2011/08/08

СЭЖИГ

Соц-нийгмийн үед хариуцлагатай ажил хашиж байсан генерал Л.Пүрэвдоржийн 1990 оны эхээр бичсэн “Бэтэг” гэж зохиол бий. Гол утга санаа нь Монголын говьд Зөвлөлт нөхдүүд маань монголын төр засгийн эрх  мэдэлтнүүдтэй хуйвалдан нууцаар цөмийн хаягдал булсан тухай өгүүлдэг. Уг зохиолд дурьдсан шиг шууд булаагүй юмаа гэхэд булахаар бодож тооцоолж байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч тодорхой хүрээнд цөмийн хаягдлын тухайд эртнээс болгоомжлон сэрэмжилж,  хардан сэжиглэж байсан нь үүнээс харагддаг. Одоо ч сэжиглэсээр...

Шинэ зууны хувьд  цөмийн хаягдал булах тухай хэл яриа 2005 онд гарч эхэлсэн санагдана. Судлаач Д.Ганхуяг уг асуудлаар УИХ гишүүдэд хандсан тухайгаа “Цахим өртөө” гэх гадаад дахь монголчуудын сайтаар буюу тун явцуу хүрээнд хөндөөд өнгөрсөн. Харин хагас жилийн өмнөөс америк болон японы хэвлэл мэдээллээр яригдаж эхэлсэн цөмийн хаягдлаа Монголд булшлах гэж буй тухай албан бус мэдээлэл, мэдэгдэл нь монголын нийгэмд яриа цуурхал, дуулиан шуугианы том сэдэв болон дахин дэгдэв.
 
Цөмийн хаягдалд хандах дэлхий дахины хандлага
Дэлхийн эрчим хүчний эх үүсвэр хомсдож, түлшний нөөц эрс багасч, эрчим хүчний хямралаас гарах бүхий л арга замыг хайж буй өнөө цагт цөмийн цахилгаан станц байгуулах сонирхол улам өсч байна. Учир нь цөмийн станц нь барьж байгуулах өртөг зардал харьцангуй бага, урт хугацаанд ашиглагддаг, байгаль орчинд утаа, бохирдол гаргадаггүй зэрэг давуу талаас шалтгаалж, жижиг томгүй олон улс орон сонирхож буйгаа ил далд илэрхийлэх болсон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 орчим улс орон 440 орчим реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэж хэрэгцээгээ хангадгаас манайд ойрхон оршдог Япон, ОХУ, БНСУ зэрэг орнууд хүчин чадлаараа эхний 5-д жагсдаг аж. Шинээр цөмийн станцтай болж буй улс орны тоо ч сүүлийн жилүүдэд огцом өсөх болсон. Өндөр үр ашигтай шигээ цөмийн цахилгаан станцыг аюулгүй ажиллуулах, хаягдлыг нь найдвартай хадгалах асуудал төдий хэрээр асар том аюул эрсдэл дагуулдаг.
 
Өдгөө дэлхийн эрчим хүчний 16%-ийг эзэлж буй цөмийн реакторын тоо 2030 он гэхэд 66% болтлоо өсөх юм.  Дагаад түүнээс гарах хаягдлыг хэрхэх тухай асуудал аяндаа тавигдахад хүрнэ. Ирээдүйд гэхээсээ энэ оны 3 сард болсон японы газар хөдлөлт,  цунамигийн уршгаар цөмийн станцаас алдагдсан цацраг идэвхт бодисын тархалт дэлхий дахинд ноцтой сануулгыг тэртээ тэргүй өгөөд эхэлчихлээ. Цөмийн эрчим хүч ашиглахаас бүрмөсөн татгалзахыг цөмийн реактортай улс орны иргэд эсэргүүцэж, жагсаал цуглаан цөөнгүй гаргах болсон. Зарим нь үр дүнгээ өгч, засгийн газар нь цөмийн станц ашиглахаас татгалзах болсон тухайгаа мэдэгдээд авсан. Хэрэг дээрээ энэ нь бүрэн татгалзсан гэсэн үг огт биш бөгөөд одоогийн технологио өөрчилж, шинэ найдвартай арга технологи нэвтрүүлэхэд анхаарах тухай л санаа сэдлийг л өгсөн хэрэг юм.
 
Сэдэвтэй уялдан тэрхүү тэрхүү айхтар аюул дагуулсан цөмийн хаягдал гэгчийг нь дахин боловсруулж болдоггүй юм уу гэх асуулт урган гарч байна. Цөмийн хаягдал гэдэг нь чухамдаа станцад ашиглагдсан түлш биш харин технологийн онцлогоос болж ашиглагдаагүй орхигдсон хэсэг юм. Энэ нь цөмийн реакторт орсон түлшний 90 хувийг эзэлдэг. Энэхүү хаягдлыг дахин эргэлт оруулах тухай асуудал бүр 60-аад жилийн тэртээгээс яригдаж, тодорхой түвшинд туршилт судалгаа хийгдэж иржээ. Сүүлд гэхэд хятадууд хаягдлыг 90 хувь хүртэл дахин боловсруулж чаддаг болсон тухай мэдээлэл бий. Гэвч цөмийн хаягдлыг дахин боловсруулах өртөг зардал нь байгалийн уран олборлон ашиглахаас хэд дахин өндөр гардаг тул цөмийн реактортай улс орнууд хоёр дахь хувилбарыг нь чухалчилдаг байна.
 
Монголд цөмийн хаягдлыг булснаас гарах эрсдэл, давуу тал
Урьдчилсан байдлаар ураны нөөцөөр дэлхийд эхний 10 дотор тооцогдох болсон Монгол улс уг нөөцөө стратегийн ач холбогдолтой хэмээн тооцож, эдийн засгийн хувьд төдийгүй улс төрийн хувьд их гүрнүүдийн дунд тоглолт хийж, ашиг унагахаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж эхлэв. “Цөмийн энергийн газар” гэх яамны хэмжээний орон тоотой байгууллага хүртэл байгуулан, үйл ажиллагаа идэвхтэй явуулж эхлээд удаагүй байна. Цөмийн цахилгаан станц байгуулах явдлыг ойрын 10 гаруй жилд хэрэгжихүйц төсөл гэж үзэж буй том амбициа ил шууд илэрхийлээд авсан Монголын цөмийн энергийн газар хаягдлыг нь булшлах ажлыг хуулиар хариуцсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргах тэдний эрх мэдлээс хэтийдэхэд хүрнэ.
 
Цөмийн хаягдал булшлахтай холбоотой асуудлаар олон нийтийн мэдээллийн хэвлэлээр гарсан мэдээ шуугиан , зарим судлаач шинжээчдийн санаа бодол дээр тулгуурлан хэд хэдэн таамаглал дэвшүүлж болох байна.
 
Хувилбар 1. Аль хэдий нь нууцаар авч ирээд монголын говьд булшилсан. Хэрэв ийнхүү цөмийн шаарыг монголын газар нутагт булшилсан бол яаж цамнаад ч буцаах аргагүй юм. Ийнхүү таамаглалыг нотлох гэж үйл явц бол монголын улс төрийн хүрээнд уг асуудлын талаар тун ажин түжин байгаа явдал. Уг асуудал чухамдаа улс төр хийх маш том сэдэв. Ядаж л улс төрийн ноцтой сэдэв дээр чадварлаг тоглолт хийдэг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун ч чимээгүй байгаа нь ингэж сэжиглэх том сэдэл. Өөрөөр хэлбэл, УИХ гишүүд ч мэдэж амжаагүй, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд чанд нууцалж, шийдвэрлэгдсэн байж болох магадлалтай. Одоогоос 5-6 жилийн өмнө засгийн газрын холбогдох мэргэжилтнүүд гэгдэх үл мэдэгдэх нөхдүүд өрнөдийн цөмийн шаар булах технологитой нэг бүрчлэн танилцаж судалсан сураг бий.    
 
