2011/07/05

“ГАЦАЛТ”-ЫГ ГЭТЛЭХҮЙ

Сонгуулийн хуулийг өөрчлөх яриа гарсаар багагүй хугацаа өнгөрлөө. Багагүй гэж хэлж бас болохгүй юмаа. Өнгөрсөн буюу 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөөс л их, бага хэмжээнд яригдаж ирсэн сэдэв. Гурван жилийн тэртээх “алдарт 7 сарын 1”-ний үйл явдал сонгууль зохион байгуулах ажлаа сайжруулах, элдэв хэрүүл маргаангүй хийх ёстой гэдгийг төр, засаг болоод сонгуулийн байгууллагынханд сайн сануулж өгсөнсөн. Түүнээс гадна нөгөө хэдэн улс төрчид, хуулиа баталдаг УИХ-ын гишүүд ч анхаарч санаа авах учиртай гэж бодогдоно. Гэтэл сонгуулийн хуулиа ч өөрчилж чадалгүйгээр дараагийн сонгуулийнхаа өмнөх сүүлчийн зунтай золгож байна.


Энэ хугацаанд сонгуулийн хуулийн хэд хэдэн төслийг УИХ-ын гишүүд ээлж дараалан өргөн барьж, парламентыг хоёр танхимтай болгох санааг Засгийн газрын тэргүүн хөндөж, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарыг иргэд нь шууд сонгочихдог болгоё гэж зарим улс төрчид дуугарч амжлаа. Эндээс хамгийн хүчтэй маргаан болж байгаа нь сонгуулийн тогтолцоогоо эрс өөрчлөх эсэх асуудал. Нэг талаас нь харвал эдгээр асуудлыг хөндөх нь зүйтэй. Гэхдээ нэг чухал зүйлийг эрхэм улс төрчид маань мартаж орхисон нь бүх асуудлын тээг болж байх шиг. Тэр бол Үндсэн хууль.
 
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал мөн л байнга яригддаг улс төрийн сэдэв. 1999-2000 онд хэд хэдэн заалт дээр зөв, буруу хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсныг эс тооцвол “эцэг хууль”-даа гар хүрэлгүй өнөөг хүргэсэн. Тэртээ 20-иод жилийн өмнөх Монгол Улстай харьцуулахад өчнөөн дэвшил өөрчлөлт гарсан нь мэдээжийн хэрэг. Бүтэн нийгэм солигдож, “шилжилтийн” гэх үе шувтарч буй тухай судлаачид төдийгүй улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Хөгжлийн шинэ эрин үе, сэтгэлгээний шал өмнөө нийгэм биднийг угтаж байна. Ядаж л нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд эрс өөрчлөгдөж, оюун санааны түвшин дээшилж, иргэд үзэл бодлын төдийгүй амьдралын олон “цонх”-той боллоо.
 
Улс төр, эдийн засгийн болон төрийн байгууллагын тогтолцооны олон маргаан эцэстээ Үндсэн хуульд очоод гацчихдаг жишээ манайд олон бий. Бараг уламжлал болж хэвших дөхөж байна даа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Гажиг гэж хэлж болохоор энэ байдлыг засахгүйгээр цаашаа явна гэж байхгүй.
 
Мажоритараас пропорционалд шилжиж, сонгуулийн тогтолцоогоо шууд өөрчлөх талаар улс төрийн намууд өөр өөрийн байр сууриндаа хатуу зогсч байна. Улс төрчид ч байр сууриа илэрхийлсээр. Судлаач, шинжээчид үгээ хэлж, элдэв хурал зөвлөгөөнд оролцож л байна. Харин тэр хурал зөвлөгөөнүүдэд улс төрчид, шийдвэр гаргах түвшний хүмүүс тун цөөхөн харагдах юм. Уг нь тэд л тэрхүү ажил хэрэгч хэлэлцүүлэгт сууж юм сонсмоор байгаа юм. Тэгвэл мэдэхгүйгээ мэдэж, цөөнгүй асуудлыг түргэн бас “оновчтой” шийдэх гарцаа олж ч мэднэ. Сонгуулийн хуулиа нухаж нухаж жаахан явуулаад холимог хэлбэр дээрээ тогтлоо. Овоо доо гэтэл тоон дээрээ бүдэрчихэв.
 
Энэ тоо бол яах аргагүй чухал тоо. Тийм ч учраас сонирхол татам улс төрийн үйл явцын олон хувилбарыг араасаа дагуулж байна. УИХ ажлаа явуулж чадалгүй гацаж, улс төрийн нам “дахин шинэ”-ээр маргаантайхан мэндэлж, эрх баригч намын бүлгийн дарга нар “санаачлагаараа” огцорч, төрийн түшээгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ноцолдож, гүйцэтгэх засаглалын хувь заяаг “тэргүүн”-ээс нь оролдож, захиалгат жагсагчдыг сэрээлээ. Хамгийн чухал үр хөврөл нь монголын түүхэнд ганц удаа болсон “ард нийтийн санал асуулга” гээчийг 65 жилийн ойн дээр нь дахих санаачлага.
 
Олон түмнээсээ асууна, зөвлөгөө авна гэдэг сайн хэрэг. Харин тоо төдийхнөөр бус бүх асуудлын зангилаа болоод байдаг “Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх үү, эс хийх үү” гэдгээр санал асуучих хэрэгтэй байх. Тооноос болж үүссэн улс төрийн зууранги байдал нийгмийн олон салбарт нөлөөлж, зуны аагим халуун, олон тэмдэглэлт ойн нүсэр баяруудтай нэгдэн, асуултанд хариулах ард нийтийг будилуулж бас чирэгдүүлж мэдэх нь байна. Үнэхээр ч үүссэн нөхцөл байдлын цаашаа хэрхэн өрнөхөөс үүдэн эдийн засгийн томоохон оролцогчид ч бүтээх бус ажиглах байр сууринд шилжиж эхэллээ. Гацаагаар эхэлсэн УИХ гацаагаар битгий дуусаасай билээ.
 
Энэ жил “7 сарын нэгний хэрэг явдал”-ыг дурссан “Гацалт” хэмээх арга хэмжээ төв талбайд хоёр дахь удаа хийгдэв. Харин 20 жилийн хугацаанд нийгэм, улс төр, эдийн засгийн хичнээн олон гацалт явагдсаныг бид тооцож амжаагүй л байна. Бүгд өнөөх мундаг хуультай холбогдоно. Өмнө нь С.Баяр “таван төгөлдөршил” яриад сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх санал гаргасан удаа бий. Харин тэр үеийн АН-ын босс Ц.Элбэгдорж гар барьчихаад хулхидчихсан явдал түүх болох нь байтугай түүн дээр хумхын тоос ч бууж амжаагүй байна. Гэтэл одоо АН асуудлынхаа нөгөө талд гарчихсан улс төржүүлж байна. Ямартай ч улс төржсөн бай үгүй бай, цартай өөрчлөлт оруулаад авъя гэж байгаа дээр нь энэ парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоо болон орон нутаг, засаг захиргааны хуваарилалтаа боловсронгуй болгоод авбал зохино. Харин ирэх 4 жил бэлтгэлээ сайн базааж байгаад 2016 оноос хэрэгжүүлбэл оновчтой болж чадна.
 
Учир нь сонгууль нэгэнт хаяанд тулсан тул сонгуулийн тогтолцоог нийгмийн сэтгэл зүйн бэлтгэл, гарч болох эрсдлийг тооцолгүй өөрчилж боломгүй санагдана. Шинэ тогтолцоогоор сонгууль явуулах бэлтгэл сонгуулийн байгууллагад ч сонгогчид ч алга. Учраа ойлгож байгаа улс төрчид ч цөөхөн харагдана. Дээр нь “Үндсэн хууль” гээчээ зөрчихөд хүрнэ. Тэгэхээр юм бүхний огтлол дээр “асуудал” болоод ургачихдаг суурь хуулийн зарим зүйл заалтыг цаг үеийн нөхцөлд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай. Үүнийгээ ч бас ард нийтийн санал асуулгадаа хамруулах дээр бичсэн томъёоллоор асуучих хэрэгтэй шүү Эрхэм Түшээдээ.
Судлаач Н.Батсүмбэрэл
Твит ID: batsumberel304

2011.07.05

4 comments:

  1. Эрх баригч намууд энэ асуудлаар шийдвэрээ гаргаад 2008 онд Хамтарсан засаг байгуулахдаа үүнийгээ зарласан. Энэ бол албан шийдвэр. Тиймд одоо хариуцлага ярих цаг бол мөн.

    Ард нийтийн санал асуулга бол гарц биш. Жишээ нь нэг техникийн жижиг шалтгаан гэхэд - Ард нийтийн санал асуулга нэг унавал бид Үндсэн хуулиа хуулиар бол 8 жилдээ, бодитоор бол 10-аас доошгүй жилдээ өөрчлөх эрхгүй болно. Ялангуяа Асуулгадаа сонгуулийн энэ маргаантай сэдэвийг оруулаад нам бур бие биений эсрэг явбал ард олон Асуулгыг бараг л унагах байх. Ийм эрсдлийг одоо хийх цаг мөн үү.

    ReplyDelete
  2. ene huuruu yu ch medehgu darga gj ner zuusen nuhur bolimoor yum hudlaa chadahgu bj dugai l sbnd drshde sumbrelee

    ReplyDelete
  3. Yana daaa. Ene nuhur yanadaaaa. Medleg nimgehen, herneee tom tom yum yarihiig yana. Yumand jaahan barimtand tulguurlan yarij bihcej baimaar yum... Dandaa tseejnii bangaar tom tom yum yarina. Bas hediidee sudlaach bolchihson yum bee... bolimoor yumaaa.

    ReplyDelete
  4. sumbeech suuliin ued ih tom tom yum bichij yrodag boljee. za yahuu zaluu hun bnadaa zoriglood l uz. gehdee hemjeegee medej l baibal boloodoo. gadaad dotood ybj galuu shubuunii mah ideed magad uridaasaa iluu mundagch bolson yum biluu hehe. mundag baibal zaluus chamaig demjinee ho

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)