2011/02/23

МАНАЙ ҮЕИЙНХЭН БА БИДНИЙ ОНЦЛОГ

                          (Өнгөрсөн - одоо - ирээдүй)
Монголчууд 12 жилийг нэгэн үе хэмээн тооцох ба он тоолол нь ч 12 жил болоод дахин эргэнэ. Иймээс өөрөөсөө 12 насаар ах, дүү хүнийг үе мултарсанд тооцдог. Өөрийн төрсөн 1978 оноор барагцаалбал, манай үеийнхэн ойролцоогоор 1970 оны дунд үеэс 1980 оны эхэн хагас хүртэлх жилүүдэд хорвоод мэндэлсэн залуус юм. Эдүгээ бидний үе хүссэн хүсээгүй нийгмийн тэргүүлэх эгнээнд алгуурхан гарч ирж байна. Урлаг, спорт гээд залуу насны эрх хүч, өнгө жавхаа шаардсан салбарт хэдийнээ манлайлаад эхэлжээ. 


Харин улс төр, эдийн засаг, шинжлэх ухаанд бол шийдвэр гаргах, гол ачааг үүрэх түвшинд хараахан хүрээгүй ч үндсэн гүйцэтгэгчид болсон бөгөөд дунд шатны удирдах албан тушаалыг олноороо хашиж болсон. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргахад оролцоод эхэлсэн гэсэн үг.

Өсөж торнисон орчин: Иймд манай үе өнөөгийн нийгэмд ямар зам туулан ирэв? хэмээгээд өнгөрсөн болон өнөө үетэй харьцуулах нь нэн сонирхолтой. Социализм байгуулах гэж нийтээрээ зүтгэх цаг үе бидний ой санамжинд үлдсэн нь тун ховор. Бараг коммунизм гэгч юу болохыг мэдэхгүй. Гэвч улаан туг зүүж, пионерийн тангараг өргөсөн сүүлчийн сурагчид бол бид.
 
Балчир нас маань өөр хоорондоо төдий л их ялгаа үгүй. Цэцэрлэг, сургууль гээд бүгд нэг замаар дамжсан. Сурах орчин нь барилга байшин, хичээл номоос өгсүүлээд бүгд ижил стандарттай, тоотой хэдэн сургууль л “Орос” гэсэн тодотголоор ялгарч байсныг эс тооцвол. Өсөж торнисон хийгээд гэр бүлийн хүрээ нь хот, хөдөө гэсэн ерөнхий ангилалтай. Мэдээж гэр хороолол, орон сууц, аймгийн төвийнхөн, сумынхан гээд ялгаа байлгүй яахав. Гэлээ гээд хоорондоо тийм хол зөрөө байхгүй. Баян айлын бандгар хүүгийн ар гэр нь хувийн машин, мебель тавилга, өнгөт зурагтаараа л ялгарч байв.
 
Тухайн үед социалист гэр бүлийн хүмүүжил гэж ид ярьдаг байсан боловч аав, ээжүүд маань өнөөгийн эцэг, эх шиг анхаарал тавих нь ховор, тэгэх цаг ч байсангүй. Ах дүү олуулаа зарим нь бор зүрхээрээ л хүн болцгоосон. Одоогийн хүүхэд багачуултай харьцуулахад нийтлэг байдал нилээд олон. Харин бидний араас гэр бүл, хөрөнгө мөнгө, нийгмийн байр суурь, амьдрах орчин, шашин шүтлэг гээд өөр хоорондоо эрс тэс ялгаатай жаалууд ирж явна. Тэдний дунд эх хэлээ мэдэхгүй, Монголоо харж таниагүй хэсэг ч бий. Мөн гадаад эцэг эхтэй эрлийз үрс өмнөх үесээс харьцангуй олноор өсөж бойжиж байгаа. Тэгэхээр хойч үеийнхний нийтлэг онцлогийг гаргана гэдэг тун амаргүй хэрэг.
 
Ухаан орж элдэв юмны наад цаадахыг гадарлах болсон бидний шилжилтийн насны ид үетэй ардчилсан хувьсгал, картын бараа, ганзагын наймааны алтан үе гээд нийгмийн онц сонин үзэгдэлүүдтэй давхцсан.
 
Цагаан морин жилийн цуутай хувьсгалын учрыг ойлгох нас биед хараахан хүрээгүй ч “Хонхний дуу биднийг сэрээ, сэрээ” хэмээн даган аялсаар ардчиллын үр шимийг хамгийн түрүүнд эдлэх хувьтай төрснөөрөө манай үеийхэн азтай. Гэхдээ картын бараа, талханд дугаарлаж, урдуур хойгуураа найз нөхдөө оруулж оочирын урдуур дайрч бас дайруулсаар том болцгоож, шилжилтийн эдийн засаг гэгчийг биеэрээ мэдэрч өсцгөөсөн. Хил гааль нээлттэй болсны ачаар гадаад паспорт өвөртлөсөн томчуул өмнөд хөршийг зорьж, бидний үеийнхэн олдох нь ховордсон орос, монгол сурагчийн формоо хятад жинсээр сольж, цагаан ултай хятад шаахайгаар гангарсан нь саяхан мэт. Шаанхайн дотроо бас зэрэглэлтэй таван ямаа, гурван ямаат, тагтаатай гээд л. Хэдий тэр жилүүдэд хойшоо, урагшаа явж гахай үүрэхэд нас балчирдаж байсан ч “Дэнжийн мянга”-ын зах дээр аав, ээж, ах, эгч нартаа дэм болж хагас, бүтэн сайн өдөрт бараа заралцсан найзууд ч цөөнгүй. Тиймдээ ч мөнгөний үнэ цэнийн тухай ойлголт маань арай эрт төлөвшсөн байж болох юм.
 
Хүсэл мөрөөдөл: Бага балчир хийгээд өсвөр насанд тохиох ирээдүйн тухай хүсэл, мөрөөдөл маань ч гэнэн. Дээд үеийн ах, эгч нарын олонхи нь эмч, багш, цагдаа, инженер, зохиолч гэсэн дундаж сэхээтэн болох даруухан хүсэлтэй байсан гэдэг. Хөвгүүд нь их мөрөөдлөө гэхэд сансарын нисгэгч, цэргийн даргаас хэтрэхгүй. Магадгүй үүнд генералын хүү л генерал болдог гэх сэтгэлгээ эсвэл улс эх орондоо хэрэгтэй мэргэжил гэсэн лоозон нөлөөлсөн байх. Харин өнөө цагийн хүүхдүүд нийтлэл нэвтрүүлгүүдээр ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд, дарга, захирал эсвэл бөх, сумо, олимпийн аварга, поп болон нийтийн дууны од, мисс, загвар өмсөгч болохоо илэн далангүй хэлдэг. Эндээс бид нийгэмд хэрэгтэй мэргэжлийн үнэ цэн хэрхэн унасан хийгээд хүүхэд багачуудад хэн үлгэр дуурайл болж байгааг мэдэхийн зэрэгцээ тэд бүгд олны танил од болоод нийгмийг тэргүүлэх, манлайлах оргилуун их хүсэлтэйг төвөггүй харж болно. Өөрөөр хэлбэл, илүү хурц, дайчин, эрч хүчтэй хойш үе бидний араас ирж байгаа хэрэг.  
 
Тэгвэл бид хэн болохоор хүсэж мөрөөдөж байлаа. Нийгэм нээлттэй болохтой зэрэгцэн орж ирсэн гадны видео кинонуудын ачаар хөвгүүд бид нинжа, мафийн толгойлогч, дээрэмчид болохоор зориг шулуудаж байв. Ямар сайндаа л ахлах ангид орсон анхны намар ангийн найз нинжагийн секцэнд явдаг тухайгаа хэлэхэд итгэж, хамт дагуулаад яваач гэж гуйсан юмдаг. Одоо өсвөр насны хүүг нинжа болох уу гэвэл инээдээ барьж ядах нь шоолох биз. Тиймдээ ч нас ойролцоо найзууд минь их л өөдрөг үзэлтэй, гэнэн цайлган мэт санагддаг.
 
Боловсрол, хэв маяг: Одоогоор улс орны хамаг л өндөрлөгт байгаа ахмад үе бидний боловсролыг ихээхэн голдог. Тэр нь ч бас үнэний ортой. Энд харин ч эсрэгээрээ юм биш үү гэж санал зөрөх хүн гарч мэдэх юм. Тиймээс өөрийн үеийн боловсролын түвшинг нийтээр нь авч үзэж буйгаа хэлье. Шинжлэх ухааны олон суурь мэдлэг олгодог манай боловсролын хуучин тогтолцоо дэлхийн аль ч оронд гологдохгүй ч урлаг, түүх, утга зохиол нь үзэл суртлаасаа болоод ихээхэн сул дорой байсан гэж үзэж болно. Нэг үгээр хэлбэл, хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд хамгийн гол үүрэгтэй эд хэсэг нь одоо л дөнгөж учраа олох гэж байна. Тэгэхээр өнөөгийн удирдагч нарын толгойлж буй нийгэмд хүмүүнлэг, шашинлаг шинж харьцангуй сул байгаа нь зүйн хэрэг. Энд тэдний хэлдэг “мужик” чанар хийгээд мухар сүсгийн тухай өгүүлээгүй болно. Хүнийг биш хөрөнгө мөнгийг хөгжил дэвшлийн гарц болгон харах хийгээд гэм нүглээ ч ялгаагүй мөнгөөр цайруулж арга чарга хийхийг хэлж байна.
 
Бидний өсвөр насан дээр орос хэлний нөлөө эрс буурсан мөн англи хэл ч өнөө үе шиг өндөр ач холбогдолгүй байсан учир гадаад хэл сурахаа нэлээд хожуу эхэлсэн. Дээр нь олноо дагаад дунд сургуулийн багш нар маань хүн л юм хойно наймаа хийнэ. 1990 оны дунд үед, эмэгтэй голдуу багш нарын бас нэг жижиг зах зээл нь анги танхим, сургууль байлаа. Цүнх дүүрэн бараатай ирэх багш дээр охид голдуу шавах ба тэдний хооронд дүүд чинь нөгөө цамц нь таарсан уу, ээждээ мөнгийн битгий удаа гэж хэлээрэй гэх зэрэг яриа үүснэ. Мөн багш сүрхий өрийн данстай байснаас үзэхэд бэлэн мөнгөтэй хүн ховор байжээ. Цалингаа дагаад багш мэргэжлийн нэр хүнд нь ч унаж эхэлсэн нь бидний хичээл номд нөлөөлөх болсон. Мөн хөдөөд мал хувьчилж авсан зарим иргэд зөрүүлээд хүүхдээ сургуулиас гарган завсардуулснаар бидний үеийн нийтийн боловсролын түвшинг ихээхэн унагаасан. 
 
Гэтэл багш хүн бол нийгмийн оюун санаа, сэтгэлгээ хандлагыг төлөвшүүлэгч, тиймээс тэд хамгийн нэр хүндтэй байх ёстой. Ингэхийн тулд өндөр цалин, өндөр хариуцлага хэрэгтэй нь тодорхой.
 
Манай үеийн цөөнгүй хэсэг нь “Аяа миний арван найман нас”, “Хорьж болдоггүй хорин насандаа” гэж дуулсаар сурагчийн ширээгээ орхин их, дээд сургууль орцгоосон. 1990-ээд оны эхэн хагаст үй түмэн хувийн их, дээд сургууль байгуулагдан элсэлт авч эхэлснээр нэг хэсэг хувийн сургууль моод болж, улсын сургуулиас хүртэл шилжиж байлаа. Одоо тэр сургуулиудын дийлэнх нь татан буугдаад сураггүй болж.
 
Бидний оюутны амьдрал бас өөрийн гэсэн онцлогтой, гуниг, баяраар дүүрэн өнгөрчээ. Өнөөгийн нийгмийг удирдаж буй хэсэг бүгд л ЗХУ, посткоммунист орнуудад хийгээд дотоодын их, дээд сургуульдаа дээд боловсрол эзэмшсэн. Оюутан ахуй цаг нь олон талаараа өөр хоорондоо адилхан. Дотоод, гадаадад төгссөн гэлтгүй нийтээрээ орос хэл гадарлана. Түүнийгээ боловсролтой хүний хамгийн том үнэлэмж хэмээн тооцдог. Хаяа жаахан халахаараа оросоор ярьж мэдлэгээ гайхуулах жишээтэй. Олонхи нь хүүхэд нас хөдөө мал билчээрт өнгөрөөсөн боловч оюутны амьдрал нь манай үеийг бодвол хамаагүй жаргалтай. Намрын ажил, нам, эвлэл гэх зэрэг бидэнд байхгүй онцлогтой. Тэд сургалтын төлбөр, төгсөөд хаана ажилд орох вэ гэж огт шаналаагүй. Бүүр улсаас цалинтай сурах ба онц дүнтэй хэсэг нь нэмэлт урамшуулалтай байв. Гэхдээ зарим нэг нь хотод хуваарилагдах гэж багагүй шаналсан гэдэг. Сүйхээтэй, сэргэлэн хэд нь “шовгор” (шил архи, авилгалын анхдагч хэлбэрүүдийн нэг) атгуулж, эсвэл танил талаараа яриулж хотод үлддэг байсан гэх. Харь оронд сурсан хэсэг нь бидний болон өнөө үеийнхэн шиг Оросын мулзан толгойтнуудаас айж, ядуу Монголын иргэн, онигор хэмээн адлуулж яваагүй. Харин ч эсрэгээрээ ах дүүгийн “ганбат найрамдал” нэрийн дор коммунист лагерьт үнэ хүндтэй сурцгаасан. Тиймдээ ч Орос ах нарынхаа ачийг одоо болтол мартаагүй улс.
 
Гадаад сураад ирсэн дарга, сайд нарын хүүхдүүдийг илүү гоё ирээдүй хүлээж байлаа. Тэд ирээд л дипломат алба эсвэл нийгмийн аль нэгэн тэргүүлэх салбарт дор хаяж мэргэжилтэнгээр томилогдоно. Энхрий хайрт намаасаа даалгавар авч онц сайн сураад ирсэн нөхдүүд бүүрч мундаг, карьер нь аймаг, дүүрэг болон томоохон албан газрын намын хорооны дарга, орлогчоос эхэлж байх жишээтэй. Өнөөдөр энэ хэсэг л бараг бүхэлдээ улс орон, нийгмийг удирдаж толгойлж байна. Жирийн ажилчин, тариачин, малчин залуусаас тэд урт үс ургуулах, трапецин жинс өмсөх, эстрад хамтлагуудын пянз цуглуулах зэргээр ялгарна. Учир нь тухай цагт тэдэнд л бусдаасаа түрүүлж барууны ертөнцтэй харилцах боломж гарчээ. Тиймээс капиталист буюу чөлөөт ардчилсан нийгмийн соёл, урлагийн анхны үрийг эх орондоо авчирагсад, тээгчид болсон бөгөөд урт үс, жинс, пянз нь наад өнгөн илрэл байсан гэж үзэж болно. Тухайн үеийн залуус бүгд л тэдний хэв маягийг дуурайн дагаж ижил хувцас, адилхан үс засалтаар гангарсныг бид кино хальс, фото зурагнаас харцгаадаг. 
 
Харин бидний болон өнөөгийн оюутан залуус ижил хэв маяг, нэгэн загвараас аль болох зугтаж байна. Тийм боломж ч бүрэн дүүрэн нээлттэй болжээ. Ангиараа адилхан үстэй, ижил загварын хувцас өмсөх тухай төсөөлөх ч үгүй. Энэ хэдий хүмүүсийн гадаад дүр төрхтэй л холбоотой мэт өнгөц харагдавч сэтгэлгээний хувьд асар том өөрчлөлт, зөрүү байгааг илтгэх бус уу. Жишээ нь уртын дуу, хөөмий, морин хуур ардын буюу язгуур урлаг, (бараг л тэр үед малчдын гэж ойлгож байсан байх лав өнөөгийн үндэсний баяр цагаан сарыг малчдын баяр гэж байв.) гэсэн нэрийн дор ихэвчлэн сайн дурын уран сайханчид л хөгжүүлж байлаа. Тэр үеийн залуучуудаас ардын дуу хууруу тоож сонсдог нь ч цөөхөн байсан байх. Нэг бол хайрт нам засаг, эх орноо магтсан үзэл суртлын дуу хөгжим, эсвэл хулгайгаар орж ирэн нууцаар тархах эстрадын төрөл жанр гэсэн хувилбартай л байсан гэдэг. Харин бидний үеэс эхлэн залуус Монголын онцлогтой энэ урлагаа дэлхийн сонгодгуудын хэмжээнд тавьж, түүнийгээ хөгжүүлж, сурталчлан хөлсөө дуслуулж түүнийхээ хэмжээгээр үнэлүүлж байгаа. Хуучин хөрөнгөтөн орон явах хийгээд хөрөнгөтэй болох нь ч хориотой байсан бол бидний үед чи чаддаг л юм бол түүнд хязгаар гэж байхгүй болжээ. Энэ боломжийг нас ойролцоо олон олон залуус ашиглаж гадаад, дотоодод гялалзаж явна. 
 
Үзэл бодол, улс төр: Ахмад үеэ бодвол бид хамаагүй илүү үндэсний үзэлтэй. Чингис хаанаараа бахархаж, түүний нэрийг эмээж ичилгүй хэлж өссөн маань ч үүнтэй холбоотой байх. Шашны шүтлэгийн хувьд олонх нь итгэл бишрэл муутай ч аливаа гэм нүгэл, үйлийн үрийг ухаарах болсон. 
 
Улс төрийн тухайд нам, эвлэлд элсэх гэж үйлээ үздэг байсан он жилүүдтэй зүйрлэх аргагүй. Намын гишүүн болох, эсвэл, холбоонд харьялагдах шиг амархан юм бидэнд алга. Сонгууль дөхөхөөр өнөө нам хүчнээрээ бүр гуйлгаж, жижигхэн хахууль аваад зогсохгүй нэг зэрэг хэдэн ч намд элсэх боломж нээлттэй мэддэг. Тэгээд ч ямар хуучин нийгэм шиг нам гарлаа (намаас нэг бол үхэж эсвэл хөөгдөж гарах хоёрхон л зам байсан) гээд ажил, төрлөө алдаж, нутаг заагдаж муугаа үзэх биш. Хаалгыг нь тас саваад онц их хурал зарлах, жигүүр фракц байгуулах гээд олон хэлбэрээр томорч тодрох боломж байгаа. Гэхдээ бид улс төрийн үзэл баримтлалын хувьд хамаагүй илүү төлөвшсөн. Учир нь хувь, хувьсгалын чанартай, чанаргүй их, дээд сургууль төгссөн хэн боловч ардчилал, хүний эрх, эрх чөлөө, баруун зүүний намын тухай ойлголттой болоод гарч байна. Хэдий одоогоор зарим нь зүүн намд элсэж, зүтгэж байгаа ч дийлэнх нь либерал үзэлтнүүд. 

Оюутны он жилүүд дэх улс төрийн амьдрал ч харьцангуй өрнөлтэй, сонирхол татахуйц байсан. Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд гарч гуч хүрээгүй ах нар УИХ-ын гишүүд, сайд болж бидний амбицийг хөөргөж нөгөө л гэнэн төсөөллөөрөө сургуулиа төгсөөд улс төрч болж засгийн эрхийн төлөө тэмцэхээр шийдэж байлаа. Одоо ч энэ хүслээ гээгүй найз нар минь намын залчуудын байгууллагуудад бий. Үүнтэй зэрэгцэн ардчиллын алтан хараацай С.Зориг бусдын гарт амиа алдсан хийгээд “Казиногийн хэрэг”-т УИХ-ийн гишүүд холбогдон анх удаа ардчилсан төр лидерүүдээ шоронд илгээсэн, засгийн газрууд удаа дараалан огцорч, эрх баригч болон сөрөг хүчин хоорондын улс төрийн буулт, тохироо, бойкот хийх гээд л олон явдлууд манай үеийхэнд нөлөөгөө үзүүлсэн нь гарцаагүй. Ямар ч байсан бид дээрх үйл явцад зөв, буруу ч гэсэн өөрсдийн дүгнэлтийг хийж ирсэн нь бусад үеүүдэд тохиолдож байгаагүй дэвшил гэж хэлж болмоор.
 
Нийтлэлийн төгсгөлд хэлэхэд өөрсдийн үеийн дүр зураг, онцлогийг нийтлэг байдлаар гаргахыг хичээсэн болно. Мөн зарим зүйл маань хэн нэгний төсөөлснөөс хол зөрсөн байж ч мэдэх. Гэхдээ бидний үе ирж яваа учир ямар нэгэн байдлаар дүр зураг гаргахыг оролдох нь зүйтэй гэж үзлээ.
 
А. Энхбат, 2011 он

3 comments:

  1. bi 82 oniix, kartiin baraand l ix oocherloson doo xoorxii, ix l olsdog bsanaa sanadagiin, mongo bsan ch goyo yum ni delguurt bdaggui blaa

    ReplyDelete
  2. манай үеийнхэнд олон юмс байсан, бас байхгүй юмс ч олон байлаа.Одоо бол бүгд нээлттэй бөөн боломжууд дунд амьдардаг болж дээ.Эзэн нь ялимгүй л хичээхэд заяа нь шууд хичээдэг цаг иржээ. хэ хэ

    ReplyDelete
  3. Baasanjargal Z.24/04/2011, 19:30

    чи нинжагийн секцэнд явдаг байсан юму Энхбатаа ангийн анд чинь байна

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)