Хувилбар 2. “Таван толгой”-н болон бусад стратегийн ордтой холбоотой АНУ, Японтой байгуулж буй гэрээ хэлэлцээрээс нийгмийн анхаарлыг хөндийрүүлэх арга мэх байж болох талтай. Учир нь монголын нийгэмд уул уурхайн салбарын бүхий л асуудал хуурай өвсөнд тавьсан гал адил тэр чигтээ улс төржих бэлээхэн сэдэв болох нь ердийн үзэгдэл болсон. Энэ нь олон түмний ойлгохыг хүсдэггүй уул уурхайн салбарт их гүрнүүдийн эрх ашгийн тэнцвэрийг хангах, геополитикийн оновчтой тоглолт хийх зэрэг улс төрийн бодлогын нарийн асуудлуудыг шийдвэрлэхэд багагүй бэрхшээлийг учруулж байна. Иймээс улс төрийн ийм арга мэх явуулах нь байдаг л тактик.
 
Хувилбар 3. Үнэхээр тодорхой тооцоо судалгаа хийсний дүнд цөмийн хаягдлын агуулах барих тохиромжтой газар нутаг Монгол улс болох талаар АНУ болон Японы улс төрийн хүрээнд эрчимтэй яригдсан асуудал байж болох. Энэ үндсэн дээр монголын засгийн газрын холбогдох эрх мэдэлтнүүдтэй уулзаж ярилцан, тохиролцоо хийх замаар харилцан ашигтай том хэлэлцээр хийх боломж нөхцлийг эрж хайсан байх талтай. Нэн тэргүүнд үүн дээр үндэслэн уран боловсруулах, худалдах, монголд цөмийн цахилгаан станц барих талаар том тохиролцоо хийх бололцоо бүрдэх юм. (Энэ тухай анх 3 сарын сүүлээр “Nuclear Threat Initiative” (NTI) байгууллагын сэтгүүлч Илэйн Гроссманы  нийтлэлд тун тодорхой өгүүлсэн байдаг). Далимд нь хөрш их гүрнүүдийн хариу үйлдэл, монголын олон нийтийн санаа бодлыг судлах зорилгоор зориуд шуугиан тарьсан мэдэгдэл, мэдээ мэдээлэл тараасан байх магадлал бий. Эсвэл цөмийн эрчим хүч ашиглахыг эрс эсэргүүцдэг өрнөдийн иргэний хөдөлгөөн, бүлгүүдээс эрх баригчдынхаа далд бодлого, үйл ажиллагааг үймүүлэн дэлхий дахины ялангуяа монголын ард түмний анхаарлыг татах зорилгоор явуулсан хэвлэлийн дайн ч байж болно.
 
Тэрчлэн цөмийн хаягдлыг монголд булах тухай асуудалд хандах 2 янзын хандлага байгаа нь ажиглагдаж байна.
 
1.    Цөмийн хаягдлын агуулах барих нь ашигтай.
Үнэхээр цөөн хүн амтай, том газар нутагтай, гал усны аюул, газар хөдлөлт багатай улс орон цөмийн хаягдал булах тохиромжтой цэг болох ёстой гэх алсыг бодол, ойрын тооцоог амин эрх ашгаа бодолцсон улс гүрнүүд тэр дор нь гаргаж чадна. Мэдээж харилцан ашигтай, хэн хэндээ хор хохирол учруулахгүйгээр хэрэгжүүлж болно гэж үзсэн нөхцөлд.
 
Өөрөөр хэлбэл, энэ бол нэг талаас зүгээр л бизнес. Яг энэ санааг УИХ-ын гишүүн О.Чулуунбат ярилцлагадаа ил шулуухан мэдэгдсэн. Тэрээр монголд цөмийн хаягдлын агуулах барих боломж нөхцлийг талаар Тайваньд очиж холбогдох нөхдүүдтэй уулзснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай нэг бус төрийн түшээ цөмийн энерги гаргах, хаягдал хүлээн авах бололцоо нөхцөл, эрсдлийн талаар хөгжингүй орнуудад туршлага судлаад ирсэн гэж байгаа.
 
Монголд цөмийн хаягдлыг булах агуулахыг барьснаар техник  технологийн болон эдийн засгийн унацаас гадна улс төрийн хувьд үр өгөөж гарч болохыг шийдвэр гаргагчид тооцох нь лавтай. Эдийн засгийн хувьд л гэхэд улсын төсвийг хэд дахин нугалсан ашиг авч ирнэ гэсэн хөндий тооцоо бий.
 
Тэрчлэн Казахстаны засгийн газар цөмийн хаягдал булшлах цэг болохоо дэлхий дахинд зарлаад амжсан. Тэд үүнээс гарах үр ашиг, улс төрийн унацыг хангалттай тооцож үзсэн л байж таарна. Манай хойд хөрш ч Эрхүүгийн тойрогт буюу Монголд маш ойрхон, салхин талд маань цөмийн хаягдлын агуулах байдаг тухай нууц мэдээлэл бий. Хэрэв тийм бол тэртээ тэрэнгүй биднийг тэр чигт нь тойрсон цацраг идэвхийн голомтуудад бүслэн хаагдсан болж таарна.
 
Нөгөө талаас АНУ, Японы талаас илэрхий лоббидож буй олон улсын цөмийн түлш нийлүүлэлтийн шинэ дүрэмд цөмийн түлш нийлүүлсэн улс хаягдлаа мөн буцаан авах үүрэгтэй болох юм. Хэрэв тэгвэл бид борлуулж ашиг олсон ураныхаа хаягдлыг эргүүлэн авах шаардлага тулгарах юм. Аюул эрсдлийн хувьд цөмийн хаягдал булахаасаа илүү монголд хаа сайгүй илэрч, хайгуул олборлолтод нь хатуу хяналт тавьж чадахгүй байгаа ураны ордуудын учруулах хөнөөл өндөр байх магадлалтай байна. Учир нь эхнийх өрнөдийн өндөр технологи, хяналт шалгалтын дор хийгдэж байх бол удаах асуудлыг бид өөрсдийн зохицуулалт, бололцоо нөхцлөөр хэрэгжүүлж таарна. Зарчмын маш том зөрүү гарна гэсэн үг.  Энэ талаар ч эрх баригчид толгойгоо гашилган, санал зөвлөмж боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон нь гарцаагүй. Цөмийн энергийн тухай хуулиар бол монгол улс зөвхөн өөрийн цөмийн станцынхаа хаягдлыг газар нутаг дээрээ булах бололцоо нээлттэй байгаа. Хэрэв гадны цөмийн хаягдлыг булшлах сонирхол давамгайлвал энэхүү хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахад л хангалттай. 
 
Цөмийн хаягдлын голомт болгохгүй гэх хүсэлМонгол улсын хуулинд гадныхны цөмийн хаягдлыг монголд булшлахыг хориглосон тухай заалт энэхүү хүсэл бодлыг тээгчдийг түрч атугай тайвшруулах нэг үндэслэл юм. Тэгээд ч уг асуудал “Олон улсын цөмийн энергийн агентлаг”-ийн хяналт дор явагддаг нарийн төвөгтэй ажиллагаа. Гэвч хууль дүрэм нь хэрэгждэггүй, төр засаг нь авилгалд автагдсан, хариуцлага хүлээлгэх боломжгүй жижиг улс оронд цөмийн хаягдал булчихаад хэнэггүй суух зориг зүрх монголын ард түмэнд төдийгүй их гүрнүүдийн хувьд тун том эрсдэл дагуулсан хэрэг болох юм.
 
Мөн хөрш 2 гүрэн уг асуудалд ихэд болгоомжтой хандаж, анхааралтай ажиглаж буй нь тодорхой. Гол эсэргүүцэл урд хөршөөс маань гарах талтай. Учир нь бид тэдний салхинд талд оршдог. Тэд ямар байр суурьтай нь одоохондоо тодорхойгүй байна.
 
Оросын нэг сэтгүүлч булшлах хаягдал нь оросын газар нутгаар дамжихаас өөр аргагүй, гарцгүй болохыг сануулж, өөрсдийг нь үл хайрхан, дээгүүр сэвж өрнөдийн гүрнүүдтэй ил далд гэрээ хэлэлцээр хийж буйг битүүхэн түншээд авсан.
 
