2011/01/28

ОРЧИН ҮЕИЙН НЕОФАШИСТ ХӨДӨЛГӨӨНҮҮД

20-р зууны 20-иод оноос үүсч, улмаар дэлхий дахинаа нөхөж баршгүй уй гашуу, сүйрэл зовлонг учруулан  50 сая гаруй хүний ам насыг золионд авч одсон фашист үзэл суртлыг хориглон хязгаарлах зорилгоор хүн төрөлхтөн  янз бүрийн арга механизм хэрэглэж ирсэн юм.  
Гэвч өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд цаг үеийн байдал, нөхцөл орчинд улам бүр зохицон хувьсаж, дүр төрхөө өөрчлөн, хүрээ хязгаараа тэлэх болов.  Неофашизм нэрийн дор улс орнуудад нацист, расист, үндсэрхэг үзлийг дээдлэсэн залуучуудын хөдөлгөөн янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаагаа ил далд явуулах болсон байна.  Мэдээж хүчирхийлэл үйлдэх нь тэдний гол зорилго хийгээд арга нь. Орчин үед лалын террористуудын аллага, хүч нөлөө өндөр байгаатай холбоотойгоор  неофашистуудын хийж буй үйлдэл "өчүүхэн" санагдаж байгаа тал бий.

Ингээд фашист үзэл суртлын мөн чанар агуулга хийгээд фашист дэглэмтэй улс орнуудын талаар асуудлыг түр орхин, орчин үеийн фашист хөдөлгөөнүүдийн талаар зарим нэг баримтыг авч үзсэн болно. 
 
Skinhead буюу Мулзангууд
Өнгөрсөн зууны жараад онд Англи дахь ажилчин ангийн дунд үүссэн хиппи, рокер маягийн залуучуудын хөдөлгөөн байдлаар үүссэн байна. Анхандаа жинсэн өмд, урт хормойтой хүрэм, арзгар ултай гутлаар гоёж, рок-н-ролл сонсож, үеийнхнээсээ ялгардаг залуучуудыг ийнхүү нэрлэдэг байв.
 
 
 
Харин 1970-аад оноос уг “урлагийн” урсгалд мулзан толгойтой, цэргийн гуталтай, нацист билэг тэмдэг бүхий шинэ салаа мөчир үүсч, цагдаа, хөлбөмбөгийн клубын фанатууд цаашлаад скинхэд, ижил хүйстэн, оюутан, цагаачлагч нартай байнгын зодоон цохион үүсгэх болов. 10 жилийн дараагаас тэдний хөдөлгөөн неонацист үзэл суртал, еврейн эсрэг үзэл, арьс өнгөөр ялгаварлах үзлээр зэвсэглэсэн “Үндэсний фронт”-оор эгнээгээ бэхжүүлэх болсон байна. Гудамжинд биендээ хас тэмдэг шивсэн, “Зиг, хайл!” гэж мэндчилсэн нөхдүүд харагдах болов.
 
1977 оноос АНУ-д “ку-клукс-клан”-ыг халах замаар мулзангуудын энэхүү байгууллага бий болов. Еврейн, латин америк, харуудын гэсэн хоорондоо эвтэй найртай, тодорхой үндэстнүүдийг төлөөлсөн бүлэглэлүүд үүссэн байна. 1980-аад оны дундаас  энэхүү нөхөрлөл дуусгавар болж, цагаан арьстны давуу чанарыг ухуулсан “Screwdriver”  (монголоор автээрк гэх юм уу даа) бүлэглэлүүд гарч ирлээ.
 
Орчин үеийн мулзангууд фашист хувцсаар гоёж, ямар нэг орхигдож хаягдсан газар цугларч, үндсэрхэг үзэлтэй яриа хөөрөө өрнүүлж, хөгжим сонсоцгоодог. Тэд хана туурган дээр:
 
Өнгөт арьстай гахайнуудыг газар дэлхийгээс цэвэрлэцгээе!
WorldWide White Power!
Бүх нигерүүдийг хүзүүнээс нь дүүжил!
Герман бол зөвхөн немцүүдэд зориулсан газар
Харийн новшнуудыг Оросоос зайлуул!
Adolph Hitler. Mein Kampf.
Европт их цэвэрлэгээ шаардлагатай зэрэг фашист уриа лоозонг энэ тэнд сийлэх нь олонтаа. 
 
