Бидний блогт өмнө нь Сири оронд сурсан тухайгаа цуврал нийтлэлээ хүргэсэн Л. Ганбат мөн өнгөрсөн зун Анкара хотоос Улаанбаатар хүртэл авто машинаар явж ирсэн сониноо хуваалцахаар шийджээ. Ингээд түүний бас нэгэн цуврал тэмдэглэлийг уншигч олондоо хүргэж байна.
2011 оны 7 сарын 28-нд Анкара хотын Монголын ЭСЯ-нд "Монгол ралли"-д оролцож байгаа монголчууд ирээд байна. Монголын багийн хоёр оролцогч Английн Лондон хотоос гараагаа эхэлж Монгол Ралли гэгдэх Дэлхийн хамгийн урт хол замыг туулдаг авторалли-д оролцож буй бөгөөд тэдний багийн нэгэн гишүүн ар гэрийн шалтгаанаар "Монгол руу яаралтай буцах гэнэ, аялалд үргэлжлүүлэн оролцох хүн хэрэгтэй байна" гэж анд Анхбаяр маань хэл дуулгалаа. Ингээд яаран очиж уулзаад, тэр дороо Монгол ралли-гийн гурав дахь гишүүн нь болж, Ганхуяг ах бид хоёр аялалыг цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
БНТУ дахь ЭСЯ-ны хамт олон бидэнд харамгүй тусалж виз хүссэн өргөдөлд хавсралт бичиг нэн даруй гаргаж өгсөн нь хэрэг болж, Ираны визийг өдөрт нь гаргуулж чадав. Ном ёсоороо бол 5 хонож байж гардаг виз гэсэн. Туркменистан, Узбекистаны виз авахад хэрэг болох виз хүссэн бичгийг ч ЭСЯ хийж өгсөн юм. Анкара хотоос ЭСЯ-ны хамт олон машинаараа гаргаж, биднийг хурдны замд оруулж өгөөд аян замдаа сайн явахыг ерөөн үлдлээ.
БНТУ-ын Анкара хотод байрлах Монгол Улсын ЭСЯ. Хашаа нь өндөр ч монголчууддаа хаалга нь үргэлж нээлттэй байдаг газар :) |
Дундад Азийн улс орнуудаар аялж явахад визний болон аяллын тал дээр ЭСЯ-ны хамт олон бидэнд ихээхэн туслалцаа үзүүлснийг дахин дахин хэлмээр байна.
Тэр өдөртөө давхисаар Кайсэри (Kayseri) хотод ирж тэр хотод суралцаж буй нутаг нэгт оюутны гэрт хоноглов. Кайсэр хот нь Анадолу гэж туркуудын нэрлэх Ази талдаа хөгжлөөр нэлээд дээгүүрт ордог. Нэг сая гаруй хүн амтай. Тус хотын их сургуульд 30 гаруй монгол оюутан суралцдаг. Бид энд нэг хонох хугацаандаа Кайсэри хотын цайз хэрмийг ч үзэж сонирхохоо мартаагүй юм. Монголын эзэнт гүрний үед энэ хот монголчуудад эзлэгдэж байсан гэгддэг.
Маргааш эртлэн Сивас хот руу гарлаа. Гэвч 100 гаруй км явалгүй замдаа машин маань эвдрэв. Зам зуурын засварын газарт арайхийн хүрч очвол машиныг маань задалж орхих нь тэр. Гэтэл солих зүйл нь таарсангүй.
Ингээд засварчин Кайсэри хот руу сэлбэгэнд явж бид хоёр ойролцоо байсан нэгэн тосгоноор үүргэвчтэй аялал хийж Туркийн нэгэн тосгоны амьдрал ахуйтай танилцан орой болголоо. Бидний машины засвар бүр орой 23 цагт дуусч аяллаа үргэлжлүүлэх боломжтой боллоо.
Замдаа хээр хоноод өглөөгүүр Сивас хотод орж ирлээ. Сивас хотын түүх дурсгалын зүйлийг сонирхоод, дараагийн хот болох Эрзерум луу давхилаа. Туркийн зүүн хэсэгт орших хотуудын хамгийн томоохон, арвин түүхтэй нь ч гэгддэг. Мөн Турк орны зүүн хэсгийн байгалийн байдал нь баруун болон төвийн нутгаасаа ихээхэн ялгаатай нь ажиглагдана.
Эрзерум хотын нэгэн гудамжинд. Энэ эрдэнэсийн авдарны хажуугаар гарсан хүн бүр гараа угааж байлаа. Баян болдог юм болов уу гэж бодсон. Би ч бас гараа угаагаад амжсан шүү. |
Эрзерум хотын нэгэн гуталчин. Энэ саравчийг хотын захиргаа нь хийлгэсэн аж. Ажлын ая тохитой байдал аа гэж.
|
Туркийн зүүн хилд ойрхон орших Доу Бяазит гэж нэрлэгдсэн хил орчмын нэгэн жижиг хотод ирлээ. Энэ хотын ойролцоо 10 гаруй км-т орших Оттманы эзэнт гүрний үед холбогдох нэгэн цайзыг үзэж сонирхлоо. 1685 онд баригдсан ажээ.
Ари /Арарат/ гэгдэх үзэсгэлэнт уулын өмнөдөд орших хурдны замаар давхисаар үд гэхэд Турк-Ираны хилийн /Гүрбулаг кара худут/ хилийн боомт дээр хүрэлцэн ирэв. Туркийн талаас биднийг ямар нэгэн төвөг чирэгдэлгүй нэвтрүүллээ.
Жижиг шар машин бол Английн нэгэн багынх. Дундад Азийн аль ч хилийн боомт дээр уртаас урт дугаарлан зогссон ачааны машины дүр зургийг харж болно. Ралли-гийн машинууд ингэж дугаарладаггүйгээрээ ихээхэн азтай ажээ.
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл