2011/03/06

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 02 сарын 28 - 03 сарын 04

Өнгөрсөн долоо хоногт монголын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд тун өрнүүн үйл явдлууд зэрэг зэрэг болж өнгөрлөө. “Эх орончдын өдөр” буюу МАН-ын 90 жилийн ой, Эдийн засгийн форум, Монголын хөрөнгө оруулалтын чуулга, Сэтгүүлчдийн болон татварынхны ой, Авилгалын сүлжээг илэн далангуй зарлах тухай хувь хүний мэдэгдэл, Д.Сүхбаатарын хөшөөний нээлт гээд их л бужигнаантай байв. Нэг үгээр хурал хуй, ойн баярууд давхцсан өдрүүд байлаа. 
 
“Эх оронч” намын 90 жилийн ой, 90 өдөр баалуулсан хөшөөний нээлт
 
3 сарын 1 буюу “Эх орончдын өдөр”-өөр МАН үүсгэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг нүсэр тэмдэглэн өнгөрөөв. Социализмын үеэс хойш МАН баярын хурал, концерт, эрдэм шинжилгээний хурал, хөшөөний нээлт, түүхийн боть, зургийн үзэсгэлэн, намын байрны нээлт, спортын тэмцээн, бөхийн барилдаан, шагнал урамшил, салют буудлага, шар будаатай ийм аугаа “түүхэн” арга хэмжээ зохиогүй ирсэн ажгуу.
 
Эрх баригч намын хувьд ийнхүү “хүчтэй” тэмдэглэхэд 90 гэх тэгш тооноос илүүтэй сүүлийн үед тус намыг тойрсон томоохон үйл явдал, асуудлаас үүдэлтэй гэж үзэх бүрэн үндэстэй. Үүнд:
•    Намын нэрээ солиод удаагүй, цаашид уг нэршлээрээ улс төрийн талбарт өрсөлдөх болсоныгоо зарлан тунхаглах шаардлага тулгарсан;
•    Дээрх явдалтай холбоотой хуучин намын лидер нөхөр хуучин нэрийг нь булаацалдан “Бренд”-ийг нь хуваах болсон;
•    Үүсгэн байгуулагч буюу домгийн баатар Д.Сүхбаатарыг нь өрсөлдөгч хүчний зүгээс зохион байгуулалтай гутаах хар PR хүчтэй явуулсан зэрэг урьдач нөхцөл байдлаас гадна
•    2012 оны сонгуулийн урд жил тул нэр хүндээ хадгалах төдийгүй өсгөх чиглэл рүү кампанит ажиллагаагаа идэвхжүүлэх зэрэг хэд хэдэн том зорилгыг давхар агуулсан арга хэмжээ байлаа.
 
Тэрчлэн МАН Монголын улс төрийн талбарт одоо хийгээд ирээдүйд ямар тоглолт хийх сонирхол агуулж байгааг төрийн ордонд болсон “МАН үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал”-д намын дарга С.Батболдын тавьсан илтгэлээс харах боломжтой.
 
Тэрээр илтгэлдээ өнгөрсөн 90 жилийн Монгол улсын хөгжил цэцэглэлт хийгээд МАН-ын үүрэг оролцоо салшгүй нэг цул зүйл болохыг дахин дахин сануулаад зогсохгүй бүр хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг ч өөрийн намтай холбон зүүгээд амжсан. МАН Монгол улсын тусгаар тогтнолыг өмчлөн өөрийн бренд болгон зарлаад, ардчилсан өөрчлөлт шинэчлэлт хийхэд биечлэн оролцсон хэмээн өрсөлдөгчийнхөө нэр хүндийг хувааж өөртөө шингээхээ мартсангүй.
 
Мөн ирэх сонгуулийн бэлтгэл болгон төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбор, 100000 айлын орон сууц хөтөлбөрүүдийг МАН-ын Засгийн газар хэрэгжүүлж байгааг сануулаад авав. Бүр 2020 хүртэл МАН л засгийн эрх барих ёстойг дамаа ойлгуулах зорилгоор Монгол улсыг хүний хөгжлийн индексээр эхний 50-д багтаахыг намын программдаа тусгасанаар дамжуулан илэрхийлэв.
 
Урт хугацааны туршлагатай намын эмзэг цэг нь тэрхүү түүхэн урт замнал нь л байдаг. Тэр цэгээ хэр хамгаалж чадсанаар өөрийн нэр хүндээ хадгалах нь багагүй нөлөөтэй. Намын дарга илтгэлдээ өнгөрсөн зууны улс төрийн хэлмэгдүүлэлтийнхээ төлөө уучлал гуйсан мэдэгдлийг багтаасан нь өрсөлдөгч хүчний зүгээс үе үе уучлал гуйхыг шаардаж, “нүүр халаадаг” байсан нэг сэдвээсээ ч болов салах бололцоотой боллоо гэсэн үг. 
 
Өрсөлдөгчийн зүгээс Д.Сүхбаатар хэмээх “талийгч”-аар бүтэн улирлын турш оролдсон нь бүхэлдээ МАН-ын нэр хүнд рүү чиглэсэн арга хэмжээ байсан нь хэнд ч ойлгомжтой. Гэвч  эрх баригч МАН ойн өдрөө “Талбайн гол тоглогч” (улс төрийн утгаараа ч, Засгийн газрын ордны өмнөх гэдэг утгаараа ч) болохоо дахин батлаад авна лээ. Ямар ч гэсэн  90 хоног баалуулсан хөөрхий хөшөө сонгууль болтол түрдээ амсхийхээр боллоо. Өрсөлдөгч хүчний зүгээс хийсэн энэхүү бүтэн улирал үргэлжилсэн төлөвлөгөөт, сайн зохион байгуулсан цохилтын өвдөлт одоохондоо мэдэгдэхгүй. Нийгмийн далд ухамсарт үлдээж чадсан энэхүү “хар толбо”-оор дамжуулан МАН-ыг тодорхой үе болгонд шархан дээр нь давс үрэх бололцоогоо нээгээд авсан нь 90 жилийн ойн нэг “бэлэг” байлаа.
 
Намын ойн арга хэмжээ болохоос урьд бүхий л зүйлийг нь булаацалдаад байгаа “МАХН-ЭНХБАЯР”-ыг нэг ч алхам хийлгэлгүй, баярын шуугианаараа дарах гэсэн зорилгоо давуулан биелүүлэв. Тэд намын үүсгэн байгуулагчдын үр хойчийг олж намдаа бөөнөөр нь элсүүлж, томоохон орнуудын ижил үзэл сурталтай намуудын төлөөлөгчдийг урьж том PR хийлээ. Мөн намын түүхийн шинэ 9 ботидоо Н.Энхбаярыг багтаагаагүй гэсэн хов жив яваад авсан. Үнэхээр тэгсэн бол энэ 90 настай туршлагатай том институци бас л нэг тэнэгдүү алхам хийлээ гэсэн үг юм. Тэд бухимдаад байгаа Н.Э гэх хүүхдээсээ ч долоон дор ахлам хийж, явцуу харж байгаагийн нотолгоо болно. МАН өнгөрсөн хугацаанд илүү уужим харж чадсан бол Н.Энхбаярыг баярын хуралдаа суулгаад, улам их башийсан ой тэмдэглэж болох л байв.   
Амьдрал үргэлжилсээр, улс төр өрнөсөөр...

Хөлтэй хөөртэй “Эдийн засгийн чуулган”
Даосын эдийн засгийн форумын загвараар “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг өнгөрсөн оноос зохион байгуулах эхэлсэн агаад энэ оных нь “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-аа багтаагаад 03 сарын 2-4 хооронд явагдаж өнгөрлөө.
 
Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи, Компанийн засаглал, Бизнесийн таатай орчин, Өрсөлдөх чадварын хэмжүүр, Кластер, Инноваци  Мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт, Дээд боловсрол ба эрэлт хэрэгцээ,  Хотын хөгжил, Эрсдлийн Удирдлага, Төрийн өмчийн хөрөнгийн хувьчлал, Хөрөнгийн Зах зээлийн шинэчлэлт, Нийгмийн хамгааллын шинэчлэл зэрэг цаг үеийн болон хэтийн томоохон асуудлуудыг авч хэлэлцсэн уг чуулганд бизнес, төр засаг, нийгмийн салбарын олон төлөөлөгчид оролцож, бүр хэлэлцэх сэдвээсээ хальж, Монголын нийгмийн олон салбарт тулгамдаж буй асуудал хөндсөнөөрөө урьд урьдын албархаг, хэлбэр төдий хурал семинараас нилээн өөр уур амьсгалыг бүрдүүлсэн чадсан гэж болно.
 
Шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, судлаач шинжээчдийн өргөн хүрээтэй уг чуулганаар дотроо хуримтлагдаж явсанаа хэн бүхэн илэн далангуй ярилцах боломж нээгдэж, хэлэх үгээ хэлж амжсан нэгэнд нь ёстой л “битүү шөл уусан” хүн шиг хөлс нь дааварлах шиг болно лээ. Тэрчлэн нэг талаас асуудлаа яриад авсан нэгэнд нь сүүлдээ хэт сунжирсан уйтгартай чуулган болсон бол нөгөө талаас үгээ хэлэх цаг олдоогүй нөгөөд нь хэтэрхий богино санагдсан арга хэмжээ байлаа.
 
Уг чуулганаар хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгох явдал л түүнийг зохион байгуулсаны учир холбогдол орших нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн хувьд бодлогын хувилбарууд, шийдэл санаануудыг нэгтгэн дүгнэх их ажлыг нугалан, зохих шийдвэр гаргагчид хийгээд олон түмэнд сурталчлан таниулахыг хэр амжилттай хийхээс уг чуулганы нас хэр урт болох нь тодорхойлогдоно гэсэн үг.
 
Ингээд “Хөлтэй хөөртэй чуулган маань хүслийн цэнхэр бодол” төдий болохгүйн төлөө аль аль талдаа хүчин зүтгэлээ дайчлан ажиллах л үлдлээ дээ.

1 comment:

  1. ene bol arai denduu sonin nairuulsan, zohiol muu jujig bailaa. Bid yogt ulgeruudiig nom zohiol, kinonoos medeh bish MGL-yin niigmiin amidralaas shuud harj baina. 6 jiliin omno MGL-doo ireed Alisaa gaihamshigiin orond gedeg ulger bichij bilee. Getel ene ulger duusah bish ulam l urgeljleed baigaa ni haramsaltai....

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)