2011/05/13

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД ГАДААД ОЮУТНУУД

ХХ зууны эхэн үеэс эхлэн Монголчууд гадаад орон луу явж сурахаар тэмүүлж, бусад оронд их дээд сургууль төгссөн хүнийг өндөр боловсролтойд тооцож ирсэн. 1990 он гарснаар Азийн бар орнуудын хөгжлийн томоохон нууц нь харь оронд бэлтгэгдсэн боловсон хүчин юм гэсэн ойлголт нийгэмд төлөвшиж тэр хэмжээгээрээ дэлхийн томоохон их, дээд сургуулиудад манай залуус олноор суралцах болсон. Өнөө үед боломжтой айл өрх хүүхдээ гадаад сургах, бүр гуравдагч оронд боловсрол эзэмшүүлэх гэж хичээж байна. Төр засгийн зүгээс ч энэ асуудалд нааштай хандаж болсон. Үүний нэг илрэл нь гадны сургуулиудын хуваарь, шалгаруулалт нь нууц биш болсон явдал юм.  

Гэхдээ энэ бидний нийтлэлийн гол сэдэв биш. Асуудал маань Монгол улсад сурах гадаад оюутнууд юм. Манай нийгэмд энэ тухай ойлголт байхгүйн дээр төр засгаас ч олигтой ажил санаачилсангүй. Афганистанаас ирсэн хэдэн Хазар Монгол оюутнуудыг эс тооцвол ард иргэдийн дунд өөрийн оронд сурах гадаад оюутны талаар мэдээлэл огт алга. Энэ асуудалд зарим нэг нь өөрсдийгөө яая гэж байж юун гадаад оюутан сургах манатай гэсэн байр суурьтай байх юм. Ямар ч байсан интернэт ухвал “МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ” гэсэн хууль эрхийн акт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 113 дугаар тушаалын хавсралтанд байна. Гэвч энэ журам нилээд бүрхэг ерөнхийлсөн шинжтэй бөгөөд бичгийн цаасны хоёр нүүрэнд багтах уг баримт бичиг гадаад оюутны асуудлыг зохиуцуулахад хэтэрхий жулдаж буйг хэлэх хэрэгтэй.
 
Энд бид дан ганц бакалаврын түвшний сургалтыг онцолсонгүй. Хэлний түр бэлтгэлээс авхуулаад доктор (Ph.D) хүртэлх бүр шатны сургалтуудыг хамаатуулж байна. Бас хэн нэгэн манайд гадаад оюутан сургах боловсон хүчин, байр сав байхгүй энээ тэрээ гэж магадгүй юм. Гэхдээ одоогоор дотоодын их, дээд сургуулиудад маань бүх шатанд нь гадаад оюутнууд сурч байгаа бөгөөд өмнө нь ч манай улс ах дүү социалист орнуудын оюутнуудыг сургаж ирсэн туршлага, түүх бий. Тиймээс нийтлэлийн гол зорилго бол гадаад оюутны тоог нэмэгдүүлэх, тэднийг Монгол оронд ирж сурах боломжийг хялбарчласнаар манай улсад ямар ашиг тустай юм гэдгийг л гаргахад оршиж байгаа.
 
Бидэнд яагаад гадаад оюутан хэрэгтэй вэ?
Нэгд, геополиткийн үүднээс авч үзвэл хүн ам багатай, бүс нутгийн хоёр их гүрний дунд оршдог манай орны хувьд гадаад нөлөөгөө тэлэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол хэлтэй, Монгол багштай, Монгол найз нөхөдтэй, залуу нас нь энэ оронтой салшгүй холбоотой гадаад орны иргэд бидний хувьд үнэлж баршгүй баялаг л гэсэн үг.
 
Мөн Өвөрмонгол, Буриад монголоос оюутан суралцах нь тун чухал гэж үзэж байна. Хэдий манай улс хоёр их хөрштэй хил залгадаг боловч хэл соёл, угсаатны хувьд Орос, Хятадтай шууд хаяа нийлдэггүй. Бидний дунд Өвөр Монгол, Буриад Монгол гэсэн яс махны маань тасархай болсон ард түмнүүд жийргэвч буюу бамбайн бүсийн үүргийг гүйцэтгэдэг. Тийм тулдаа ч Орос, Хятадын соёлын нөлөө Монгол нутагт шууд орж ирэх бололцоо байдаггүй. Ийм учраас уугуул Монгол хэл, соёлоо хадгалах боломжоор дутмаг энэ бүс нутагт Монголд бэлтгэгдсэн боловсон хүчин байх нь бидэнд багагүй ашигтай.
 
