2011/05/24

ХЭРЭГЛЭГДЭХГҮЙ ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ

Хэдэн жилийн өмнө их сургуулийн багш анд маань зуны амралтаараа Хөвсгөл явж ирээд онигоонд орох шахснаа ийн ярьсан юм. Нутагтаа очоод замын унаанаас буутал хоёр шар толгойтой жуулчин англиар элдэв юм асууж манай хүн ээрч мууран хариулж байтал хажуунаас нь фургоны тостой жолооч, хөдөөний бор хүү хоёр орж ирээд дуржигнуулж өгсөн гэнэ. 

Эндээс хэлний хэрэглээ гэх зүйлийг харж болно. Өөрөөр хэлбэл, зундаа жуулчин зөөдөг жолооч, гадныханд морио унуулж хэдэн төгрөг олдог хүү хоёрт англи хэлээр хэрэгтэй мэдээллээ олж авдаг их сургуулийн багшаас илүү англи хэлээр ярих хэрэглээ, хэрэгцээ байна гэсэн үг юм. Тиймдээ ч тэд сайн ярьж сурчээ.

Иймд харь хэл сонгон сурахдаа эхлээд хэрэглээгээ тодорхойлох нь чухал бололтой. Одоо манай нийгэмд англи хэл хамгийн эрэлттэй, хамгийн их заагдаж буй хэл. Гэсэн хэдий ч бидний англи хэл гологдоод, англи хэлтэн дутагдаад л байна. Үүний цаад шалтгаан нь нөгөө хэрэглээтэй холбоотой байж мэдэх. Ажилд орох бүхий л зар дээр англи хэлтэй байх гэсэн шалгуур тавих боловч яг тухайн ихэнх ажлын байранд тэр гадаад хэл нь огт хэрэг болдоггүй. Англиар ярих нь бүү хэл унших ч хэрэг гарахгүй нь олонтой. 

Гэвч хувь хүмүүс төдийгүй нийгэмд ч тэр англи хэл сурах ёстой гэсэн нэг хоосон дарамт байгаад байдаг. Гэлээ гээд бид харь хэл сурах гэж шаналахаас биш сурч гийгүүлсэн нь цөөхөн. Сайн орчуулагч бол бүр ч ховор болжээ. Үүнийг олон ч хүн хэлж байгаа. Наад зах нь сонин сэтгүүл, вэб сайт дахь орчуулаад тавьсан мэдээ сэлтийг Монгол хэлээр уншиж ойлгоход түвэгтэй болоод буйг хэн хүнгүй л шүүмжлэх болсон. Тэгэхээр чанаргүй олон гадаад хэлтэн байснаас чанартай цөөн хэдэн мэргэжилтэн хэрэгтэй. Нэгэнт өндөр түвшинд орчуулга хийх чадвартай тэд болсон болоогүй гадаад хэлтнүүдийг ялгаж салгаад өгөх нь дамжиггүй. 

Иймээс хэрэглэгдэхгүй хэлний хэрэглээг халах цаг нь болоод байна уу гэлтэй. Ингэснээр хэл сурах эрмэлзэл устаж үгүй болохгүйн дээр хувь хүний болон нийгэм дэх гадаад хэлний хэрэглээ илүү бодиттой харагдаж ирнэ. Мөн хүний мэдлэг, чадварыг дан ганц гадаад хэлээр үнэлэх өнөөгийн нийгмийн өрөөсгөл ойлголт маань өөрчлөгдөх нь гарцаагүй. Гадаад хэлээр ярьдаг л бол ухаантай, чадвартай, мундаг гэсэн буруу үзэл өнөөг хүртэл байсаар байгаа нь нууц биш. Үүний зэрэгцээ чанартай чанаргүй олон хэлний курс, дамжаа ч нилээдгүй цэгцрэх талтай.         

Манай улсын албан ёсны хэл бол Монгол хэл. Тиймээс эх орондоо ажиллаж, амьдрахын тулд эхлээд эх хэлээрээ ярьж бичиж сурах ёстой. Харин тэр Монголд ирж байгаа гадны иргэдэд Монгол хэл сургах хэрэгтэй санагдах юм. Ийм туршлага дэлхийн олон оронд бий. Та манайд гурав эсвэл зургаан сараас дээш хугацаанд ажиллаж амьдрах гэж байгаа бол эх хэлийг маань тэдэн цагийн хичээлээр үзэх журамтай гэдэг орон зөндөө бий. Энэ бол эх хэлээ хамгаалахаас гадна мэргэжлийн орчуулга, эргээд гадаад хэл сурах, гадаад хэлний орчин хэрэглээг бүрдүүлэхэд чухал алхам болдог зүйл.   

Гадаад хэлний талаар улс бүр өөр өөрийн бодлого баримтладаг. Зарим нэг орон гадаад хэл сурахыг отгоос дэмждэггүй байх нь ч бий. Ийм орнуудын тоонд Дундад Азийн лал шашинт улсууд багтана. Тэнд охид эмэгтэйчүүд харь хэл сурах болон гадаад оронд боловсрол эзэмших зэрэгт төр болон нийгмийн зүгээсээ таатай ханддаггүй. Учир нь тэд харь хэл бол шинэ угсаатан уусахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэж ойлгодог.

Монгол орон нээлттэй олон тулгуурт гадаад бодлого баримтладаг. Манай иргэд жилдээ хэдэн зуун мянгаараа харь орныг зорих болсон энэ үед гадаад хэрэгтэй юу гэвэл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө хэрэглээг эхлэж тодорхойлоод дараа нь хэлээ хэрэглээ болгон сурвал илүү амжилт олох болов уу гэсэн санааг энд гаргахыг зорьсон болно. Нэгэнт та хэрэглэгдээд байх хэлээ сурсан бол олон олон боломж бий болохыг энд өгүүлэх нь илүүц биз ээ.


А. Энхбат 2011. 05. 23 

2 comments:

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)