2011/02/01

ХҮҮХЭД САЛХИЛУУЛАХ МӨРДЛӨГӨӨ

                       (Егөө агуулсан болно)
Та бүхэндээ нөхөр М хоёр хүүхдээ салхилуулж байхдаа өөртөө байнга сануулан мөрдөж байдаг зарим нэг мөрдлөгөөг хэрэг болуужин хэмээн хүргэж байна. Гэхдээ хот орон газар гол төлөв орон сууцанд оршин амьдрагч нөхдүүдийн хувьд ач холбогдолтой болохыг урьдчилан сануулая.

Гадаад орчин харьцахдаа баримтлах мөрдлөг
Нэгдүгээр нөхцөл.
Мэдээж цаг уурын нөхцөл хүйтэн дулаан, бороо шороо зэргийг анзаарч хүүхдээ гадаа гаргах эсэх нь надаар хэлүүлэлтгүй шийдэх асуудал. Гол нь байгал цаг уурын нөхцлөөс гадна хүмүүн бидний үүсгэж байдаг утаа, салхинд хийссэн хог хаягдал, “хиймэл” бороо шороог ч анзаарч байхад илүүдэхгүй юм билээ. За тэгээд дээрх нөхлцүүд таатай гэж үзсэн бол одоо гадаа гарна аа.
 
Хоёрдугаар нөхцөл. Гадаа гараад яг ямар газар тоглуулах эсэхээ нарийн нягтлан харна. Танай ойролцоо машин зам, томоохон дэлгүүр хоршоо, зочид буудал, барьж буй барилга, гарааш контейнер зэрэг хүүхэд тоглох нь бүү хэл, том хүн ч болгоомжтой байгууштай газруудаас зайтай орчин сонгууштай. Аз болж байрны чинь гадаа болсон болоогүй тоглоомын талбай байвал түүн лүүгээ л алхсан нь дээр биз ээ.
 
Гуравдугаар нөхцөл. За тэгээд хүүхдээ сул огт хаяж болохгүй. Энэ тэнд санамсаргүй болон зориуд унагасан ялгадас, морь харалтын үр дүн, дотор муухайралтын огидос зэрэг дээр бяцхан үрс унаж хальтрах, очиж барилж авах, гаталж тоглохоос байнга сэрэмжилж байвал зохистой.
 
Дөрөвдүгээр нөхцөл. Зөвхөн газар ширтээд явахгүй ээ. Дээшээ тогтмол харж хялайж байх шаардлагатай. Учир нь хэрэглэсэн бэлгэвч, мөлжсөн хавирга, уусан архины шил, хатсан талх боов, идсэн бэлэн хоолны сав, оочилсон цайны шавхруу зэрэг огт хэрэггүй, унавал аюул осолтой эд зүйлс шидлэх, дээрээс унах явдал бийг санахад илүүдэхгүй.  Шидэж буй зүйлийн төрөл жанр танай гэрт ямар байгууллага газар ойрхон байгаагаас ихээхэн хамааралтай юм байна лээ. Хүн оноогүй юмаа гэхэд газар сул хэвтэж буй тэдгээр хог үлдэгдлээр хүүхэд шуухад тоглох нь бий шүү. Гайхалтай нь шинэ тутам барьж буй орон сууцнаас “шидэх”, шүлсээ хаях үзэгдэл гарах магадлал илүү өндөр байгааг анзаараад авсан шүү. Ямар учиртайг уншигч та өөрөө тунгаана биз.
 
Тавдугаар нөхцөл. За дээрх нөхцөл байдлуудад бид бас харьцангуй хяналт тавиад байж чадаад байдаг юм. Харин лаг машин унасан, гайгүй сайн хувцасласан нөхдүүд хороолол дунд орж ирээд хүн дуудаад байгаа юм уу, машинаа гайхуулаад байгаа нь мэдэгдэхгүй гэнэт байдгаар нь чигнаал дардаг юм хаа сайгүй. Ядарсан хөгшчүүлийн даралт, зутарсан хэдэн хүүхдийн маань айдсыг хөдөлгөдөг гэнэтийн үзэгдлийг яаж ч чадахгүй юм байна лээ. Маргаж энээ тэрээ болвол, юм үзээгүй, нүд тайлаагүй, чигнаал сонсоогүйг маань шүлсээ үсчүүлэн сануулж, хүүхдээ салхилуулахаас эсэн юм болдог юм. Тиймээс бидний үрс ирээдүйн чигнаалын их дуунд дасаж байх нь зохистой хэмээн эцэг би вээр сэтгэн, улам бүр олон чигнаалдаж байгаасай хэмээн эрхэм чигнаалдагчдад хүсэх болсноо уламжлахад таатай байна.
 
Гадаад орчин нөхцөлтэй холбоотой дээрх мөрдлөг сануулга нь 4-өөс доош насны хүүхэдтэй хүмүүс мөрдвөл зохих шаардлага болохыг хэлүүлэх юун.
 
Хүмүүстэй харилцахад баримтлах мөрдлөг
Мөрдлөг 1.
Эцэг эх, төрөл төрөгсдөөс бусад насанд хүрсэн хүмүүстэй ярилцаж, үг солихыг хязгаарлах нь зүйтэй. Бараг бүрмөсөн хориглоход ч илүүдэхгүй мэт нийгэмд бид амьдарч байна. Энэ тэнд хүүхэд хуурч, дагуулж яваад... Бүү үзэгд, тэрнээс цааш яадаг нь тодорхойгүй мэдээлэл их багаар сонсогдох болсон цаг шүү дээ. Бяцхан үрсийг минь юу гэж хуурч хулхидаж байгааг бид яаж мэдэх юм бэ? Би бүр хүүхэддээ том хүн 5 алхмаас ойртож ямар нэг зүйл өгөх, ярих зэрэг үйлдэл хийх нөхцөлд шууд зугтан гэртээ орохыг хатуу сануулсан юм даг. Нэг удаа манай орцны эмээ гадаа тоглож байсан хүүхдүүдэд чихэр тараасныг манай бацаан аваагүй хэмээн сайрхан надад ярьсаныг бодохоор бид хүүхдүүдээ ямар нийгэмд яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ гэж өөртөө харамссаныг нуугаад яахав. 
 
Мөрдлөг 2. За одоогийн хүүхдүүд ямар ч аймаар мэдээлэл сайтай, асуудалд өөрөөр хардаг болчихсон юм. Заримдаа, үе тэнгийхэнтэйгээ хэлэлцэж, ярьж буй сэдэвт нь боломж таарвал хяналт тавиад байхад зүгээр юм байна лээ шүү. Томчуул бидний олж мэдээгүй, сонсоогүй, мэдрээгүй зүйлсийн талаар тухтай нь аргагүй ярилцаж байгаатай нэг бус удаа тааралдаж явлаа. Хараал сурах нь бол өчүүхэн зүйл. Сайн юм бол хамаагүй санж, харамсалтай нь хүмүүжилд нь өөд болчих зүйл хомс байсанд л ингэж үглээд байгаа юм.
 
Тэрчлэн гэр бүлийн хувьд нууцалж явдаг зүйлс ч хүүхдүүдийн мэдээллийн солилцоогоор дамжих нь бий. Албан тушаал буурах гэж байгаагаа манай бацаантай “буу халдаг” даргынхаа ачаас мэдээд авсан шүү дээ нэг удаа. Харин Номуунаа гээд охин ээж нь ааваас нь ч хөөрхөн давгүй залуутай давхар найзалдаг тухай манай хүүд сайрхсныг, хүү маань ээждээ хэлж “ийм байвал яасан юм” гэх орчин үеийн хандлагын талаар лекц уншиж буйг санаандгүй сонсож билээ. Албан тушаалаасаа буураад дээр нь бүр гэр бүлээсээ огцрох дээрээ тулах нь байна шүү дээ. Ядаж байхад миний царай муутайг хэлэх үү, хүүхэд маань асар том мэдээллийн сувгаа ашиглаад “Ээждээ нөхрөө солих”-ыг заах дээрээ тулах болжээ гэж...
 
