2011/05/05

НОГООНУУД МОДОНД ГАРЧ, “МООДОНД” ОРОХ ЦАГААР...

Энэ оны 4 сарын сүүлээр Сүхбаатарын талбай дээр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн” холбооныхон байгалаа хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэх тухай эрүүл үзэл санаагаар эхэлсэн улс төрийн морьт хөдөлгөөн засгийн газар, парламентыг огцруулах тухай улс төржсөн мэдэгдэл болоод сунжраад одсон. Үнэхээр хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал нь авилгаас илүү чухал нийгмийн төдийгүй ерөөс амьд организм тэр дотроо хүн хэмээх бодгалийн оршин тогтнолын чухал асуудал болох нь хэнд ч ойлгомжтой. Мэдээж авилгал хийгээд хүрээлэн буй орчны бохирдол нь аль аль нь үндэсний аюулгүй байдалд үлэмж нөлөөтэй төдийгүй харилцан нэгээсээ шалтгаалсан үзэгдлүүд юм. 

Тогтоосон стандарт, хууль дүрмээс гажсан үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг бохирдуулж буй бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь чухамдаа хэн нэг түшмэдийн хармаанд орсон мөнгөн дээр оршин тогтнож, улам бүр хор хохирол тарьсан хэвээр үлддэг нь үнэн.

Улс төрийн экологи гэж юу вэ?
Хүрээлэн буй орчны асуудал улс орон бүрийн хувьд тулгамдсан зүйл болж, экологиос гадуур аливаа бодлого үйл ажиллагааг авч үзэх боломжгүй болсоны нэг илрэл бол “улс төрийн экологи” (political ecology) хэмээх ойлголт. Уг нэр томъёо нь шинэ тутам үүссэн хэдий ч улам бүр эрчтэй судлагдан, өдгөө академик хүрээнээс хальж, нийгмийн чухал сэдэв болон өргөнөөр яригдах болсон . Улс төрийн экологи нь хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал, өөрчлөлт хийгээд нийгэм, улс төр, эдийн засгийн хүчин зүйлийн харилцан хамаарлыг судалдаг салбар юм. Өөрөөр хэлбэл, дан ганц шинжлэх ухааны үүднээс хүрээлэн буй орчныг судлан үзэх төдий бус харин экологийн үзэгдэл, тулгамдсан асуудлыг нийгэм-улс төрийн өнцгөөр анхааран харахад түлхүү ач холбогдол өгдөг байна. Үүний тулд, газар зүй, хүн судлал, хөгжил судлал, улс төр, социологи, хүрээлэн буй орчны бусад салбаруудын зааг дээр экологийн асуудлыг авч үзэхэд анхаардаг аж.

Экологийн өөрчлөлт нь нийгмийн бусад үзэгдэлтэй адил улс орнууд, нийгмийн бүлгүүдэд тэгш бус “хуваарилагдаж”, энэ нь улмаар нийгмийн хөгжилд чөдөр тушаа болсон сөрөг нөхцөл, зөрчил мөргөлдөөн лүү түлхэхэд хүргэдэг. Иймээс улс төрийн экологи нь практик утгаараа улс төрч, бодлого шийдвэр гаргагчдад хүрээлэн буй орчны менежмент, удирдлагыг сайжруулахад хувь нэмэр болох тэрхүү бодлогын хувилбарыг санал болгох, хүрээлэн буй орчны асуудлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямрал, нийгмийн зүгээс байгал орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, шийдвэрлэхэд зохих төсөөлөл, ойлголтыг өгөхөд чиглэдэг.   

Улс төрийн экологи нь хот суурин, үндэстэн угсаатан, улс орон ерөөс хүний оршин тогтнолын асуудалтай нягт уялдаатай асуудал хөнддөг буюу нэг удаагийн улс төрийн амлалт, сонгуулийн сэдэв, мөрийн хөтөлбөрийн бүлэг заалт төдий зүйл биш болох нь эндээс харагдана.

Ногоон улс төрийн бодлого  
Орчин цагт экологийн асуудлыг шийдэхгүйгээр нийгмийн шинэчлэл, дэвшлийн асуудал яригдах утгагүй хэрэг болсон. Улс төрийн хүрээнд хүрээлэн байгал орчны тухай нухацтай авч үздэг нэг чухал ойлголт бол “ногоон улс төр” (green politics) юм.

