(2011 оны 8 сарын 13 аас 19 хүртэл Туркменистан-д Ашхабад)
Дундад Азийн Туркменистан улс 1991 онд ЗСБНХУ-ын задралаар анх тусгаар тогтносон. 491.210 km² нутаг дэвсгэртэй, хүн ам нь 5.450.000. Нийслэл нь Ашхабад нь сүүлийн үеийн барилга байгууламж ихтэй. Иран-Туркменистаны хилээс 25-30 км зайтай оршино.
Биднээс Туркменистаны хил гааль машины татварт 116 доллар нэхээд сүйд болов. Иранд мөнгө шилжүүлгийн олон улсын үйлчилгээ байхгүй, карт хэрэглэх боломжгүй зэргээс шалтгаалаад бид хоёр бэлэн мөнгөний гачаалд орсон байв. Хилийн боомт дээр нэгэн ачааны машины жолоочоос 100$ зээлж байж, сая нэг Туркменистаны нутагт орох эрхтэй болов. Дамжин өнгөрч байгаа машинуудаас ийм өндөр татвар авдаг орон Туркменистанаас өөр байсангүй.
Бид хоёрын голд зогсч байгаа жолооч бидэнд мөнгө зээлээгүй бол аялалд маань хүндхэн асуудал гарах байлаа. |
Жолооч ахын машиныг дагаж давхисаар хүнд даацын машинуудын байрлах хотын захын ойролцоо орших нэг газар ирлээ. Ирэх гэсээр байтал оройтсон тул машинаа мөн л жолооч ахын гараашт хонуулах болов. Тэнд танилцсан туркмен залуу бидэнд тус болж, хоол унд идэхээр түүний машинтай хот руу орлоо. Хоолны газар гэдэг нь хэр тааруу хуучин байшин. Хүмүүс туркмен хоол хийлгэж, архи уудаг бололтой үйлчилгээ тааруухан газар. Гэхдээ өлсөж явсан бид хоёрын хувьд юун тэр манатай. Буцах замд машиныг маань цагдаа зогсоож, "23.00 цагаас хойш хөл хорио тогтоосон байхад гадуур явж байна. Хэсэг рүүгээ авч явнаа" гэх нь тэр. Цагдаа сүрийг үзүүлж тортой машиндаа хорих болоод явчихлаа. Харин манай шинэ танил хоёр туркмен ярьж учирлаж байж 50 доллар өгч байж салав.
Ашхабад хотын гудамж, барилга бүгд шинээр баригдсан нь сайхан. Харин хаа сайгүй цагдаа цэрэгтэй, зураг хамаагүй авч болохгүй нь бэрхшээлтэй. |
Ашхабад хотын нэгэн зах |
Ашхабадын цаг агаар наймдугаар сард ихээхэн халж, өдрийн халуун шөнө ч үл буурна. Ажлын шинэ өдөр буюу даваа гараг хүртэл хүлээсэн бид хоёр банкнаас мөнгө аваад тус болсон жолоочдоо зээлсэн мөнгөө өгөөд Узбекистаны виз авахаар Ашхабад хотод байрлах Узбекистаны консулын гадаа очлоо. Гэвч бид хоёрын мэдүүлэг дөнгөж өнөөдөр л Ташкентад очих учир баасан гараг хүртэл шийд хүлээ гэсэн хариу сонсдог юм байна.
"Тurkmen Grand" зочид буудалд. Монгол Раллигийн Английн хоёр багийнхантай энд тааралдаж хамт хоол идэхээр боллоо. |
Узбекистаны виз хүлээх зуур ОХУ-ын виз авахаар шийдэв. Элчин дээр очоод Ганхуяг ах англи хэлтэй, би турк хэлтэй, орос хэл маруухан тул хэл нэвтрэлцэх гэж бас асуудал гарлаа. Гэтэл өндөр орос хүрч ирээд "Сайн байна уу? За ямар хэргээр явна?" гэж монголоор мэндчилэв. Хаа байсан Ашхабад хотод монгол хэлтэй оростой уулзана гэж хэний санаанд орох билээ. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-нд ажиллаж байсан оростой ийнхүү таарч, хэл нэвтрэлцэв. Тэгтэл бас Эрдэм гэж нэртэй буриад хүн ажилладаг болж тааран, монгол хэлтэй хоёр хүн энд байдгийг болохыг мэдэв. Ингээд 1 өдрийн визийг 30 минутын дотор авлаа. Оросын визтэй паспортыг маань ах нар өгөхдөө бидэнд "Чингис богдын нутагтаа сайн яваад хүрээрэй" гэсэн нь үнэхээр сайхан санагдаж байсан шүү.
Туркменистаны их сургууль |
Ашхабад хотод 6 хоног өнгөрөөсний эцэст Пүрэв гарагт хилийн ойролцоо ирлээ. Хил хүртэл аяллын явцад эрсдэлтэй нэг зүйл тохиолдсон нь машинаа элсэнд суулгасан явдал. Визны хоног хэтрүүлсэн тул яаран давхиж явсанаас ийм болов. Шөнийн харанхуйд хурдтай давхиж байгаад замын огцом эргэлтэн дээр эргэж чадалгүй чигээр нь давхиснаас болж элс рүү огцом харайлгах нь тэр. Хурдтайгаар замын хажуу руу оруулсан ч цаад талд нь цул элс. Ингэж огцом харайлгахад хамгаалалтын бүс л аминд орсныг хэлэх хэрэгтэй. Бүсээ зүүгээрэй монголчууд минь ээ.
Ачааны машинаар татуулж гаргууллаа. |
Бидний осол гаргасан газраас холгүйхэн цагдаагийн хяналт байж таарсан. Автийн цагдаа ирээд бидний үйлдлийг буруутай гэж үзлээ. Тэгээд хурд хэтрүүлсэн гээд 20-30 $-оор торгоод авлаа.
Узбекистан руу чиглэсэн Туркменистаны хурдны зам |
Өглөө нь хилээс гарахаас өмнө 60 литр бензин худалдаж авлаа. Учир нь Туркменистан нь аяллын туршид дамжин өнгөрсөн улс орнуудын дотор хамгийн хямд үнээр шатахуунтай улс. 1 литр нь 20 цент.
Хилээр гарахад нэг хоног виз хэтрүүлсэн тул ахиад торгуулахаар болов. Гэхдээ нэг хүний 200 гаруй доллар. Бид ч өгөхгүй гэж гүрийсэн тул эхлээд таван жил байснаа дараагаар нь нэг жил тус улсад орох эрхээ хасууллаа.
Тус улсад аялал хийхэд цагдаа нь хурд хэтрүүлсэн гэх шалтаг тооцож юм л бол торгох гэж оролдох нь их ядаргаатай. Цагдаа нар нь ч яасан их юм. Тэд гадныхныг зогсоогоод баахан зүйл шалгаах ба орос хэлгүй гэхээр нээх удаалгүй явуулчихаж байлаа. Орос хэлтэй гэвэл нэлээд удааж байж, ямар нэгэн зүйл 5 доллар эсвэр хайрцаг тамхи өгч байж салах болно. Дээрх зүйл бэрхшээлтэй ч ард түмэн нь сайхан хүмүүс гэдгийг хэлэх хэрэгтэй.
Үргэлжлэл бий....Л. Ганбат
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл