2011/03/14

БӨӨГИЙН “ТЭНГЭР ОНГОЙХ” БУС, ОЮУНЫ УУРХАЙ НЭЭГДЭГ!

Нэг хэсэг Монголчууд бид “алтан цөгц”, “ромбо гараг”, ид шидтэн, далдын харагчдаар улс орны хувь заяа ирээдүйгээ тодорхойлуулж байлаа. Бүр улсын ерөнхийлөгч нь хүртэл тусгай цалин хангамжтай үзмэрчтэй, түүнийгээ дотоод гадаадын томилгоондоо дагуулж явдаг байв даа.

Тэр үеэ бодвол далдын нөлөө, ид шидэд итгэж бишрэх хандлага харьцангуй багассан. Гэхдээ л гэр бүлийн хэрүүлээ ярилцаж тохироод шийдэхээсээ ламбугай руу уйлан гүйлдэх, хүүхдээ дээд сургуульд элсүүлэхийн тулд хичээл номыг нь давтуулахаасаа лам бөө дээр очиж арга засал хийлгэхээс аваад сонгуульд нэр дэвших эсэхээ судалгаа шинжилгээн дээр тулгуурлан шийдэхээсээ далдыг харагч дээр очиж лавлах, ажил хэрэг эхлэхээ зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль, түншүүдийнхээ цаг заванд тохируулахаасаа зурхайн үе мөчлөгтэй тааруулан оноохыг хүсэгчдийн тоо олшроогүй юм аа гэхэд буураагүй юм шиг санагддагаа нуух юун.
 
Улс оронд орж ирэх “асар их” баялаг хөрөнгө орж ирэхийн гараан дээр байгаа гэж хөөрцгөөх атлаа хэрхэн оновчтой хуваарилах талаар оновчтой санаа бодол тун хомс. Байлаа ч явцуу хүрээнд яригдаж, шийдвэрлэгдэж байх шиг. Баялгаа зөв ашиглах, хуваарилах талаар үзэл бодлоо уралдуулахаас илүү зүгээр л тарааж олон түмний ам таглах нэг хэсэг, шударга бусаар шулуулж байгаадаа гомдож тунирхсан сэтгэл хөдлөл бүхий нөгөө хэсгийн л дуу хоолой чанга сонсогдоод байх юм.
 
Ямартай ч УИХ маань дэргэдээ бодлогын судалгаа шинжилгээ хийдэг албан ёсны нэгжтэй болоод авсан. Бодвол нэг бус чухал ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй нугалж өгдөг гэдэгт итгэж явдаг. Уг байгууллагын эрхэм зорилгыг бол ойлгоод байгаа юм. Харин байгуулагдсанаасаа хойш юу хийв гэдэг талаар мэдээлэл хомс.
 
Манайд бодлогын судалгаа шинжилгээ хийдэг, холбогдох зөвлөмж боловсруулдаг мэргэжлийн төрийн болон болон бус байгууллага, хүрээлэн бий нь бий. “Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо”, “Стратеги судалгааны хүрээлэн” зэрэг нэр хүндтэй судлаач шинжээчдээс бүрдсэн байгууллагуудыг үүнд дурьдаж болно. Ялангуяа “Стратеги судалгааны хүрээлэн” 20 гаруй жилийн ажлын туршлагатай, олон чадварлаг залуу судлаачдаас бүрдсэн, мэргэжлийн түвшинд бодлогын дүн шинжилгээ чаддаг гэж хувьдаа дүгнэж явдгаа хэлэх байна. Мөн “Бодлого судлалын төв” гэх мал аж ахуй, сүү сааль гээд ойр зуурын сэдвээр төсөл хэрэгжүүлээд явдаг ТББ ч бий. 
 
Саяхан хүртэл гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт олон жил ажилласан ахмад судлаачид хамтран “Геополитик” гэх сүрхий нэртэй ТББ байгуулсан байна лээ. За тэр нэр нь ч дүүрч. Гол нь улс төржиж, хийрхсэн иргэний хөдөлгөөнүүдээс илүүтэй судалгаа шинжилгээ, зөвлөмж боловсруулдаг иймэрхүү байгууллагууд нь түлхүү байгуулагдвал улс орны хөгжилд илүү нэмэртэй юм даа.
 
Харин шийдвэр гаргах түвшинд ялангуяа УИХ, засгийн газрын түвшинд тэдгээр мэргэжлийн судлаачдынхаа санаа оноог хэр хүлээж авдаг юм бол доо? Энэ тал дээр харин эргэлзээтэй ханддагаа шулуухан хэлье. Өөрт ашигтай гэгдэх хуулийн төслөө хэзээ хэлэлцүүлэгт оруулахаа лам багшаасаа асуухаас сийхгүй байрын цөлх гарууд УИХ-д нэг бус харагддаг юм билээ. Зарим ч асуудаг биз гэж хөндий таамаглал дэвшүүлэе.
 
Өнгөрсөн 20 жилийн туршид “сайхан санаа оноо байх юм, даана ч мөнгө алга” гэж тунирхаж байсан явдал ард хоцорч, харин “мөнгө байна аа гайхалтай санаа юу билээ” гэж шогшрох дээрээ ирлээ бид. Хөгжингүй орнуудад “think tank” гэх нэрийн дор оновчтой, ашигтай санааг уралдуулж, улмаар “чулуу” болгодог тогтолцоо үйлчлээд багагүй хугацаа өнгөрчээ. Монгол улсын хөгжлийн ирээдүйтэй салбарууд, ялангуяа уул уурхай, байгаль экологи, аялал жуулчлал, санхүү хөрөнгө оруулалт, боловсрол шинжлэх ухаан, дэд бүтцийн салбаруудаар дагнасан болон нэгдмэл “think tank” төв буюу судалгаа шинжилгээний томоохон хүрээлэнгүүд байгуулагдах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна.
 
Улс орны хөгжлийн нэг үзүүлэлт болох “think tank” түвшинг тогтоодог индексийг олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг юм байна. Энд та бүхэнд дэлхийн “think tank”-ын хөгжлийг улс орон тус бүрээр нь харуулсан газрын зургийг танилцуулж байна.
 
Энэхүү 2008 онд Пенсильваний их сургуулиас явуулсан судалгаанд улс орнуудын “Think tank”-ын индексээс харвал  “Think tank”-ын хувьд мөн л африкийн орнуудтай адил "сүүл барьж" яваа нь харагдаж байна. Мөн посткоммунист орнууд дахь “think tank”-ын төвүүдийн тоо байна.
  • Украин - 45
  • Эстони - 15
  • Гүрж - 14
  • Литва - 13
  • Армени - 13
  • Азербайжан - 13
  • Беларусь - 12
  • Киргиз - 9 
  • Латви - 9
  • Казахстан - 8
  • Узбекстан - 8
  • Монгол - 7
  • Тажикстан - 6 
  • Молдов - 5
Монгол мөн л энэ жагсаалтад ард хоцорчихлоо. Бид энэ талаар эрчимтэй бодлого явуулах шаардлага байгааг дээрх индекс, жагсаалт их бага хэмжээгээр хэлж өгч байна.

“Think tank” гэх нийгмийн хөгжлийн шинэ үе шат, нөхцөлд тохирсон оюуны үйлдвэрийг монголд хөгжүүлэхэд тухайлсан бодлого, үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ:
-Улс төрчид, шийдвэр гаргагчид маань судалгаа шинжилгээ, түүхий, хийрхсэн мэдээлэлтэй биш “боловсруулсан” мэдээлэлтэй харилцах ур чадвараа хөгжүүлэх,
- Сэхээтнүүд, иргэний нийгмийн зүтгэлнүүд аливаа ТББ нь олон нийт руу чиглэсэн “дарамттай” ажиллагаатай байх ёстой гэх сэтгэлгээгээ өөрчилж, ухаалаг лобби хийдэг “think tank” төв байгуулах тал руугаа идэвхтэй ажиллах,
- Оюуны өмчийг хамгаалах, бизнесийн байгууллага хувь хүмүүс хүний оюуны бүтээл болгон үнэ өртөгтэй байдаг гэх ухамсрыг бүрдүүлэх талаар  төрийн зүгээс явуулах бодлогоо эрчимжүүлэх тус тус шаардлага тулгараад байна.
 
Нэн тэргүүнд “think tank”, оюун бүтээл, үйлдвэрлэлийн талаар их дээд сургуульд хичээлийн хөтөлбөр боловсруулахаас ажлаа эхлэе.
 
Бидэнд улс төрийн биш, оюуны хувьсгал хэрэгтэй байна. Улс төрийн хийрхсэн мэдэгдэл, хэдэн цаас харсан жагсаал цуглаанаас илүүтэй “Think Tank” хэмээх “Оюуны лобби”-г хөгжүүлэх нь чухал байна. Ядахдаа, муухай хашгирсаныг биш учир зүйг нь тайлбарласан хүнийг хэн бүхэн сонсоход бэлэн байдаг шүү дээ залуусаа.
 
Бүгдээрээ шашинжсан, улс төржсөн нийгэм биш мэдлэгийн нийгэм байгуулахын тулд “Think tank”-ыг хөгжүүлгээе.
 
Жич: “Think Tank” гэх ойлголтыг монгол хэл рүү оновчтой хөрвүүлсэн нэр томъёо олж харсангүй. Иймээс тэрхүү латин ойлголтыг тэр чигээр нь хэрэглэсэн болно. Ер нь "Оюуны үйлдвэр", "Шинэ санааны төв" зэргээр орчуулж болох мэт санагдана.  
 
Ингээд улс орнууд дахь “Think tank”-ын хөгжлийн талаар сонирхсон хүмүүст доорх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэрчлэн улс төрийн хүрээнд “Think tank” хэрхэн хөгжиж буй талаар http://ulstur-tech.blogspot.com/2011/02/think-tank.html хаягаар орж дэлгэрэнгүй танилцах боломжтой.
 
“Think Tank” гэж юу вэ?
“Think Tank” гэдгийг төрийн болон хувийн секторт зөвлөмж боловсруулах, харин улс төрийн салбарт тодорхой улс төрийн шийдвэрийн нийгэм-эдийн засгийн үр дагаврыг үнэлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг олон нийтийн институт гэж тодорхойлж болно. “Think Tank” байгууллага нь судалгаа шинжилгээ, аналитикаас аваад улс төрийн хавсрага шинжилгээ, онолын суурь бүтээл зэрэг оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, нийгэм, улс төрийн салбарууд уг институтын боловсруулсан мэдээлэл дээр үндэслэж шийдвэрээ гаргах бололцоотой байдаг гэсэн үг юм. Энэ утгаараа “Think Tank” нь нийгэм-эдийн засаг, улс төрийн эрмэлзэж буй үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлд үндэслэсэн стратегийн зорилго хийгээд хувийн шинжтэй эрдэм шинжилгээний судалгаанаас ялгаатай болохыг сануулах нь зүйтэй.
 
Уг нэр томъёог Дэлхийн II дайны үед Америк, Британий төрийн цэрэг дайны судалгаа шинжилгээний байгууллагуудыг нэрлэх үүднээс анх хэрэглэсэн гэдэг. Харин өдгөө гол төлөв төрийн бус, бие даасан мэдээлэл-шинжилгээ судалгааны хүрээлэн, тогтолцоог уг ойлголтоор тэмдэглэх болжээ. 
 
“Think Tank” хэмээх оюуны үйлдвэрлэл нь цэрэг хүчний байгууллагаас хальж томоохон их дээд сургууль, судалгааны төвүүд, улмаар өдгөө иргэний нийгмийн бие даасан институтыг хамарсан маш өргөн бүтэц болтлоо хөгжижээ. Өнөөдөр  албан ёсоор бүртгэгдсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Think Tank”-ын 1/3 нь АНУ-ын газар нутаг дээр төвлөрсөн байдаг гэнэ. Энэ утгаар АНУ-ыг “Think Tank”-ын эх орон төдийгүй хамгийн том тоглогч гэж нэрлэх бүрэн үндэстэй. Иймээс “Think Tank”-ын хөгжлийн талаар асуудлыг авч үзэхийн тулд АНУ-ын “Think Tank”-ын хөгжлийн замналыг судлах шаардлага зайлшгүй гардаг.
 
АНУ дахь “Think Tank” 
Тус улс дахь “Think Tank” нь ямар нэг байдлаар үзэл суртлын өнгө аясыг агуулсан шнжтэй хөгжиж иржээ. Тухайлбал, хамгийн томд тооцогдох “Think Tank” төвүүдээс 30 гаруй нь төвийг сахьсан гэх статустай байхад мөн консерватив, либерал, либертари чиглэлтэй 20 гаруй “Think Tank” төвүүд ч бий. Өөрөөр хэлбэл, мэдээллийн орон зайн 47%-ийг “төвийн”, 37%-ийг консерватив “Think Tank” төв эзэлж байдаг бол үлдсэн 16%-ийг либерал чиглэлтэй “Think Tank” төвүүд тус тус “эзэмшдэг” байна.
 
Төвийг сахьсан “Think Tank” хүрээлэнгүүд нь аль нэг нам хүчнээс ангид, гол төлөв гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар бие даасан судалгаа эрхэлдэг “РЭНД корпораци” (RAND Corporation), “Хотын хүрээлэн” (Urban Institute), “Стратеги, олон улс судлалын төв” (Center for Strategic and International Studies), “Америкийн эдийн засгийн судалгааны хүрээлэн” (American Institute for Economic Research) зэрэг томоохон эрдэм шинжилгээний төвүүд багтдаг байна.
 
Харин консерватив” Өв сан” (Heritage Foundation), “Америкийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээлэн” (American Enterprise Institute), “Үндэсний бодлогын шинжилгээний төв” (National Center for Policy Analysis) зэрэг манлайлал, төрийн аюулгүй байдал, эрх зүйн тогтвортой байдал, боловсрол хүмүүжил, асрамж эрүүлийг хамгаалах зэрэг америкийн нийгмийн харьцангуй уламжлалт суурь асуудлыг шийдвэр гаргах гол нөхцлөө болгодог төвүүд багтана. Иймээс Бүгд найрамдах намтай хамтран ажиллахад голчлон чиглэдэг ажээ. 
 
Харин Ардчилсан намтай “Дэвшилт бодлогын хүрээлэн” (Progressive Policy Institute), “Брукингсийн хүрээлэн” (Brookings Institution), “Катогийн хүрээлэн” (Cato Institute) болон “Эдийн засгийн бодлогын хүрээлэн” (Economic Policy Institute) зэрэг либерал байр суурьтай, хүн амын эмзэг, орлого багатай давхрага, оюутан, тэтгэвэрийнхэн лүү чиглэсэн асуудлыг шийдвэрлэх арга зам эрэлхийлж байдаг судалгааны байгууллагууд хамтран ажилладаг байна.
 
Тэрчлэн үзэл суртлын чиг баримжаанаас гадна намуудтай хамтран ажилладаг, нэг болон олон асуудал эрхэлдэг, төсөл хэрэгжүүлэх хугацаа, дүн шинжилгээ ба зөвлөмжийн алинд нь ач холбогдол өгсөн шинжээр нь ангилан авч үзэж болно.
 
АНУ дахь судалгааны хүрээлэнгүүд өөрсдийгөө арилжааны бус үйл ажиллагаа эрхлэдэг хэмээн өөрсдийгөө тооцох нь олонтаа бөгөөд заримдаа бүр татварын хувь хэмжээгээ бууруулахын тулд сайн дурын байгууллага хэмээн зарлах нь ч бий. Гэвч дээрхийг үл харгалзан оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт АНУ дахь  “Think Tank” төвүүд нь ширүүн өрсөлдөж, тус улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байдаг юм.
 
Хувийн салбараас санхүүждэг бие даасан “Think Tank” төвүүд байхаас гадна үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын асуудлаар үйл ажиллагаа эрхэлдэг “Үндэсний стратеги судалгааны хүрээлэн” (National Strategic Studies), “Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэн” (Institute for Homeland Security Studies), “Үндэсний аюулгүй байдлын бодлого, технологийн төв” (Center for Technology and National Security Policy) гэх мэт засгийг газрын судалгааны төвүүд ч томоохон байр суурь эзэлдэг. Мөн Холбооны улсын төсвөөс санхүүждэг 30 гаруй шинжилгээ судалгааны төв бий. 
 
АНУ-ын “Think Tank” төвүүд амжилтад хүрэхэд нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл бол тэдний төрийн болон төрийн бус статусаас үл хамааран улс төрийн сонгуулийн кампани, нам, нэр дэвшигчдийн сонгуульд оролцох, судалгаа мэдээллээр хангах нөхцөл бололцоо адил олгогдсон явдал юм. Тэдний бэлтгэсэн судалгаа, илтгэл нь сонгуулийн яриа илтгэл, хэвлэлийн мэдэгдэлд байнга дурьдагдахаас гадна ерөөс улс төрийн бодлогын баримт бичиг, хууль журам, хөтөлбөр боловсруулахад шууд нөлөө үзүүлж байдаг аж.
 
Нөгөө талаас “Think Tank” төвүүдийн үйл ажиллагааны талаар мониторинг, санал шүүмжлэл байнга явагддаг нь тэдгээрийн өрсөлдөөнийг хурцалж, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход томоохон түлхэц үзүүлдэг байна.
 
Европын холбооны орнууд дахь “Think Tank”
Европ дахь нөлөө бүхий “Think Tank” төвүүд нь европын улс орнуудын нийслэлүүдэд гол төлөв байрлах бөгөөд  үйл ажиллагаа нь Европын холбооны хамтын ажиллагаа, цаашдын гэрээ хэлэлцээрийн үр дагаврын талаар асуудлыг шийдвэрлэхэд голчлон чиглэдэг.  Иймээс тэдгээрийн онцлог нь дугуй ширээний уулзалтад зориулан судалгааны баримт материал боловсруулан бэлтгэхэд чиглэдэг. Тэрчлэн “Think Tank” төвүүдийн авч хэлэлцэх асуудлын хүрээ, үйл ажиллагаа эрхлэх талбар бололцоо тун өргөн байдаг. Тухайлбал, “Европын бодлого судлалын төв” (Centre for European Policy) 2002 оноос хойш 60 гаруй бие даасан төсөл хэрэгжүүлсэний ихэнх нь эдийн засаг, эрүүл мэндийн салбарын асуудал байжээ.
 
