2011/04/02

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2011 оны 03 сарын 28- 4 сарын 01

Бидний чих муу мэдээ сонсоход биш сайн мэдээ сонсоход зориулагдсан байдаг хэмээгээд өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлаас эерэг 2 мэдээллийг авч хүргэж байна.  

Нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор... Хурдан баригдаасай билээ?


Хятадууд гадны жуулчдыг татах, улс орныхоо хөгжлийг гайхуулах, түүх дурсгалаа харуулах зорилгоор Их цагаан хэрэм, урд зүгийнхээ уламжлалт хийгээд орчин цагийн хөгжлийг давхар агуулсан том хотууд болох Шанхай, Гуанжоу, Нанжин, Тянжин зэрэг хотуудыг үзүүлж харуулах, сурталчлахаас гадна нүүдэлчдийн соёл түүхийг бэлээхэн үзүүлбэр болгож БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос аймгийн Эзэн хороо хошууны нутагт Чингис хааны онгон нэртэй түүх соёлын томоохон цогцолбор барьсан байдгийг өдгөө Монгол хүн бүр мэднэ. Соёл түүхийн гадарлах төдий мэдлэгтэй жуулчид, ялангуяа өрнөдийнхөн энэ бүхнийг үзэж танилцаад буцахдаа Монгол хэмээх нь Хятадын соёлын нэг хэсэг мэтээр ойлгоод буцдаг. Өөрөөр хэлбэл, Хятадуудын хувьд гадныханд нүүрээ тахлах нэг үзүүлбэр нь нүүдэлчдийн соёлыг харуулсан энэхүү соёлын цогцолбор байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Нүүр тахлах зүйл биш байлаа ч бодлогоор заавал таниулж байдаг тэдний нэг ажил нь гэж хувьдаа ойлгож явдаг.
 
Нүүдлийн соёлын нэг өлгий, төв Азийн цээжин дээр дэлхийн түүхийг тамгалж явсан Монголчууд л Нүүдэлчдийн соёл, түүхийн төв цогцолбор барихгүй бол өөр хэн үүнийг санаачлан хийх ёстой гэж... Харамсалтай нь, улс орны төсөв мөнгө, нөхцөл бололцоо, санаачлагаас шалтгаалан энэхүү ажил цалгардан хойшилж сая нэг төрийн бодлогын түвшинд нухацтай яригдаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн Нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор"-ын зураг төсөл боловсруулж буй мэргэжилтнүүдийг хүлээн авч, ажлыг цааш хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдсөн нь яахын аргагүй чухал үйл явдал байлаа.
 
Ядарсан үедээ Бөхийн өргөө, Мэгжид Жанрайсэг зэрэг түүх дурсгалын жижиг бүтээн байгуулалтыг ардын хандиваар барьж байгуулж чадсан юм чинь төв цогцолборыг төрийн сам хөмрөг, ард түмний хандив, аж ахуйн нэгжүүдийн туслалцаа оролцоотойгоор ядах юмгүй босгочих байх гэж итгэж байна. Ялангуяа энэ ажилд уул уурхайн компаниудыг идэвхтэй оролцуулах ёстой. Монгол орныг нүхэлж буй нүглээ үүгээр цайруулвал зохино.
 
Ер түүх дурсгал, орчин цагийн хөгжлийг хослуулсан ийм цогцолборыг зөвхөн Улаанбаатар гэлтгүй улс бүрийнхээ хаяа хязгаарын аймаг сумдуудад ч барьж байгуулах нь тал бүрийн ач холбогдолтой. Шашны утга санаа бүхий суварга, цацаас илүү учир холбогдолтой зүйл. Ядаж үр хүүхэд минь номон дээрх түүхийн он тоолол, соёл уламжлалын хуулбар зургууд, албан үгсийг цээжилж сууснаас бодиттой харж үзээд, учир шалтгааныг нь ухамсартаа буулгаж байсан нь ямагт дээр.
 
