2011/02/11

АФРИК ДАХЬ "ЛУУГИЙН ҮНСЭЛТ"

Хятадууд дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа африкт “ул суурьтай”-гаар хамтран ажиллаж байгаа нь түүнд сэжигтэй ханддаг болон өрсөлддөг гүрнүүдийн хувьд анхаарал татахуйц асуудал болоод байна. Дэлхий дахин хямралд автан, ард түмнээ хэрхэн тэжээх вэ хэмээн бухимдаж суухад тэд торох юмгүй африкт ажил хэргээ өргөжүүлэн тэлж байлаа.
 
Хятадууд африкт юу хийж байгааг дэлхий дахин анхааралтай харж байна. Мэдээж Зүүн өмнөд Ази, Латин Америкт хятадын бодлого үйл ажиллагаа эрчимжиж байгаа нь бодит үнэн ч энэ удаад африкт явуулж буй үйл ажиллагааны талаар зарим нэг мэдээллийг хуваалцая.

Тэд юу амжуулж байна вэ?
- Мозамбикт газар нутгийн хөндлөн гулд нь Замби Малави хоёрыг холбосон зам тээвэр, харилцаа холбооны шугам барьж байгуулж байна.
 
- Суданд нефьт боловсруулах үйлдвэр, 1600км-ын дамжуулах  хоолой байгуулж өгөв.
 
- Замбид усан цахилгаан станц, зэсийн уурхай байгуулж байна.
 
- Кенид даавууны үйлдвэр нээв.
 
- Зимбабвед ураны эрэл хайгуул хийж байна.
 
- Нигерид төмөр замыг нь засварлаж, 600 худаг гаргав.
 
- Тогод үндэсний музей барьж өглөө.
 
- Зааны ясан эрэгт парламентийн ордон байгуулав.
 
- Конгод кобальт худалдаж авч байна.
 
- Иргэний дайнд сүйдсэн Анголд 400км зам сэргээн засварлаж, нийслэл Луанда хотод нь онгоцны буудлыг нь засварлаж, эмнэлэг байгуулав.
 
- Мавританиас аваад төв африкийн бүхий л орнуудад WIMAX-ын үүрэн телефоны сүлжээ байгуулж байна.
 
 
ӨАБНУ-д бүр апартеид дэглэмийн үед 200 мянган хятад амьдарч байлаа. Тэд өнгөт арьстанд тооцогдон, эрхээ хязгаарлуулж байсан бол 15 жилийн дараа гэхэд хэдий нь цагаан арьстан гэж тооцогдох болсон байна. Харь арьстнууд олон эрх дархыг эдэлж эхэлсэн тэр үеэс хятадуудыг дахин гадуурхах болсон аж. Ингээд ӨАБНУ-ын Хятадын нийгэмлэг Дээд шүүхэд хандаж тэдгээрийг хар арьстнаар хүлээн зөвшөөрөхийг хүссэнээр тэдгээрийг хар арьстнаар тооцох болж хар арьстнуудын амьдралын түвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн бүхий л бололцоо, эрх дархыг эдлэхээр болгосон аж.
Тэд ДОХ-д нилдээ автсан хар тивд ирэнгүүтээ амьдралд нь шаардлагатай эмнэлэг, сургууль, цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал байгуулж байна. 2006 онд Бээжин эмнэлэг, сургууль, зам харилцаа барьж байгуулахад 5 тэрбум долларын зээл олгохоо амалж байсан бол өдгөө энэ нь бараг бүрэн хэрэгжсэн гэж үзэж байна.  Улмаар 2010 оноос эхлэн Африкт 3 тэрбум долларын хүүгүй зээл өгөхөө зарлаж, орон нутгийн нийгмийн хөтөлбөрүүдэд хэдэн сая доллар зарцуулж, өрийг нь цуцлахаа амалжээ.
 
Хятад өдгөө Африктай худалдааны эргэлтээрээ дэлхийд 2-р байрт орж байна. Таваар эргэлтийн хэмжээ нэг жилд 100 тэрбум доллар бөгөөд жил бүр худалдааны эргэлтийн хэмжээ нь 33%-иар өсч байгаа аж. Зөвхөн 2008 он гэхэд Хятадын шууд хөрөнгө оруулалт 7.8 тэрбум доллар болж байсан юм. 2011 оны Хятадын ядуу буурай орнуудад үзүүлэх зээл тусламжийн хэмжээ Дэлхийн банкныхаас давж гарлаа.

Хятад улсад хар тивийн 15 мянган мэргэжилтэнг бэлтгэн сургаж, хар тив ба хятадын хамтын ажиллагаа улам бүр нягтарч байна.
 
БНХАУ-ын худалдааны яамны илтгэлд дурьдсанаар Африкт 800 гаруй хятадын компани  барилга, нефть олборлолт болон бусад дэд бүтцийн төслүүд дээр ажиллаж байгаа аж. Тэрчлэн африкт ажиллаж буй хятад ажилчдын тоо хэдий нь 1 сая гарсан гэнэ.
 
Бүхий л зүйлийг хятадын мөнгөөр хятад ажилчид  барьж байгуулж байна. Хятадууд дарангуйлагч нарт нь саад болохгүй, хүний эрхийг зөрчихгүйгээр эвтэйхэн байгалийн баялгийг нь олборлож байна. Тэд барууны колоничлогчид шиг төр засгийг нь авилгалтай тэмцэж, хүний эрхийг хангасны дараа тусламж авах ёстой гэсэн шаардлагыг тавьж зовоодоггүйгээрээ өмнөх колоничлогчдоос ялгагдана. 
 
Харин ч  төр засаг дахь авилгалтай тэмцэх, хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар африкуудтай хамтран ажиллаж байна. Африкууд хятадуудаас ямар нэг болзолгүйгээр нийгмийн туслалцаа авч, өөрсдийн гэсэн дэд бүтэцтэй болж байгаа тул барууны өрсөлдөгчдөөсөө илэрхий өндөр нэр хүндийг хялбархан олж чадаж байна. Хятад харуудыг Америк, Европчууд шиг ихэмсэг дээрэлхүү нүдээр хардаггүй, харин ч мөр алгадан түншээ хэмээн нэг түвшинд харьцаж байна.

 
Тэд өөрсдөд нь нефть, нүүрс, төмрийн хүдэр шаардлагатайг нуугаагүйн зэрэгцээ газар хэрэгтэй байгааг ч ил нээлттэй илэрхийлж байна.

Хятадууд зөвхөн хүнд үйлдвэр, дэд бүтэц дээр ажиллаад зогсохгүй үйлчилгээний төвүүд массаж салон, ресторан олноор нээж ажиллуулж байна. Хятадууд хар тивд хямд технологи нэвтрүүлж буйгаараа дэлхийн бусад орнуудын хамтын ажиллагаанаас ч чухал үр нөлөөгөө өгч байгаа аж. Дэлхийн банк болон бусад нэр хүндтэй олон улсын байгууллагууд африк дахь хятадын хөрөнгө оруулалтыг сайшаан дэмжиж, африкын улс орнуудын хөгжил цэцэглэлтэд тэдний бодлого үйл ажиллагаа чухал болохыг онцлон дурьдаж болов. 
 
Өмнөд африкийн их сургуулийн хятадын судалгааны төвийн захирал “Мэйл энд Гардиан” сонинд өгсөн ярилцлагадаа “колони” гэх ойлголтыг хэрэглэх нь зохисгүй болохыг дурьдаад: “Сингапурт 2000 гаруй хятадын компани үйл ажиллагаа явуулдаг ч хэн ч Хятадыг колоничлогч, худалдааны түрэмгийлэл үйлдэж байна гэж ярьдаггүй” болохыг сануулсан байна. Хятадын бодлогыг “шинэ колоничлол” гэж төөрөгдсөн хүмүүс бий нь үнэн. Гэхдээ энэ нь хятадын асуудал биш харин африкийн асуудал хэмээн тодотгожээ.

1 comment:

  1. Манай африк "найзууд" маань хятадуудад их ам сайтай хүндэлж харьцдаг бөгөөд ерөнхийдөө ази хүмүүсийг элгэмсэг дотно хүлээн авдаг гэдгийг хэлдэг. Танай монголчууд хүртэл ирж бизнес хийх өргөн боломж бий хэмээн өөрсдийнхөө "мэдлэг, мэдээлэл"ийнхээ хүрээнд дотночилон зөвлөх нь бий. Европчууд олон жил колончлохдоо хятадуудын хэдхэн жилд амжуулсан их бүтээн байгуулалтыг хийгээгүй, хийхийг хүсээгүйгээр үл барам, улс төр, эдийн засгийн хөгийн тогтолцоог бий болгож,тогтворгүй байдлыг байнга зохион байгуулж, дэмжиж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэж тэднийг үзэн яддагаа бачимдуу хэлцгээдэг... Эх орон гэдэг омогшил, үнэт зүйл тэдэнд бидэн шиг байхгүйг мэдэрдэг...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)