Улс төрийн намын талаар улс төрийн хамгийн гол институт, ардчиллын суурь үнэт зүйл гэдгээс аваад гай зовлон, хүн төрөлхтний сэдсэн дэмий бүтээлийн нэг зэргээр янз бүрийн хандлагаар авч үздэг.
Манай тохиолдолд мундаг эрдэмтэд нь хүртэл эдгээр муусаан намууд байгаагүй бол монгол улс цэцэглэж хөгжөөд оргилдоо хүрчих байсан тухай уур, үг хоёроо холиод сүртэй мэдэгдэл хийж харагддаг. Аливаа юмны цаад наад учир гадарлах ёстой нөхдүүд нь ийм үг хэлж байхад жирийн олон түмэн хариуцлагагүй ямар ч мэдэгдэл хийх нь зүй ёсны хэрэг.
Ардчилал, улс орны тогтвортой хөгжил дэвшил, аюулгүй байдлыг хангахын тулд нам, мөнгө, сайн муу явууллага гурав зайлшгүй байх ёстой зүйлүүд гэдгийг хатуу ойлговол зохино. Ямар ч цаг үед, сайн, муу, хөгжсөн хөгжөөгүй бүхий л улсууд яг ийм байсаар ирсэн, хойшдоо ч байсан хэвээр үлдэнэ. Уул нь үүнийг улс төртэй холбоотой бүх хүн мэддэг. Гэхдээ улс төрчид нь ингээд хэлчихвэл “олигархи”, “авилгач”, “гадныхантай хуйвалдагчид”, “ардчиллыг булшлагчид” гэж чичлүүлэхээс болгоомжлоод, урдаа барьдаг судлаачид нь гадна дотны төсөл нь зогсчих вий гэж санаа зовоод, улаан хэрүүлч гудамжны улс төр хийгчид нь хоолоо олж идэх аргаа задалчих гээд хэлж чаддаггүй юм.
Харин улс орон хөгжихгүй байгаа, улс төрчид нь авилгал авдаг тухай, улс төрийн нам нь ард иргэдийн дуу хоолойг сонсохгүй байгаа гэдэг бол тэс өмнөө асуудал. Түүнийг хүний хүчин зүйл, буруу тогтолцоотой холбож ойлгох хэрэгтэй.
Онолын модон үгээр, нам бол засгийн эрхийн төлөө тэмцэгч улс төрийн хамгийн гол институт. Жаахан дэлгэрүүлээд тайлбарлавал, улс орны ирээдүйн хөгжлийн ойрын болон холын төсөөллөө цаасан дээр буулгаад (мөрийн хөтөлбөр гэж нэрлэдэг), хэрэгжүүлэх боловсон хүчинтэй (нэр дэвшигч буюу улс төрч) нь хамт олон түмэнд санал болгож, сонгуулиар парламентад олонхийн суудлыг авахыг эрмэлзэгч байгууллага юм.
Нам дээрх гол зорилгоос гадна өөрт төдийгүй цаашлаад улс орны хувьд боловсон хүчин бэлтгэх үүрэг хүлээдэг. Улс төрч гэдэг нөхрийг тодорхой шат дамжлагын дагуу бэлтгэн, туршлага суулгаж, улс төрийн тогоонд чанаж байж улс оронд хэрэгтэй нөхөр болгож авах ёстой. Бидний дуурайх дуртай Америк, Герман, Япон, Францад яг ийм л байдаг. Африкаар жишээ авъя... Уучлаарай, тэнд ийм тогтолцоо байдаггүй. Учир нь зүгээр л төрийн эргэлтээр асуудлаа шийдчихдэг юм тэд.
Гэхдээ ардчилсан улс төр оронд санамсаргүй, намаас гадуур гарч ирсэн улс төрч байдгийг үгүйсгэхгүй. Тэдгээр нь хэзээ ч улс төрд зонхилох олонхийг эзэлдэггүй. Хэрэв тэгэж эзлээд эхэлвэл улс төрийн тогтолцоонд аюул учирч байна гэж шууд ойлгож болно.
Нам бүрт ийнхүү улс төрчид залуу халаагаа бэлдэх тус тусын арга, зарчим, дэд бүтэцтэй байдаг. Тухайлбал, Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллагаараа дамжуулан, өөрийн залуу халаагаа бэлтгэдэг. Харин Ардчилсан намын хувьд намын голлох лидерүүдээ дагаж, залуучууд нь дасгалжиж байдаг. Аль алинд нь давуу сул талууд бий.
Нам бусад системтэй адил өөрийн аюулгүй тогтвортой байдлаа хангах арга хэмжээг байнга хэрэгжүүлэх ёстой. Намын цус сэлбэж буй нэртэйгээр хаа хамаагүй хүнийг авч ирээд чихээд байвал аминд нь халтай. Ухаандаа, сайн санасан ч бай “алив минийхийг ав” гэсэн нөхрийг судлахгүйгээр цусыг нь авч өөрт хийвэл, цусны бүлэг таарахгүйгээс дороо тийчлэн амь алдах, аз болж амь гарлаа гэхэд яваандаа үхэх халдварт өвчин авах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, нам улс төрчдийг бэлтгэхээс гадна төрийн эрх барих талбарт санаархагчдын том шүүлтүүр байх ёстой.
Мэдээж бодит амьдрал “байх ёстой”-гоос илүү өргөн, байж боломгүй үйл явдлууд хангалттай олон өрнөдөг. Тухайлбал, үзэл баримтлал, үнэт зүйл хувьд огт нийдэггүйгээс аваад тухайн нам, улс төрчдийг харахаар ой гутаад байдаг нөхөр өнөөх нам хүчиндээ идэвхийлэн зүтгэж явах нь нэг бус. Эсэргүү этгээдийг өөртөө элсүүлснээр намын хувьд нэр хүнд нь сэвтэхгүйгээр үл барам харин ч ширүүн шүүмжлэгчийг өөртөө уусган далдруулдаг. Аль аль нь өнөө этгээд том алба тушаалд очихгүй гэдгийг мэдэж байдаг.
Онолын хувьд ч, практик амьдралд ч улс төрийн нам хүчин нэгдэж нийлэх, салж бутрах явдал байдаг л үзэгдэл. Салж буй нөхцөлд үндсэн хүч бүлэгтэйгээ таарж нийцээгүй нөхөд улс төрийн талбарт шинэ хуваарилалтад орж бие даан улс төр хийхийг эрхэмлэдэг бол ганцаараа буюу хэсэг бүлгээрээ үзэлцээд ч амжилт олохгүй буюу тааруухан амжилттай намууд хүнээ нэмж, хүчээ нэгтгэж аваад эрх мэдлийн төлөө тэмцэлд оролцохыг зөв гарцаа гэж үздэг.
Эцсийн бөлөгт, ардчилсан нийгэмд улс төрд хэн ялж ялагдахыг улс төрчдийн ухаалаг, сонирхолтой тоглолт, массын үзэл бодол, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, цаг үеийн нөхцөл тохироо шийддэг нь нийгэм-улс төрийн хууль зүй тогтол бөлгөө.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл