2011/06/15

ТУРКИЙН ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ БА ТҮҮНЭЭС БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЗАРИМ ЗҮЙЛС-I

УИХ-аар сонгуулийн хууль ид хэлэлцэгдэж байгаа үетэй давхцан өнгөрсөн ням гаригт  буюу 2011 оны 6 сарын 12-нд БНТУ-д Межлис (пар¬ламент)-ийн сонгууль болж өнгөрлөө. Нийт 15 улс төрийн нам, бие даагчид нэр дэвшснээс намуудаас 7492, бие дааж 203 нийт 7695 хүн өрсөлдсөн байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Туркийн Ерөнхий сайд Таееип Эрдоаны тэргүүлдэг АКР (Adalet ve Kalkınma Partisi) эрх баригч "Шударга ёс, хөгжлийн нам" 49,94% санал авч ялалт байгуулснаар гурван сонгуульд дараалан бие даан засгийн газар байгуулсан Туркийн анхны улс төрийн хүчин болж байгаа юм байна. 


Харин гол сөрөг хүчин болох CHP буюу (Cumhuriyet Halk Partisi) "Ардын Бүгд найрамдах нам" 25,94% санал авсан нь тэдний хувьд энэ удаагийн сонгуульд парламент дэхь суудлийн тоогоо ахиулж чадсан цорын нам гэсэн нэр хүндийг өгсөн байна. Мөн Туркийн голлох улс төрийн намуудын нэг болох MHP (Milliyetзi Hareket Partisi) "Үндэсний хөдөлгөөний нам" 13,03% санал авсан бол бусад намууд 4,48%, бие даан нэр дэвшигчид 6,61% саналыг тус тус авсан байна.

Ингээд парлементийн 550 суудлаас эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам" 326 (өмнө нь 341), "Ардын Бүгд найрамдах нам" 135 (өмнө нь 112), "Үндэсний хөдөлгөөний нам" 54 (өмнө нь 71), бие даагчид 35 суудал авахаар болжээ.

Тус улсын сонгуулийн хууль нь улс төрийн намуудад парламентад суудалтай болоход 10%-ийн босго тавьдаг. Иймээс энэ удаагийн сонгуульд үндэсний цөөнх курдуудын BDP (Barış ve Demokrasi Partisi)  буюу “Энхтайван, Ардчиллын нам” нь өөрийн лидерүүдийг бие даан нэр дэвшүүлсэн юм. Тэдний энэ улс төрийн тактик ч амжилттай болж өмнөх 22 суудлаа 35 болгон нэмэгдүүлжээ. 

Ийнхүү Туркийн шинэ Межлис буюу парламентад 349 хүн шинээр орж ирж байгаа бол 201 нь улиран сонгогдсон байна. Гишүүдийн хамгийн өндөр настай нь 79-тэй бол залуу нь 27-той ажээ. Энэ удаагийн парламентад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогдсноос хамгийн олон  хуульч 107, инженер 71, эмч 37, сэтгүүлч 10 байгаа юм байна. Эндээс нэгэн сонин үзүүлэлт гарч байгаа нь парламентийн 5 гишүүн тутмын нэг нь хуульч байгаа явдал юм. Мөн соёл урлаг, спортийн төлөөлөлч гарч ирсэн байна. Тэдний нэг нь хөлбөмбөг сонирхогчдийн сайн мэдэх 2003 оны Япон Солонгосын дэлхийн аврагын тэмцээний одуудын нэг Туркийн шигшээ багийн ахлагч Хакан Шүкүр билээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Солонгосын шигээ багтай хийсэн тогтолтонд шүүгчийн эхэл гэсэн шүгэлийн дуунаас хэдхэн секундын дараа эсрэг багийнхаа хаалганд гоол хийж шуугаан тарьж хожил авч олон хүн мэдэх бизээ.

Мөн энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь эмэгтэй парлемтийн гишүүдийн тоо 48-аас 79 болтолоо өссөн явдал юм. Үүний зэрэгцээд Туркийн хэвлэл мэдээлэлээр шинэ Межлисийн тэргүүн эмэгтэй хүн болох бор шувуу нисээд эхэлсэн.

Энэ удаагийн сонгуульд  50 сая 189 мянга 930 иргэн, 199 мянга 207 сонгуулийн хэсэг буюу саналын хайрцагт саналаа өгөх байснаас 86,7% нь саналаа өгсөн нь сүүлийн хоёр сонгуульд байгаагүй өндөр улс төрийн идэвхи үзүүлжээ.

Сонгууль ерөнхийдөө тун тайван болж өнгөрсөн бөгөөд лав нийслэл Анкара хотод метро болон олон нийтийн газруудад энгийн өдрүүд шигээ байлаа. Гэхдээ сонгуулийн ерөнхий хороо сонгууль болохоос нэг хоногийн өмнө 11 хотод тусгай ажиллагаа явуулж Сонгуулийн ерөнхий хорооны сайтад халдлага хийхээр төлөвлөөд байсан 32 хакерийг баривчилсан. Мөн энэ үед гэмт хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан 1453 хүн сонгууль өгөхөөр ирээд баривчлагдсан байна.

Удаан хугацаагаар гадаад оронд зорчих иргэд 5 сарын 10-наас саналаа өгч эхэлсэн бөгөөд 6 сарын 12 нь сонгуулийн албан ёсны өдөр байсан юм. Зүүн бүсийн зарим хотууд 07.00 – 16:00 цагийн хооронд, бусад бүх хотууд  08.00-17.00 хооронд сонгуулийн хэсгүүд дээр ирж саналаа өгчээ. Энд 50 орчим сая сонгогчидтой улсын санал өгөх цаг нь ихээхэн давчуу мэт санагдах авч тун их давуу талыг өөртөө агуулж байгааг санал тооллогоос харж болно. Туркийн цагаар оройн 19 цаг гэхэд нийт саналын хуудасны тал хувийг тоолсон хийгээд түүний урьдчилсан дүнг олон нийтэд хүргэж байв. Ингээд 22 цаг гэхэд нийт сонгогчдийн саналын хуудасны 98 хувийг бүрэн тоолж дуусгасан ба түүний үр дүнг бүхий л зурагтын суваг, интернет сайтуудаар мэдээлсэн юм. Энэ мөчтэй давхцан Туркийн ерөнхий сайд, эрх баригч намын дарга Т. Эрдоан ард түмэндээ хандаж үг хэлж дахин ялалт байгуулснаа зарлаж байв.

Ийм богино хугацаанд саналыг хуудсыг тоолон дүнг нь зарлаж байгаа явдал нь ямар нэгэн маргаан, будилаан гарах, саналын хуудас солих боломжийг бүрмөсөн хааж байгаа хэрэг. Мөн энэ нь сонгуулийн дүнг зөвшөөрөх, эс зөвшөөрөх болон манай 7 сарын 1-ний үйл явдал шиг байдал үүсэх боломжийг үгүй хийж байгаа юм.

Бид дараагийн хэсэгтээ Туркийн сонгууль болон сонгуулийн хуулиас авч болох олон давуу талуудын тухай өгүүлэх болно.
А. Энхбат, Анкара 2011. 06. 14

2 comments:

  1. ene turkuud bidend yamar hamaa bna aa aan

    ReplyDelete
  2. hamaatai yumsdhig bna aa huu tu ih aan daeaagiinh ni hurdan bicheeree

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)