2011/02/22

НЭГ СТАЛИНЫ ХОЁР МОНГОЛ УЛС БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Тун удахгүй хавар болгоноор аугаа их эх орны дайны ялалтын 66 жилийн тэгш ой хэмээн бөөн баяр хөөр болно. Манайхан ч сурсан зангаараа дагаа л намирч, орой нь телевизүүдээр  зөвлөлтийн үеийн үзэл сурталжсан баахан кино хөврөх нь тодорхой.
Уг нь шууд утгаараа бол оросуудын хувьд л эх орноо хамгаалсан гэсэн утгатай болохоос манай эх орны дайн биш л дээ. Ялалтын баяр бол Өрнийн болон Зөвлөлтийн цэргийн эвсэл германы социалист нацизмыг ялсан дайн бөгөөд харин түүнд монголчууд бүхий л чадлаараа хөрш орноо дэмжсэн гэдэг нь бол түүхэн үнэн юм. 


Харин тухайн үеийн монголчуудын ойлголтоор манай аугаа их орны дайн бодитоор 1945 оны 8 сарын аравны өдөр Монголчууд Японд дайн зарласнаар эхэлсэн юм. Монголын Засгийн Газар дайн зарласан шалтгаанаа "Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” хэмээн шулуухан тайлбарласан байдаг. Тодруулбал, Өвөрмонголыг чөлөөлөх замаар эх орноо түүхэн хилээр нь нэгтгэх ариун дайнд тэд морджээ.

 Японы милитаризм ялагдах нь тодорхой болчихсон 1945 онд монголчуудын ариун дайн ялалтаар өндөрлөх нь бүгдэд илт байв. Сүүлийн гурван зуун жилийн турш нийт монголчуудын мөрөөдөл байсан Нэгдсэн Монгол улс дэлхийн газрын зураг дээр дахин мэндлэх ёстой. Энэ бол монголчуудын сонголт. 
Түүхийг бүтээх үйл явц нь үргэлж сонголтыг шаарддаг боловч бодит түүх болж чадах эсэх нь үйл явдлыг удирдаж буй хүчний сонголттой хэр зэрэг давхцаж байгаагаас хамаардаг байна. Нармай монголыг байгуулах гэсэн монголчуудын хүсэл үйл явдлыг удирдагчийн хүсэлтэй давхцжээ.

 Юуны өмнө Сталин Гадаад монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр төдийгүй хөрш хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэх замаар БНМАУ хэмээх "жийрэгч"-ийн үүрэгтэй нэгэн шинэ Монгол улсыг амжилттай байгуулаад байсан юм. Жолоодогчын төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв ЗХУ-аас Хятадаар дамжин латин Америк хүрэх тухай түүний хувьсгалт романтизм нь үнэн хэрэг дээрээ дараагийн дэлхийн III дайны тухай  болон өөрийн гол өрсөлдөгч АНУ-ыг унагах алсын стратеги бүхийн агуу төлөвлөгөө байв. Дэлхийн III дайн эхлэхэд өөрийн улсын аюулгүй байдлаа "буфер" бүсүүдээр халхлах зорилтын хүрээнд монголчуудын тусгаар тогтнолын төлөө шаргуу тэмцжээ.
 
Хөгшин террорист 1939 онд монголын нутаг дэвсгэр дээр Япончуудтай нүдэлдсэн шигээ Америкчуудтай мөн байлдана гэж тооцсон хэрэг. Тийм ч учраас Гадаад Монголын статус-квогийн талаар ДИУ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа "стратегийн үүднээс авч үзэхэд аль нэг цэрэгжсэн их гүрэн Гадаад Монголоос ЗХУ-ыг довтолж Сибирийн төмөр замыг таслах юм бол ЗХУ өнгөрөх нь тэр" гэж хэлээд Япон, Хятад аль аль нь Монголыг эзлэх хүчгүй учир эл санаагаа АНУ-тай холбон тайлбарласан байна.


Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы Квантуны армийг бут цохих нэрийн доор Америкаас өрсөн, хятадаар дамжиж, азид аль болох гүн нэвтэрч, тэнд аль болох олон "буфер" социалист БНУ-уудыг байгуулах хэрэгтэй гэж үзэв. Яг энэ зорилгынхоо хүрээнд дахин нэг шинэ Нармай монгол улс байгуулахыг тэр хүсжээ.

 1945 оны VIII сарын эхээр маршал Х.Чойбалсанг Кремльд Сталин дуудаж уулзав. Уулзалтанд Сталин санамсаргүй маягаар Гадаад болон Дотоод Монголын удирдагч болох Х.Чойбалсангийн төлөө хундага өргөсөн нь Японыг чөлөөлөх дайнд ЗХУ Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн учир тэрээр эх орондоо буцаж ирээд "Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” Японд дайн зарласан байна.

 
Сталин Хятадуудтай Гадаад Монголын тусгаар тогтнолын талаар уулзахдаа "Монголчууд Гадаад, Дотоод Монголыг нэгтгэхийг маш их хүсэж байгаа юм" хэмээн сүрдүүлсэн зэргээс үзэхэд түүнд Хятадуудтай хэл амаа олохгүй АНУ-д алдсан тохиолдолд Нэгдсэн Монгол улсыг байгуулах замаар Америкуудын эсрэг тулах гэсэн хэрэг ажээ. Ийнхүү монголчуудын элэг нэгт ахан дүүгээ нэгтгэж хуучин түүхэн газар нутгаа эргүүлэн авч Нармай Монгол байгуулагдах бодит бололцоо бүрдэв.

 
Гэвч дараа дараагийн хэрэг явдлаар Хятадад Америкчууд нэвтрээгүйгээр үл барам иргэний дайнд ХКН ялж 600 сая хүнийг удирдах эрх олж авсанаар Азид социализмын алтан үе ирлээ. Одоо Сталинд нармай монголчууд хэрэггүй учраас нэгдэх хүсэлтэй өвөрмөнгол ноёдыг Улаанбаатарт урин авчирж буудаж алсан бол үзэл санааны удирдагч Х.Чойбалсанг нь Москвад “эмчилж” цааш харуулав. Түүнд монголчууд БНМАУ буюу гадаад Монголын хэмжээнд л тусгаар тогтнох хуучин төсөл нь ашигтай болсон хэрэг.

 Харин дэлхийн хувьсгалын төлөө Америкчуудтай тэмцэх агуу үүргийг Сталин коммунист хятадуудад үүрүүлж “ирээдүйн дэлхийн хувьсгалын төв хятад болно. Ах нь дүүгээ залгамжилна” хэмээн айлджээ. Түүний бодит илрэл болж шинэ дайн монголын нутагт биш Солонгосын хойг, Вьетнам, зүүн өмнөд азийн улсуудын газар нутаг дээр дэгдсэн билээ.



Монголын улс төрийн цаг агаар шинжилгээний төвийн шинжээч О.Чулуунбилэг. 
Жорж Вашингтоны Их сургууль. 2011 02 19.

1 comment:

  1. Монгол нутаг Монголоороо үлдэхийг ард тумэн хүснэ...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)