Мөрдлөг 3. Улс орон минь даяаршиж байгаа нь хүүхдүүдийн интернационал шинжтэй болж байгаагаас тод харагдах болж. Орос, хятад, энэтхэг, вьетнам, америк, сингапур (ийм үндэстэн байдаг бил үү, үгүй бил үү) зүсэн бүрийн эрлийз хөвгүүд охидтой манай хүүхэд тоглох болсон байна. Яахав гадаад хэл ус нь сайжраад, хэллэг энэ тэр нь зүгшрэхэд нөлөөлдөг л юм байна билээ. Гэхдээ монгол ч биш, англи ч биш, орос хятад ч биш, нэг тийм эсперанто хэлтэй нөхөр л болох гээд байна. Аль аль хэлээр нь төгс сайн ярьдаггүй нөхдүүд л төрөөд байна даа хөөрхий. Иймээс хүүхдээ гадаа тоглосны дараагаар гэртээ үндэсний сайхан хэлээрээ ярилцаж байх.
 
Дээрх хүмүүстэй харьцахад баримтлах мөрдлөг нь хэл ам нь хөгжих болсон үе буюу 5-13 настай нөхдүүдийг гадаа тоглуулах, “харгалзан” явахдаа анхаарах зарчим болохыг анзаарсан биз ээ.
 
Эцсийн эцэст иймэрхүү болгоомжлол нөхцлүүдийг чанд мөрдөнө гэвэл хүүхдээ гадаа гаргах ямар ч бололцоо байхгүйг мэдрэх бөгөөд үүний оронд зүгээр хэдэн халтар тоглоом авч өгөөд гэрт нь сахиж суух нь түмэн дээр болохыг та бид энэ биеэрээ мэдэрсэн буй за.
 
Ер нь хүүхэд салхилуулах нь “гурван өндөрлөг”-ийг хамгаалдаг Төрийн тусгай хамгаалалтын газрын үүрэг зорилгоос ч хүнд бөгөөд хариуцлагатай алба болохыг сануулахад илүүдэхгүй. Урьдчилан орчин нөхцөлтэй нь хянамгай танилцаж, тоглож байх үед нь дөрвөн зовхис байнга ширтэж, харьцах хандах хүмүүс рүү нь сэжигтэй харж, шаардлагатай үед сумнаас хурдан хөдөлж, арслангаас хүчтэй архирах чадвартай байхыг шаарддаг ажгуу.

6 comments:

  1. hahaha yun teneg yum bichdeg yum byr nydend haragdchihlaa bna hehehehe

    ReplyDelete
  2. энд нэг юмыг хаясан байна. Хүүхэд салхилуулдаг ээжүүд нөхрийнхө яаж араар нь тавьж байсныг тэвэрч байгаа хүүхдийнхээ дэргэд ярих, бас хэрэглэж үзээгүй шахам байж тийм брэнд ийм брэнд бас тийм сайхан ориг бохь ориг шоклад л иддэг гэж нэг нэгэндээ гайхуулдий,

    ReplyDelete
  3. he he. yasan goyo bichee vee. neeree l bid tiim l orchind amidarch bna daa.

    ReplyDelete
  4. Өвөл хаврын цагт дээврээс унжиж хөлдсөн мөснөөс болгоомжтой яваарай гэж бас сануулж хэлийдаа. Байрныханы зовлондоо. Гэр хорооллынхон харин яаж гэртээ багтаж шингэж байх вэ гэдэг том зовлон байнаа. Юун салхилах зугаалах.

    ReplyDelete
  5. hehehe. yasan unen ug vee. goy bichjee.

    ReplyDelete
  6. unshihad hoshignol met, gevch unudrin bodit bdal!shan bichsen bn!
    mini huvid gadad huchin zuilsudig arilgahin tuld hun bur tsashlad nitere soeltoi bh ni chuhal! harin hariltsani huvid hun chanara gehgui bh ni chuhal bolov u!
    gevch gadad helig bagasa surah yavdlig demjij yavdag!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)