Ногоон улс төр нь экологийн баримжаатай тогтвортой нийгэм, нийгмийн либерализмын үзэл санааг чухалчилдаг улс төрийн үзэл суртал юм. Аж үйлдвэржсэн нийгмийн хөгжлийн сөрөг үзэгдэл болох хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах, байгалийг унаган төрхөөр нь хадгалах, уламжлалт хөдөө аж ахуйг дэмжих, хөгжлийг төлөвшүүлэх явцад тодорхой хяналт тавих зэрэг асуудлыг дэвшүүлэн 1970-аад оноос үндэс суурь нь тавигджээ. 1972 онд хамгийн анхны ногоон нам Австралийн Хобарт хотод “Тасманы нэгдсэн бүлэг” нэртэйгээр байгуулагдсан гэх бөгөөд мөн хугацаанд Канадын зүүн эрэгт адил зорилго чиглэлтэй “Бага нам” гэж үүсчээ. Үндэсний хэмжээний анхны ногоон нам “Үнэт зүйлсийн нам” нэртэйгээр 1972 оны 5 сард Шинэ Зеландад байгуулагджээ. Харин “ногоон” гэх нэр томъёог 1980 онд сонгуульд анх удаа өрсөлдсөн германы “ногоонууд” санаачилсан гэдэг.

Ногоон намууд нь:
1.      Экологи- экологийн тогтворт байдал
2.      Шударга ёс – нийгмийн хариуцлага
3.      Ардчилал – шийдвэр гаргахад нийцэх үйл явц
4.    Энхтайван – хүчирхийллийг эсрэг үзэл санаа зэрэг асуудлыг чухалчлан тавьдагаараа онцлог.

1980-аад оноос Ногоон намууд нь орон нутгийн түвшнээс аваад бүс нутгийн, үндэсний түвшинд хүртэл тасралтгүй өсч, сонгуульд ялах урьдач нөхцлөө хангахын тулд орон нутгийн хүчтэй эвсэл болон зохион байгуулагдаж, шийдвэр боловсруулах үйл явцад байнга оролцох болсон байна. Германы ногоон нам төвлөрлийн эсрэг үзэл, дайныг эсэргүүцсэн бодлого зэрэг уламжлалт үзэл санаанаасаа гадна цөмийн энергийн эсрэг сөрөг байр сууриа анх удаа хүчтэй илэрхийлж,  эвслийн засгийн газрын орон нутгийн түвшний удирдах явцад идэвхтэй оролцож байгаад 1998 оноос Социал-демократ намтай хамтран “Улаан-ногоон эвсэл”-ийг байгуулж Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнд орж чаджээ. 2001 оноос Германд цөмийн эрчим хүчийг хязгаарлах зөвшилцөлд хүрч, Афганистаны дайны асуудлаар  канцлера Герхард Шрёдерийн засгийн газрын дэмжиж улмаар эвслийн бүрэлдэхүүнд үлдэх зөвшилцөлд хүрчээ. Энэ нь дэлхий дахинд “ногоон нам” амжилтад хүрэх, улс төрийн нарийн төвөгтэй хэлэлцээр, ажил хэргийг явуулж чадна гэдгийг харуулж чадсан хэрэг болжээ. Үндэсний хэмжээнд Бельгид “Ecolo” нам, Финляндын “Agalev” хүчин, Францийн ногоон нам тус тус засгийн газарт орж чаджээ.

Ногоонуудын философи
Ногоон үзэл санаа, экологийн ухамсрын хөгжилд Мохандас Ганди, Спиноза, Крик зэрэг сэтгэгчдийн үзэл баримтлал чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Ер нь ногоонуудын мөрийн хөтөлбөртөө экологийн шинжлэх ухааны нэр томъёог өөриймшүүлж, улс төрийн үзэл санаагаа феминизм, зүүн либерализм, либертар социализм, социал-демократ (социал экологи) үзэл болон бусад хэд хэдэн үзэл хандлагаас бүрдүүлэхийг эрмэлзэж байдаг. Тэдний хөтөлбөрт шатах ашигт малтмалын үнийг бууруулах, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд марк олгохоос татгалзах, нийгэм, бүс нутгийг хамгаалах зорилгоор худалдаа тариф, татварыг либералчлах санал тусах нь ч бий. Тэрчлэн ногоон намуудын хувьд глобал түвшинд авч хэлэлцэн хамтын ажиллагааныхаа чиглэл болгодог хэд хэдэн асуудлууд байдаг аж. Үүнд:

