2011/05/17

ОСАМА БЕН ЛАДЕНЫГ ЯАЖ ОЛСОН БЭ?

Дэлхий дахинд цартай алан хядагчаараа алдаршиж, толгойгоо хэдэн сая доллараар үнэлүүлсэн Осама Бен Ладеныг 10 жил “хайж мөрдөсний” эцэст сая нэг илрүүлэн амь насыг нь хороосон тухай АНУ-ын ерөнхийлөгч Омаба албан ёсоор мэдэгдэж, ардчилсан америк даяараа баярлан хөөрч байна. Үүнтэй зэрэгцэн түүний амь насыг тусгай албаны цэргүүд хороосон эсэхэд эргэлзэж, олон түмэнд хуурамч зураг гаргаж тавьсан эсвэл өвчнөөр үхсэн зэрэг олон янзын цуу яриа гарах болсон. Ямартай ч Пакистаны Абботтабад сууринд байрлах харшид тусгай ажиллагаа явуулж, Бен Ладеныг илрүүлсэн нь үнэн болох нь олон янзын эх сурвалжаар батлагдаж буй. 


Харин түүнийг илрүүлэхдээ орчин цагийн мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан тухай баримтууд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус гарч эхэлжээ. Тодруулж хэлвэл, Кембрижид боловсруулсан програм хангамжийн тусламжтайгаар алан хядагчийг олж илрүүлсэн гэнэ.
 
Иракийн тэргүүн агсан Саддам Хусейныг барьж авахад мэдээлэл өгсний төлөө шагнал олгох тухай зарласан нь үр дүнгээ өгсөн бол Осамагийн хувьд энэ нь барга үйлчлээгүй аж. Номер нэг алан хядагчийн тойрон хүрээлэгчдийн нэгэнд нь толгойлогчоо барьж өгсөний төлөө 25 сая доллар амалсан байлаа ч энэ нь ямагт бага мөнгөнд тооцогдох байсан гэдэг.
 
Харин Хусейны хувьд эрэн сурвалжилж буйг зарласан 9 сарын хугацаанд түүнийг урван илчлэх явдлаас мэргэжлийн бие хамгаалагчид, ихрүүд нь болон Баас намын хамтран зүтгэгчдийн аль нь ч аварч чадаагүй юм. Хусейныг Тикрит хот дахь газар доорх нүхэн хонгилд хэвтэж буй тухайг нь барууны тусгай албанд мэдээлсэн этгээд нь өөр овог нэрээр шинэ паспорт аван өдгөө АНУ-д аж төрж байна.
 
Харин Бин Ладен нуугдсан газрыг илрүүлэх нь Саддамтай адил амар хялбар байгаагүй хэмээн өрнөдийн тусгай албад нотлохыг хичээдэг. Тийм ч учраас 10 жилийн эрэл хайгуул хийхэд хүрсэн аж.  Мэдээж хэрэг энэ хугацаанд тусгай албад зүгээр суугаагүй нь тодорхой. Тэд нэг зорилготой, өөр хоорондоо сүлжилдэн хэлхэгдсэн, алан хядлагад сэжиглэгдэж буй олон зуун этгээдийг илрүүлж, болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн байна. Ялангуяа 9 сарын 11-ний халдлагаас хойш тусгай албад хүч бололцоогоо бүрэн дайчилж, уг ажилд тухайлсан нарийн аргуудыг ашиглах болжээ. Өөрөөр хэлбэл, кинон дээр гардаг шиг тусгай албаны штабын хананд өлгөсөн өөр хооронд нь холбон шугамдаж, гараар бичсэн олон зуун нэр бүхий нүсэр том самбартай харьцах уламжлалт аргыг халж, тусгай програм хангамж бүхий компьютерээр бүрэн орлуулж эхэлжээ. Тэдгээрийн нэг нь Кембрижийн “i2” компаний боловсруулсан “Социал сүлжээний анализ” (Social network analysis) хэмээх програм юм. “i2” компаний дэд ерөнхийлөгч Чарльз Уотсоны хэлж буйгаар энэ нь Бин Ладен зэрэг “хүнд гарууд”-ын “Facebook”, “Twitter” зэрэг социал сүлжээн дэх идэвх хэрэглээний ухай ярьж буй хэрэг огт биш бөгөөд харин сэжигтэй этгээдүүд, тэдний ойр дотныхноос бусад хүмүүстэй харилцаж буй талаарх тодорхой баримт мэдээллүүдэд дүн шинжилгээ хийхэд уг програм ашиглагддаг байна. Уг технологийг бүр 2003 онд Саддам Хусейныг эрж хайх ажиллагаанд хэрэглэж байжээ. Програмын тусламжтайгаар Хусейныг мэддэг түүний жолооч, цэвэрлэгч, бие хамгаалагчаас аваад ойр дотны холбоотон гээд бүхий л хүмүүсийн тухай мэдээ баримтад дүн шинжилгээ хийсэн байна. Эдгээр хүмүүс өөр хоорондоо хэрхэн холбогдон харьцаж буйг ойлгож, америкийн цэргүүд Саддамын дэглэмийн үеийн оргосон гол этгээдүүдийн байрлаж байсан газрыг олж тогтоож чадсан ажээ.
 
