2011/04/01

ХОТЫН СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ НЬ ИХ СУРГУУЛЬ

Өнөөдөр хотын соёлын тухай маргаан өрнөж, хүн бүрийг хот, хөдөөд төрснөөр нь ялгаж, сүүлдээ бүр гадаад төрх байдлаар хот хөдөөний хүн гэж ялгаварлан харьцах болжээ. 2003 онд поп хатагтай Сарантуяа АНУ-д тоглолт хийж байгаад “Хүүеэ, 40 мянгатынхан чинь энд хүрээд ирсэн юм уу” гэж уулга алдсан гэдэг. Хамт ажилладаг нэг багш маань гудамжинд хүнтэй маргалдаад “Хөдөөний бүдүүлэг” гэж хэлснийхээ хариуд “Чи хотынх юм бол Европ, Америк руугаа явах нь яасан юм. Би сумын төвөөс ирээд хотод амьдраад чадаж байна” гэх мэт бодит үнэнд тулгуурласан хожим хошин яриа болж үлдэх зүйл манай нийгэмд хөврөөд л байна.
  
Улаанбаатар хотыг шүүмжлэх маш амархан. Хотын хөдөлгөөн, ариун цэвэр, гудамж замын тохижилт, нийтийн тээвэр, хотын иргэдийн хувийн соёл, ухамсар, байшин барилгын өнгө будаг, хэлбэр хийц, үйлчилгээний соёл гээд маш олон зүйл болохгүй байна. Энэ бүхний гол буруутан бол хотын удирдлага, төр засаг, эрх дархтан гэдэг ч иргэд бид өөрсдөө л байдаг. Өөрсдийнхөө буруу, болохгүй зүйл хийгээд байгаагаа мэддэг атлаа өөрсдийнхөө ухамсраар хийсэн үйлдлээ зөвтгөж байдаг. Энэ нь манай улсад иргэншсэн хүн ямар байхыг тогтоосон стандарт ойлголт, шалгуур үнэт зүйл байхгүйн илрэл юм болов уу. Улаанбаатар хотын стандартаас эхлээд хувь хүн, байгууллага, боловсрол мэргэжил, бүх шатны сургуулийн аль нь ч дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох, үнэлэх боломж нөхцөл байхгүй учраас бид хаана яваагаа ч мэдэхгүй, зөвхөн өөрсдийнхөөрөө стандарт түвшинг тогтоож байх шиг. Тэгвэл энэ бүхний стандартыг бид Их сургуулиар л баримжаалж тогтоох ёстой юм байна.
 
Өрнө, дорнын аль ч соёл иргэншлийн түүхэнд хот буюу хүн амын бөөгнөрөл бараг ижил цаг үед үүсжээ. Хотын хөгжилд нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч “University” л орчин үеийн хот гэдэг ойлголт, стандартыг тогтоосон байна. Боловсролын тогтолцооны хамгийн дээд оргил “University” нь хоттой адил өрнө, дорно дахинд бие биенээсээ хамааралгүйгээр, түүхийн нэг цаг үед үүсэн хөгжжээ. Эртний хятадын Чжоу династи (МЭӨ 9-р зуун), Эртний Грекийн Платоны үед их сургуулиудын үүсэл тавигдсан гэж түүхчид үздэг. “Их газрын боловсролын систем”-ийн манлайлал хүн төрөлхтний шинжлэх ухаанд манлайлдаг учраас “University”-гийн эх үндсийг “ALMA MATER” буюу мэдлэгийн уурхай гэсэн эртний Грекийн философичид тавьсан гэх бөгөөд гэхдээ энэ нь орчин үеийн “University” биш гэсэн үзэл давамгайлдаг.
 
Дундад зууны Европын хотуудад жентельмэн буюу “өр зөөлөн хүмүүс” олноороо ирж суурьшсанаар орчин үеийн University-г анх үндэслэжээ. Газар эзэмших эрхээ өөрийн ахдаа алдсан газрын эздийн дунд хөвүүдийг өр зөөлөн хүмүүс буюу “Gentleman” гэж дууддаг байжээ. Тэд хотод ирээд боловсрол, мэдлэг, соёлыг европ рыцариудын эрхэмсэг дэгжин, өндөр ухамсрыг өвлөн авч хөгжүүлэх замаар шинээр хотын соёлыг өнрүүлжээ. Гэхдээ энэ соёлын үнэт зүйл гудамжинд, хэн нэгний шилтгээн, орд харшид биш, христийн шашны мухар сүсэг бишрэлээс хамгийн түрүүнд татгалзаж чадсан барууны “University”-нүүдэд анх мэндэлж байлаа. 

XI зуунд Италид байгуулагдсан Болонийн University хамгийн анхных гэж үздэг ч хамгийн шилдэг мэдлэг, өндөр соёлыг түгээн дэлгэрүүлэгч нь шинэ хотын жентельмэнүүд төвлөрсөн Герман, Голланд, Английн  “University”-нууд байлаа. Эдгээр “University”-нууд XYIII – XX зуунд Европын үнэт зүйлстэй хамт Америк тив рүү нүүж, Оросыг соён гийгүүлж, Дорно дахинд шинэ үеийн сэхээтнүүдийг бий болгожээ. Францын Жан Жак Руссо тэргүүтэй материалистуудын үзэл санаа АНУ болж биеллээ олсон бол, Ломоносов Германы “University”-ыг Орост анх байгуулж өрнийн хотын соёлыг Москва, Петрбург улмаар Сибирийн өргөн уудам газарт хүргэж ирсэн ажээ.
 
Дорно дахинд өрнийн мэдлэгийг хамгийн сайн нутагшуулсан улс нь Азид “жанжлах” хувь тавилантай байсан нь Япончууд болж таарав. 1868 оны Мейжигийн хувьсгалыг хийсэн, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Хиробуми Ито тэргүүтэй сэхээтнүүдийн ихэнх нь Heidelberg, Humboldt зэрэг герман, голландын хамгийн том их сургуулийн төгсөгчид байсан гэдэг  Нийгмийн соёл, хувьсгал шинэчлэлийн инженерчлэлийг манлайлсан “залуу азийн хөдөлгөөнийхөн” тухайн суралцсан улсынхаа жишээгээр их сургууль байгуулж, түүнд төвлөрүүлэн бодлого, үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. БНСУ-ын том сургуулиуд ийм бодлогоор байгуулагдсан бөгөөд өөрийн гэсэн стандарт, алсын хараа, явах чиглэлтэй. Гэхдээ энэхүү шинэчлэлээ үлгэр загвараа Эх сурвалж сургуулиасаа авч, байнга UPDATE хийх байдлаар хөгжүүлж ирсэн. Тухайлбал, Корёгийн их сургуулийн дааман хаалга өөрчлөгдлөө гэвэл германы  Heidelberg их сургуульд өөрчлөлт гарсных гэсэн хошин яриа байх жишээтэй. Учир нь сурах орчин, нөхцлийг жишээ болгосон сургуулийнхаа стандартаар бүрдүүлж байж, өөрийн сургуулиа хөгжүүлнэ гэсэн зарчим тэр газар үйлчилдэг байна.
 
Ийнхүү хотын соёлын амин сүнс нь тухайн улсын манлайлах их сургууль ажээ. МУИС, ШУТИС, МУБИС зэрэг манай улсын тэргүүлэх сургуулиудад өөрийн ёс зүй, үнэт зүйл, хууль ёс, орчинг бий болгож оюутнуудаараа дамжуулж хотын соёлыг түгээх үүрэг хүлээнэ. Манай улсын их сургуулийн төгсөгчид нь “ШУТИС-ийн бүтээгдэхүүн”, “МУИС-ийн бүтээгдэхүүн” гэж хаана ч дархлагдсан бренд бүтээгдэхүүн болж чадахгүй байгаагаас Улаанбаатар нийслэлийг хөдөөгийн хот гэсэн шинэ нэртэй болгожээ. Хөдөө гэртээ ирсэн оюутан шөлтэй хоолыг талхтай идэж сурсан болохоор “нөгөө нэг юу яасан” гэдэг онигооны эзэн шиг шинэ цагийн сэхээтэн залуус, хотын шинэ иргэдийг монголын тэргүүлэх их дээд сургуулиуд олноор нь хүмүүжүүлэх үүргийг өөрсдөө ухамсарлан ойлгож хариуцлага хүлээх ёстой болжээ. Гэтэл боловсролын байгууллагууд ашгийн болсон нэрийдлээр улсын, хувийн олон сургуулиуд төсвийн зардлаа оюутнуудын төлбөрөөр бүрдүүлж, чанар биш тоог хөөцөлдснөөс Их сургуулиуд өөртөө бичил Улаанбаатар хотыг бий болгочихжээ. Хүн амьдрах наад захын нөхцлийг хангаагүй оромж байдаг хороолол (Favelle  Slum, Трущобы, Монголоор гэр хороолол, Хотын хөдөө - http://ganga-cz.blogspot.com) 

Орчин үеийн хотоор алхаж болох стандартыг хангасан гудамж Улаанбаатар хотын хэмжээнд 10 хүрэхгүй км байна гэвэл гайхах хүн байхгүй биз. Өнөөдөр манай улсын их сургуулиудад хамгийн дутагдалтай байгаа зүйл нь чадварлаг багш, боловсон хүчин, сайн оюутнуудаас гадна ариун цэвэр, тохь тухтай орчин, оюутан залуусын стил хэв маяг, хувцаслалт зэрэг зүйл яах аргагүй дутагдаж байна. Их сургуулиудын өнгө төрх огт төлөвшөөгүйн хамгийн том жишээ бол ШУТИС, МУИС, МУБИС байна. Энэ нь оюутнуудын тоо их, ачаалал хэтэрсэн гэдэг шалтгаанаас илүү дотоод менежментгүй байгааг ЭТҮГЭН сургуультай харьцуулаад мэдэж болно. Манай улсын Их сургуулиуд өөрсдийн үзэл баримтлал, философио дэлхийн их сургуулиудтай дахин нэг жишин харьцуулж  их хотын соёлыг иргэдэд дэлгэрүүлэх үүрэгт манлайлан оролцох хэрэгтэй байна. 

Д.Сэрдарам 
http://serdaram.origo.mn/content/view/131/30/

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)