2011/11/14

АРХИ ТАМХИНИЙ ЭСРЭГ ИЙМ НЭГ САНАЛ


Зурагтаар мэдээ үзэж суутал арван хоёр гуравтай хэдэн жаалууд архи уусан тухай гарч байна. Сэтгүүлчид тэдний эцэг эхийг буруутгаж, хүмүүжил ёс суртахууны тайлбар хийн, цагдаа нар нүүр царайг нь камераар харуулах гэж эрүүг нь өргөнө. 


Монголчууд бид архийг  хүндэтгэн сархад, идээний дээж гэдэг бол үзэн ядахаараа хар ус, хор хэмээдэг. Бас архийг нийгмийн ямар бүлэг ууж буйгаар нь ялгаатай өгүүлэх нь бий. Хэрэв дарга, сайд нар уувал тогтоох, зооглох, хүртэх гэнэ. Харин энгийн ард уувал архидах гэх ба уг идээг шунан хэрэглэгчдийн хувьд архи уухыг нь гудрах, балгах зэрэг үйл үгээр илэрхийлнэ. Мөн шартсан хүнээс “100 татах уу”, “ганц юм хусах уу” гэх мэтээр асууж болдог. Тэгээд ч Монгол эр хүний чухал үнэлэмжийн нэгт архи даах, амархан согтохгүй байх  чухалд тооцогдоно.  

Архи гэдэг энэ үг сархад хүртэхийг хатуу хориглодог лалийн шашинт Арабуудаас Монгол хэлэнд орж ирсэн нь сонин. Социализмийн үед шовгор, гожин, ганц юм гэх нэртэйгээр ажил бүтээх гол хэрэгсэл болж байсан архи нь хүний амжилт, алдар нэр, уй гашуу, баяр гуниг гээд амьдралын аль савалгаат цаг мөч бүрт хэрэглэгдэнэ. Сүүлийн үед шашин, мөргөлийн зан үйлд хамгаас чухал үүрэгтэй болжээ. Лам хар, бөө удган ялгаагүй үзэж хардаг, мэргэлдэг түргэлдэг бараг бүгд л хүмүүсийн зовлон шаналанг нимгэлэхдээ шил архитай ир гэдэг болжээ. Тэгэхээр архи бол манай нийгэмд эрэлт ихтэй, хэрэглээ өндөртэй бүтээгдэхүүн яах аргагүй мөн. 

Манай төр засаг архитай, архичинтай дайн зарласнаа сүржин мэдэгдэх болсоор удаж байна. Ерөнхийлөгч маань хүртэл шинэ жилээр сүү өргөж, ард түмнээ уриалж үзлээ. Цагдаа нар нь теливизийнхэнтэй баар сав хэсээд ч олигтой үр дүн алга. Одоо бүр хүүхдүүд уудаг болжээ.  


Хоёр жилийн өмнө насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдсан турк эмэгтэйд Анкарагийн шүүх дөрвөн жилийн ял өгч байлаа. Тус оронд архи, согтууруулах ундааг хүнсний дэлгүүрт биш тусдаа мухлагт зарна. Өөрөөр хэлбэл, зөвхөн архи, пиво, вино зардаг жижиг дэлгүүртэй гэсэн үг. Тэд бүгд хяналтийн камертай. Тиймээс илүү цагаар ажиллах, насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдаа хийх явдал бараг үгүй. 

Үүнийг манайхан нэг туршаад үзвэл ядаж өвсөр насныхан архи уух нь багсах сайн талтайгаас гадна архины хэрэглээг ч хянах боломж бүрдэх юм. Хэн хаанаас архи авсан нь тухайн мухлагийн камерт бичээтэй үлдэнэ. Эдгээр бичлэгүүд нь тухайн дэлгүүрийг хянахаас гадна элдэв гэмт хэргүүдийг илрүүлэхэд ч дөхөм болох нь гарцаагүй. Харин бичлэг нь хэдэн цаг хадгалагдах, түүнийг хэн үзэж, лацдах зэрэг нь тийм ч хэцүү асуудал биш болов уу. Хотын төвүүдийн дэлгүүрүүдийг интернэтээр ч хянаж болно. Захын гэр хорооллын дэлгүүрт архи зарахыг хориглосон ч болохгүй газаргүй. Үнэхээр уух хүсэлтэй бол холоос очоод авна л биз. 

Архи зарах тусгай зөвшөөрөл олгохдоо насанд хүрээгүй хүүхэд болон хэт согтуу хүнд зарахгүй байхыг гэрээндээ хатуу тусгаж зарсан тохиолдолд хуулийн ямар шийтгэл оноохыг нь дэлгэрэнгүй тусгаж түүнийгээ олон нийтэд сайтар сурталчлах хэрэгтэй санагдах юм.  
А. Энхбат 

1 comment:

  1. хэд хоногийн өмнө мэдээ үзэж байсан чинь архи согтууруулах ундаа зарах эрхийн үнийг нэмэхээ болилоо гэж байх юм. Шалтгаан нь архи дарс зарж амьдралаа залгуулдаг хүмүүсийн амьдралд дарамт болно гэж байгаа юм. Хөөрхийлөлтэй ч юм даа.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)