2011/06/21

ШИНЭ ОРОС БААВГАЙ БУЮУ ПУТИНЫ СҮҮДЭР ДЭХ МЕДВЕДЕВ

2000 оноос хойш 8 жил оросын засгийн эрхийг барьж, Б.Ельцений зуурсан “ардчилсан шилжилтийн бантан”,  улс төр эдийн засгийн хөл толгой нь алдсан бодлого, улс төр бизнесийг нэг зэрэг атгасан том толгойтнуудыг цэгцлэх, улс орны тогтвортой байдлыг засан тохинуулах их ажлыг гардан эхлүүлсэн  В.Путин үндсэн хуулийн заалтаар дахин сонгогдох нь хязгаарлагдсан юм. 

Орос орныг цэгцэлж буй Путины бодлогыг завсардуулахгүй үргэлжлүүлэх хэрэгцээ сонирхол Путинд төдийгүй ард түмэнд нь байсан тул өөрийн залгамжлагчийг “томилох” зөвшөөрлийг түүнд олгосон юм. Ийнхүү Путин хийгээд оросын улс төрийн талбар дахь хоёр гол фракцийн нэг Санктын бүлэглэл улс төр улс орны жолоог удирдах бололцоог Медведевээр дамжуулан дахин олж авлаа.
Харин Медведев гэх хувь хүний чанар, чадвар Путин хэмээх томилогчийнхоо сүүдэрт халхлагдаад олонд танигдаагүй тухайд хэвлэл мэдээлэл, олон түмэн, дэлхий дахин жиг жуг гэлцдэг. Ингээд Д.А.Медведев гэгч хэн болох талаар товч мэдээллийг хүргэж байна.
 
Товч намтар
-    Дмитрий Анатольевич Медведев нь хуучнаар ЗХУ-ын Ленинград буюу одоогийн ОХУ-ын Санктпетрбург хотноо 1965 онд төрсөн.
 
-    Ждановын нэрэмжит Ленинградын улсын их сургуулийн хуулийн факультетийг 1987 онд төгссөн. Оюутан байхдаа Коммунист намд элссэн.
 
-    Улмаар 199О оноос төгссөн сургуульдаа багшаар үлдэж иргэний болон ромын эрх зүйн хичээл зааж эхэлсэн агаад 1999 онд Москвад хүрэлцэн ирэх хүртлээ сурган хүмүүжүүлэх ажлаа үргэлжлүүлэх завсар тусгайлсан төсөл хөтөлбөр дээр ажиллаж, томоохон корпорацийн хэлтэс алба толгойлж байжээ. 
 
-   1999 оноос ОХУ-ын засгийн газрын аппаратад орлогч дарга,  удалгүй Ерөнхийлөгчийн засаг захиргаанд орлогч даргаар томилогдон В.В.Путины ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг амжилттай удирдсан тул орлогчийн албан тушаалаа ахиулсан байна .
 
-    2000-2007 оны хугацаанд Ерөнхийлөгчийн болон засгийн газрын удирдах албан тушаалыг тус тус хашиж байсны зэрэгцээ Оросын төрийн өмчит томоохон комапни”Газпром”-ыг удирдаж байв.
 
-    2008 онд “Хамтдаа ялцгаая” уриан дор “Нэгдсэн орос” намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшиж, 70 гаруй хувийн саналаар ялж ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.
 
-    Ам бүл 3. Нэг хүүтэй.
 
Медведевийн хэрэгжүүлж буй бодлого
Түүний аливаа үйл ажиллагаа Путины явуулж байсан бодлогын шууд үргэлжлэл байсан гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Улс орны нэгдмэл байдлыг бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийн түргэтгэх, дэлхий дахинд ОХУ-ын нэр хүнд нөлөөг өсгөх зэрэг далайцтай ажлууд түүнийг хүлээж байлаа.
 
Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхад нь “5 өдрийн дайн” гэж нэрлэгдсэн “Өмнөд Осети”-ийн маргаан зөрчлөөс болж Гүржтэй хийсэн зэвсэгт мөргөлдөөн нь олон улсын анхаарлын төвд орж, уг асуудалд эрс байр суурь баримтласан Оросын шинэ ерөхийлөгчийн гадаад бодлогын талаарх эхний санал шүүмжлэлийг өрнүүлэхэд хүрсэн юм.  Баруунтай ойртох, “америктай найрамдах” бодлогоо нэг бус илэрхийлсэн хэдий ч гүржийн зөрчил, америкийн зүүн европт явуулж буй эрчимтэй бодлого, пуужингаас хамгаалах систем байрлуулах сонирхол, НАТО-ийн тэлэлтийн талаарх эсрэг байр суурь нь хар аяндаа өмнөх ерөнхийлөгч нарын бодлогыг  залгамжлагч гэж шүүмжлэх томоохон шалтаг болсон юм.
 
Харин дотооддоо үйлдвэрлэлийг дэмжих, түүнд саад болж буй төрийн хүнд суртал, засаг захиргааны саад бэрхшээлийг таслан зогсоох чиглэлээр бодлого хэрэгжүүлж эхэлсний зэрэгцээ орчин үе, зах зээлийн тогтолцоонд зохицсон шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн модернизацичлал, дахин зохион байгуулалтын чиглэлээр тухайлсан бодлого явуулахаа зарласан байна.
 
2008 онд дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг даван туулах гол ачаа түүний нуруун дээр тохогдсон бөгөөд энэ зорилгоор татварын хувь хэмжээг өсгөсөн явдал хувийн хэвшлийнхнээс  шүүмжлэлд өртөхөд хүргэсэн ч банк санхүүгийн тогтолцоонд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнтэй болж хүлээж байснаас бага эрсдэлд орсныг нь 2010 онд Дэлхийн банк эергээр үнэлсэн байна. Эдийн засгийн хувьд либералчлах, засаглалын төвлөрлийг сааруулах бодлого нь дэлхий дахинд оросын талаар хандлагыг нааштай эргүүлсэн боловч шийдвэртэй үйл ажиллагаа одоог хүртэл хийгдэхгүй байгааг ажиглагчид шүүмжилж байгаа бол түүнийг дэмжигчид үр дүн нь хараахан гарах болоогүйг тэмдэглэж байна.
 
Гэвч авилгалтай тэмцэх, мэдээллийн эрх чөлөөг дэмжих, чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа нь Путины бодлогын үргэлжлэл бөгөөд тоймтой ямар ч үр дүн өгөхгүй харин ч эсрэгээр үйлчилж буйг судалгаагаар нотлох болов.
 
Медведевийн 2009 онд сталиныг шүтэх үзлийг хязгаарлах тухай дэвшүүлсэн асуудал нь гадаад дотоодод янз бүрээр тайлбарлахад хүргэсэн агаад нэг хэсэг нь зүгээр л анхаарал саринуулсан улс төрийн ов мэх гэж үнэлж байхад нөгөө хэсэг нь Путины эсрэг бие даасан үзлээ илэрхийлсэн далд утгатай явууллага хэмээн үзэж байсан юм.

2010 онд улс төрийн хувьд данхгар эрх мэдэлтэй, Путины дэмжлэгээр Москва хотын удирдлагыг олон жил барьсан Лужковыг халж, дараагийн хүнээр хэнийг тавих вэ гэдэг дээр Путин Медведев нарын хоорондын далд өрсөлдөөн, хэн нь илүү эрх мэдэлтэй байгааг анзаарч болно хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байлаа. Ингээд Москва хотын шинэ даргаар Медведевийн сонгуулийн штабын даргаар ажиллаж байсан Сергей Собинян тавигдсан нь уг асуудалд бага ч атугай хариу өгсөн юм.

