Наадам 10 даваатай, амралт 7 өдөр болсоныг далимдуулан их хотын чимээ шуугиан, утаа униар, бухимдал нозоорлоос түрч атугай холдох боломж олдож, хүлгийн жолоог Тэрэлжийн зүг залж одов.
Монголчууд төвлөрөл, бөглөрөл, иргэншлийн шуугианаас зутгаж байгалийн унаган нөхцөл рүү эргэн тэмүүлэх болсны илрэл гэлтэй аль ойр, сайхан гэсэн ус голын эрэг, уул талын бэл рүү зүтгэж, амарч зугаалахыг хичээдэг болжээ. Найз нөхөд, гэр бүлийн хамт очсон голын эрэг дээр шамбааралдах хүн зоныг тоолж эс амжих тул биднийг 200 метрт тойрон байрлах машин тэргийг нь тоолоход даруй 50 гарч буйгаас ийнхүү бодоход хүрсэн юм.
Аль эвтэйхэн байрлалтай гэж тооцож олсон газрын мод бургаасанд зүсэн бүрийн өнгөт хадаг яндар өлгөсөн нь бөө удганууд байнга ирж, онгод тэнгэрээ дууддаг болох нь илт харагдана. Ер бөө удган, лам хар очиж, хөндөж хүрч байгаагүй газар орон манайд үлдээгүй болтой.
Тохьтой гэж сонгосон газраа тухалж, зугаалга ёсоор шорлог, хорхог эргүүлж эхэллээ. Тэнд ирэгсэд тэр чигтээ том бедон сав болж, утаа май тавин хорхог боодог, айраг архи болж буй нь монгол газрын ёсон ажээ.
Голын эрэг дээр хэн бүхэн өөрт тухтай басхүү бусдад садаа болохгүй, хог шороо багатай газар эрэн бэдрэх нь их газар нутаг, цөөн хүн амтай хэрнээ шамбааралдан суух болсон монголчуудад жирийн үзэгдэл юм. Харин нэг авгай бидний тухалсан газрын 4-5 удаа тойрон шинжих нь нүдэнд содон тусав.
Хоол унд, хөзөр наадам болж бужигнах зуур, бидэнтэй хаяа залган төрийн далбаагаар өвч бүрсэн том том жиптэй нөхдүүд ирж, майхан саваа барьж эхлэв. Удалгүй гол руу үсэрч орсон сулбагар цагаан биетэй нөхдүүдийн чанга чанга яриа, шуугианыг сонсвол урд хөршийн маань иргэд ажээ. Гол усанд жаахан хүүхэд шиг нэг рүүгээ ус цацлан тоглож, хашгиралдах тэдний дуун салхинд цохиулан унтах хүүг маань сэрээх аястай болсон тул би вээр тэдгээрийг чимээгүй аядахыг мөн чангаар хашгиран монголоороо ориллоо. Тоосон ч шинж алга. Найз нөхөд маань ч үндсэрхэг үзэл гаргаж байна хэмээн үзээд намайг зүгээр орхихыг сануулав.
Голын эрэг дээр наадах хятадууд хөгжөөн баяртаа хөөрч, нэг мэдэхэд тухалсан газраасаа холдож голын нөгөө эрэгт ойртон, олон монгол залуус бөмбөг харилцах газарт ихэд дөхсөн ойртож, тэдэнд саад болсон болтой чулуугаар цохиулан өөрийн газартаа ирлээ. Нэгэнт уурласан хийгээд шаагилдах олон хятадыг харсан халамцуу монголчууд нэг хоёроороо гол гатлан ирж, хятадуудтай заамдалцан энэ газраас бүрмөсөн холдон зайлахыг сануулж эхлэв. Хятад нөхөдтэй хамт явсан эмэгтэйчүүд нь дан монголчууд бөгөөд эх орон нэгтнүүддээ бөөрөлхүүлсэн нөхрүүдээ хамгаалах авгайчуудын дунд биднийг тойрон газар шинжиж явсан нөгөө авгай ч харагдлаа. Монголчуудын үндсэрхэг үзэл, хятадуудыг үзэн ядах үзлээс хол зайдуу эвтэйхэн газар нөхрүүдээ салхилуулах гэсэн нь сая тодорхой болов.
Агсарч буй монгол залуусыг дөгөөн голын нөгөө эргээс хэдэн нөхөд нь “алаад өг, цохиод өг” гэж байснаа нэг нөхөр нь гэнэт “наад хэдээсээ хүн бүрт нэг пиво авъя, тэгээд салъя” гэх нь тэр. Арга эвээ олж салахын түүс болсон монгол авгай нар нь энэ “мэргэн санаа”-г тэр дор нь өлгөн авч, бүтэн сагс лаазтай шар айргийг гол довтлогч залууд бариулаад, голын нөгөө эрэг рүү үдэж өгөв. Шар айраг харж баярласан монголчууд инээлдэн цааш одож, харин хонохоор төлөвлөж байсан хятадууд майхан саваа ачаалаад, хурдхан хөдөлж одлоо.
Үйл явдлыг нэг бүрчлэн харж суусан биднээс яагаад ч юм баяр баясал нисэн одож, оронд нь бөглүү уйтгар, бусдыг биш харин өөрсдөдөө дургүйцэх тэнэг гайхшрал л үлдэн хоцров.
Агсам монгол, хашгираан ихт хятадуудын далд тэмцлийн ил дүр зураг ийм ажээ...
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл