2011/04/23

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2011 оны 04 сарын 18-22

"Морьт жагсаал", "Их хуралдай" буюу "Чоно ирлээ хэмээн 3 удаа орилсон нь"...
20 жилийн өмнө уг ойлголтыг хэрэглэвэл, ямар нэг цэргийн парад болох гээд морьтой нөхдүүд жагсаал хийх нь дээ гэж олон түмэн ойлгох байсан биз. Харин өнөөдөр энэ нь улс төрийн тэмцлийн нэг хэлбэр, үзэл бодлоо хүргэх зорилготой жагсаал цуглааны нэг аргыг ийнхүү нэрлэснийг төвөггүй ойлгож болно.
Харин “Их хуралдай”-н түүхэн үндсээрээ Их монгол улсын үед хэлбэржин тогтсон, эрх баригчид зөвлөлдөн, асуудлаа шийддэг, тухайн үедээ харьцангуй ардчилсан шинжтэй хуучны "хууль тогтоох засаг"-ийн оноосон нэр байсан юм. Харин өдгөө түүхийн тоосонд жинхэнэ утгаа алдаж, ямар нэг уушийн газрын нэр төдий эсвэл хэсэг нөхөд цуглан, чухал гэж итгэсэн асуудлаа хэлэлцэх цуглааныг ийнхүү нэрийдсэн нь нэг бус болсон.
 
Өнгөрсөн долоо хоногийн монголын улс төрийн амьдрал мөнөөх л Сүхбаатарын талбайгаас 500 метрийн радиус дотроо өрнөж  өнгөрлөө. 

Хавар цаг ирж, өвчтэй төдийгүй эрүүл хүмүүсийн сэтгэцийн "юм" хөдөлдөг нь байгалийн үзэгдлийн үр нөлөө. Харин цаг агаар улс төрд нөлөөлдөг эсэх нь шинжлэх ухааны хувьд бүрэн тодорхойлсон зүйл биш ч энэ тухай нэг бус судлаачид авч үзсэн байдаг (миний өөрийн улс төрийн астрологийн тухай өгүүлэлд жаал зуул бичсэн зүйл бий).
 
1990 оноос хойшхи нийт өрнөсөн жагсаал цуглааныг цаг хугацааны хувьд бүртгэн, улирлын хувьд хаана идэвхжиж буйг нь судлах гээд амжилгүй 2, 3 жил болчихлоо. Үүнийг харвал бас л сонирхолтой нэг өгүүллийн сэдэв болно гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ логикийн хувьд цаг улирлын дулаарал нийгмийн идэвхт чанарт нөлөөлдөг нь дамжиггүй. 

Хавар цаг монгол хүний өдрийн дэглэм, хэвшилд үнэхээр тодорхой нөлөө үзүүлдэг. Дам утгаараа улс төрийн идэвх ч сэргэдэг. Ээлжит сэргэлт ч эхлээд эрчимтэй явагдаж байгаагийн илрэл бол өнгөрч буй долоо хоног буюу 4 сарын 19-нөөс эхлэн Сүхбаатарын талбайд С.Жавхлан, Ц.Мөнхбаяр нарын тэргүүлсэн “Гал Үндэстэн” холбоо, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” хамтран “Ард түмний хэлэлцүүлэг” зохион байгуулсан бол дараа өдрөөс нь Н.Энхбаярын МАХН, М.Энхсайханы ҮШН, сэтгүүлч Г.Уянга нарын тэргүүлсэн улс төрийн нам,  холбоодын  “Тусгаар тогтнол, шударга ёс, эрх чөлөө” нэгдсэн хөдөлгөөн “UB palace”-д “Бүх ард түмний их хуралдай”-г (уул нь төрийн ордонд зохион байгуулах зорилготой байсныг нь эрх баригчид тасалдуулсан болтой) зохион байгуулж эхэлсэн байна
 
“Ард түмний хэлэлцүүлэг”, Бүх ард түмний их хуралдай” 2-ын ялгаа нь нэг нь байшин дотор хуралдаж, нөгөө нь талбай дээр өрнөснийг эс тооцвол:
-    Цаг хугацааны давхцал
-    Нэрийн сонголт, хийж буй үйлдэл, сценари зэргийг харвал аль аль нь улс төрийг “монголжуулах” оролдлого хийж.
-    Эрх баригч хүчний эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхийг эрмэлзэж.
-    2012 оны сонгуульд ямар нэг хэмжээгээр оролцох сонирхолтойгоо илэрхийлж.
-    Дэвшилт сэхээтнүүд гэхээсээ нийгмийн солгой дуу хоолойг илэрхийлэгчдээс бүрдсэн гэх тун төстэй шинжүүдийг агуулж байлаа.
 
