2012/01/15

"ТОРГОН ЗАМААР МОНГОЛ РАЛЛИ-2011" II


(2011 оны 8 сарын 5-13 Иранд)
Хилээр гарахад Ираны гааль няхуур шалгалт хийж, бидний машины баримт бичиг дутуу гэсэн шалтгаанаар орой болтол байлгалаа. Ираны хилийн шалган дээр туркээр ярьж ойлголцсон ба харин англиар ойлголцох нь тийм амаргүй байв. Англи хэлтэй хүн ховор аж. 


Машиний татварт, өөр бас хэд хэдэн шалтгаанаар 150 доллар нэхсэн тул нилээн маргалдаж, басхүү гуйсны үр дүнд 70 орчим доллар өгч байж салав. Гаалийнхан мөнгө төлсөн гэх ямар нэгэн баримт өгөлгүй зүгээр л хармаалж орхих нь тэр. Ямартай ч, Ираны нутагт нэвтэрсэндээ олзуурхав.

8 сарын 5-ны өдөртөө багтан Тебриз орох байсан боловч оройн 23 цаг гээд Тебриз хотоос 120 км зайтай нэгэн шатахуун түгээх газрын ойролцоо ирж амжив. Аяллын туршид ингэж хоноглох нь аюул багатай. Тэнд хоёр турк жолоочтой тааралдаж, хоол ундаанаас нь хуваалцан аян замын сонин ярилцсан юм. 

Өглөө эртлэн Тебриз хотын төв рүү оров. Хотын төвийг олох гэж нилээд будилав. Нэгэн мотоцикльтэй хүнээс хотын төв хаана байдгийг лавлатал, нутгийн азери залуу уриалагхан аргагүй хотоо танилцуулахыг зөвшөөрлөө. Биднийг дагуулан хотын төвөө үзүүлсэн төдийгүй алдарт иран хивс зарагддаг гол худалдааны захад аваачин, ур хийцний хувьд гайхалтай сайхан хивснүүдийг үзүүлэв. Зах дотор хэсэг явж хотын байгуулалтыг үзэж сонирхсоны эцэст Иран орны талаар багаахан болов ч ойлголттой болов. Зам зааж, газарчилсан залуу маань найз нартайгаа бид хоёрыг танилцуулж, Иран хүмүүс найрсаг зочломтгой хүмүүс болохыг харуулахыг хичээж байсан нь бидэнд ч таатай байлаа.
Тебриз хотын зах дөнгөж нээгдээд байгаа нь. 
Хивс гараар нэхэх гэдэг амар ажил биш нь эндээс харагдаж байгаа байх. Манай нэг найз Иран хивс л гэж дэлхийд алдартай болохоос азериуд нэхдэг юм шүү дээ гэж хэлж байсан юм. 
Ингээд өдөртөө багтан Ираны нийслэл Тегеран хотын зүг гарлаа. Замдаа төлөвлөсөн маршрутаасаа 30 км хазайж нэгэн хуучин түүхт газарт ирлээ. Энэ бол Монголын Эл хаант улсын нийслэл байсан Султанье. Өлзийт хааны бунхан тус газарт буй. 
Тебризээс нийслэл Тегеран орох хүртэлх Ираны хурдны зам. Ираны авто зам Дундад Азийн бусад улсуудтай харьцуулахад давгүй сайн. 110км/цагийн хурдаас хэтрэхгүй бол давхиад байна даа. 
Биднийг ирэхэд нэгэнт орой болж ажлын цаг дууссан байв. Нэгэнт хаасан музейн гадуур явж хэдэн зураг дараад явахаар шийдэв. Ийнхүү зогсож байтал нутгийн хүмүүс сонирхон тэр дорхноо л биднийг бүчээд авлаа. Ингээд асуултын мөндөр буулгаж эхлэх нь тэр. Ерөнхийдөө Иранчууд нилээд сониуч зантай, цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс. 

-"Английн Лондон хотоос Улаанбаатар орох гэж буй Монголын баг". Монгол гэж хэлэхэд санаанд нь нэг л буухгүй байгаа болтой. Тэгээд "Чингисийн Монгол", "Хүлэгү хаан" гээд ойлгуулах санаатай ярилцаж зогстол, ашгүй музейн захирал гэж өөрийгөө танилцуулсан нэгэн хүн ирээд "Та нар Чингисийн Монголчууд, тийм болохоор энэ барилга байгууламж та нарынх. Энд ирсэнийх, үзэж сонирх..." гэв. 
 