“Дэлхийн Нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор", хурдан баригдаасай. Хоёр гараа өргөн дэмжиж байна. Чадал хэрээрээ туслахад ч бэлэн байна.

Цэнхэр ягаан тасалбарт ба “536” хувьцаат Монгол
2011 оны 3 сарын  31-ны Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордоос иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргав.
 
Үүнээс 20 жилийн өмнө Монгол улсын төр өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан өмчөө баялгаа иргэддээ хуваарилах буюу өмч хувьчлах хэлбэрээр “цэнхэр тасалбар” 7000 төгрөг, “ягаан тасалбар” нь 3000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн “хөрөнгө оруулалтын эрхийн бичиг” тараах шийдвэр гарч байсан. Үр ашиг нь гарсан л байх. Яг түүн шигээ замарсан, луйвардсан явдал ч нэг бус тохиолдсон нь үнэн. Бүх нийтээрээ хожиж чадаагүй юмаа гэхэд анхны Монгол бизнесменүүд хөл дээрээ босоход том нөлөө үзүүлсэн байж таарна. Ихэнх хэсэг нь юу болоод өнгөрсөнийг ч өдгөө хүртэл сайн ойлгоогүй явж ирсэн. Нэг талын том сургамж, туршлага юм даа.
 
Харин энэ удаад өвөг дээдсээс өвлөгдөн үлдсэн эх орны маань байгалийн баялгийг гадныхны ашиглалтад зориулж борлуулах үйл ажиллагааг монголчуудын өөрсдийн оролцоотой хийж буйн хувь хишгийг бүх нийтээрээ хүртэх бололцоог олгож буйгаараа энэхүү хувь хүний хөрөнгө оруулалтын онцлог оршино. Нийт 1.5 тэрбум ширхэг хувьцааг хүн нэг бүрт хуваарилахаар нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдож буй хэрэг аж. Харин нэгж хувьцааны ханш хэдээр үнэлэгдэх нь хараахан тодорхойгүй байна.
 
“536” нь улс төр, эдийн засаг, бүтээн байгуулалт, социал харилцаа, бүртгэл мэдээлэл, банк санхүү, технологийн орчин зэргийг хамарсан том асуудлуудыг араасаа дагуулна. Хувьцааны үр ашгийг хүмүүс хэрхэн хүртэх, зарж борлуулах эрх нээгдэх эсэх, тоо хэмжээ нь тогтмол хэвээрээ үлдэх эсэх, гадаадад байгаа иргэд хэрхэн хувьцааны үр ашгаа авах, бүртгэлгүй, орон гэргүй хүмүүс хэрхэн хамрагдах, босч буй хөрөнгийг бүтээн байгуулалтын салбарт хэрхэн оновчтой залж чиглүүлэх зэрэг олон асуудал урган гарч байна. Давхар иргэншилтэй, 2 талаас хожиж буй иргэдийг асуудлыг яаж шийдвэрлэх тухай ч яригдана.     
 
Монголчуудын хэлдгээр бид “төр”-ийн минь буяныг хүртээ л байгаа юм уул нь. Бүгд гэж хэлж чадахгүй л дээ харин. Цэнхэр ягаан тасалбар шиг хий үрэгдүүлэхгүй тулд энэ удаад харин ард иргэд эхнээсээ хашир хандаж, “таван толгой”, “хувьцаа”, “хөрөнгийн зах зээл”, “үнэт цаасны арилжаа” гээд чадах чинээгээрээ өрнөж буй асуудлыг ойлгохыг ойлгохыг хичээж байна. Хүмүүсийн санхүү эдийн засгийн ухамсар мэдлэг, чадвар хэрэндээ л өсч байна. Гэхдээ л болоогүй байна. Магадгүй, сонгуульд хэрхэн саналаа өгөх вэ гэх асуудлыг сурталчлахаасаа үнэт цаас, хувьцаагаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ зэрэг асуудлаар сурталчилгаа хийвэл алсын хараатай ажил болно доо.
 
Хувьтай хүн хувьцаа авнаа гэж...

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)