Экологийн хувьд харьцангуй цэвэр орон, цацраг идэвхт бодисын аюул эрсдэл дор айж суухад хүрнэ. Учир нь уг шаарыг найдвартай хадгалах технологийг хүн төрөлхтөн сэдэж амжаагүй байна. Хэрэв хадгалсан шаар алдагдаж, хяналтаас гарахад хүрвэл 3 сая жилийн дараа л байгаль орчноос бүрэн задарч дуусдаг тухай АНУ-ын Шинжлэх ухааны академийн судалгааны дүн бий. Ёстой л айхтар ноцтой газрын бэтэг болно гэсэн үг. Цацраг идэвхт бодис бүү хэл жирийн нүүрсний утаагаа шийдэж чадахгүй улс оронд маань хэрэв аюул учирвал, бантангаа нэгмөсөн зуурахад хүрнэ.
 
Үндэсний аюулгүй байдал, оршин тогтнолд шууд холбогдох уг асуудлыг нээлттэй хэлэлцэхээс цаараглаж, олон нийтээс нуумаглан, улс гүрнүүдтэй хуйвалдаж шийдвэрлэх гэж буйд хүмүүс бухимдаж байна. Тэгээд ч учраас цөмийн шаар булах агуулахыг монголд байгуулах талаар асуудалд олон нийтийн санаа бодол ихэнхдээ сөрөг хандлагатай байна. Ялангуяа цахим орчинд идэвхтэй ажиллаж, харилцдаг монголчууд эсэргүүцлээ байнга илэрхийлж байна. Энэ асуудалд жаахан л тос нэмж, улс төржүүлэхэд ард нийт анхаарлаа хандуулж, эрх баригчдын нэр хүндийг унагахад хүрнэ. Эрх баригчдын хувьд улс төрийн нэр хүндээ авч үлдэх сонирхол юу юунаас чухал зүйл шүү дээ. Тийм ч учраас ерөнхий сайдын асуулгын хариу, гадаад хэргийн сайдын албан мэдэгдэлд цөмийн хаягдлыг булах ямар ч бололцоо нөхцөл байхгүйг батлан хэлсэн биз.
 
Ийнхүү монголд цөмийн хаягдал нь “бэтэг” болон бугших эсвэл “бүтэг” хэмээн дэмжих эсэх тухай хэлэлцүүлэг, санаа бодол ид өрнөсөөр. Цөмийн хаягдлыг эх орондоо булшуулах тухай асуудал байнга биш юмаа гэхэд тодорхой хэмнэлтэйгээр яригдаж байх том сэдэв. Нэг үгээр уг маргаан нэг мөр шийдэгдэхгүй ийнхүү яригдсаар байх болно хэмээн судлаачийн хувьд дүгнэх байна.

2 comments:

  1. Хувилбарууд чинь явцуу байна. Яагаад Монгол хүн заавал аль нэг улс төр, бүлгийн хатгаасаар хөдөлж байдаг гэж сэтгээд байна. Бид өөрийн толгойгүй юм уу

    ReplyDelete
  2. Асуудал их ноцтой доо. Одоогоос 5-6 жилийн өмнө СУДЛААЧ Д.ГАНХУЯГ Монголд цөмийн хаягдал булсан тухай түүнд О.ЧУЛУУНБАТ, Н.ЭНХБАЯР нар холбоотой тухай бичихэд О.Чулуунбат нь өсөрхөж шүүхэд өгсөн юм. Манай шүүх яахав дээ эрх баригчдын мэдлийнх юм болохоор цаадуулынх нь талд орсон. Дараа нь 2005 онд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд захиадал илгээж энэ асуудлаар сэрэмжлүүлэхэд бөөрөнхий хариу өгсөн байна. Энэ тухай www.ganaa.mn сайтаас үзэж болно. Гэтэл өнгөрсөн жил БОАЖЯ-ны төсөвт Өмнөговь аймаг дахь алтны ордыг нөхөн сэргээх 789 сая төгрөг суужээ. Тэр алтны орд гэгч нь хүн амьдардаг нутгаас 100 гаруй км зайтай. Мэнд цөмийн хаягдал булсан юм биш биз? Шалгаж үзэхэд гэмгүй л байх.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)