-          Реалист үзлийн эсрэг фундаментализмыг сөргүүлэн тавих
-          Эко-бүс нутгийн ардчилал
-          Сонгуулийн тогтолцооны шинэчлэл
-          Газрын шинэчлэл
-          Аюулгүй худалдаа
-          Уугуул ард түмнийг хамгаалах
-          Ургамал амьтны төрөл зүйл устахаас сэргийлэх
-          Био аюулгүй байдал
-          Эрүүлийг хамгаалах
-          Унаган байгалийн капитализм

Гэхдээ улс орны онцлогоос шалтгаалж, хүний амин хэрэгцээ ба экологийн тэнцвэрийг хэрхэн хандах талаар маргаан нэг бус өрнөж байдаг.

Орчин үед хүн ба хүрээлэн буй орчны уялдаа хамаарлын талаар асуудал өргөн хүрээнд яригдах болж, үүнтэй холбоотойгоор нийгмийн ухаанд “экологичлол” (ecologization) хэмээх ойлголт шинэ тутам эрчимтэй яригдах болов. Экологийн сүйрэл аюулын тоо нэмэгдэж, экологийн үндэстэй нийгмийн зөрчилдөөн хурцдах болсноос үүдэн “Экологийн шинэ парадигм” хөгжиж эхэлжээ. Уг парадигм нь хэдийгээр хүн төрөлхтөн өөр өөрийн онцлог амьдралын хэв маягтай хэдий ч тэд чухамдаа нэг амин үндэстэй, глобал экосистемд багтаж байдаг агаад хүний үйл ажиллагаа нь нийгэм, соёлын хүчин зүйлийн нөлөөн доор төдийгүй байгалийн шалтгаан үр дагаврын нарийн төвөгтэй уялдаа холбооны нэгэн хэсэг болж байдаг төдийгүй хүмүүсийн бүтээлч үйлс чухамдаа экологийн хууль зүй тогтлын хил хязгаарын дотор өрнөдөг болохыг нотлохыг хичээдэг. 
Хүрээлэн буй орчин, хүн ба байгаль, амьд ертөнцтэй харьцах асуудалд хэрхэн хандах явдлыг хөндсөн “биоэтик”, “экологийн ёс зүй”, “биофилософи” хэмээх салбарууд бий болов. Энвайронментализм буюу хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлийг баримтладаг нийгмийн хөдөлгөөн үүсч, орчин үеийн экологийн тулгамдсан асуудлын гол шалтгааныг хүнээс үүдэлтэй болохыг сануулж, хүрээлэн буй орчин хор учруулах бүхий л үйл ажиллагааг хязгаарлан зогсоох асуудлыг байнга дэвшүүлж ирсэн байна.

Экологийн хөдөлгөөнүүд байгал хамгаалах, боловсрол хүмүүжлийн ажил зохиох, хууль эрх зүйн санаачлага оролцох, эсэргүүцлийн арга хэмжээ явуулах, суртал ухуулга, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах, онол судалгаа шинжилгээний асуудалд оролцох, улс төрийн зохион байгуулалтад орох зэрэг олон янзаар бодлогоо хэрэгжүүлж байна. Тэрчлэн тэдгээрийг улс төрийн чиг урсгалаар нь байгал хамгаалах (биоцентрист үзэл), ардчилсан, экоанархизм буюу нийгмийн экологи, экофашизм, эко загалмайн суртал зэрэг байдлаар ангилах нь бий.

Ногоонуудын давуу тал
Хэний ч биш учраас хэн ч нухацтай анхаарал тавьдаггүй агаар, усны бохирдол, ургамал, амьтны аймаг устах, ойн сан үгүй болох зэрэг асуудал улам бүр олон түмний анхаарлын төвд орж, түүнээс болж үүссэн хор хохирлыг улам бүр олон хүмүүс хүртэх болж байгалийн гамшгийн давтамжийн тоо улам бүр нэмэгдэж байна. Энэхүү улам бүр “моодонд орж буй” асуудлыг барьж авсан нь ногоонуудыг хамгийн том давуу тал оршино.

