аймаг сум, бригадын төв, хүүхдийн зуслангуудад байрлуулсан төмөр хавтан дээр “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлан арвич хямгач байж, социалист өмчийг эс ширхэг бүрийг алхам дутамдаа нүдлэн хамгаалагч байж...”, “Нам бол манай үеийн нэр төр нандин чанар" "Социалист ёсоор ажиллаж, сурч, амьдрах...”, “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ”, “Ноос бол алт” гэх мэт ухаж бодохоор ухаан санаанд шууд үл буух орчуулгын ухуулгууд зөндөө байлаа.
Одоо хүртэл социализмын үеийн “Хүн бүр даатгалд хамрагдацгаая”, “Монгол орны голомт үүрд мандан бадраг”, “Бүхнийг хүүхдийн төлөө”, “Монгол орноо мандуулъя”, “Монгол зөвлөлтийн ган бат найрамдал”, “Орон бүрийн пролетари нар нэгдэгтүн” зэрэг асдаг асдаггүй гэрэлтэй, зурагтай зураггүй, салгаж хуулах аргагүй, ёстой л тухайн нийгмийн түүхийн үүрдийн бүтээлүүд хаа нэг хана, дээвэр дээр хадгалагдсаар...
Ардчилсан өөрчлөлт, нийгмийн үзэл санаа, үнэт зүйлсийн өөрчлөлттэй холбоотойгоор орчин цагийн социал сурталчилгаа рекламуудын утга санаа нилээн өөрчлөгдөж, цаг үеийн онцлог, нийгмийн хөгжилтэй уялдан орчин - гэр бүлийн хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хүний наймаа, ДОХ, онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, иргэний эрх эрх чөлөө, үүрэг, хувь хүний аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, байгаль орчны бохирдол, халдварт өвчин, зам тээврийн асуудалд чиглэх болжээ.
Ялангуяа дэлхий дахинаа байгаль орчин, экологийн тулгамдсан асуудалд нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор мэдээллийн бүхий л хэрэгслээр энэ чиглэлийн сурталчилгаа, нийтлэл нэвтрүүлэг үлэмж ихсэж байгаа нь илт ажиглагдах болж. Жишээ нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачлан хийсэн сурталчилгааны зурагт хуудас http://coolcreative.ru/2010/03/19/socialnaya-reklama-ot-wwf/ гэсэн сайт дээр тавигдсан байна.
2002 онд баталсан манай улсын “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн Нийгмийн зар сурталчилгаа гэсэн 15 дугаар зүйлд “Иргэн, хуулийн этгээдээс нийтийн болон улсын эрх ашигт нийцсэн ашиг тустай үйлсийг дэмжин тэтгэх зорилгоор зар сурталчилгааг бүтээх, түгээх, эсхүл өөрийн хөрөнгийг энэхүү зар сурталчилгааг бүтээх, түгээхэд зориулан бусдад хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг нийгмийн зар сурталчилгаанд хамааруулж, хууль тогтоомжид заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно” гэсэн нэг заалт байна. Нэр томъёоны хувьд нийгмийн зар сурталчилгаа гэдэг тэрхүү нэр томъёог хэрэглээгүйд хүлцэл өчье. Учир нь энэ орчуулга нь уул ойлголтоо бүрэн илэрхийлж чадахгүй байгаа мэт санагдсан тул.
Монголд төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн зорилго зорилттой уялдуулан төрөл бүрийн сурталчилгаа явуулдаг Цусны төв, Цагдаагийн байгууллага, Замын цагдаа, Онцгой байдлын газар, Татварын газар, ДОХ-ын эсрэг төв, Хүчирхийллийн эсрэг төв болон бусад эрүүл мэнд, нийгмийн төслүүд чиглэл чиглэлээрээ боломжийн сурталчилгаанууд явуулж харагдана лээ. Зарим телевиз, сонин хэвлэлүүд өөрсдөө санаачлан тийм сурталчилгаа нэг бус явуулж байгаа нь ажиглагдсан. Мэдээж интернет дэх социал сурталчилгаанууд өөрсдийн үүргээ гүйцэтгэж чаддаг биз ээ.
Надад Хайнс-зайделын сангаас нэг хэсэг телевизээр явуулж байсан Монголын нийгмийн уламжлалт үнэт зүйлийн учир холбогдлыг сануулсан сурталчилгаанууд боломжийн санагддаг байв. Ер нь социал сурталчилгааны талаар судалгаа хийвэл сонирхолтой, үр дүнтэй зүйлүүд олон гарах юм байна лээ.
За тэгээд социал сурталчилгаа бүтээгээд байцгаая.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл