2011/03/15

09. 11 ХИЙГЭЭД 03. 11

Юуны өмнө сонгосон гарчиг маань элдэв зөгнөл, тооны билэгдэлтэй огт хамаагүй болохыг дурьдахын зэрэгцээ Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлэе. Номхон далайн эргийн бүс нутагт буюу Токио хотоос 400 орчим км зайтай далайн гүнд 12 баллын хүчтэй газар хөдлөн цагт 800 км хурдтай 6-10 м өндөртэй цунами үүсэж эдийн засгийн хүчирхэг гүрэн Япон орныг гамшгийн байдалд хүргэлээ. Одоо эд материал, хүн хүчний хохирол тооцох нь эрт ч хохирол дан ганц энэ улстай хамаатай биш нь тодорхой.

Хэвлэл мэдээллийн олон суваг яг л 9 сарын 11–ний үйл явдал шиг энэхүү байгалийн гамшгийн тухай мэдээлж байна. Улам бүр хавтгай болж буй өнөөгийн дэлхий ертөнц мөн л 9 сарын 11-ний үйл явдал шиг хүлээн авч, хүн төрөлхтөн байгалийн гамшгийн эсрэг сайн санаа, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж эхэллээ.

9 сарын 11-ний үйл явдал, төрийн үүрэг хариуцлага хийгээд улс орны хүчирхэг байдал, дайн байлдааны тухай олон олон ойлголтуудыг эргэн харахад хүргэсэн. Үүний зэрэгцээ, дэлхий нийт АНУ-д сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэхийн хамт тэдэнтэй тероризмын эсрэг нэгдэж, далайцтай тэмцлийг эхлүүлсэн бөгөөд тэмцэл одоо ч үргэлжиж байна. Дээрх үйл явдал нь хүний нийгэмд буй шашин шүтлэг, төрийн бүтэц (дэглэм), итгэл үнэмшил, үзэл бодлын талцал зөрчил нь ямар аюулд хүргэж болохыг мэдрүүлэх болсон.   

Өндөр наслалт, хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг, техник технологийн хөгжил, түүний ололтонд шүтсэн Японы нийгэм байгалийн гамшигтай хэрхэн тэмцэж буйг ойрын өдрүүдэд хэвлэл мэдээлэл хангалттай харуулж байна. Гамшгийн үед шинжлэх ухааны ололт болох цөмийн байгууламжууд, нефьт хийн хоолой нь хохирол дээр хохирол нэмсээр. Гэсэн хэдий ч Япон орон барьц алдахгүй байна. Харин ч өөрийн техник тенологийн хөгжил дэвшил, түүний хүч чадлыг харуулж чадлаа. Гадаад худалдаанаас олсон асар их валютын нөөц нь эргээд эдийн засагтаа дарамт учруулж байсан бол одоо эргэлтэнд орж эхлэх ба амиа хорлолт, нийгмийн стрес зэргээр муугийн жишээ болж байсан энэ ард түмэн дэлхийн II дайнаас хойш дахин хүчтэй нэгдэж нягтрах нь гарцаагүй.

Гамшгийн үед хамгийн түрүүнд далайцтай тусламж үзүүлэхээ амласан АНУ ойрын түнш гэдгээ харуулсан бол Японтой газар нутгийн маргаан нь ид сэдрээд байсан ОХУ, БНХАУ-ын зүгээс ч нэн түрүүнд тусламж, дэмжлэгээ илгээсэн. Энэ нь эдгээр орнуудын хоорондох гадаад харилцааны хүйтрэлийг намжаахад  чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, аливаа зүйл сайн муу хоёр талтай байдагтай адил гамшиг ч бас эерэг нөлөөтэй нь харагдаж байна.   

Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүд болон далай, тэнгисийн эрэгт ойрхон орших олон улс орон хэрэв энэ аюул бидэнд нүүрлэсэн бол гэсэн асуудал дэвшүүлж, өөрсдийн байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, алс хэтэд нүүрлэж болох аюулаас болгоомжлон сэрэмжлэх болов.

Сорилт, сургамж гэж нэрлэж болох энэхүү байгалийн гамшгийг Япон оронтой цуг дэлхий нийтээрээ даван туулж, хөгжил дэвшлийн шинэ үеийг эхлүүлэх бололтой. Мэдээж энэ цаг үед улс орнууд хоорондын харилцан хамаарал улам бүр нэмэгдэж,  ойртон нягтарч,  үүнийхээ хэрээр нэг дэлхий дээр гэдгээ илүү ихээр мэдэрч байна.

А. Энхбат, 2011. 03. 13  

1 comment:

  1. dajgui taamagtai yum. neeree yuch bolsongui manaihan l baahan sandarsan baih kkk

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)