Мулзангууд гэдэгт олон янзын нөхдүүд хамаарагддаг. Мундаг боловсролтой, дээд түвшний  “дэвшилт” мулзангуудаас аваад 16-19 насныхнаас гол төлөв бүрдэх хүнд гарын нөхдүүд ч бий. Тэрчлэн зүгээр л хэн нэгэн явуулын этгээдийг үхэхээс наагуур зодож таашаал авдаг “100%-ийн цагаан арьст” этгээдүүд ч байдаг. Тэдэнд тийнхүү зодохын тулд шалтаг ч хэрэггүй. “Дэвшилт” гэгдэх мулзангуудыг заримдаа “барууныхан” гэж нэрлэх нь бий. Барууны мулзангуудын дундаж нас 22-30 насныхан байх бөгөөд өөрийн үндэстний цэвэр ариун байдлын тухай байнга “толгойгоо гашилгаж” гэнэ. Сүүлийн үед Гитлер, Геббельсийн мулзан шавь нарын дунд шинэ хандлага гарч зөвхөн өөрийн үндэстний төлөө бус газар дэлхийн бүх цагаан арьстны төлөө санаа зовох болсон байна. Нэг үгээр, мулзангуудын үзэл санаа тив дэлхийг бүхэлд нь "хамгаалах"-д санаа тавих болсон гэсэн үг.
 
Итали дахь неофашистууд
Дэлхийн 2-р дайнд Италийн фашистууд ялагдсан хэдий ч ардчилагчид болон социалистуудтайгаа эвлэрэхийг хүсээгүй тэд засгийн эрхийн төлөө дахин зүтгэж эхэлсэн юм. Иймээс 1947 онд Италийн нийгмийн хөдөлгөөн (Movimento Sociale Italiano) гэх илэрхий фашист үзэл суртал бүхий нам  байгуулагдсан байна. Эхэндээ 1000-аас илүүгүй гишүүдтэй байсан боловч хэд хэдэн үндсэрхэг байгууллагуудыг нэгтгэсний зэрэгцээ алан хядах ажиллагаа, сайн зохион байгуулсан суртал ухуулгын хүчинд Италийн хамгийн нөлөө бүхий нам болж чаджээ. Тэд нэрээ сольж “Барууны Үндэсний Хүчин” болгосон аж. Уг хүчин гадны цагаачлагчид ба еврейчүүдийн эсрэг илэрхий алан хядах ажиллагаа зохион байгуулж ирсэн байна. 1973 онд парламентын сонгуульд өрсөлдөн сонгогчдын 5 хувийн саналыг авсан бол 1980-аад оноос “Мальмийн Интернационал “гэх Олон улсын неофашист хөдөлгөөнд элссэн байна. 1995 оноос “Үндэсний эвсэл” (Allenza Nazionale) гэх даруухан нэр авсан нь уг хүчнийг хориглох явдлаас зайлсхийхэд чиглэсэн хэрэг юм.
 
Герман дахь неофашист байгууллага
Фашизмын хор хохирлыг үзэж туулсны хувьд немцүүд аливаа үндсэрхэг фашист үзлээс зайлсхийхийг хичээж ирсэн юм. Гэвч хэрэг дээрээ тэд бусдаас дээгүүр гэх цусанд хүртлээ шингэсэн итгэл үнэмшлээ далдын далд нуусан хэрэг юм. Дэлхийн 2-р дайнаас 20 жилийн дараа хуучнаар ХБНГУ-д “Германы Үндэсний ардчилсан нам” хэмээх анхны неофашист байгууллага бий болов. Удалгүй “Баривчлагдсан Нацистуудад туслах байгууллага” нэрийн дор хуучин фашист байсан нөхдүүд “Германы Үндэсний Фронт” (“German Nationalistische Front”), “Германы Бүгд найрамдах нам” (German Republicaner Partei) гэх 2 том үндсэрхэг байгууллага байгуулагдав. Өдгөө Чөлөөт Германы ажилчны нам (Freiheitliche Deutche Arbeiterpartei) германд төдийгүй европт хамгийн олон гишүүнчлэлтэй намын тоонд багтдаг, партизанчилсан зохион байгуулалттай нацист хамгийн аюултай бүлэглэл юм. Тэд хотуудад жагсаал зохион байгуулах, цагдаа нартай мөргөлдөөн байнга үүсгэдгээрээ нилээн алдаршаад авсан. Дэлхийн неофашист хөдөлгөөн, Мальмийн Интернационалд хамгийн нөлөө бүхий байгууллагад тооцогддог байна.
 
