2011/04/08

БЛОГИЙН ХАГАС ЖИЛИЙН ТЭМДЭГЛЭЛ

Блог хөтлөөд, болсон болоогүйгээ үл анзааран нийтлэл, өгүүлэл, бичлэг оруулаад яваад байсан, нэг мэдтэл хагас жил өнгөрчихөж. Бүтэн зургаан сарын туршид бид 250 гаруй бичлэг оруулж амжжээ. Мөн таван тивд амьдарч буй Монголчуудаас хандсан хандалт хэдий нь 40000 гарч одсон нь өчүүхэн блогийн минь хувьд бишгүй том амжилт.
 
Блог маань анхнаасаа сүрхий “улс төржсөн” нэртэй байсан хэдий ч блогчдын хувьд дотоод агуулга, хөндөж буй асуудлаа аль болох цараатай байлгахын хичээж ирсэн болохыг та бүхэн маань анзаарсан байхаа.

Бусад блог, сайтуудтай харьцуулж өөрийнхийгөө анзаарахад хувийн үзэл бодол, мэдээлэл дамжуулах үүрэгтэй гэхээсээ илүү цахим сэтгүүлэрхүү зүйл болчихсон болтой. Цаашдаа ч энэ хэв маяг, өнгө төрхөө хадгалж явна. Харин хойшдоо урт урт, уйдаж залхам сунжруу нийтлэл оруулахаасаа татгалзах санаатай байна. Учир нь цаг зав муутай дээр мэдээллийн нүсэр орон зайгаас хэрэгтэйгээ шүүхээс хүмүүс залхаж эхэлсэн тул нийтлэл, өгүүлэл, мэдээ мэдээлэл тун ч товч тодорхой болгож эхэлжээ. Зарим нэг блогийг харахад гарчиг тавиад ердөө 2 өгүүлбэр биччихсэн зүйл ч тааралдаж байна лээ. Энэ жишгийн дагуу их буюу урт тусмаа сайн гэх блогчны соц-үеийн стереотипээ эвдэх ажилд шаргуу орсон болно.
 
Блог хөтлөх нийт хугацаанд санал шүүмжлэл, асуулт хариулт ирүүлж байсан нийт уншигчиддаа баярлалаа. Тэр бүхнээс хэрэгтэй гэсэн бүхнээ тусгаж авч байгаа болохоо хэлэх нь зүйтэй. Санал шүүмжлэлээс гадна зарим нэг гомдол, атаархлын өнгө аястай зүйл ч чихний хажуугаар шүргээд л авна лээ, “завтай байсан бол би ч гэсэн...” гэх. Орчин цагийн мэдээллийн нийгэм нь “social network” гэх үзэгдлээс салгаж тусгаарлахын аргагүй шүтэлцээтэй явдгийг өдгөө хэн бүхэн ойлгодог болсон. Аливаа блог, сайт, нүүрний ном (facebook-ийг хошигнон орчуулсан хэлбэр), жиргээ (твиттер) зэрэг нь хүмүүсийн зүгээр нэг хобби болсныг юуны өмнө сануулая. Яг хурдан морь, үнэтэй хөөрөг гаанс сонирхож, шуудангийн марк, одон тэмдэг цуглуулдаг шиг хүмүүс энэ талбарт чөлөөт цагаа өнгөрөөж өөрийгөө таниулж, бусдаас суралцаж, санал бодлоо хуваалцаж байдаг өдөр тутмын үйлдэл болсон юм. Магад цаг хугацааны давчуу орчинд, улам шаргуу ажиллахыг шаарддаг болсон өнөө цагт харилцааны орон зайгаа нөхөх хамгийн боломжит хэрэгсэл “социал нэтворк” болсонтой ч холбоотой биз. Иймээс энэхүү блогийн хөтөлж буй залуус дуртайдаа, бусадтай харьцуулахад цаг завтайдаа бичээд суугаад байдаггүй болохыг сануулах юун. Та цаг заваа зохистой зарцуулвал, бидний хөтөлж буй блогоос ч арвин мэдээлэл, хүртээмжтэй агуулга бүхий орон зай үүсгэх бэлээхэн бололцоо хэн бүхэнд байгааг хэлэхэд таатай байна.
 
Блог гэснээс сүүлийн үед бичлэгүүдийн маань тоо цөөрөөд байгаа нь блог хөтлөгч залуусын судалгааны ажилдаа шахагдах болон бусад цахим орчинд “үзэж тарах” нөхцөл байдлаас шалтгаалах болсонтой холбоотой. Ялангуяа нөхөр Д.Мийгаа сүүлийн үед мэргэжлийн блогтоо анхаарал хандуулж (http://ulstur-tech.blogspot.com/), “жиргээ” (twitter) гэх зүйлд нилээн цагаа барах болсоноо хүлээх нь зүйтэй. Удахгүй жиргээ гэх шинэ талбар маань юу болох тухай товч танилцуулгыг та бүхэндээ хүргэх болно. Анзаарсан бол блогийн маань зүүн доод буланд жиргээ гээд байгаа тэр зүйлийг хэлээд байгаа хэрэг.
 
Хагас жилийн блог бичлэг маань Д.Мягмарсүрэн, А.Энхбат зэрэг блогчдоос гадна О.Чулуунбилэг, Д.Сэрдарам, П.Дашдорж, Э.Долгион С.Нямдорж, С.Энхтөр, Д.Анхбаяр, Б.Найдалаа нарын чадварлаг судлаач залуусын хамтын бүтээл байсныг хэлэхэд тун таатай байна. Цаашдаа ч энэ бүх судлаач залуусын дуу хоолой, үзэл бодол, судалгаа шинжилгээ та бүхэнд хүрч байх болно.
 
Тэмдэглэлийн төгсгөлд хэлэхэд бид бүхний нийтлэл, өгүүлэл, мэдээ мэдээллийг уншсан болон үзэх төдий өнгөрсөн, огт хайрамжгүй хандсан хэн бүхэнд баярласан талархсанаа илэрхийлээд та бүхний санал бодол бүхэн бидэнд их бага хэмжээгээр нөлөө үзүүлж байдгийг сануулах нь зохистой. Бидэнтэй нэгдэж, нийгмийн хөгжил өөрчлөлтийн талаар үзэл бодлоо хуваалцах хүсэлтэй хэн бүхэнд блогийн маань үүд хаалга нээлттэй байгааг дахин хэлэе.
 
Монголын цахим мэдээллийн орчинг хөгжүүлэх үйлст дуслын төдий үүргээ гүйцэтгэх дэврүүн бодол маань үргэлжилсээр...

Өнгөрсөн сард хамгийн их уншигдсан нийтлэл (зарим хуучин нийтлэл түрж орж ирсэн нь оюутнуудын судалгааны ажил эхэлсэнтэй холбоотой байх... хэхэ)

1.МОНГОЛЧУУД ХЭМЖЭЭНДЭЭ СЭТГЭХ ЁСТОЙ 
2. “АВАТАР” БА НАНОПСИХОЛОГИ 
3.ЭРТНИЙ ХЯТАДЫН ЦЭРЭГ ДАЙНЫ “36 СТРАТЕГИ МЭХ” ОРШВО... 
4.ПАРЕТОГИЙН ХУУЛЬ БУЮУ 80/20-ИЙН ЗАРЧИМ 
5. БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨГИЙН ШАШИН 
6. БӨӨГИЙН “ТЭНГЭР ОНГОЙХ” БУС, ОЮУНЫ УУРХАЙ НЭЭГДЭГ!...
7. ЯПОН ДАХЬ ГАЗАР ХӨДЛӨЛТ БИДЭНД ЮУГ АНХААРУУЛАВ? 
8. "ХАГАС" ЭХ ОРОН МИНУ 
9. ЗҮҮД БА УЛС ТӨР 
10. 09. 11 ХИЙГЭЭД 03. 11

Хандсан улс орон - эхний арав
   
Mongolia         
5,794
Russia
             534
South Korea
    436
United States   
436
Germany
        380
Taiwan
          186
Australia        
83
China
            74
Japan            
37
Sweden        
33



4 comments:

  1. Нээрээ тийм байна шүү. Тун дажгүй цахим сэтгүүл. Бүх нийтлэл,мэдээ,мэдээллээ эмхтгээд хэвлэвэл бас сонин үзүүштэй сонирхолтой хөөрхөн блог сэтгүүл гарах нь байна.

    ReplyDelete
  2. Уншигч08/04/2011, 22:42

    Танай блогийг сонирхон уншдаг болсоор 2 сар гаруй болж байна. Нас минь хэдийгээр 60 дөхөж байгаа ч оюутан ачхүүгийнхээ компьютер дээр суухдаа нийтлэлүүд уншдаг болсон ухаантай. Битүүхэндээ тунчиг дэмжиж байгаа юм шүү блогчин хүүг. Хуурай биш мөлжүүртэй нийтлэлүүдээ улам их бичиж байгаарай.

    ReplyDelete
  3. Saihan niitlel sudalgaanuud gardagt bayarldag shyy. Amjilt.

    ReplyDelete
  4. sonirholtoi, soeltoi, sn blog! tsashid ulam ilu zuilig setgej humusin sonirhlig tatsan, heregtei medellig ugch bhig husi! amjilt!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)