2011/04/06

ХЭНД "УДИРДЛАГА" БАЙНА, ТҮҮНД ЭРХ МЭДЭЛ БУЙ...

Орчин цагийн хүмүүн бид мэдээллийн асар хүчтэй урсгалаар зай завсаргүй, залхан халширтал нүддэг нийгэмд амьдарч байна. Мэдээллийн их давалгаанаас хэрэггүй нь хаяж, хэрэгтэйгээ шүүж авах ёстойг бүх нийтээрээ ухамсарладаг хэдий ч бодит амьдралд дээр тэрхүү хэрэгтэй гэх мэдээллийн давхцал нь ч хэтэрхий баялаг байгаад асуудлын гол оршиж байна. Уйдах зав үл олгох мэдээллийн бөмбөгдөлт, өргөн суваг талбараас шалтгаалж орчин цагийн хүүхдүүд бүү хэл коммунист хүмүүжилтэй ахмад настнууд ч ном уншихаа больж, өглөө босоод рефлексээрээ телевизийн удирдлага руу гараа явуулах нь хэвийн зуршил болчихож.

Суурин газруудад кабелийн суваг нь түрдээ тасрах, телевизийн удирдлага нь олдохоо болих, эсвэл зай нь дуусах, ажиллагаагүй болоход бачууран бухимдаж,  бараг тэдгээр нь биеийн чухал эд эрхтний хэмжээнд аяндаа үнэлэгдэх болсоныг аль ч айл өрхөд ороод анзаарч болно.

Телевизийн удирдлага хэнд буйгаар нь тухайн айлын эрх мэдэл хэнд төвлөрч буйг төвөггүй тодорхойлж болно. Хэрэв нэг телевизийн ард суугаад эвтэй нь аргагүй үзэж чадахгүй бол дуртай төрлийн телевизээ аваад дурын өрөөндөө үзэх эдийн засгийн боломж ч айл бүрт бий болж байна. Үүнийгээ дагаад гэр бүлд эрх мэдлийн хуваагдал бий болж, нэгээсээ үл хамаарсан, салангид, нэгийнхээ сонирхол хэрэгцээг үл анзаарагч хүйтэн хөндий гэр бүлүүд бий болж эхэлж буйг ч судлаачид сануулах болов.

Удалгүй сайн эрийг ямар хөөрөг, хутга, гаанс эдэлж хэрэглэж буйгаар нь биш ямар телевизийн хэр хийц загвартай удирдлага барьж буйгаар нь тодорхойлж эхлэнэ биз.   

Хэнд телевизийн удирдлага буй түүнд эрх мэдэл буй...

Хүн улам бүр телевизийн, интернет зэрэг виртаул орон зайгаас улам бүр хамааралтай болж, тэрхүү орчныхоо эзэн нь биш харин боол нь болох тал руугаа л яваад байна гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу.Ном, сонин сэтгүүл уншиж суух цаг хугацааны бололцоо, сонирхол татах чанар нь улам бүр буурч, тэдгээрт дурьдагдсан агуулгыг бага цагт, өвөрмөц хэлбэрээр харуулсан дуу дүрсийн багцлал бүхий  кино, анимишнаар дамжуулан үзэж харах нь хялбар бөгөөд сонирхолтой болсон байна.  

Ер нь телевиз, интернеттэй нь хэрхэн харьцаж, түүнд донтож буйгаар нь сэтгэл зүйг нь тодорхойлох боломж бүрэлдэж, улмаар хүмүүсийг сонирхол хэрэгцээнд нь  тулгуурлан тэднийг мэдээллийн зомби болгох нөхцөл ч алхам алхмаар бүрэлдсээр...

Мэдээж хэн нэгэн этгээд биднийг "далдаас" удирдан захирах бололцоо өсөж байгаа шиг тэдгээр нөхдийг эрс хатуу шүүмжлэн буруушаах техник, технологийн бололцоо ч олон түмний гарт бэлэн өгөгдсөнийг сануулах нь зүйтэй. Монголчууд нь энэ нөхцлийг муугүй ашиглаж эхэлсэн.

Гэхдээ яригдаж буй сэдвийн хүрээнд энэ удаад улс төрч, эрх баригчдын үйл ажиллагаа, явуургүй үйлдлийг шүүмжилсэн орос залуучуудын бүтээсэн "Сонгууль" ба "Орос-Америкийн харилцаа"-ны тухай 2 бяцхан анимшнийг хүргэж байна. Орчуулгагүйгээр бараг ойлгогдоно. Угаас олон юм ярьж нуршилгүй гол санаагаа богино хугацаанд, зардал шаардалгүй олон хүмүүст хүргэх бололцоотойгоороо анимшн гэх төрөл тун хурдтай хөгжиж буй болно.

Улс төрийн үзэл бодлоо илэрхийлж буй нь энэ гээд өвлийн хүйтэн, зуны халуунд өөрийн хийгээд бусдын уур бухимдлыг хүргэж, талбай эзэгнэж, нийгмийн агуу хувьсгал үүсгэх тухай ярьж буй нөхдүүд иймэрхүү байдлаар олон түмэнд санаагаа ойлгуулвал зүгээр хэмээн санал болгоод урт тайлбараа дуусгая.

Хэнд анимшн програм, авъяас мэдрэмж, сонирхолтой санаа байна тэр санаагаа олон түмэнд хүргэж, түүнээс эрх баригчид эмээн болгоомжилмой... 




No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)