Швед дэх неофашист байгууллага
Хөгжил дэвшил, социализмыг жинхэнэ ёсоор байгуулж чадсан гэгдэх Шведэд хүртэл неофашист байгууллагууд багагүй байр суурь эзэлдэг. Тэдгээрээс хамгийн нэртэй, түрэмгий шинжтэй нь Мальмийн Интернационалын шахалт дор байгуулагдсан “Цагаан Арийчуудын эсэргүүцэл” (Vitt Ariskt Montstand) байгууллага юм. Уг байгууллага Швед төдийгүй Скандинавын орнууд, Герман, Итали, Австри болон бусад европын орнуудад том бага салбаруудаараа дамжуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн Европ даяар алдартай үндсэрхэг үзэлт “Ардчилсан Швед” (Sverige
Democraterna) нам засгийн эрхэнд гарахыг санаархаж байсан ч үйл ажиллагааг нь хориглож тараасан юм.
 
Австри дахь неофашист хөдөлгөөн
Хамгийн том неофашист байгууллага бол “Парламентаас гадуур эх оронч сөрөг хүчин” (Volkstreue AusserParlamentarische Opposition). Мулзангуудын хөдөлгөөнөөс халзан толгой болон бусад билэг тэмдгийг хадгалан үлдсэн нөхдүүд юм. Улс орны хэмжээнд дэгдээсэн фашист шинжтэй ноцтой үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр засгийн газраас шийдвэртэй алхам хийхийг шаардаж улмаар уг байгууллагын удирдагчдын баривчлахад хүрсэн байна. Тэд бүр төрийн байгууллага руу хүч хэрэглэн довтлохоор бэлтгэж байсан гэдэг.
 
Унгар дахь неофашистууд
Берлиний “төмөр хөшиг” нуран унасны дараагаас олон тооны үндсэрхэг урсгалууд гарч ирсэн байна. Эхэндээ тэд бие биеэсээ төдийгүй европ дахь фашист хөдөлгөөнүүдээс ангид тусдаа байсан аж. Удалгүй тэдгээр байгууллагуудыг хориглох асуудал тавигдах болсон тул хоорондоо болон европ дахь бусад неофашист нөхдүүдтэй нэгдэн нийлж улмаар Мальмийн Интернационалд элсэн оров. Унгар дахь хамгийн том үндэсний үзэлт байгууллага нь “Үндэсний дайралт” (Nationalr Offensive), “Унгарын хөгжил цэцэглэлтийн холбоо” (Magyar Nepjoleti Szovetseg) юм.
 
Орос дахь неофашист, националист хөдөлгөөнүүд
ЗХУ-ын задралын дараагаар олон тооны фашист болон үндсэрхэг шинжтэй байгууллага холбоод үүссэн. Афганистан дахь дайны тухай таагүй дурсамж, Умард Кавказ дахь байнгын мөргөлдөөн, нийгмийн шилжилтийн хямрал зэрэг нөхцөл байдал болон либерал үзэл санаа, чөлөөт сэтгэлгээ тавигдсан хийгээд хуучин үе буюу зөвлөлт засгийн үеийг эргэн дурсах  сэтгэлгээ үндсэрхэг үзэл тэлэхэд нөлөөлсөн гэдэг.
 
