2011/03/25

“АВАТАР” БА НАНОПСИХОЛОГИ

Жил гаруйн өмнө “Аватар” хэмээх уран зөгнөлийн кино дэлхий дахинаа гарч, хүүхэд залуучууд төдийгүй баргийн кино тоодоггүй хөгшчүүл кинотеатр луу гүйлдэхэд хүрсэнийг та бүхэн санаж байгаа байх аа. Олсон орлого, хүрсэн үзэгчид, авсан шагналынхаа тоо зэрэг нэг бус үзүүлэлтээр урьд өмнө гарсан амжилтуудыг эвдсэн уг кино чухам яагаад ийнхүү олныг хуйлруулахад хүргэсний учир шалтгааныг сэтгэл зүйн үүд, шинжлэх ухааны дэвшлийн үүднээс тайлсан нэгэн өгүүллийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. 
Дахин амилах, дахин төрөх, сүнс, ухамсраа өөр биед шилжүүлэх тухай итгэл үнэмшил хийгээд мухар сүсэг хүн төрөлхтний хувьд аль эртний түүхтэй. Энэхүү шалтгаан нь хүнийг шашин ба үхэшгүй мөнхийн далд ертөнц рүү шунан дурлахад чухал үүрэгтэй явж ирсэн нь хэн бүхэнд тодорхой. Мөнх амьдрах хүмүүний хүслэн бүх цаг үеийн туршид, үеэс үед янз бүрийн үзэл санаагаар баяжин арвижиж иржээ. Үүний нэг илрэл болох өөр бие махбодид хувиран төрж болох тухай санааг кино найруулагч Ж.Кэмерун “Аватар” кинондоо харуулж өгсөн юм.
 
Чухамдаа урьд өмнөх янз бүрийн зөгнөлт зохиолуудад гарч байдаг санааг тусгасан уг киноны агуулга, утга санаа тийм ч шинэлэг бус юм. Гэхдээ орчин цагийн технологийн ололт дэвшлийг оновчтой ашиглаж чадсан уг бүтээл хинду шашны гүн ухааны нэр томъёо буюу буюу Оюун сүнсний ертөнцөөс Бурхан бээр ахуйн нилээд доод түвшинд бууж ирэх утгыг заасан “Аватар” (अवतार санскрит хэлний “бууж ирэхүй” хэмээх үгнээс гаралтай) гэх ойлголтыг ашигласанд уг киноны онцлог оршино. Өөрөөр хэлбэл, урьд өмнө нь зөвхөн шашны хүрээнд яригдаж ирсэн хоосон зөгнөлийг итгэн бишрэгчдийн бүтээлч санаархалтай хослуулан илэрхийлж чадсан нь түүний амжилтын үндэс болсон ажээ. Эцсийн эцэст постмодерн эрин үед компьютерийн технологиор бүтсэн Даяаршсан робот мэт “Бурхан” л бидэн лүү бууж ирэх ёстой юм байж. Хүний бүтээсэн зүйл хэдий ч биднээс ангид оршихуйтай тэрээр бидэн лүү морилон ирж айсуй.  
 
Магад хэзээ нэг цагт хүн өөрийн тархийг интернеттэй холбож чаддаг болох цагт яг “Аватар” киноны баатар шиг ариун “Эйва мод” буюу өөр оршин ахуй, ертөнцтэй мэдрэл сэтгэхүйгээ холбох боломж бүрдэж ч юм бил үү.  Хүн төрөлхтөн хоёр ертөнцөд эсвэл амьд болон хиймэл хоёр биед зэрэг амьдардаг, оюун санааг нь мөнхөд орших нөхцлөөр хангадаг тухай иймэрхүү шийдэлтэй кино бүтээлүүд нэг бус бүтээгдэж байсантай уншигч та бүхэн танилцсан байсан биз ээ.
 
Харин одоо “Аватар” кинонд дүрслэгдсэн зөгнөлт үйл явцыг орчин үеийн шинжлэх ухааны бодит ойлголтод нилээн дөхүүлж авч үзэе.  Нэн тэргүүнд уг асуудлыг шинэ тутам хөгжиж байгаа нанопсихологи буюу нано-сэтгэл судлалын хөгжилтэй уялдуулан тайлбарлах нь оновчтой юм. 
 
Нанопсихологийг 3 үндсэн хэсэгт хуваан авч үзэж болно.
 

Нэгд, мэдрэлийн тогтолцоо, тархины заяамал нано-бүтцэд үндэслэсэн сэтгэцийн үйл явцыг судалдаг салбар юм. Энэ нь дотроо:
-  Нано-бүтэц дэх байгалийн үйл явцад үндэслэсэн сэтгэцийн ажиллагаа (үл удирдагдах нано-бүтэц)
-  Нано-бүтэц дэх хиймэл оюун ухаанд үндэслэсэн сэтгэцийн ажиллагаа (удирдах залах бололцоотой нано-бүтэц)
 
Хоёрт,  тархи, мэдрэлийн тогтолцоонд суулгахаар хиймлээр бүтээгдсэн, удирдагдах ба үл удирдагдах нано-бүтцэд суурилсан сэтгэцийн үйл ажиллагааг судалдаг ухаан.
 
Гуравт, нанотехнологийн дэвшлийн үндсэн дээр бүтээгдсэн тогтолцоо (төхөөрөмж, чип, наночип, нанобот, бичил цацраг, бичил унтраагуур, бичил компьютер, кодлосон бичил систем, ДНК-компьютер гэх мэт)-нд суурилсан сэтгэцийн ажиллагааг судлах салбар. Эдгээрийг мэдрэлийн системд суулгах эсвэл гаднаас нь нөлөөлөх байдлаар ашиглаж болно.
 
Нано-сэтгэл судлалын үүднээс нано-хэсгүүд (нано-дэлгэц, наночип, янз бүрийн нано цахилгаан хэрэгсэл)-ийн тусламжтайгаар сэтгэцийн ажиллагааг нарийвчлан судлах боломжууд нээгдэхээс гадна түүнийг удирдах, тархины бүтцийг асаах, глобал буюу интернет сүлжээнд холбох, орон зайгаас үл хамааран хүмүүс хоорондоо “утасгүй” холбогдох бололцоо нээгдэх ажээ.
 
Тэрчлэн тархины ажиллагаа коджуулан, сэтгэцийн “нано хиймэл эрхтэн”-үүд нэвтрэн, хараа, үнэр, сонсгол зэрэг мэдрэлийн эрхтнүүд төдийгүй ой санамж, сэтгэлгээ, харилцааг засварлах нано орлуулагчид бүтээгдэх гэнэ.  Угаас энэ чиглэлээр нэг бус туршилт хийгдэж зарим нэг амжилтад хүрсэн гэнэ. Тухайлбал, эм бэлдмэлд нанобот нэвтрүүлэн улмаар ухамсарт нөлөөлөх бололцоо бийг судалгаагаар тогтоожээ. 
 
Гэвч сэтгэхүй, санах ойн молекуляр механизм өдгөө хүртэл бага судлагдсан тул сэтгэх явц ба нано-бүтцийн судалгааны хооронд эрс зөрүүтэй байдал оршсоор л байна. Цаашдаа сэтгэцийн үйл ажиллагааг тодорхойлдог тархины синергетик, кульминаци, бифуркаци механизмыг дахин нарийвчлан судлах шаардлага хүн төрөлхтөнд өмнө тавигдаж байна. Энэ утгаараа нано-сэтгэл зүй нь сэтгэц ба нано-бүтцийн боловсруулалтын хоорондын корреляци хамаарлыг судалдаг шинжлэх ухаан юм. Цаашдаа нано-сэтгэл зүй нь орчин үеийн сэтгэл зүйн нэг чухал арга зүй болж хөгжих юм. Тэрчлэн хиймэл нейрон сүлжээ бий болгох, нанобиологийн тусламжтайгаар тархины зарим хэсгийг ДНК-компьютерээр орлуулах асуудал уг салбарын хүрээнд судлагдах ажээ. Тэр хүртэл нанопсихологийн хөгжил нилээн хол байна.
 
“Аватар” болон бусад утга санаа нэгтэй кино, уран зохиолын бүтээлүүдээс үүдэн өдгөө “Аватарын синдром” хэмээх сэтгэцийн шинэ үзэгдэл хэдий нь гарч эхэлжээ. Уг өвчний шинж тэмдэг нь төрсөн биеэ голох, тааламжгүй хандах, өөрийн бие эрхтэнг тэс хөндлөн нүдээр ажиглан хандах, янз бүрийн гоосайхны мэс засал, тархины гэмтэл, шизофрени өвчний шинж тэмдгээс шалтгаалан бие эрхтний өмнөх хийгээд одоогийн байгаа байдал хоёр нь эрс тэс буюу ангид санагдах байдлаар илэрдэг гэнэ. Мөн “сүнсээ солих” хэмээх сэтгэцийн эмгэг үзэгдэл цөөнгүй гарах болж. Хэд хэдэн өвчтөн өөрийгөө “миний сүнс биеэс минь гарч одоод өөр бие рүү шингэлээ. Би Аватар байна” гэж хэлж байжээ.
 
Мөн аватаромани буюу аватарт донтох үзэгдэл бий болж уг киноноос зээлдсэн ойлголт, янз бүрийн зүйлд шүтэх моод дэлгэрсэн. Охид бүсгүйчүүд цэнхэр өнгийн нүүрээ будах болж, залуучууд гэзэг тавин, өөрсдийн машин болон компьютерийг “аватар”-аар гоёж байна. Гэхдээ цаг үе бүр өөрийн алдартай кино бүтээлтэй байж, тухайн үеийн хувцас, итгэл үнэмшил, цаашлаад үзэл сурталд хүртэл нөлөөлж ирсэн түүхтэй. Энэ утгаараа дээрх “дон”, сэтгэцийн өвчин удахгүй өөр дон, өвчнөөр солигдох нь дамжиггүй. 
 
Үнэхээр дан ганц “Аватар” гэлтгүй, орчин үед цахим орон зай буюу интернет харилцаа өргөнөөр нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоо өөрийнхөө дүр байдлыг бодит байдлаас ангид утгаар үзэх сонирхол хүмүүст ихээр төрөх болсон аж. Бие хүний сэтгэл хөдлөлийн багагүй хэсгийг виртуал дүр төрх (“Аватар”) эзлэх болж,бодит “би”-гээрээ үлдэх сонирхол буурах болсон хэмээн судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс сэтгэлийн дарамттай бодит ертөнцөөс залхаж, цахим виртуал харилцаагаар даяанчлан амьдрахыг хүсэх болсон гэсэн үг. Яг “Аватар” шиг бодит биеэ “унтраагаад”, виртуал дүрээр амьдрахыг сонирхож эхэлжээ.
 
Үнэхээр хүн төрөлхтөн бодит ертөнцөөс улам бүр тасран холдож, өөрийн зохиосон хууль дүрмээр амьдардаг билэг тэмдгийн (символ) ертөнц рүү явж байна. Хэзээ нэг дээр хэлсэн шиг хүн төрөлхтөн “Эйва” модтой амин холбоо үүсгэдэг шиг тархин дахь интернетээ асаах цаг ирэх биз ээ.  

2 comments:

  1. Сонирхолтой санаа байна. Нано чип, наносистем хэдийгээр эрчимтэй нэвтэрч байгаа ч шинжлэх ухаан Аватар киноны төсөөллөөр явагдахгүй байхаа. Аватар хүн бүрийн мөрөөдөл, сэтгэл санааны төсөөлөл болохоор хүмүүст гайхамшигтай төсөөлөл болж санагдаад амжилтанд хүрсэн байхаа. Шинжлэх ухааны төсөөлөл, ойлголтыг энэ киногоор төсөөлбөл өрөөсгөл болох байхаа.

    ReplyDelete
  2. Haanaas avsan eh survaljaa bichij bgaach.Gaigui orchuulga bolj shuu.Orosiin setgel sudlaliin shinjleh uhaanii doctor (PhD),docent Рамиль Гарифуллин -ii НАНОПСИХОЛОГИЯ И ПСИХИАТРИЯ О ФЕНОМЕНЕ «АВАТАРА»/ uguulleg bna shtee.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)