2011/05/04

ЯНДАЖ БАРШГҮЙ ДАЛАЙ ШИГ ЯАСАН БАЯН НУТАГ ВЭ?

Энэ бол ХХ зууны эхэн хагаст коммунист Монголын нийгэмд мэндэлсэн дууны нэгэн бадаг. Эндээс байгал дэлхийн баялаг бол ширгэшгүй арвин, тиймээс хүртээд л байх хэрэгтэй гэсэн гэнэн марксист үзэл санаа нэвт үнэртэнэ. Уг нь хүн төрөлхтөн аль хэдийн нь байгалийн баялаг гэдэг бол шавхагддаг, бүр дуусдаг, зөв зохистой ашиглахгүй бол эргээд нийгэмд хүчтэй хор хөнөөл үзүүлдэг. Мөн үүний зэрэгцээ өөрийн орны баялгийг хайрлахаас гадна бусад хөрш улсынхаа байгаль орчинд нь бас гамтай, ээлтэй хандах ёстой, учир нь бид нэг дэлхий дээр амьдардаг гэсэн ойлголт өнөө үед дэлхийн нилээд улс гүрэнд төлөвшсөн. 


Харин манай орны хувьд ийм бодол санаа төр засгийн хэмжээнд лав алга. Гэвч их бага гэлтгүй бүгд л мэддэг, санаа зовдог асуудал мөн үү гэвэл яах аргагүй мөн. Даан ч нийгмийн ухамсарт бүрэн сууж, ажил хэрэг болтол зай ч байна, лай ч байна. 
 
Төр засаг маань яндаж баршгүй баялагаа тарааж барахгүй шинжтэй. Анх хүүхдийн арван мянгаар эхэлсэн хайр халамж оюутан бүрийн сарын далан мянгаар төгсөх бололтой. Тарааж буй баялаг хязгаартай, түүнийг авч буй хүний хүсэл, шунал хязгааргүй гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн иргэн хүртэл бүгд л мэдэж байгаа. Даанч би болж байвал бусад нь пад алга гэсэн хандлага нь дийлээд байх юм. Ахиад нэг удаа сонгогдох гэж улс төрчид амласнаа биелүүлсэн баатар болохоор зүтгэнэ. Зүгээр өгөөд байгаа мөнгийг аваад байхаас өөр яах юм гэлцэн масс банкинд дугаарлана.
 
Хэлснийхээ яг эсрэгээр хийх
Өнөөгийн төр засгийн эрхэнд буй эрхмүүд хэдхэн жилийн өмнө бид ард түмэндээ бэлэн юм өгөхгүй ээ, өөрөөр хэлбэл загасыг биш загас барих аргыг нь заана гээд энд тэндгүй л цэцэн мэргэнээ гайхуулж байсан. Харин өнөөдөр ард түмэн засаг бариад сурсан уу гэвэл худлаа. Харин ч Сүхбаатарын талбай дээр загас барих ёстой ард түмний төлөөлөл сар бүр өгдөг 21 мянган төгрөгөө 30 хоногт хувааж тооцоод би яаж амьдрах юм гээд орилж байна.
 
Оюутанд мөнгө хэрэгтэй юу 
Оюутан нас маань Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьсан үетэй давхацсан. Манай үеийнхэн бас л Саарал ордон тойрон гороолж өнөө хүртэл хэл ам таталж байдаг автобусны хөнгөлөлт эдлэх гэж тэмцэж байв. Ингэж жагсаж цугласны хүчинд хоёр, гурван удаа автобусны мөнгө гэж 2500 төгрөг бэлнээр авсан юм. Мөнгө буусан өдөр бол жинхэнэ шоуны өдөр. Мөнгөө гар дээрээ авсан бид ангиараа автобус руу биш баар луу явдаг байлаа. Одоо санахад эртхэн л очихгүй бол баар сав дүүрээд хөл гишгэх газаргүй болдог байж билээ. Намрын сэрүүнд жагсаж олсон 2500-гаа бааранд тушаасан бид маргаашнаас нь кондуктортай хэрэлдээд, чимхүүлээд л явдаг сан. Энэ бол ардчилсан нийгэм оюутанд бэлэн мөнгө тараасан анхны үйл явдал байлаа.
А. Энхбат 2011. 05. 03

2 comments:

  1. Яг зөв. http://duulin.blogspot.com/2011/04/2.html

    ReplyDelete
  2. хэ хэ нээрээ тэгж холиодог байсан шүү

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)