Тэр дотор “Оросын үндэсний нэгдэл” (Русское Национальное Единство) нилээн хүч нөлөөтэй байсан юм. Тэд буруу харсан хас тэмдгийг өөрсдийн билэг тэмдгээ болгож, Гитлерийн үеийн СС-ийн хүчний адил зохион байгуулалтад орж эхэлсэн байна. 1994 оноос тус байгууллага оросын томоохон хотуудад өөрийн албан бус төлөөлөгчтэй болж улмаар орон нутгийн сонгуульд оролцон суудал авах болсон аж. Уг байгууллагын удирдлагын баталж буйгаар тус нэгдэлд 30 гаруй нефашист болон үндэсний үзэлт бүлэглэлүүд нэгдэж байв. Зөвхөн ОХУ-д төдийгүй Украин, Белорусь, Казахстан, Эстонид салбараа байгуулаад амжиж. Хотуудад 6-16 насны хөвгүүдийг элсүүлэн гар зодооны урлаг, өсвөр үеийнхэнд шүхрээр буух сургууль, хүйтэн мэс хэрэглэх аргуудыг зааж сургадаг гэнэ. Зарим нөхцөлд орон нутгийн хэв журам сахиулах байгууллага уг нөхдүүдтэй ч хамтран ажиллаж, засаг захиргаанаас намын хурал, санхүүгийн дэмжлэг олгож байсан гэдэг. 1998 оноос тус нэгдлийг хориглосноос хойш “Оросын үндэсний нам” (Русская Национальная Партия ) зэрэг бусад неофашист, мулзангуудыг нэгтгэсэн байгууллага бий болсон юм.
 
ОХУ-ын нийслэлд үндэсний хөдөлгөөнүүдийг тараах болсноос үүдэн “Ардын үндэсний нам” (Народная Национальная Партия) хэмээх неофашистууд, “Оросын үндэсний нэгдэл”-ийн гишүүд, мулзангуудыг нэгтгэсэн байгууллага бий. “Би – Орос” нэртэй өөрийн сонинтой. Үйл ажиллагаагаа илчлэхийг хүсдэггүй тул гишүүдийн тоогоо 500-аас дээш гаргадаггүй, үндэсний бусад хөдөлгөөнүүдийн хувьд чухал байр суурь эзэлдэггүй. 
 
ӨАБНУ-ын арьсны үзэл
Апартейд буюу арьс өнгөөр ялгаварлах дэглэмийн сонгодог жишээ байсан орны хувьд цагаан арьстан харуудыг ноёрхож ямагт дээр нь байх ёстой гэх үзлийг дээдлэгчид цөөнгүй байдаг гэнэ.
 
Арьсны үзэлт харуудын ч, цагаан арьстнуудын ч хэд хэдэн хөдөлгөөн байдгаас “Африкчуудын эсэргүүцлийн хөдөлгөөн” (Африкандер Вирстандс Бевегинг) хамгийн алдартай нь аж.

4 comments:

  1. В Москве скинхеды убили, с начала 2011 года в 24 регионах России погибли 15 человек, были избиты не менее 103 человек. В прошлом году за этот же промежуток времени погибли 30 человек, еще 149 пострадали при нападениях.

    ReplyDelete
  2. Д.Амраа29/01/2011, 11:47

    Монгол дахь Неофашистуудыг яагаад дурьдсангүй вэ,Хятад гэхээр огиудас иь хүрдэг,харддаг,тийрдэг бүхэл бүтэн бүлэг нийгмийн давхарга бүрд жигжээстэй байна ш дээ

    ReplyDelete
  3. манайд СКИНХЭД-д нилээн бий шүү.

    ReplyDelete
  4. фашистууд байвал Монголд биш Халимагуудад л байх ёстой байсан байх. Сахал Сталин Фронтод явсан эрчүүдээ хүлээж байгаа халимаг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүдийг яаж нутаг зааж хөөв. Орос цэргүүд Герман хүүхнүүдийг аймаглан хүчиндэж байхад Халимаг болон бусад үндэстний цэргүүдийг түүж шүүхээр шийтгэж байсан гэдэг. Фашизмын тухай Монголчууд бидний төсөөлөл байлдаантай,тагнуултай киноноос цаашгүй байхдаа.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)