Их Британи дахь “Think Tank” төвүүд нь бие даасан шинжтэй, сайн дурын үндсэн дээр гол төлөв зохион байгуулагдсан байдгийн зэрэгцээ АНУ-ын ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Анхны “Think Tank” төв бол “Олон улсын харилцааны эзэн хааны хүрээлэн” (Chatham House гэж нэрлэх нь түгээмэл) 1. Эрчим хүчний хангамж, нөөцийн оновчтой ашиглалт, аж үйлдвэр 2. Дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт санхүүжилт, удирдлага шинэчлэл 3. Аюулгүй байдал: бүс нутгуудийн бодлого, олон улсын харилцааны шинэ хандлага гэсэн гурван том бүлэг асуудлаар судалгаа эрхэлдэг. Мөн “Стратеги судлалын Олон улсын хүрээлэн” (International Institute for Strategic Studies) гэх мөргөлдөөнийг шийдвэрлэх арга зам боловсруулах, батлан хамгаалах аргын судалгаа, даяаршлын үйл явц, төрийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, зэвсэг хураах, алан хядлагатай тэмцэх, дэлхийн дулаарал, экологийн аюулгүй байдлын талаар олон улсын яриа хэлэлцээрийг өргөжүүлэх зэрэг томоохон асуудлаар шинжилгээ судалгаа хийдэг төв бий. 
 
Канадын хувьд “Think Tank” харьцангуй шинэ тутам бий болсон хэдий ч өдгөө 10 гаруй төв үйл ажиллагаагаа эрхлээд дэлхий дахинд нэр хүнд хэдий нь олоод байна. Тухайлбал, “Канадын альтернатив бодлогын төв” (Canadian Centre for Policy Alternatives) нийгэм, эдийн засгийн шударга байдлын талаар судалгаа эрхэлдэг, суртал ухуулгын үйл ажиллагааг эрдэм шинжилгээтэй хослуулан хэрэгжүүлдэг бие даасан хүрээлэн бий. Уг төв канадчуудын өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудын практик шийдлийн талаар мэдлэгийг олгох, ардчилсан яриа хэлэлцээрийг өргөтгөх явдлыг өөрийн үйл ажиллагааны онцлог хэмээн тодорхойлдог. Өргөн хүрээтэй асуудлаар ном, тогтмол хэвлэл, шинжээчдийн дүгнэлт тойм гаргадаг. Харин “Төрийн бодлого судлалын хүрээлэн”  (Institute for Research on Public Policy)-ийн хувьд үр ашигтай төрийн бодлого явуулахад шинэ санаа өгөх, улс төрийн шийдвэр гаргах үйл явцыг хөнгөвчлөхийг эрхэм зорилгоо болгодог байна.
 
Австралийн “Think Tank” сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хэдэн зуун “Think Tank” төвүүд байгуулагдсны 25 нь дэлхийн “Think Tank”-ын чансаанд эхний байруудад жагсдаг. Уг орны “Think Tank” нь анхнаасаа улс төрийн намын бүтцэд хавсран туслах маягаар байгуулдсан туршлагатай.  “Тусгаар тогтнолын судалгаан төв” (Centre for Independent Studies), “Сиднейн хүрээлэн” (Sydney Institute) зэрэг үндэсний томоохон төвүүд байхаас гадна орон нутгийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх арга зам боловсруулах чиглэлээр ажилладаг орон нутгийн судалгааны төвүүд, төрөөс санхүүждэг, түүний захиалгаар судалгаа явуулдаг хаалттай “Think Tank” төвүүд ч бий.
 
Харин манай хоёр хөршид ямар байна вэ? 
Өмнөд хөршийн хувьд нилээн өвөрмөц нөхцөлтэй. Нэг талаас хэдэн арван “Think Tank” бий гэдэг ч тэдгээрийн үйл ажиллагааны үр өгөөж, нэр хүнд, мэдээллийн орон зай дахь жин нөлөө үлэмж сул. Судалгааны хүрээлэнгийн санаачлагч нь мэдээж засгийн газрын байгууллагууд. Тэрчлэн судалгааны төвүүдийн ихэнх нь албан ёсны статус аваагүй, нийгэмд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөөгүй байдаг. Иймээс ямар нэг томоохон улс төрийн санаачлага санал болгох бололцоогүй. “Think Tank” төвүүд нь олон улсын дипломат яриа хэлэлцээрийн чиглэлээр дагнасан байдаг. Өдгөө АНУ, Хятадын хоорондын яриа хэлэлцээрийг өргөжүүлэх чиглэлээр ажилладаг хэдий ч санаа бодол солилцох асуудал нь томоохон улс төрчид гэхээсээ академик түвшинд явагдах нь гол төлөв.
 
