2011/01/19

НАМЫН НЭР АВААРАЙ

(Манай Аавын Хувийн Намаас Монголын Амны Хишигтай Нам хүртэл)

МАХН гэсэн товчлолыг хичнээн олон хэлбэрээр задалж болохыг Монголчууд бид сая л мэдлээ. Сонин хэвлэлд бичсэнээр Улсын Бүртгэлийн Газар ийм товчлолтой нам 90 гаруйг бүртгэсэн бөгөөд цаашид дахин хэд ээр нэмэгдэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Гэхдээ дээрх тоо нэг их нэмэгдэхгүй нь ойлгомжтой болсон. 

МАХН гэх товчлол бүхий намын нэг эзэмшигчид хуучин МАХН-ын буюу өнөөгийн МАН-ын залуучууд. Тэд ингэж нэр бөөндөх шалтгаанаа ч товч, тодорхой хэлсэн. Тэр нь УИХ-ын гишүүн Ц. Шинэбаярт шавар хаах явдал гэж. Гэвч эрхэм гишүүн Монгол хэлний үгсийн сангаас хоёрын хоёр МАХН олоод түүнийгээ өөрийн нэр дээр бүртгүүлээд авсан.
 
Өдгөө хуваагдсан ч юм шиг, үгүй ч юм шиг энэ нам анхлан байгууллагдахдаа Монгол Ардын Нам гэсэн нэртэй байв. Гэтэл удалгүй Орос ах нарын шахалтаар Монголын Ардын Хувьсгалт Нам гэх нэртэй болсон. Энэ нь түүхийн нэг үеэс нөгөө үерүүгээ хувьсгалын замаар шилждэг гэх марксист онолтой яв цав нийцэж байлаа. 
 
Цагийн эрх, түүхийн шалгуураар дэлхийн талыг эрхшээж байсан коммунист дэглэм нуран унаж, хүйтэн дайн төгсөж олон орны хувьсгалт, коммунист намууд татан буугдаж, хуулиар хориглогдсон. Нам, төрийн хуучин удирдагчид засгийн эрхээ алдан, зарим нэгэн оронд буудуулж байв. Харин хүн төрөлхтний талыг хагас зууны турш дарангуйлсан системийг нураах явцыг манай орон аядуу зөөлөн, цус урсалгүйгээр хийж, Монгол хүний саруул ухааныг даян дэлхийд тунхагласан.
 
Ах дүү коммунист намууд нь хаагдаж боогдон үйлээ үзсэн тэр хүнд үед МАХН хэдэн шинэ залуугаар цусаа сэлбэснээр өөр дорвитой өөрчлөлт энэ намд гараагүй. Коммунист үзэл баримтлалаа Нагаржунайн төв үзэл, Ардчилсан Социалист буюу Социал-демократ болгож сольсоныг нь өөрчлөлт гэхэд хэцүү. Уламжлалт коммунист маягийн ярс хийсэн гар өргөлт, нижигнэсэн алга ташилт, халуун дотно тэврэлт зэрэг нь яг хэвээрээ. Ингэж явсаар өөрчлөлт, шинэчлэлтийн уриан дор болсон МАХН-ын XXYI их хуралтай золгосон.
 
Үзэл баримтлал, намын нэрээ цаасан дээр сүр дуулиантай сольсон тэд сүүлийн үед “сахил хүртээд шал дордов” гэгч нь болоод байна. Гэхдээ тарж бутрах нь гээд хойдохыг унших арай болоогүй. Хуурч хандаггүй, дарга нартай хууртаж хандахгүй гишүүдтэй тул харзнах хэрэгтэй. Намын толгойд барууны боловсролтой шинэ цагийн язгууртнууд гарсан мэт харагдавч арга барил нь нөгөө л хэвээрээ. Дээрх нь орос школтой ах нарынхан жин нөлөө хүчтэй хэвээрээн нотолгоо бөгөөд бяр чадал нь ч харих яагаа ч үгүй байна.
 
МАХН товчлолыг олон хэлбэрээр тайлж уншиж, бүртгүүлж болж байгаа. Тиймээс МАН-аас МАХН болсон тэр үеийг нь Мангадай Ахын Хувиргасан Нам хэмээе. Жич: Буриад түмэн маань оросуудыг мангадай гэх ба тухайн цагт нам, төрийн удирдлагад буриад угсаатай Э. Ринчино, Ж. Цэвээн зэрэг хүмүүс жин нөлөөтэй байсан. Харин Ху намын хэлмэгдүүлсэн хүмүүсийн үр удам Монголд Аллага Хийсэн Нам гэж “унших” нь зүйн хэрэг. Арван жилийн сургуулиа төгсөхтэй хамт сонгуулийн менежерүүдийн панаалд автан шинэхэн гишүүн болж байсан охид, хөвгүүдэд Мунхагуудыг Ардчиллаж Хөгжүүлэх Нам гэж гэгээн гэрэлтэйгээр харагдсан байхыг үгүйсгэхгүй. Тэдний өвөө, эмээ их атаархсан биз. Ийм залуугаараа намын гишүүн болоод л бидний үед яадаг байлаа гээд л. Гэвч гачлантай нь сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнийхөн Монголд Авилга Хөгжүүлсэн Нам, Монгол Ардыг Хуурсан Нам болохыг байнга л зарлах.
 
МАХН бол залуучуудад үнэхээр ээлтэй бас халтай нам. Нэг үе барууны боловсролтой олон залуус элсэн орсноор Мэдлэгтэй Ардчилсан Хүмүүсийн Нам гэмээр болоод байлаа. Харин намын батлахаа аваад тэд Маш Аймаар Хөгшин Нам, Мөхөл Авчрах Хуучин Нам болохыг мэдээд шинэчлэх гэсэн. Даанч МАН гэсэн хуучин нэрийг сэргээснээс хэтрэхгүй бололтой.  
 
Ингэж байтал хуучин нэр усандаа үнэнч хэдэн гишүүд нь Монголын Амны Хишигтэй Нам, Монголыг Аврах Хүчтэй Нам байсан юм шүү дээ хэмээн халаглаж дахин намаа эмхлэх ажилдаа орлоо. Үүнд нь дургүйцсэн хэсэгт МАХН гэсэн товчлол нь Матаачидыг Ахиж Хуралдуулах Нам, Муйхар Анхайгүй Хүмүүсийн Нам л болно биз та нар хэмээн занаад эхлэв. Нэрээ хоёр хэсэг болоод тарж бутарвал Монголын Авилгачдын Хуваагдсан Нам гэж нэрлэх хүмүүс гараад л ирнэ. Дайны хажуугаар дажин гэж Х удирдагчийн хүү улс төрд хүч үзэх нь гэсэн мэссэжийг хоёр гурван ч сайтууд өгөөд байх. Магадгүй нэг их удалгүй Манай Аавын Хувийн Намыг нам гэхгүй юм бол өөр хэний намыг Манай Аавын Хувийн Нам гэх юм бэ гээд гараад ирэхийг гайхах хэрэггүй болох нь.
 
Жич нийтлэлд дурсан намын нэрсийг Улсын Бүртгэлийн Газар бүртгүүлээгүй болно. Тиймээс сонгон авч болно шүү.
 
А. Энхбат, Анкара хот.   2011 01 19.

1 comment:

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)