Ер цаанаа үг хэлээ нийлүүлсэн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймээс тэдний хэлж буй санаа, илэрхийллийг нэг багцлан авч үзсэн болно. 
 
“Бүх ард түмний Их хуралдай” гэх сүрхий нэрийн дор 800 хүн цуглуулж, улс төрийн намууд, иргэний 20 шахам байгууллага оролцуулсан гэж байна. Хэлэлцэж буй асуудал нь ч өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал, түүнээс хэрхэн гарах гарцын талаар хэлэлцсэн гэж байгаа. Чухамдаа өөрсдийн хувьд улс төрийн талбарт тулгамдсан асуудлаа хэлэлцэж, улс төрийн боломжит гарц хайсан гэдэг нь хөндлөнгөөс харахад тодорхой юм.
 
Аль аль арга хэмжээний багцаа, баримжааг харахад багагүй зардал мөнгө босгож хийж байгаа нь анзаарагдах бөгөөд ухаандаа 2012 онд өрсөлдөх улс төрийн капиталаа одоогоос базааж эхэлж буйн илрэл гэж үзэж байна.
 
“УИХ-ыг тараах, засгийн газрыг огцруулах”, “Харийнхны гар хөл болсон луйварчид дүүрсэн”, “Монгол улс ядуурал, бүтэлгүйдлийн доод ёроол туйлд хүрсэн”, “Улс төрийн намыг устгах ёстой” зэргээр хийж буй нульдаа популист, улс төржилт ханхалсан мэдэгдэл, уриалга нь сүүлийн хэдэн жилийн гудамжны улс төрийн улиг болсон уламжлалт хандлага төдий зүйл байлаа. Шинэ хэлсэн санаа оноо тун бага. Зарим нэг санаанд нь төрийн эргэлт хийх тухай зүйл ч (Ард түмний олонхийн тавьж буй шаардлага бол ямар ч хуулиас илүү хүчин төгөлдөр хууль, ямар ч хуулийг цуцлах бүрэн эрх мөн) цухалзаж байна лээ. Одоо ч ийм зүйлд хаана хаанаа залхаж, хэлбэр төдий зүйл хэмээн хүлээж авах хандлага бий болж дээ.
 
Мэдээж үзэл бодлоо илэрхийлэх, улс төрчдөд цочоо сануулга өгөх, нийгмийн тулгамдсан асуудалд олон түмний анхаарлыг татах талаасаа аливаа улс төрийн акци нь байж болох төдийгүй байх ёстой зүйл. Харамсалтай нь давтамж нь ихсэж, утга агуулга нь болхижин, хэлбэр нь хуучирсан учраас эрх баригчид хийгээд олон түмний хувьд ч ямар ч сонирхолгүй цаашлаад залхаж халширмаар зүйл болчихож.
 
Монголын улс төрд, нийгмийн санаа бодлыг хүргэх хандлагад, иргэний хөдөлгөөнүүдийн үзэл бодлоо илэрхийлэх арга барилд тоглолтын шинэ “технологи” нэвтрүүлэх цаг ирж. Ямар нэг зүйлийн цаг ирсэнийг байнга сануулдаг энэхүү хөдөлгөөн, улс төрчид өөрсдийнхөө цаг дуусаж буйд бас хаяа анхаарч байх хэрэгтэй ажгуу. 

Өөрийнх нь молхи үйл ажиллагаанаас болж нийгэмд жинхэнэ дуу хоолойгоо илэрхийлэх ёстой бүлгүүдийн үзэл бодол та нарын шуугианд дарагдан өнгөрөх дээрээ тулаад байна. Өнөө “Чоно ирж, хонийг минь барилаа” гэж 3 удаа ардыг хуурснаас болж 4 дэх удаад чоно ирэх үед хэн ч нийгмийг сонсохгүйд хүрэх болуузай хэмээн сануулсан минь энэ ээ.

1 comment:

  1. Дэвшилтэт сэхээтэн гэж ямар томъёолол байна аа? Ком үеийн хөдөлмөрийн сэхээтэн энэ тэртэй ойролцоо ойлголт, өөрөөр хэлбэл коммунист үзэлт сэхээтэн гэсэн үг биз дээ. Өнөөдөр Монголд тийм сэхээтнүүд бас байна уу? Тэгвэл тэднийг оролцуулъя л даа.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)