2011/05/16

АВИР ААШ БА НИЙГМИЙН БАЙР СУУРЬ

Хүний мэдлэг, туршлага, оюуны ухааны өндөр чадвараас гадна авир ааш, зан төрх, хүнтэй харьцах авъяас нь тухайн хүний ажил амьдралын замнал, ажлын амжилтыг тодорхойлж өгдөг тухай уран зохиол, кино жүжиг хийгээд судалгаа шинжилгээний бүтээлүүдэд ч хангалттай өгүүлсэн байдаг. Доор авч үзэх судалгаа нь хэнийг ямар хүн бэ гэж үнэлж дүгнэдэг нийгмийн тогтсон хандлагын талаар сонирхолтой дүгнэлт төдийгөөр хязгаалагдахгүй энэхүү хэвшсэн сэтгэлгээнд тохируулан бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулахад анхаарал хандуулах шаардлагатайг сануулж өгөх юм. Ялангуяа албан хаагчид цаашлаад нийгэм, олон нийттэй харьцдаг хүмүүс энэ талаар бага ч болов анзаарахад авахад илүүдэхгүй.

Харин оюутан залуустаа сануулахад, уг мэдээллийг хялбарчлан механикаар ойлгож, уур бухимдал ба авир аашаа хаа хамаагүй гаргаж байх нь ашиг тустай зүйл гэсэн утга ердөө ч биш болохыг хэлэх нь зүйтэй. Нэг үгээр, хэрэгтэй цагтаа зангарагтай хандахын чухлыг сэтгэл зүй талаас нь харуулсан өнгөц судалгаа төдий зүйл гэдгийг анхаарна уу!

Америкийн сэтгэл судлаачид эрэгтэй хүн уур унтуугаа гадагшаа илэрхийлэх нь тэдний нэр хүнд, байр суурь өсөхөд нөлөөлдөг бол эмэгтэй хүнд эсрэг үр нөлөө үзүүлдэг болохыг туршилтаар нотлохыг оролджээ. Хүмүүс эрэгтэй хүний уур уцаарыг гадаад объектив шалтгаанаар хүлээж авахыг хичээдэг болн эмэгтэй хүн тийм ааш авир гаргавал өөрийгөө барьж чаддаггүй гэх утгаар ойлгодог гэнэ.
 

Америкийн Йелийн их сургуулийн сэтгэл судлаач Викториа Бресколл, Нортвестерн их сургуулийн Эрик Ульманн (Eric Luis Uhlmann) нар эрэгтэй, эмэгтэй хүмүүс орчин тойрныхоо хүмүүсийн нүдэн дээр уур бухимдлаа илэрхийлэх явдал нь тэдгээрийн талаарх төсөөлөл цаашлаад карьер өсөх нөхцөлд нь нөлөөлдөг эсэх талаар тусгайлсан судалгаа явуулжээ.
 
Үүнээс өмнө зарим судлаачид уур бухимдлаа илэрхийлэх нь тухайн хүнийг олон нийтэд өндөр нэр хүндтэйг гэрчлэхийн сацуу түүний байр суурь, статус өсөхөд нөлөө үзүүлэх магадлалтай болохыг илэрхийлж байсан юм. Уур уцаартай эрэгтэй хүн хүмүүсийн сонирхлыг өдөөж, ажил хэрэг дээрээ томоохон бололцоо олох зэргээрээ уйтгартай нэг хэвийн бусад нөхдүүдээсээ илүү ахиц дэвших боломжтой болохыг судалгаагаар шалгаж үзсэн байдаг. Харин эмэгтэй хүмүүсийн талаар тухайлсан ийм судалгаа хийгээгүй байна.
Бресколл, Ульманн нар аль аль хүйсний, боловсролтой америкчуудыг оролцуулсан 3 цуврал судалгаа явуулжээ.
 
Эхний судалгаанд ажилд орох ярилцлагад оролцож буй хүмүүсийн видео бичлэгийг хүмүүст үзүүлсэн байна. Ингэхдээ мэргэжлийн жүжигчдийг ажил горилогчийн дүрд тоглуулсан аж. Судалгааны дүнд “ууртай” эрэгтэй хүн ажиглагчдын хувьд “гомдомтгүй” эрчүүдийг бодвол илүү нэр хүндтэй, өндөр цалин, албан тушаалтай гэж харагддаг нь илэрчээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээр буюу “гунигтай” эмэгтэй “ууртай” эмэгтэйчүүдэсээ илүү өндөр “оноо” авч байжээ. Бүр цаашлаад дуулгавартай буюу “гунигтай” гэж ажиглагдсан эмэгтэйчүүд “уйтгартай” эрэгтэйчүүдээсээ ч арай илүү “ууртай” байсан гэж судалгаанд оролцогчид тодорхойлж байжээ.
 
Тэд эрэгтэйчүүдийн уурласан явдлыг гадаад объектив шалтгаантай байсан гэж зөвтгөж байсан бол эмэгтэй хүн уурлахад “угаасаа тэр эмэгтэйгийн ааш авир нь тийм” гэж шууд үнэлсэн байна. Энэ нь бусдын үйл байдал ажиглаж буй хүмүүсийн бодол хандлагатай нь давхцаж байвал гадаад шалтгаантай, харин бодож байснаас нь өөрөөр байвал дотоод учир шалтгаантай гэх итгэл үнэмшилтэй холбоотой болохыг сэтгэл зүйн онол хүлээн зөвшөөрдөг.  
 
Хүмүүсийн хувьд эрэгтэй хүнийг чанга хатуу, түрэмгий гэж ойлгодог бол эмэгтэйчүүдээс уян зөөлөн гэж ааш гаргана гэж итгэж байдаг. Иймээс эрэгтэйчүүд ууртай харагдсан үед хүмүүс “хэн түүнийг уурлуулав” гэж боддог бол эмэгтэй хүнийг энэ үед өөрийгөө хянах чадваргүй, хорсол заналтай гэж хардаг аж.
 
Туршилтын 2 дахь шатанд өндөр байр суурь, албан тушаал эр, эм хүмүүсийг үнэлэхэд нөлөөлдөг эсэхийг судалгаанд оролцогчдоос тодруулсан байна.
 
Эмэгтэйчүүдийн хувьд уур уцаараа илэрхийлэх нь түүний ямар албан тушаалтайгаас үл хамааран сөрөг утгаар хүлээж авч байв. Өөр үгээр хэлэхэд,  судалгаанд оролцогчид өндөр албан тушаалтай эмэгтэйчүүд доод албаны эмэгтэй ажилтнуудаас илүүгээр уур бухимдлаа олон нийтэд гаргах үндэслэл огт байхгүй гэж хариулсан байна.
 
Харин албан тушаал эрхэлдэг явдал нь эрэгтэй ажилтнуудыг үнэлгээнд нөлөөлдөг нь судалгаагаар харагджээ. Хэн өндөр албан тушаалтай байна төдий хэрээр өндөр үнэлгээ авдаг гэсэн үг.  Адилхан нөхцөлд өөрсдийгөө өндөр алба хашдаг байсан тухайгаа ажилд орох ярилцлагад оролцогч эмэгтэйчүүд илэрхийлэхэд , ажил олгогч уг мэдэгдлийг чухалд тооцохгүй байсан гэнэ.
 
Гурав дахь буюу сүүлийн шатны туршилтаар эрдэмтэд хэрэв эмэгтэй хүний уурласан явдал өөрийн нь хувийн зан чанараас бус гадаад объектив шалтгаантай гэж бусдад тайлбарлах замаар сөрөг хандлагыг үгүй хийх бололцоог шалгахыг зорьсон байна. Судалгаанд оролцогчдод эмэгтэй хүмүүс зүгээр уурласан гэж мэдэгдэх бус харин илт буруу зүйл хийсэн хамтрагч руугаа уурласан “халуун цустай” эмэгтэйн дүрийг бичлэгээр харуулсан байна. Энэ нөхцөлд “ууртай эмэгтэй”-н талаар хандлага илт өөрчлөгдөн, түүнийг зөвтгөх тал руу хэлбийж байжээ. Өөрөөр хэлбэл, шалтгаан, тайлбаргүй “уурладаг” бүсгүйчүүдээс “халуун цустай” эмэгтэй ажил олгогч илүү оноо авч байв.  Иймээс эмэгтэй хүн өөрийгөө бусдад зөв ойлгуулах, хоногшуулахын тулд уурласны тодорхой шалтгаан, буруутныг зааж, зөв тайлбарлаж, өөрийгөө хамгаалж байх ёстой байх нь.

Дашрамд дурьдахад дээрхтэй төстэй асуудлаар Монголын нөхцөлд судалгаа явуулбал сонирхолтой төдийгүй бидний харилцааны сэтгэл зүйн онцлогийг танин мэдэхэд чухал учир холбогдолтой зүйл болох нь гарцаагүй юм.

Эх сурвалж: Victoria L. Brescoll and Eric Luis Uhlmann. Can an Angry Woman Get Ahead? Status Conferral, Gender, and Expression of Emotion in the Workplace // Psychological science. 2008. V. 19(3). P. 268–275

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)