Энэ зорилгоор ногоон намууд улс орон бүрт хууль тогтоох, гүйцэтгэх, боловсруулах явцад нөлөөлөх, биечлэн оролцох байдлаар зохион байгуулагдах болов. Улс дотроо адил төстэй экологийн чиг баримжаатай намуудтайг эвсэн нэгдэхээс гадна бүс нутаг дамнасан ногоон эвсэл, хөдөлгөөнүүд бүрэлдэж эхэлсэн байна. Гэхдээ ногоон хүчнүүд нь улс орны онцлог, улс төрийн хүчний нийгэмд эзлэх байр сууриас хамааран ялгаатай зорилго, үзэл санааг баримталж байдаг. Тухайлбал:

1.    Орон нутгийн хүн амд экологийн соён гэгээрэл олгоход чиглэсэн суртал ухуулга хийх замаар хүмүүсийн менталитетийг өөрчлөх
2.    Экологийн хөдөлгөөнүүдийг татан элсүүлэх замаар дэмжигчдийнхээ хүрээг тэлэх, тэдгээрийг идэвхжүүлэх, улмар дэлхийн экологийн хөдөлгөөнд нэгдэх санаачлагыг өрнүүлэх.
3.    Байгал хамгаалах асуудалд орон нутгийн хэвлэл, засаг захиргааны байгууллага, хамт олон, үйлдвэрлэгчдийн хандах хандлагыг өөрчлөх.
4.    “Ногоон”-ы нэр хүндийг өсгөх, байгууллагынхаа имижийг бий болгох, таниулах, улмаар санхүүгийн болон бусад нөөц дэмжлэгийг өсгөх.
5.    Өрсөлдөгч нартаа “цохилт өгөх” болон бусад олон зорилтыг ногоон хөдөлгөөнүүд тус бүртээ агуулж байдаг аж.

Ногоон хөдөлгөөнүүдийн хувьд дэлхийн экологийн асуудлыг хаа сайгүй тарьж байдаг гол субъектыг үндэстэн дамнасан корпораци гэж үзээд тэдний үйл ажиллагаанд хяналт тавихыг эрмэлзэхийн зэрэгцээ таслан зогсоох, хязгаарлах зорилгоор янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Олон улсын байгал орчныг хамгаалахад чиглэсэн аливаа гэрээ конвенцид улс орноо нэгдэхийг уриалах, төр засагтаа шахалт үзүүлэх, нэгдэн орсон гэрээ конвенцийн биелэлтэд мониторинг хяналт тавих явдалд ногоон намууд идэвхтэй оролцдог.

Чөлөөт худалдаа, даяаршилд ядуу орнууд хохирч буйг тэд хамгийн ихээр эсэргүүцдэг. Техник технологи, генийн инженерчлэлд тун дурамжхан ханддаг. Гэхдээ байгалийн гаралтай эрчим хүч ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалахад технологийг дэвшлийг ашиглах бололцоог үгүйсгэдэггүй. Тэд өнгөрсөнд биш ирээдүйд чиглэсэн бодлого, чиг баримжаатай. Энэ болон бусад үзэл баримтлалаараа тэд яалт үгүй зүүний чиг баримжаатай.

Ногоонуудын дутагдал
Прагматик утгаараа ногоон бодлого, экологийн чиг баримжаатай үзэл баримтлалыг засгийн эрхийн төлөө тэмцэж буй уламжлалт үзэл сурталтай улс төрийн нам хүчнүүд мөрийн хөтөлбөртөө тусгахад хангалттай юм.

Нөгөө талаас улам бүр аж үйлдвэржих стратегийг өмнөө тавьсан, төрийн бодлого нь тэр чиглэл рүү түлхүү хандсан улс орнуудын хувьд ногоон намуудын байр суурь хоёр, гуравдугаарт тавигдах нь олонтаа. Иймээс тэдний дэвшүүлсэн олон асуудал тунхаг төдий үлдэж ирсэн.

Маш олон үзэл суртлыг өөртэйгөө наах, эсвэл зонхилох үзэл суртал бүхий нам хүчнүүдийн бөөрөнд очиж наалдах сонирхолтой тул тэд сөрөг хүчний байр сууринд дээрээ ямагт үлдэж байлаа.

