2011/05/10

ОРЧНЫ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БУХИМДАЛ ТӨРҮҮЛДЭГ

За энэ бол өмнөх нийтлэлтэй бас л холбоотой нэгэн судалгааны үр дүн. Хүмүүний сэтгэл зүй, бусдад хандаж харьцах зан авир, хүлээцтэй чанар нь хүмүүжил, өссөн төрсөн орчин, генийн нөхцлөөс гадна яг тухайн үеийн байдлаас шалтгаалдаг үзэгдэл байдаг ажээ.
 
Доорх судалгааны дүн бас л бидний өмнө тулгамддаг хэт үндсэрхэг үзлээс аваад хаа нэгтээ олон нийтийн газар бусад хүмүүс рүү хялайн харах, ялгаварлан гадуурхахад хүрдэг хүүхэд залуучуудын маань сэтгэл санааг танихад жаахан ч болов хариулт өгөхүйц мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. 
Бид гэр дотор тав тухтай орчин бүрдүүлэхийг эрмэлздэг шигээ хүрээлэн буй орчин, хот сууриндаа ч аятай сайхан байх бүхий л нөхцлийг бий болгох, улмаар ирээдүй хойч үеэ уужим сэтгэлтэй алсыг харсан хүмүүс болгож хүмүүжүүлэхийн тулд дараах асуудалд анхаарах шаардлагатай, түүний төлөө зорьж тэмцэх цаг болжээ гэдгийг энэхүү судалгааны дүнгээр дамжуулан хэлэхийг хүссэн юм.  
 
Голландын сэтгэлзүйчид хүрээлэн буй орчны замбараагүй байдал (гудамжин дахь газраар хөглөрөх хог хаягдал, машинаа буруу тавьсанаас аваад гэр дотор ширээн дээр овоолсон ном, замбараагүй үг хэллэг, компьютерийн дэлгэц анивчих гэх мэт)-тай байгаа үед хүмүүс дэг журамтай байдал руу тэмүүлж, энэ нь улмаар бусад нийгмийн бүлгийн төлөөлөгчдийн талаар тогтсон хандлага (эерэг сөрөг аль алинаар нь) буюу ялгаварлан гадуурхах үзлийг өдөөхөд хүргэдэг болохыг туршилтаар нотолжээ.   
 
Гудамжин дахь эмх замбараагүй байдал нь хүмүүсийг нийгмийн тогтсон жишгээс гадуур биеэ авч явахад хүргэж улмаар гэмт хэрэг рүү түлхдэг тухай “хагархай цонхны онол”-ын талаар бид өмнөх нийтлэлдээ дурьдаж байсан. Үнэхээр хүлээлэн буй орчны замбараагүй байдал мэдэгдэхүйцээр хүний сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хүн эмх цэгц, цэвэр байдал руу тэмүүлдэг амьтан. Орчин тойрон нь учир замбараагаа алдсан үед хүмүүс дэг журамтай, бүх зүйлийг байр байранд нь оруулж, зөв зохистой байлгахыг зөнгөөрөө хүсч эхэлдэг аж.
 
Сэтгэлгээний хялбаршуулсан бүдүүвч, стереотип нь хүмүүсийг дэг журамтай, урьдчилан нөхцөл байдлыг ойлгон ухаарахад тусладаг сэтгэл зүйн хамгаалалтын арга механизм юм. Олон нийтийн газарт эмх журам, цэвэрхэн байдлыг сахиулах нь ялгаварлан гадуурхал, гадныхныг үзэн ядах үзэлтэй тэмцэх үр дүнтэй бөгөөд энгийн арга зам юм гэсэн практик дүгнэлт хийж болно.
 
Голландын эрдэмтэд уг таамаглалыг шалгахын тулд 5 цуврал туршилт явуулсаны 3 нь лабораторын орчинд хийжээ.    
 
Эхний туршилтыг Утрехтийн вокзал дээр явуулжээ. Эхэндээ маш цэвэрхэн байсан вокзал, цэвэрлэгчид нь ажил хаясны улмаас хэдхэн өдрийн дотор нохойн хороо болж хувирчээ. Энэхүү хугацаанд цагаан арьстан 40 хүнээс мусульман, ижил хүйстэн, голландчууд гэсэн 3 бүлгийн хүмүүсийн зан авирын онцлогийг нь хэрхэн үнэлж цэгнэж явдагтай холбоотой асуулга явуулжээ. Санал асуулга явуулж буй үед дэргэд нь хар болон цагаан арьстан хүмүүсийг ойролцоо суулган ажиглалт хийжээ. Вокзал бохир заваан үед хүмүүс асуулгад эрс шулуун хариулж, бусдыг үнэлж байсны зэрэгцээ асуулгад оролцогчид хар арьстнуудаас холдон сууж байсан нь ажиглагдсан байна. Өөрөөр хэлбэл, орчны нөхцөл байдал хүмүүсийн сэтгэл хөдлөл, асуудалд хандах хариулах байдал, бусдад тэвчээртэй хандах зан чанарт нөлөө үзүүлдэг нь илэрсэн байна.
 
Хоёр дахь туршилтыг хотын гудамжинд явуулжээ. Ховхорсон хавтан бүхий зам талбай, ойчсон унадаг дугай, буруу байрлуулсан машин зэрэг зохисгүй дүр зураг бүхий орчин үүсгэж, хүмүүсээс өмнөх санал асуулгыг давтасны зэрэгцээ орчны цэвэр, дэг журамтай байдлыг үнэлүүлсэн байна. Эмх замбараагүй байдал хүмүүсийн үнэлгээнд мөн л нөлөөлөл үзүүлсэн үр дүн гарчээ.
 
Харин үлдсэн туршилтуудыг лабораторийн орчинд буюу дотор явуулсан байна. Хаос буюу эмх замбараагүй зүйлийн зураг дүрс үзүүлж, учир замбараагүй үг хэл уншуулах нөхцөлд ч хүмүүсийн нийгмийн бусад бүлэгт хандах хандлага уламжлалт байр суурь луугаа ухарч, дэг журам, эмх цэгцтэй байдал руу тэмүүлэх сэдлийг нь төрүүлж байсан аж. 
 
Ингээд тус судалгааны дүнд хүмүүс хүрээлэн буй орчны эмх цэгцтэй байдал хүмүүсийн мэдрэмж, сэтгэлгээнд нөлөөлдөг бөгөөд эмх замбараагүй байдал нь хэдийгээр бодит бус ертөнц байлаа ч биднийг эмх журамтай байдал руу орох сэдлийг аяндаа төрүүлдэг аж. Нэг үгээр орчны тааламжгүй нөхцөл нь хүний сэтгэл зүйг аль авсаархан энгийн бөгөөд болхи сэдэл рүү буцаан түлхэж, бусад руу хялайн харах, хардах бодлыг хар аяндаа үүсгэж байдаг нь тодорхой харагдсан байна.
 
Ингээд уг судалгааны эцэст эрдэмтэд олон нийтийн газарт эмх журамтай, цэвэрхэн байх нөхцлийг хангах нь хорт муу дадал зуршил, ялгаварлан гадуурхал, гадаадынхныг үзэн ядах үзэлтэй тэмцэх харьцангуй энгийн хямд арга зам болохыг онцлон тэмдэглэсэн байна.
 
Бид ойр зуурын утаа, хог хаягдал, замын түгжрэлийг хэрхэн шийдэхийг хэлэлцэн шийдвэрлэх, улмаар ая тухай орчныг бүрдүүлэх нь аяндаа нийгмийн ухамсрыг “завсарлан сайжрууладаг” болох тухай цуврал 2 нийтлэлээрээ харуулахыг зорьсон болно.
 
Тэрчлэн бодлого боловсруулдаг, шийдвэрлэдэг хүмүүс маань хүсэл зориг, хийж бүтээх чин эрмэлзлээс гадна судалгаа шинжилгээ, онолын үндэслэлтэйгээр асуудалд хандаж байгаасай хэмээн ийнхүү сунжран өгүүлсэн мэдээллээ үүгээр өндөрлөж байна.

1 comment:

  1. Ene niitlel dotor yamar ch barimt alga, hiisen sudalgaan uneheer tegej garsan ch um uu ugui um buu med. Shinjleh uhaanni ajil uug ni barimttai baival zuger bga um da! Nadaa bol hardalt torj bn, uneheer sudalgagaa ter gonlandchud chini zuv hisen um u? ugui um uu heden hun yaj asuugaad iim ur dund hursen um buu med! yadahdaa huulsan ter sudalgaani ajlinha ner usiig taviul zuger bga um daa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)