Мэдээж компьютер өөрийн “ажил үүрэг”-ийг нь сайн хийлгэхийн тулд түүнд шаардлагатай өгөгдөл мэдээллийг аль болох ихээр оруулах шаардлагатай болдог. Үүний тулд сэжигтэй этгээдийн интернет хэрэглээг төдийгүй утасны яриа, төрөл төрөгсөд, найз нөхдийн харилцаа, унаа тэрэг зэрэг олон баримт мэдээллийг цуглуулдаг.
 
Гэхдээ Бен Ладеныг эрж хайх ажиллагаанд тэдний компаний оролцоо хэр байсан талаар Чарльз Уотсон тайлбар өгөөгүй байна. Ямар ч гэсэн ТТГ-ын удирдлага “нэг номерийн алан хядагч”-тай холбоотой бүхий л хүмүүсийн баримт мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хувийн харилцаатай хэн нэгнийх нь гар утасны дохиог олзлон авсанаа өмнө нь мэдээлж байсан юм.
 
Дараагаар нь тагнуулын төвийн мэргэжилтнүүд “Аль-Каида”-гийн толгойлогч амьдарч байж болзошгүй хэмээн таамаглаж байсан тэрхүү байшинг ажиглалтад авсан байна. Байшингаас хэн орж гарч, хэр удаан хугацаагаар байсан, тухайн хэсгээр зорчиж буй хүмүүсийн унаа тэрэг бүх зүйлийг хянаж тооцоолов.
 
АНУ-ын газар зүй-орон зайн тандалтын үндэсний агентлагийн тусламжтайгаар газар орны карт зураглалыг боловсруулав. “i2”-ын Чарльз Уотсоны хэлснээр бл тусгай албаны ажиллагааны эцсийн шат үндсэндээ тухайлсан ажиглалт байсан аж. Учир нь гол шийдвэрийг компьютер биш харин хүн гаргадаг болохыг тэрээр цохон тэмдэглэжээ.
 
Програм хангамж тухайн сэжиглэгдэж буй этгээдийн талаар хуурамч үзүүлэлт мэдээлэл гаргаж, төөрөгдөлд оруулж болох эсэх асуултад Уотсон “програм объектив хариулт өгдөг. Хэрэв хүний нөлөөгөөр ерөнхий чиг зураглалаас гажсан үзүүлэлт бүхий мөрдөлтийн үр дүн гарвал компьютер энэ тухай заавал мэдэгддэг” гэнэ. Машин өөрөө юуг ч мэддэггүй. Түүний ажлын үр дүн хүний оруулсан өгөгдөл баримтын чанараас шууд хамаардаг болохыг тэр сануулсан байна

Эх сурвалж: http://www.inosmi.ru/usa/20110513/169356586.html

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)