Дээр нь хэл соёл, түүхээ сурталчлах, хамгаалах асуудалд ихээхэн дэм болох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол хэлээр хэдий чинээ олон хүн ярина төдий чинээ сайн. Монголын түүх, соёл ч ялгаагүй, мэддэг, хүндэлдэг хүмүүс ихтэй байх тусмаа даяарчлалын энэ үед мартагдах, уусах аюулаас аврагдаж буй гэсэн үг.
 
Эдийн засгийн хувьд
Гадны жуулчид, иргэдийн эмзэглэдэг нэг асуудал бол манайхан энд тэндэхийн үзвэр үйлчилгээнд гадныханд ялгаатай ханддаг явдал юм. Ийм байдал сургалтын төлбөр дээр ч харагдана. Харь хол хүний нутагт өөр орны иргэн болж төрснөөрөө жижиг сажиг төлбөр, тооцоон дээр ялгаварлагдах нь ямар ч хүнд эмзэг тусдаг. Зарим орнууд гадаадаас оюутан элсүүлэхийн тулд сургалтын төлбөрийг нь хүртэл өөрийн орны иргэдээсээ илүү хөнгөвчлөх тохиолдол бий. Учир нь эдгээр оюутнууд тухайн оронд гаднаас орж ирэх мөнгөний нэгэн урсгалыг бүрдүүлж байдаг. Энгийн жишээ: тэд хүн л юм чинь идэж ууна. Манай ардын “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэсэн үгийг арай өргөн утгаар энд хэрэглэж болох юм. Адаглаад л амаралтаараа харихдаа аавдаа АПУ-гийн архитай, ээжтэй Говь, Буянгийн ноолууран цамцтай, найз нөхөддөө ширэн түлхүүрийн оосор, түрүүвчнээс аваад буцна шүү дээ.
 
Мөнгө бол өөрөө эргэлтэнд орж байж л үнэ цэнээ хадгалдаг зүйл. Тиймээс гадны оюутанд өгдөг тэтгэлэг маань гараад явчихгүй манай зах зээлд л эргэлтэнд орно. Үүн дээр гар татах хэрэггүй тэртэй тэргүй бид ямар их өгч чадах биш.
 
Үүнээс гадна аялал жуулчлалын салбарт ч гэсэн томоохон дэмжлэг болох нь дамжиггүй. Хүүгийнхээ, охиныхоо сурдаг оронд гэр бүлийнхэн нь жуулчлах магадлал туйлын өндөр. Нэг үгээр хэлбэл үнэгүй реклам хийгдэнэ гэсэн үг.
   
Боловсролын хувьд
Хэдий тэд Монгол оронд сурах боловч тэднээс бид бас их зүйлийг үнэгүй хөлсгүй шахам сурах бололцоо нээлттэй. Дор хаяж л гадаад хүнтэй харилцаж сурна. Өөрөөр хэлбэл, харийн хүний сайн мууг харь оронд биш өөрийн нутагтаа мэдэхээс авахуулаад гадаад хүн л бол мөнгөтэй баян, сайн байдаг гэсэн хуучин нийгмийн ойлголтоос салахад ихээхэн тус нэмэр болно. Үүний зэрэгцээ бид олон орны хэл, соёл зан заншлийн тухай арвин мэдлэг олж болохоос гадна их, дээд сургуулийн багш нар, оюутнууд маань гадаад харилцаа, холбоотой болоод авна. Энэ бол мөнгөөр үнэлэх аргагүй чухал зүйл. Мөн манай оюутан залуус бүгдээрээ харь оронд сурах боломжгүй. Тиймээс Монголдоо гадаад оронд буй мэт орчинг бүрдүүлэхэд болохгүй гэх газаргүй.

Хүнд хүн илүүдэхгүй ээ гэж нэг үг бий. Ямар ч байсан одоо байгаа оюутныхаа тоог олигтойхон нэмэх хэрэгцээ бидэнд байна. Гэхдээ жилдээ ямар орноос хэдэн хүн авч сургах гээд бодох зүйл бий ч түүнийг шийдэх нь тийм түвэгтэй биш гэж бодном.
   А. Энхбат, 2011. 05. 12 

3 comments:

  1. зарчимийн хувьд зөв л дөө тэр дээр байгаа хэдэн дурак нь ойлгож авчрах уу?

    ReplyDelete
  2. gaigui niitlel boljee gehdee saain bodoh asuudal shuu mongold gadniihan ih hereggui shuu

    ReplyDelete
  3. mongolru surah gj haltaruud l irdgun bol oligtoi gen potential tsus tsarai zustei n irehgui sht

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)