Тэр хувь хүнийхээ хувьд хэн бэ?
Түүнийг хувь хүнийх нь хувьд янз бүрээр үнэлж дүгнэсэн ажиглалт дүгнэлт бий. Зарим судлаачид тухайлбал, Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Станислав Белковский түүнийг хөнгөн, сэтгэл зүйн хувь бусдаас хамааралтай, үгэнд оромтгой дуулгавартай тийм ч учраас В.Путины хувьд тун тохиромжтой этгээд болон сонгогдсон гэж үздэг бол зарим хүмүүс харин ч захирангуй, бие даасан хэмээн үнэлдэг. Цаашлаад оросуудын хувьд нуруу намханд тооцогддог Путины хувьд өөрөөс нь ч намхан нэгэн байсан нь түүнийг дэмжихэд нөлөөлсөн хэмээн ёжлон хэлэгсэд ч бий.
 
Залуудаа барууны рок хөгжим сонсож, тэрхүү стил хэв маягаар хувцаслаж байсан нь түүний бие авч явахад ямар нэг хэмжээгээр илэрдэг бөгөөд чөлөөт хэв маяг нь их сургуулийн багшийн зарчим шаардлагатай зан авирынх нь дор нуугдаж явдаг гэж дүгнэж болно.

Путин ба Медведев
Бүхэлдээ сүүлийн дөрвөн жилийн оросын улс төрийн үйл явцын талаар ажиглалт Путин ба Медведевийн хоорондын харилцаа, хамтын засаглалаар тодорхойлогдож ирсэн юм. Цаашдаа ч энэхүү 2 хүний харилцаа ойрын жилүүдэд оросын улс төрийн талбар дахь аливаа тоглолтын гол үйл явдал байсаар байх болно.
 
Хийж буй алхам, бодлого үйл ажиллагаа бүрийг нь Путинтай ямар нэг байдлаар холбож ойлгох, харьцуулах авч үзэх нь түүнд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Гэвч улс орондоо төдийгүй дэлхий дахинд өндөр нэр хүндтэй Путины эсрэг илэрхий тэрсэлдсэн үйлдэл хэрхэвч явуулж болохгүй нь тодорхой. Тэгээд ч өөрийг нь улс төрийн тавцанд хөтлөн оруулсан хүнээ эсэргүүцэх нь хүн ёсны хувьд ч зохимжгүй хэрэг юм.
 
Медведевийн улс төрийн дүр төрхийн талаар яруу тод илэрхийлэл, намтарчилсан ном бүтээл Путиныхтай харьцуулахад бараг байхгүй гэж хэлж болох агаад энэ нь Путинаас илүү тод томруун “орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд одоохондоо байхгүй байгаагийн нотолгоо гэж үзэх үндэстэй.
 
Цаашдаа тэр хоёрыг анд нөхөр хийгээд эвлэршгүй дайсан болох эсэх дээр дараа жил болох үйл явдал чухал нөлөө үзүүлэх юм.
 
Нэг үгээр, 2012 оны сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг нь оросын ард түмний төдийгүй гадаадын ажиглагчдын анхаарлын төвд буй чухал асуудал болоод байна. Ямартай ч энэ оны намар ерөнхийлөгч Медведев 2012 онд нэр дэвших эсэхээ зарлана гэдгээ илэрхийлсэн байгаа. Харин улс төр сонирхогчдын хувьд Медведев эрх мэдлийн амт мэдэрсэн хүн хийгээд, хэн нэгний нөмөр нөөлгөөс гарч, бие даахыг эрмэлзэх хүсэл, үүнтэй холбоотой нийгмийн “хатгаас”-ыг хэрхэн гүйцэлдүүлэх, улмаар цаашид Путинтай харьцах харьцаа хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой тоглолт болон хэвээр үлдэж байна.
 
Энэ онд 46 настай, нэг үгээр, улс төрийн хувьд тэтгэвэрт гарах яагаа ч үгүй залуугаараа түүний хувьд улс төрийн тавцанд урт замнал хүлээж буй хэмээн судлаачийн хувьд үзэж буйгаа дашрамд хэлээд энэхүү өгүүллээ төгсгөж байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)