Гэвч Хятадын дэлхийн бодлого, эдийн засагт эзлэх байр суурь өсч буй хийгээд  зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, шинэ тутам улс төрийн тоглогчид гарч ирж, засгийн газар, олон нийтийн санаа бодол нөлөөлөх оролдлого гарах болсон зэрэг шалтгаанаар улс төрчдийн зүгээс хамтын удирдлагатай хүрээлэнгүүдийн байр суурь өсөх хэтийн төлөв ажиглагдаж буйг судлаачид  тэмдэглэж байна.
 
Харин хойд хөршийн хувьд мөн л шилжилтийн нөхцөл байдал дээр байна. Өөрөөр хэлбэл,  өмнөх нийгмийн тогтолцоонд байсан судалгаа шинжилгээний төвүүд нь масс руу чиглэсэн үзэл суртал, соён гэгээрлийн ажил эсвэл “маш нууцын зэрэглэл”-д судалгаа явуулж ирсэн хаалттай шинж чанараасаа ангижрах, өрнөдийн “Think Tank” амжилт ололтыг туршлагыг нутагшуулах чиглэлээр судлаачид өөрсдийн санаа бодлоо идэвхтэй уралдуулж байна. Хэдийгээр анхны “Think Tank” төв 1990 онд байгуулагдсан гэгддэг хэдий ч төрийн бодлогын хувьд нөлөө үзүүлж, шийдвэр гаргахад албан ёсоор оролцдог өрнөдөд танигдсан тийм байгууллага хуучин нийгмээс уламжлалтай нийгмийн шинжлэх ухаанаар дагнан судалгаа явуулж ирсэн төрийн мэдлийн академиуд, тэдгээрийн эрдэмтэн судлаачдаас өөр алга байна. 2008 оны Дэлхийн шилдэг 50  “Think Tank” төвийн жагсаалтад ОХУ-аас “Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэн” (Institute for World Economy and International Relations) багтсаныг хэлэх нь зүйтэй
 
Гэхдээ хоёр хөршийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагааны туршлагыг өрнөдийн “Think Tank” гэх загвар, шалгуураар авч үзэхгүйгээр тооцвол тийм ч тааруу бус гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тийм байгаагүй бол муугаар хэлэхэд энэ хоёр улс аль хэдий нь дампуурчихсан байх нь ойлгомжтой биз ээ.

3 comments:

  1. Wow. Sain bichjee. Bayar hurgiye! Ene bichlegiin unet zuil ni tuuniig heregjuuleh yavdal baigaam. Medeelel baidag, Tuuniig heregjuuleh bodlogo baih yostoi. Bodlogo heregjuulehiin tuld sudalgaa yavuulah shaardlaga garna. Getel horongo zarj hiisen sudalgaa ni heregjuuleh gej baigaa subjectyinhee sonirholtoi zorchildono. Sudalgaand tulguurlasan dugneltiig niiteeree huleen zovshooroh l heregtei baigaam. Sain bichjee

    ReplyDelete
  2. Mash sonirholtoi niitlel baina. Mongol dakh 7toviin weblog haanaas old uzej bolokh ve ? Ene think tank sudalgaanii salvage hamtran ajillakh , sonirholtoi humuus holboo togtoono uu ? Odoo 2012 onii sinfully bolokh feed uls toriin il Dald surtalchilgaa ukhuulga PR hiih oroldlogo eheljee. Turuuchee Manila met sudlaachidruu holbogdoj eheljee baina.

    ReplyDelete
  3. sn bichijee, bayrlalaa ih hereg bollo minii ajild

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)