Монголын ногоон улс төр "ногоон"-оороо үлдэх үү?
Ардчилсан шинэчлэл, олон ургальч үзэл, олон намын тогтолцоо хөгжиж эхэлсэнтэй зэрэгцэн хамгийн түрүүнд байгуулагдсан нам бол “Монголын ногоон нам”. Гэвч үүсгэн байгуулагчийнх нь улс төрийн амбици, санал хуваах “тавиул нам”, гадаад дотоодын ганц хоёр төсөл хөтөлбөрт багтах санаархлаас цааш гаралгүй 20 гаруй жилийг үдсэн. 2011 оноос бүр 3 дахь хүчинтэй нэгдэн, хавсрага нэр төдий үлдэхэд хүрсэн.

Монголчуудын хувьд хүрээлэн буй орчны бохирдол, экологийн асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед “Ногоон” улс төрийн хүчний хувьд барьж авах асуудал, дэвшүүлэх үзэл санаа, бодлого, хэрэгжүүлж болох хангалттай үйл ажиллагааны хувилбар байна. Нэг үгээр улс төрийн тавцанд тоглолт хийж чадвал том нь биш гэхэд жижигт нь тооцогдохооргүй хүчин болох багагүй бололцоог харж болно. Харамсалтай нь нийтлэлийн эхэнд дурьдсан шиг мөнгөний ажил хийдэг “байгал хамгаалах” нэртэй иргэний хөдөлгөөнүүд уг нэрийг салмартал мөлжиж, ногоон үзэл гэх ойлголтыг улам бүр хог шаартай хольж байна.  

Нэг үгээр, Монголын улс төрд мод тарих ёстой ажлыг чухамдаа ногоон нам хүчин эрхлэх ёстой атал хуурамч нэртэнгүүд сонгуулийн амлалт, засгийн эрхийн төлөө явуургүй тэмцлийн нэр төдий хэрэгсэл болгон завхруулж байна.

Эцэст өгүүлэхэд, хүн байгалийн зохицон амьдрал, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх эрмэлзлийг ногоон намууд тээдэг. Улс төрийн уламжлалт хор найраа, хүч хэрэглэх, далд явууллага, дайнч бодлогыг Ногоонууд эсэргүүцэж байдгаараа шинэ тутам бүрэлдэж буй модерн нийгэм байр сууриа тэлэх, хүмүүнлэгжсэн олон түмэнд танигдах өргөн бололцоо нээлттэй хэвээр үлдэж байна.

3 comments:

  1. Sonirholtoi bichsen bainaa. Miigaa chi sain bichdeg bolj shuu. Nogoon uzel barimtlal geed ARDCHILAL-iig omchildog setgelgeeg l bii bolgoj bolohgyi. Hun burt Green life style gedeg zuiliig suulgachihval zaaval nogoon geed sondgoigoor, todrood baih yosgyi yum. Bid neg l BUS-aas yavjiigaa. Bus maani bohirdchihoj, zorison gazraa ochihyin tuld tuuniig bugdeeree niilj tseverleh shaardlagatai

    ReplyDelete
  2. chi yagaad mortoi temtsliig ingej eldev ner tomeyo huree hashiltad hamruulj buruutgaad baina. UUh usgui gazar shoroogoo ov soyoloo hamgaalj baigaa ulsiig chi neg 70 onoos ehelsen nogoon hodolgoond hamruulj tuuhii ni bicheed baigaarai hden jiliin omno eronhiilogchiin metgeltseen deer tudev guagaas ta yagaad chingis haaniig muulj bichij baisan yu be gesen asuult irj baisaniig martaagui biz?!
    chi twitter baasansurenbyambaa-g dagaval jaal metgeltseye chamaig dagaj 1000 hunii omno uyangaad shaliglahiig chini uzeed ugee hurgej chaddagui buhimdaltai l bna

    ReplyDelete
  3. green economy , nogoon ediin zasag gej yuo ve mongold ij burdleer gargasj irj yariltsakh heregtei , mongold mod tarisanaar , eco system hangaj baina gevel ene bol enduurel , nogoon ediin zasag gedeg maani buhel buten baigalid horgui , gekhdee baigal delkhiigees avch bolokh bayalgiig tsootsoj gargaj baidag.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)