2011/04/25

ДАЛД УЛС ТӨР

Хүн бол нууц руу тэмүүлдэг амьтан. Түүнд огт хамааралгүй, огт хэрэгцээгүй байсан ч хэн нэгний нууж хааж байсан зүйлийг олж мэдээд санаа амардаг. Зөвхөн санаа амардаг гэвэл өрөөсгөл хэрэг. Тэр ганцаараа тэрхүү олж авсан нууцаа хадгалж хэрхэвч чадахгүй бөгөөд өөр хэн нэгэнтэй хуваалцахыг тэсэхгүй хүсэх нь түүний бас нэг заяамал шинж.
 
Тийнхүү нууцыг задлаад зогсохгүй, тэрхүү нууц зүйл нь ямар муухай, “заваан муухай” болохыг нь шогширч, өөрөө төдийгүй бусдын уур бухимдлыг төрүүлэх учир шалтгааныг заавал оноон нэрлэж, улмаар бүгдэд мэдэгдэж, үр дүнд нь нийтээрээ ундууцан асаж эхлэнэ.
Олон түмний хувьд хамгийн их нууц агуулдаг хэмээн ойлгогддог зүйл бол улс төр. Түүнд жирийн нууц байх ёстойг ойлгохын зэрэгцээ ер бусын, бүр цаанаасаа хорлонтой ямар нэг далд зүйл агуулж байдаг гэдэгт бүх нийтээрээ итгэж байдаг. 
 
Улс төрийн ухаанд энэ ойлголтыг “параполитик”(parapolitics) буюу “далд улс төр” хэмээх ойлголтоор тэмдэглэж авч үздэг.
 
“Далд улс төр” бол олон нийт, хэвлэл мэдээлэл болон бусад ардчилсан институци, парламент зэргээр үл хязгаарлагдах улс төрийн үйл явцын тунгалаг бус хэсгийг судалдаг. Тунгалаг бус байдал зөвхөн улс төр төдийгүй эдийн засаг, бизнес, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон улсын харилцаанд ч их багаар оршиж байдаг. Чухамдаа улс төр тэр чигтээ тунгалаг байх гэдэг нь ёстой л үлгэр домог. Улс төрийн аливаа үйл явцын хэмжээ далайц хэдий их байна төдий хэрээр тунгалаг бус байдал өснө.
 
Нийгэм шашны зарим нууц далд чанарыг байх ёстой мэт хүлээж аваад зогсохгүй түүнд бишрэн шүтэхэд ямагт бэлэн байдаг атлаа улс төрийн хүрээний нууц гэгдэх асуудалд шууд сэжиглэн хардаж, аль болох нээж үзэхийг эрмэлзэж байдаг.
 
Монгол өнгөрсөн үеийн улс төрийн түүх ч зарим түүхч, эрдэмтэн судлаачдыг эс тооцвол үр ач биднээсээ хөрш улсуудын ил далд бодлогын нөлөөгөөр нууц байсаар ардчилсан цаг үетэй золгосон юм. Хамгийн алдартай нь “Монголын нууц товчоо”. Тухайн үеийн шинэ тутам байгуулагдаж буй Монголын их гүрний ордны дотоод болон гадаад улс төрийн нарийн төвөгтэй, ээдрээтэй харилцааг илэн далангүй бичсэнээс улбаалан судлаачид уг түүхийг бичигч бээр улс төрийн хор найраанаас хол, хөшигний арын тоглолтод оролцож байгаагүй хүн байжээ гэж дүгнэхэд хүрдэг. Өөрөөр хэлбэл, улс төрд биечлэн оролцож, түүнд “хордсон” хүн тухайн үеийн Монголын далд улс төрийн амьдралыг бичиглэн үлдээх эр зориг нь хүрэхгүй байсан гэж үзэх шалтгаан бас бий. Нууц товчоонд бүрэн тайлагдаагүй олон нууц бий. Тухайн тохиолдол бүрт судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлж ирсэн. Чингис Жамух хоёрын улс төрийн харилцааны цаад утга чанар өдгөө ч нууц хэвээрээ үлдэв.
 
Улс төрийн далд нууц чанарыг Монголчууд “Илжгэн чихт хаан” зэрэг үлгэр домгоор ёгтлон харуулсан байдаг. Нууцыг чандлан хадгалахын тулд түүнийг мэдсэн хэн бүхэн нөгөө ертөнц рүү одохоос өөр аргагүй болдог ч хэзээ нэг цагт тэрхүү нууц чанд гэх зүйл заавал олон түмэнд ил болдог тухай уг домогт өгүүлсэн байна. Чухамдаа улс төрийн далд чанар гэдэг бол элжгэн чихт хааны нуухыг хүсэж байсан “том чих”-нээс цаашгүй маш энгийн бөгөөд хэрэггүй хөгийн зүйл л байдаг.
 
Соц-үеийн улс төрийн талбарт өрнөж буй ил далд үйл явдлын талаар жирийн иргэд ямар нэг багцаа таамаглалтай, эсвэл онигоо, явган яриа байдлаар дамжин олон түмэнд хүрдэг байсныг бид бүхэн санаж байгаа. Хожим ардчилсан нийгэм, нээлттэй олон ургальч хандлагаас үүдэн бүхэнд нээлттэй болсон далд зүйлүүд нэг бус бий. Гэхдээ, улс орны нэр хүнд, гадаад харилцааны бодлогоос үүдэн нууц хэвээр үлдсэн зүйл ч хангалттай. Түүнд дотор өнөө мундаг улс төрчид нь “нохой тоож шиншлэмгүй”, ямар хөгийн юм хийж байсан юм бэ гэмээр халгалмаар зүйл ч байдаг.
 
Улс төр, эдийн засгийн тунгалаг бус чанараар “занималдаж”, ажил мэргэжил, амьдрах аргаа болгосон бүхэл бүтэн тагнуул тусгай алба хэмээх салбар бий. Энд улс төрийн далд явууллага, харилцааг бүртгэх төдийгүй, заримдаа улс төрийн ширүүн өрсөлдөөн, томоохон шийдвэртэй алхмуудад цуглуулсан мэдээллийг задлан, “дайсан” этгээдийг нам цохих оролдлого нэг бус гарч байдаг.
 
Аль ч нийгэмд далд улс төр, бизнес байсан, байсаар ч байх болно. Далд нууц бүхэн хардалт, сэжиг таамаг агуулдагийн адилаар далд улс төрийн талаар олон түмэн өөрийн авсан мэдээлэл таамаг, логик дүгнэлтэд тулгуурлан өөрсдийн гэсэн төсөөлөлтэй болж байдаг. Тэр нь бодит байдалтай нийцдэг нь ч бий, бүр тэс хөндлөн байдлаар ойлгосон байх нь ч олонтаа. Улс төрчдийн үхэл болгон улс төрийн ямар нэг учир шалтгаантай байдаг мэтээр цуурхаж, улмаар үүнийг нь улс төрчид даруй олзуурхан шүүрэн авч, өрсөлдөгчийнхөө эсрэг дайралт болгон ашиглахдаа ч гаргуун.
 
Улс төрийн тунгалаг бус далд чанар чухамдаа улс төрчдийн амьдрах орчин юм. Нэг үгээр загасанд ус ямар хэрэгтэй байдаг шиг улс төрчдийн хувьд ажиллаж буй талбарынх нь далд, нууц чанар амин чухал асуудал юм. Хэрэв улс төрд далд нууц байх чанарыг нь ховх сороод авчихвал, тэр огт ажиллагаагүй болно.
 
Улс төр бол далд ил далд ертөнцийг зэрэг агуулсан нийгмийн зайлшгүй оршин байх чухал талбар. Хүн ба улс төрийн харилцаа нь тэрхүү далд байдлыг нэг нь хадгалах нөгөө нь задлах үйл явц дээр оршиж байдаг бөлгөө. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)