Хуучин нийгмийг хуйгаар нь шинэчлэх 20 жилийн ажлын тайлангаа саяхан манай улс төрчид сүр дуйлаантай хийж, ямар их өөрчлөлт шинэчлэлийг нийгмийн бүхий л хүрээнд хэрэгжүүлснээ гайхан шагширцгаалаа. Үнэхээр жижиг улсын хувьд ийм хугацаанд хийж хэрэгжүүлж амжихааргүй зүйлийг эвтэйхэн аялуулаад өдий хэмжээнд шинэчлээд авсан гэдэг том амжилт.
Улс төрийн тогтолцоо, соёл, үзэл суртлын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд үндсэндээ ардчилсан орон болоод авсан. Ялангуяа иргэний нийгэм бэхжиж, массын хурц хараа, улс төрчдийн өрсөлдөөний талбар болж байдгийн хувьд улс төрийн намууд ардчилсан улс төрийн тоглоомын дагуу тоглоод дадчихлаа. Шинэ тутам иргэний үүсэл санаачлагын олон зуун байгууллагууд идэвхтэй байгуулагдан, өөр өөрсдийн чиглэлээрээ ардчилсан институтыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж л явна.
Гэтэл хуучин системээс бааз суурь, баримтлах зарчим, асуудалд хандах хандлага, удирдлага арга барил нь яг тэр чигээрээ нэг мундаг байгууллагыг бид зориуд түүхийн дурсгал болгоод үлдээчихэж.
“Монголын залуучуудын холбоо” гэх универсал нэртэй сүрхий байгууллага эрх баригч хүчнүүдээс ч илүү том барилга байшин, хүнд суртлын данхайсан аппарат, орон нутагт битүү сүлжсэн бүтэц бүрэлдэхүүн, суртал ухуулгын машин ажиллуулж байдаг. Жил бүр явуулдаг арга хэмжээнүүд нь “Англиар уран илтгэгчдийн уралдаан”-аас бусад нь яг хуучин нийгэмд орон даяар намын бодлого, үзэл суртлын шаардлагаар хэрэгжүүлж ирсэн нөгөө л хэдэн жижүүрийн үйл ажиллагаанууд.
Нийгэмд үйлчилдэг залуучуудын байгууллага нь явцуу гишүүнчлэлтэй, үйл ажиллагаагаа маш нууцаар явуулдаг Масоны нийгэмлэг огтоос биш. Гэтэл манай “Монголын залуучуудын холбоо” нь төсөв мөнгө нь хэд хичнээн гардаг, түүнийгээ хэрхэн санхүүжүүлдэг арга нь нээлттэй бус. Удирдлагаа хэрхэн сонгож, томилдог зарчим нь тодорхойгүй, үйл ажиллагааны үр өгөөжөө хэрхэн тодорхойлж тайлагнадаг нь бүдэг, яг монгол маягийн Масоны нийгэмлэг яваад байдаг.
Жишээ нь, залуу хүний хувьд надад энэ байгууллага яг ямар үр өгөөж өгөв өө гээд бодохоор хэлэх зүйл нэг ч алга. Хэдэн залуучуудад өөрийн нэрээ хоногшуулж, эсрэг санал гаргуулахгүйн тулд “Тэргүүний залуу” алтан медалийг л тэмдэгтийн хураамжийг нь авч тараахаас өөр нухацтай ажил ер байдаг болов уу гэмээр. Шагналыг нь авчихсан хүн юу гэж шагнал өгсөн байгууллагаа шүүмжлэхэв дээ. Нэг талаас хүн чанар зулгаагаад, нөгөө талаасаа авсан шагналынх нь нэр хүнд хамтдаа уначих учраас. Угаасаа төр хүртэл бодлогыг нь эсэргүүцдэг нөхдүүдийн амыг “одон” өгөх замаар тагладаг зуршил тогтоод багагүй хугацаа өнгөрчихөж.
Ардчилал гэдэг нь асуудлыг олонхоороо шийдэх механизмаас гадна ямар ч мундаг этгээд цаашлаад бурхан ирж заларлаа ч тодорхой хугацаагаар сольж өөрчилж байж оршин тогтнож байдаг. Энэ нь бүхэл нийгмийн хувьд төдийгүй хамгийн жижиг бүлэг, байгууллагын хувьд ч хамаатай. Тэгэж байж л тухайн байгууллага урт удаан хугацаанд оршин тогтнох нөхцөл бүрэлдэнэ. Зориуд мөнгөөр зодож, үзэл суртлын шаардлагаар бий болгосон, нийгэмд тодорхой үр өгөөжгүй институт байдаг л даа. Тэдгээр нь цөөн хэдэн нөхдийн амиа зогоох арга болж, улмаар аливаа өөрчлөлт шинэчлэлийг өөрийг нь устгах гэж буй харгис этгээдүүдийн далд явууллага мэтээр сэтгэхэд хүрдэг. Тэгээд ч энэ бол иргэний нийгмийн байгууллага биш.
Хувь хүн талаасаа нэг газар, нэг албан тушаалд удаан суусан хүний бөгс нь хүндрэхээс сэтгэлгээ нь явдаггүй. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд ийнхүү зэврэх нь ирээдүйн карьерт нь сэвтэйгээс гадна “шижигнэсэн” чанараа алддаг нь жам.
Анзаарах нээ шашны байгууллагаас хамба, иргэний байгууллагаас Зоригтбаатар хоёр л домог болж байна даа. За тэр шашны байгууллага өөрөө мэдэж, хэдий хөгшин, буурь суурьтай байна төдий хэрээр бусдыг итгүүлэх боломж өсдөг газар. Харин залуучуудын байгууллага ийм байж таарахгүй. Аль болох богино хугацаанд ажиллаж, өөрийн нэрээр нэрлэгдэж үлдэх ганц хоёр нухацтай ажлыг нэр төртэй хийгээд яваад өгдөг газар. Чадсан ч чадаагүй ч хэн нэгэн үхширч зууралдан үлддэг байж ер болохгүй.
1990 оны хувьсгалаас хойш Монголд шилжилтийн хатуу зовлонг мэдрээгүй, ардчилсан засаглал, нээлттэй нийгэм, зах зээлийн тогтолцоо, өрнөдийн боловсролд нэвтэрсэн залуучуудын цоо шинэ үе дахин төрсөн, ид хийж бүтэээж байна. Энэ залуустай хамтран ажиллах шинэ менежмент, шинэ фигур хэрэгтэй байна.
Ц.Зоригтбаатар даргаа, шинэ нийгэмд Монголын залуучуудын холбоог хөл дээр нь босгохын төлөө зоригтой үзсэн шигээ Монголын залуу үеийнхээ төлөө одоо дахин шийдвэртэй алхам хийж, шижигнэсэн залуучуудад шинэ менежмент, шинэ санаагаар ажиллах боломж олгохыг хичээнгүйлэн хүсч байна.
хэхэ Ц.Зоригтбаатар анх охин Зоригоо сүүлд хүүхэн Зоригоо одоо авгай Зоригоо удахгүй эмээ Зоригоо болох биз би залуу хүн гэхдээ энэ байгууллага яг юу хийдгийг сайн мэдэхгүй
ReplyDeleteЯг үнэн. Юу хийдэг яадаг байгууллагыг нь мэдэхгүйм байна. Байраараа дүүрэн түрээстэй л газар байдаг. Хуучин Монголын залуучуудын эвлэл л юм шиг байган. Ер нь бас л МАН /хуучин МАХН/ ын бас нэг залуучуудын байгууллага юм шиг санагддагийн.
ReplyDelete