Ингээд музейн тайлбарлагчийг нь дагуулан дотор нь орж, тус барилга байгууламжтай холбоотой мэдээлэл авч, зурагч хангалттай дарж амжив. Чингисийн Монгол гэдгээрээ ингэж нэг бахархдаг юм байна. Гэхдээ Дундад Азийн орнуудад явж байхад Чингисийн Монгол гэхэд бахархах нэгэн байхад муухай харах хүн ч бас бий. Учир нь Дундад Азийн орнуудын нутаг дэвсгэр нь Монголчуудын байлдан дагуулалд хамгийн ихээхэн өртсөний хувьд найман зууны тэртээх хар бараан түүх, өс хонзонгоо үл мартан, хадгалсаар өнөөг хүрсэн ажээ.
Султанье-ийн барилгын таазны чимэглэл. Хоёр давхрын цонх гэж хэлж болохоор томоохон тагтны таазны чимэглэл. Тааз болгон адилгүй хээгээр чимэглэсэн байлаа.
Ингээд Тегеран хот руу хөдөлж, хотоос 60км-ын зайтай майхнаа барьж хоноглов. Өглөөгүүр шатахуун түгээгүүрийн газар очиж нүүр гараа угаалаа. Нийслэл хот руу хөдлөх гэж байтал хажуухан талд маань хоноглосон ачааны машины жолооч, аялалд маань амжилт хүсээд, тэвэр дүүрэн амтат усан үзэм бэлэглэв. Үдийн хирд Ираны нийслэл Тегеранд хүрэлцэн очив. Хотын төвтэй танилцаж, Ираны Эрх чөлөөний хөшөөний өмнө хэдэн зураг татуулаад хотоос гарлаа. 

Тегеран хотын Эрх Чөлөөний хөшөө. Бид хотоос гарч хурдны замд орох аргаа олохгүй байсаар 3 цаг төөрч энэ хөшөөг машинтайгаа гурван удаа тойрсон юм. Замын хөдөлгөөний учрыг нь ёстой олж чадахгүй байлаа.
Ингээд ираны алдарт цөлөөр 1 хоног давхисны эцэст Машхад гэж нэрлэгдсэн хотод хүрэлцэн ирэв. Тус хотоос урагш давхиж, Туркменистан луу нэвтрэхийг хүссэн боловч бид хоёр Ираны хойд талд орших Ашхабад хотод ойр хилийн боомтоор гарах ёстой гэсэн бичигтэй байсан тул гарч амжсангүй. Хилээр анх нэвтрэхэд ираны газрын зураг дээр явах замыг балаар зурж өгсөн боловч бид хайхраагүй нь алдаа болжээ. Ер нь Иран төдийгүй дундад Азийн орнуудад хүнд суртал, элдэв хяналт шалгалт нь ихээхэн бэрхшээл учруулдаг. Тиймээс аялан яваа тохиолдолд замаас гажихгүй байх, гарах ёстой хилийн боомтоороо тогтсон хугацаандаа гарах зэргийг анхаарах хэрэгтэй аж. Энэ нь Иран, Туркменистан, Узбекистан, Казакистан зэрэгт бүгдэд нь хамаарна. Бид Туркменистаны өмнөд хэсгээр нэвтрэх гэсэн маань амжилтгүй болж буцаж давхисаар 400 гаруй км явсны эцэст Машхад хотдоо эргэн ирлээ. 
Бидний будилсан 400 км зам. 
Эндээс Туркменистан нутагт очихыг яаран хилийн боомт Бажгиран луу өдөртөө хүрч очлоо. Нэгэнт орой болсон тул өглөө болтол хүлээв. Ираны хилийнхэн биднийг ямар нэгэн асуудалгүй гаргасан боловч Туркменистан визгүйн улмаас оруулсангүй. Ингээд эргээд Ираны Машхад хот руу буцаж виз авах ёстой боллоо. Бидний машин нэг л удаагийн орох эрхтэй гэсэн Ираны хуулиас үүдэн хоёр хилийн хооронд орхихоос өөр аргагүйд хүрч, таксигаар яаравчлан Машхад хотод дахиад л хүрээ ирлээ. Гэтэл бас л ажлын цаг дууссантай таарч маргааш өглөөг хүлээхээр болов. Бидний хөлсөлсөн таксины жолооч "буцаж яваад өглөө ирье, манайд үнэгүй хоноорой" гэх зэргээр нилээд панаалдсан ч бид хоёр хотод үлдэхээр шийдвэрлэсэн юм. Энд таксины жолооч, Туркменистаны Консулын газар хаалттай байгаа мэдсээр байж 181 км газар авчран биднээс мөнгө салгах гэсэн арга сэдснийг Ганхуяг ах маань хаширлаж анзаарсан аж. Тэгээд ч буцаж явсан бол маргааш өглөө нь ахиад л таксигаар ирэх хэрэг гарна. Хонох газраа багийн ахлагч Ганхуяг ах маань интернетээр хайгаад тавхан минутад олоод зохицуулчихав.
Машхад хотын нэгэн "Guest House". Хотдоо ганцхан ч байж магад. Зураг дээр харагдаж байгаа энэ хивсэн дээр  унтаад өглөөны цай уусан үйлчилгээний хариуд хоногын 15 $ төлнө. 
Туркменистаны визийг хүлээж залхтлаа хэд хонов. Машин маань хоёр хилийн хооронд, өөрсдөө визны хариу хүлээн машинаасаа хол явгарсан хүмүүс. "Машингүй раллигийн баг" хэд хоног жаал амарч авсан гэх үү дээ. Бямба гарагийн өглөө ашгүй виз гарч, бид хоёр хилийн зүг яаран гарлаа. Ираны хил дээр гарах хоног хэтрүүлсэн гэж хүний 30 долларын торгууль төлөв. 
Ираны Бажгиран хилийн боомт хүрэх замд. Энэ уулсын цаанаас Туркменистаны нутаг эхлэнэ дээ. 
Үргэлжлэл бий...
Л.Ганбат

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)