2011/06/13

СИРИ УЛСЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ-I

Манай залуучууд дэлхийн өнцөг булан бүрт суралцаж, аялан өөрсдийн нүд тайлахын зэрэгцээ улс орныхоо нэрийг өргөдөг болсоор багагүй хугацааг ардаа үджээ. Энэ удаад бид Сири буюу дундад эртний Монгол хэлэнд Шам хэмээн нэрлэгдэх энэ улсад, өнөө хэр өрнөж буй улс төрийн тэмцэл хөдөлгөөн эхлэх хүртэл зургаан сар гаруй хугацаанд сурч, аялсан ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л. Ганбатын аян замын тэмдэглэлийг толиулж байна.  


Сирийн Бүгд Найрамдах Улс (Арабаар: الجمهورية العربية السورية, El-Cumhuriyyetь'l-Arabiyyetь's-Suriyye). Ойрхи дорнодод орших бөгөөд Израйль, Иордан, БНТУ, Берут зэрэгтэй хил залгана. Тус улсын хамгийн том хот, нийслэл Дамаск юм. Үүнээс гадна Халеп, Хумус, Лазкие зэрэг томоохон хотууд буй. 2004 оны байдлаар энэ улс 17,921,000 хүн амтай байсан. Угсаатны хувьд 77-83% ийг араб, 7-8% Kурд, Армян, Черкез болон бусад үндэстнүүдээс бүрдэнэ. Шашны хувьд исламын шашин голлох ба сунни урсгал 74%, Алеви 12%, Христын шашин 10% тус тус эзэлдэг. Мөн Еврей нарын жүүдийн шашны урсгалууд ч бий. 

Тус улс нь 1920-1946 оныг хүртэлх хугацаанд Францын захиргаанд байсан ба улмаар 1946 онд тусгаар тогтнолоо зарласан боловч 1958 онд Египеттэй нэгдэн Арабын нэгдсэн Бүгд Найрамдах улс болсон байна. Гэвч энэ нь улс удаан оршин тогтнож чадсангүй гурав жилийн дараа хоёр улс тус тусын улсыг дахин байгуулжээ.
 
Энэ бүс нутаг нь эртний Асир, Вавилон, Перс, Грек Ромын, Византи, Арабууд, Сельжук, Мамлюкүүд, Монголын эзэн гүрэн болон Төмөрийн улс хийгээд Оттоманы эзэнт гүрний мэдэлд оршиж шашин, улс төр, түүх, соёл иргэншлийн томоохон төв болж байв.
 
Нийслэл хот Дамаск нь тус улсын баруун өмнөд хэсэгт Касион гэж нэрлэгдсэн уулын өмнөдөд 18.032 км газар нутгийг эзлэн орших бөгөөд далайн түвшнээс дээш 685метрт байдаг. Хот ойролцоогоор 2.824.000 хүн амтай. Тус улсын хамгийн олон оршин суугчтай хот. Оршин суугчдын олонхийг исламын шашинтнууд бүрдүүлж байдаг боловч зарим хэсэгт христын шашныхны төвлөрсөн хороолол, газрууд ч бий. Хотыг ерөнхийд нь хуучин, шинэ гэсэн хоёр хэсэгт хуваах бөгөөд хуучин хэсэгт нь хуучны загвар хийцтэй, түүх дурсгалын холбогдолтой барилга, газрууд байрлана. 
 

Хотын хуучин төв, Хамиди зах

Шинэ хотын төвийн гол гудамуудын нэг
Сири иргэд: Ерөнхийдөө Арабуудаас ялгарах юм тун бага. Бавгар сахалтай эрчүүд нь зан харилцааны хувьд уриалгахан, зочломтгой зантай хүмүүс. Сири оронд жуулчлан ирэх гадаадынхны тоо цөөнгүй учир гадныхантай тэд ч харилцаж сурсан болох нь анзаарагдаж байлаа. Худалдаа үйлчилгээний газарт олонхидоо эрчүүд ажиллах ба, “Welcome to Syria” гэсэн үгийг харамгүй хэлдэг ард түмэн. Энэ нь бизнесийн арга ухааны нэгээхэн хэсэг боловч гадны бид нарт таатай сонсогдож байсныг нуух юун.  Тэд гадаад хүнийг хараад Англи хэл мэдэх эсэхийг заавал лавлах ба үүний учрыг сүүлд мэдэх нээ харь хэлтэй хүнийг ихэд боловсролтойд тооцдогтой нь холбоотой аж. Дамаскийн их сургуулийн оюутнууд, оюутан залуусын хувьд тодорхой түвшний англи хэлний мэдлэгтэй, ямар ч байсан “yes, no”-тэй. Мөн заавал ч араб хэл гэлгүйгээр зарим газар бол англи хэлээр яриад яваад байж болно.
 

Сири эрчүүд худалдаа арилжааны тал дээр бол жинхэнэ наймаачин зантай улс. Сэргэлэн гэж тодорхойлж болно. Гадаад хүмүүст бол барааны үнийг ер нь л өсгөж хэлэх ба хямдруулах тал дээрээ ч уян хатан авахгүй үнэтэй байна гэвэл хоёр дахин хямдруулсан үнэ хэлээд л хоргоогоод байх нь тэр. Энд дан эрчүүлийн тухай л өгүүлж байна. Учир нь Исламын шашинт орнуудын нэгэн адил эрчүүд л ажил хийж, хүнтэй харилцана.




Сири хүүхнүүд хүн амын олонхи исламын шашинтай учир толгойгоо алчуураар боосон, эсвэл зөвхөн нүдээ гаргасан хар хувцас өмссөн эмэгтэйчүүд нилээдгүй. Христийн шашинтай цөөнхийн хувьд энгийн хувцасласан христын шашны утга агуулгатай зүүлт, ээмэг зүүсэн байх нь бий. Энэ нь өөрнийнхөө ямар шашны урсгалд хамрагддагаа тод илэрхийлэх гэсэн хэрэг болов уу. Учир нь энэ оронд шашин ихээхэн чухал. Ер нь Монголчууд бидний хувьд үүнийг төсөөлөхөд ихээхэн бэрхтэй.

Сири жаалууд, дэлхийн аль ч орны хүүхдүүд адил тоглож наадсан дүр зураг харагдана. Гэвч нэг онцлог нь хүүхдүүд ажил хийх нь түгээмэл. Ихэвчлэн жижиг цайны газруудад туслах хийх ба мөн гудамжинд үүргийн наймаа эрхэлж, манай Нарантуул захын жаалууд шиг зах зээлийн газар ачаа бараа зөөн тэрэг түрэх нь ч бий.
 

Талх зарж буй хүү
Бид дараагийн дугааруудад гамбир шиг энэ талхны тухай өгүүлэх болно.

За энэ хүрээд бидний нэгдүгээр хэсэг төгсөж байна. Дараагийн дугаарт тус орны өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал болоод тэнд уулзсан Монголчуудынхаа бичнэ.  

Л. Ганбат

2 comments:

  1. Tun sonin yum tanai hamt olond amjilt husie ulsturj.com iinhoon tsaashin iim sonin zuil ih oruulj bgaaraa. Ganbat tand amjilt husie

    ReplyDelete
  2. daraagiin dugaariig yaj unshih ve heregtei medeelel bn bayarlalaa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)