2011/05/27

ЯДУУ ОРНЫ БАЯН УДИРДАГЧИД

Ард түмэн нь өдөрт нэг хүрэхтэй үгүйтэй доллараар голоо зогоодог дэлхийн хамгийн ядуу буурай орны удирдагчид Станбул хотноо энэ сарын 9-13-ны өдрүүдэд хуралджээ. Албан ёсоор бол энэ үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий Ассамлейгээс арван жил тутамд зохион байгуулдаг буурай хөгжилтэй орнуудын олон улсын чуулга уулзалт гэдэг юм байна. Манай орон энэ олон улсын арга хэмжээнд ач холбогдол өгч, Анкара дахь Элчин сайдын хэмжээнд оролцсон. Буурай хөгжилтэй орнуудын олон улсын чуулга уулзалт анх 1981 онд Парис хотод зохион байгууллагдсан юм байна. Энэ удаагийн Станбул хотноо болсон дөрөв дэх чуулганд 48 улс өөрийн төлөөлөгчдийг илгээжээ. Чуулган Засгийн газар, парламент, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын гэсэн дөрвөн салбар хуралдаанаас бүрдэлдсэн байна.
Гэхдээ бид чуулганы тухай биш түүнд оролцсон ядуугийн ядуу орнуудын удирдагчдын тансаглалын талаар Туркын өдөр тутмын сонинд гарсан зарим нэг баримтуудыг хүргэх гэсэн юм. Мэдээнээс харвал ядуу орны төлөөлөгчид маань Станбул хотын таван одтой хамгийн тансаг зочид буудлуудад тухалж, хамгийн үнэтэй хоол идэж, хамгийн сайн шампанск ууж, дээд зэрэглэлийн шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлжээ. Тэдний зарим нь үнэтэйгээрээ алдартай Reina хэмээх шөнийн цэнгээний газрыг нэг орой 20 000 доллароор түрээсэлж, үнэтэй хавч, шампанскаар найрласан байхад нөгөө хэсэг хуралдаандаа ч оролцолгүй Станбулын үнэт эдлэлийн захууд болон томоохон худалдааны төвүүдэд наймаа арилжааг ёстой нэг хийж өгөх шиг болсон байна. Энэ байдал нь ядуу орны зовлонг нимгэлэх, асуудлыг нь шийдэх гэсэн албаны хүмүүст таалагдаагүй бол худалдаа наймаа, үйлчилгээ эрхлэгчдэд ихэд таалагдан тэдэнд томоохон ашиг орлого оруулав. Зөвхөн Ritz Carlton, The Edition, Four Seasons, Ceylan Intercontinental, The Marmara, Grand Hyatt, Point Barbaros зэрэг зочид буудлууд л гэхэд 6 сая орчим еврогийн ашигтай ажилласан бол тансаг ресторан, шөнийн цэнгээний газрууд 5 сая орчим еврог тэднээс салгажээ. Харин төлөөлөгчид Станбул хотын үнэтэй дэлгүүр, худалдааны төв, захуудаас 1 сая орчим еврогийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь тогтоогдсон юм. Ингээд хамгийн ядуу орны удирдагчид маань гуйлга гуйж ирэхдээ л 12 сая евро үрээд явсан нь тодорхой болжээ.            
 
Гэсэн хэдий ч чуулга уулзалтын дүнд тэдгээр орнуудын газар тариалан, эрүүл мэнд, боловсрол болон эдийн засгийн бусад салбарт нь 10 жилийн хугацаатай 3 тэрбум (жилдээ 200-250 сая орчим) долларын хөрөнгө оруулалт хийхээр болж мөн 1000 оюутанд нь тэтгэлэг өгөхөөр төлөвлөгдсөн. 
 
“Гудамжаар хар «мерседес» явж байна. Арын суудалд нь олон олбог жинтүүн дунд нэгэн нэлэмгэр цагаан хувцастай эрхэм тухалжээ. Олон улсын хурал зөвлөгөөн дээр ядуу орны элч төлөөлөгч баян орнуудаас мөнгө шаардахаар явж байгаа нь энэ. Баян орнуудын дипломатчид ч мөн хурал зөвлөгөөнд ирдэг юм. Гэхдээ тэдний хөлөглөдөг машин эд нарынхаас хамаагүй даруухан. Баян болон ядуу орнуудын ялгаа ирээдүйд улам ихсэх нь харагдаж байна гэж мэргэжилтнүүд ярьцгаадаг. Тэрхүү ялгаа гэдэг нь ядуу орнуудын дипломатчид зөвхөн «роллс-ройс» унаж, харин баян орнуудын дипломатчид улам бүр нарийлан унадаг дугуйгаар явдаг болохыг хэлсэн хэрэг байх л даа.” Энэ бол Их Британд зугтан гарсан Оросын алдарт тагнуулч Виктор Суворовын өөрийн ажиллаж байсан РГУ-ын буюу Оросын нууц цэргийн тагнуулийн газрын тухай бичсэн “Аквариум” хэмээн номоос авсан нэгэн хэсэг. (Дамширамд өгүүлэхэд та энэ номыг   http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=174252 гэсэн хаягаар орж уншиж болох юм билээ. Орчуулга нь ч тун давгүй санагдсан.)
 
Эндээс л гадаад орны соёл, хөгжлийн ололт дэвшил ядуу буурай орнуудад тийм удаан нэвтэрч байдгийн нэг том шалтгааныг харж болно. Дэлгүүр хэсч, алт мөнгөн дээр нүд нь унаж, эхнэр хүүхэддээ хувцас цугуулах дарга нар үнэхээр тэр орны хөгжил дэвшлийг харна гэж үү. Манай улс ч мөн ялгаагүй өндөр хөгжилтэй орнуудаар явж сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд оролцсоноороо бол өдийд хөгжихөөр л болсон. Гадаадаас цүнх дүүрэн бараатай ирэх дарга нар маань толгойдоо тун бага зүйлтэй буцдаг. Үүнийг гол өөгшүүлэгч нь гадаад томилолт шагнал болсон явдал юм. Хувийн пүүс компаниуд аль хэдийн шагналын аялал, албан томилолт хоёроо ялгаж салгаад сурчихсан. Харин төрийн байгууллагууд ямар байгааг энд дурдах нь илүүц биз.
 
А. Энхбат 2011. 05. 26  

2 comments:

  1. Unen unen, sonirholtoi blaa

    ReplyDelete
  2. unen zuil bichjee.solongost darga said nar ch bas ih ireh um. sayahan manai turiin albanii humuus endehiin uzesgelentei gazar boloh jeju d ayalsan bna lee. tedend guide hiisen oyutnuudiin helseneer ted kazinod heden sayar toglood aldaj heneg ch ugui margaash toglonoo geed gardag gene. mash ih mungutei bayan humuus l bhiin. getel ted turiin alban haagchid. gehdee huvi hunii huvid mungutei bj bolno l doo. hervee shudargaar olson bol tegej cazino meted zugeer l 20, 30 sayar ni aldaad heneg ch ugui baimaargui l um ...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)