2011 он Монголчууд бидний хувьд олон түүхэн ойн тохиосон өрнөлтэй жил болж өнгөрөв. Түүх, археологийн чиглэлээр олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, зөвөлгөөн нь ч цөөнгүй болов. Эдгээр хурлуудад оролцохоор манай түүх, соёлыг судалдаг гадаадын монголч эрдэмтэд нилээд ирсэн. Тэдний нэг нь БНТУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн доктор профессор Т.Исэнбикэ багш юм. Тэрээр ШУА-ийн ерөнхийлөгч Энхтүвшиний урилгаар хүрэлцэн иржээ.
8-р сарын налгар нэгэн өдөр Анкара хотоос дотны нөхөр, түүхч Д. Анхбаяр маань утас цохиж: -“чиний нөгөө уулзах юмсан гээд байдаг Т.Исэнбикэ гуай Монголд очиж байгаа. Тэгээд хөдөөгүүр явна туслах хүн байна уу гэхээр нь чиний нэр, утсыг өгсөн шүү” гэлээ. Хоёр хоногийн дараа Исэнбикэ багш өөрөө утасдаж, Улаанбаатарт буугаад “Залуучууд” зочид буудалд ирснээ хэлэв.
БНТУ-аас дэлхийд танигдсан цөөхөн монгол судлаач, өөрийнх нь түүх, намтар ч Монголтой холбогдох энэ хүнтэй ингэж уулзаж, танилцах завшаан ийнхүү тохиолоо. Түүнийг товч танилцуулъя.
Исэнбикэ гэх нэр аргагүй л түүхч, Монгол цустай хүний охин гэсэн шиг дундад Азид үлдсэн цөөхөн Монгол үгнээс бүтжээ. Багш өөрөө миний энэ тайлбарыг зөвшөөрөх юм уу бүү мэд. Ямар ч байсан “Эсэн” гэх Монгол нэр болон Монголын нууц товчоонд гарах “бэхи” хэмээх 2 үгнээс бүтсэн байна. Эсэн бол зүрхтэй, зоригтой гэсэн утга илэрхийлдэг. Тиймээс ч баруун, зүүн Монголыг нэгтгэн хаан суусан Алтан ургийн бус цор ганц хүн ийм нэртэй байсан. Энэ үг өнөө ч турк хэлэнд бий. Жишээ нь Анкарагийн олон улсын нисэх онгоцны буудал нь “Эсэнбоа” буюу Эсэн бух гэсэн нэртэй. Харин “бэхи” бол гүнж хэмээн утгаар нууц товчоонд гардаг.
Түүний эцэг Зеки Вэлиди Тоган хэмээн монголжуу царайтай энэ эр бол нэртэй түүхч, улс төрч бөгөөд ХХ зууны эхэн үеийн дундад Азийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцсон лидерүүдийн нэг. Тэрбээр 1890 онд Уралын нурууны баруун талд орших Башкурдистаны Күзэн хэмээн тосгонд мэндэлжээ. Багш ээж нь түүнд перс хэл заасан бол нагац ахынхаа шашны бага сургуульд явж араб хэл сурч үүнийхээ хажуугаар Орос хэлийг ч сайн үзсэн байна. 1909 онд шашны сургуулиа “Түрэгийн түүх, Арабын утга зохиолын түүхийн багш” мэргэжлээр төгсчээ. 1911 онд “Түрэг ба Татарын түүх” гэсэн номоороо танигдаж улмаар Казаны Их Сургуулийн Археологи, Түүхийн тэнхимд ажиллаж эхлэсэн байна. Удалгүй улс төрд хүчээ үзэн 1917 оны хувьсгалаас өмнө Оросын Думд исламын шашинтнуудын төлөөлөл болон сонгогджээ. Харин хувьсгал ялсны дараагаар Башкуртистаны тэргүүн болсон ч большевикүүдийг түүнийг баривчилжээ. Шоронгоос оргосон тэрбээр Башкуртистаныг тусгаар болонгуут, эргэн ирж улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, Ленин, Троцкий, Сталин нартай удаа дараа уулзан, санал солилцсон хэдий ч амжилт олоогүйн улмаас Туркистан луу гарч тэндээс лал шашинт түрэгүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэж “Туркистаны Үндэсний Нэгдэл” хэмээх байгууллагыг үндэслэн анхны тэргүүн нь болсон байдаг. Гэвч Дундад Ази коммунистуудын гарт улам бүр орсоор байсан тул З.В. Тоган 1925 онд БНТУ-ын Боловсролын сайд болон бусад нөлөө бүхий хүмүүсийн хүсэлтээр тус улсад иржээ.
1932 онд Туркийн зарим нөлөө бүхий эрдэмтэдтэй санал нийлээгүй учир Вена хот луу нүүсэн байна. 1935 онд докторын зэрэг хамгаалсныхаа дараа Германы их сургуулиудад багшлах болжээ. Улмаар 1939 онд дахин Туркийн боловсролын сайдын урилгаар Станбулын Их Сургуульд ажиллах болсон. Гэвч дэлхийн II дайны дараагаар Туркт коммунизм дэлгэрүүлсэн шалтгаанаар баригдаж арван жилийн ял авсан хэдий ч 1948 онд цэргийн шүүхээс түүнийг цагаатгасан байна. Ингээд тэрбээр таалал төгстлөө буюу 1970 он хүртэл их сургуульд багшилж, түүхийн судалгаандаа гол анхаарлаа хандуулсан юм. Тэрбээр манай их эрдэмтэн Б. Ринчентэй захидлаар харилцаж байсан бөгөөд нэгэн үед бараг Монголын хаан болох шахсан, төрийг зайдалж байсан Т.Р.Рыскуловтой ойр дотно нөхөрлөж захиа занаагаар харилцаж байгаад хожим үзэл бодлын зөрүүний улмаас хоёр тийш болжээ.
Ийм л түүхэн бас нэртэй түүхчийн охин болж төрснөөрөө Т. Исэнбикэ багш ихэд бахархаж – “миний анхны багш аав маань шүү дээ . Харин түүхч болгосон хүн маань Ф. В. Кливс багш яагаав нөгөө Монголын нууц товчооны галигийг хийсэн. Харин багшийн минь багш бол алдарт П. Пеллио” гэж билээ.
Үргэлжлэл бий ... А. Энхбат
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл